| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0280/э |
| Дугаар | 2023/ШЦТ/288 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/288
2023 08 03 2023/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Т.Төгөлдөр,
Хохирогч Х.Н,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-н Б-ид холбогдох эрүүгийн 2325000000307 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Завхан аймаг 0 суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг 0 сум 0 багийн 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Д-ын Б- /ХХ000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Даваат баг 0-0 тоотод хохирогч Х.Нын толгой хэсэгт шалтгаангүйгээр архины шилээр цохиж эрүүл мэндэд “нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа хэсэгт шарх, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед над руу найз Л- залгаж "манайд ирээд мод хагалаад өгөөч, би эмнэлэгээс гараад хөдөлж болохгүй байна" гэж ярьсан. Би удалгүй тэднийд ганцаараа эрүүл очтол Л-, Б- нар байсан юм. Тэгээд модыг нь хагалж өгчихөөд байж байтал Л-ын дүү И- нь ээжтэйгээ орж ирсэн. И- тэгээд бид гуравт 0,75 литрийн 1 шил архи авч өгөхөөр Л-, Б-, И- бид 4 хувааж уусан. Архи дууссаны дараа бид 4 Л-ын гэрээс гарч И-ын ээжийн гэр лүү алхсан. Тэгтэл замдаа зүс таних Г-той таарахад тэрээр бид нарт 0,75 литрийн нэг шил архи авч өгсөн. Тэгээд Г- явчихсан бөгөөд бид 4 архиа аваад Л-ынд очиж уусан. И- согтоод тэр архинаас уулгүй унтчихсан. Тухайн архийг ууж дууссаны дараа Л- гэрээсээ гарч нэг хүнээс 0,75 литрийн Экс нэртэй архи авч оруулж ирсэн. Тэгээд Л-, Б- бид 3 тус архийг ууж байтал гаднаас Хуягаа ганцаараа орж ирсэн юм. Ингээд зүв зүгээр юм яриад сууж байтал Б- нь архитай шилийг авч миний толгой руу 1 удаа цохисон. Миний толгой хагарч цус гарсан бөгөөд Хуягаа, Б- нар гэрээс гараад явчихсан. Энэ үйл явдал Л-ын гал тогооны өрөөнд болсон. Ийм л үйл явдал болсон. Уг нь би тухайн үед хэн нэгэнтэй маргалдаагүй яагаад намайг цохисныг мэдэхгүй байна. Б- бид 2 найзууд, урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Мөн би хэн нэгнийг цохиогүй. Харин Л- нь намайг өмөөрч яаж байгаа юм бэ гээд Б-ийг цохисон гэж байсан... миний эмчилгээнд одоо гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардал гэж тооцоод нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд миний ажилгүй байсан цалин бас орж байгаа. Яг одоо би эмчилгээнд хэдэн төгрөгний зардал гарсаныг мэдэхгүй байна. Зарим гарсан зардлынхаа баримтыг гаргаж өгнө. Баримтгүй зардлууд бас байгаа... Би говьд ажиллаж байсан үүнээс болж ажилдаа явахаа больсон. Одоо дахиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. 10,000,000 төгрөг өгчихвөл гомдол гээд байх юм алга... Эмнэлэгт байхдаа гадраас эм тариа авсан мөн ор хоногийн мөнгө гэж 203,100 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12х/,
- Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед би найз Л-ын гэрт ганцаараа эрүүл очсон юм. Тэгтэл Л- гэртээ ганцаараа байсан. Тэгээд байж байтал Л-ын дүү гэх залуу нь 1 шил архи авчирч өгсөн. Тэр архийг ууж байтал найз Н- маань ганцаараа ирсэн. Ингээд Н- түлээ хагалж өгсөн бөгөөд мөн нөгөө архийг Н-, Л- бид 3 хувааж уусан. Тэгээд бид 3 дэлгүүр явж байтал зүс таних Батзоригтой таарахад тэрээр нэг шил архи авч өгсөн юм. Тэр архийг бид 3 Л-ын гэрт хувааж уусан Тэгээд би согтоод тасарчихсан, ухаанаа алдчихсан юм. Ингээд нэг мэдсэн чинь би гудамжид явж байсан бөгөөд надтай Н-ын эхнэр тааралдаад намайг загнаад байсан. Тэгээд би Н-ын эхнэртэй Л-ынд очиход Н- толгойгоо боочихсон, намайг цохисон гэж байсан. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн. миний хувьд согтуу байсан учир юу болсныг мэдэхгүй байна, хэн нэгэнтай маргалдсан эсэхээ ч мэдэхгүй байна. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй, би өчигдөр гэртээ хог шатааж байгаад хальт гишгээд зүүн нүднийхээ доод хэсгээр хашаа мөргөчихсөн. Би Н-той найзлаад 30-аад жил болж байна, урд өмнө бид 2 маргалдаж байгаагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,
- Гэрч Х.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад найз Л-ын гэрт ганцаараа халамцуу орсон. Тэгтэл тэднийд Л-, Н-, Б- нар нь архи уугаад сууж байсан. Би тухайн архинаас нь 1-2 хундага ууж байтал Б- нь ууж байсан дотроо архитай шилийг авч Н-ын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл Н-ын толгой хагарч цус гарч эхэлсэн. Тэгээд Б- гэрээс гарч явсан, би бас араас нь гарч явсан. Тухайн үед тэр 3 нэлээн халамцуу байсан. Намайг орсноос хойш лав ямар нэг хэрүүл маргаан болоогүй байсан. Тухайн үед Л- нь Б-ийг яаж байгаа юм бэ гээд түүний нүүр лүү гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Гэрч Ж.Л- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би огноог санахгүй байна. Тухайн өдөр манайд найз Н-, Б- бид 3 нэг шил архи уугаад сууж байсан. Би гадаа гарч нойл орчихоод ирэхэд Н-ын шанаанаас цус гарч байсан, мөн ууж байсан архины шил хагарчихсан байсан. Би Б-ийг яаж байгаа юм бэ гэж 1 удаа цохисон. Тухайн үед бид нар эрүүл, өөр хүн байгаагүй. Уг нь намайг гадаа гарахад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаартай
1.2. Х.Нын биед зүүн талын хоншоор ясны хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа хэсэгт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3.4. Дух, зүүн шанаа хэсэгт шарх нь ир, үзүүртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-23х/,
- Шүүгдэгч Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохиролын баримтууд /хх-ийн 59-70х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Даваат баг 0-0 тоотод хохирогч Х.Нын толгой хэсэгт шалтгаангүйгээр архины шилээр цохиж эрүүл мэндэд “нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа хэсэгт шарх, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Даваат баг 0-0 тоотод хохирогч Х.Нтай согтууруулах ундаа ууж байгаад шалтгаангүйгээр архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд “нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа хэсэгт шарх, тархи доргилт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Х.Нийн “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед над руу найз Л- залгаж "манайд ирээд мод хагалаад өгөөч, би эмнэлэгээс гараад хөдөлж болохгүй байна" гэж ярьсан. Би удалгүй тэднийд ганцаараа эрүүл очтол Л-, Б- нар байсан юм... И- тэгээд бид гуравт 0,75 литрийн 1 шил архи авч өгөхөөр Л-, Б-, И- бид 4 хувааж уусан. Архи дууссаны дараа бид 4 Л-ын гэрээс гарч И-ын ээжийн гэр лүү алхсан. Тэгтэл замдаа зүс таних Г-той таарахад тэрээр бид нарт 0,75 литрийн нэг шил архи авч өгсөн. Тэгээд Г- явчихсан бөгөөд бид 4 архиа аваад Л-ынд очиж уусан... Тухайн архийг ууж дууссаны дараа Л- гэрээсээ гарч нэг хүнээс 0,75 литрийн Экс нэртэй архи авч оруулж ирсэн. Тэгээд Л-, Б- бид 3 тус архийг ууж байтал гаднаас Хуягаа ганцаараа орж ирсэн юм. Ингээд зүв зүгээр юм яриад сууж байтал Б- нь архитай шилийг авч миний толгой руу 1 удаа цохисон. Миний толгой хагарч цус гарсан бөгөөд Хуягаа, Б- нар гэрээс гараад явчихсан...” гэх,
-гэрч Х.Б-ийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад найз Л-ын гэрт ганцаараа халамцуу орсон. Тэгтэл тэднийд Л-, Н-, Б- нар нь архи уугаад сууж байсан. Би тухайн архинаас нь 1-2 хундага ууж байтал Б- нь ууж байсан дотроо архитай шилийг авч Н-ын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл Н-ын толгой хагарч цус гарч эхэлсэн. Тэгээд Б- гэрээс гарч явсан, би бас араас нь гарч явсан...” гэх,
-гэрч Ж.Л-ын “... Тухайн өдөр манайд найз Н-, Б- бид 3 нэг шил архи уугаад сууж байсан. Би гадаа гарч нойл орчихоод ирэхэд Н-ын шанаанаас цус гарч байсан, мөн ууж байсан архины шил хагарчихсан байсан. Би Б-ийг яаж байгаа юм бэ гэж 1 удаа цохисон...” гэх мэдүүлгүүд,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Х.Нийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н нь ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардалд нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хх-ийн 59-70 хуудсанд нотлох баримтаар 473,800 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс 473,800 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,526,200 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ид 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэж,
Хохирогчоос “...ялын талаар хэлэх зүйлгүй...” гэсэн,
Шүүгдэгчээс: “...Хэлэх зүйлгүй...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Б-ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-оос 473,800 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг, 0 сум 0 баг 0-0 тоотод оршин суух Б овогт Х-н Н-д олгосугай.
6. Хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Б-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ