Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01343

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01343

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, М овогт Б-ийн Х /РД: 00000000/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах У.Б.Т.З /РД: 0000000/-т холбогдох,

 

Ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Х миний бие У.Б.Т.З-ын Зорчигчийн вагон депод тасралтгүй 27 жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, олон жил үр бүтээлтэй ажилласан. Нэхэмжлэгч нь өмнө гаргаж байсан зөрчлөө буруу гэдгийг өөрөө ухаарч түүнийгээ зассан байхад дахин тийм үйлдэл хийхгүй гэсэн бухимдсан төмөр замын ажилчдаас хэд хэдэн хүний гаргасан гомдлыг үндэслэж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б-29 дугаартай тушаалаар шууд ажлаас халсан нь хууль бус учир ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь уг тушаалыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гэх боловч нэхэмжлэгчид 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гардуулсан байдаг. Б-29 дугаартай тушаалыг нэхэмжлэгч талаас хууль бус гэж үзэж дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Б-29 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т Ажлаас халах гэснийг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэснийг тус тус үндэслэсэн боловч эдгээр заалтууд буюу тушаалын хууль зүйн үндэслэл нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь уг тушаалыг илт хууль бус тушаал гэдгийг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас халах заалтууд байгаа боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэсэн ажлаас халахаас өөр сахилгын шийтгэл ногдуулах тухай заалт байгаа нь тушаал хууль бус болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хуульд заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг сахилгын шийтгэлийн шат дараалсан арга хэмжээнүүд байхад тэднийг авч хэрэгжүүлэлгүйгээр шууд ажлаас халсан нь дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг давхар нотолж байна. Нэхэмжлэгч нь урд гаргаж байсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, тэрийгээ дахин гаргахгүйгээр ажиллаж байсан, тухайн үед шалгалтаар уг зөрчил илрээгүй зэрэг нөхцөл байдлыг хариуцагч тал харгалзаж үзэлгүйгээр шууд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Урьд нь гаргаж байсан зөрчилтэй холбогдуулан ирсэн гомдлыг үндэслэн шууд халахгүйгээр өөр сахилгын шийтгэл ногдуулсан бол нэхэмжлэгч маргахгүй байсан. Харин ижил болон хамаарал бүхий албан тушаалтай хэд хэдэн хүн дээр нэгэн зэрэг адил гомдол ирэхэд урьд өмнө нэг ч сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, олон жил үр бүтээлтэй ажилласан хүнийг хуульд заасан шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр шууд ажлаас халж сахилгын шийтгэл гаргаж арай цөөн жил ажилласан нөгөө ажилчдад хөнгөн сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь ашиг сонирхол бүхий хууль бус тушаал гэж үзэж гомдолтой байна.

 

Шүүхээс гэрчүүдийг асуухад тээшийн вагон тавих нь пүүлэгч нарын тухайн өдрийн ажлыг 2-оос 3 дахин хөнгөвчилж өгдөг гэх тайлбарыг өгсөн. Б.Х-тай холбоотой гаргасан асуудлаас болж технологийн дүрэм, төлөвлөгөө, журамд өөрчлөлт орсон талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гурван ээлжийн диспетчер байсан бөгөөд пүүлэгч, ачигч нарын гуйлтаар ээлж болгон дээр тээшийн вагон тавьдаг байсан гэдгийг Т.Э мэдүүлсэн. Б.Х-г амарч байх хугацаанд нөгөө ээлжийн диспетчер нар уг асуудлыг шийддэг байсан. Ганцхан Б.Хгийн ээлжинд ийм зүйл болдоггүй байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Б.Х-г зохион байгуулсан гэж ярьдаг, гэвч Б.Х юуг, яаж зохион байгуулсан талаар хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд тухайн үед ачаа ачихаа больсон үед гаргасан хүмүүсийн гомдлыг үндэслэж уг тушаалыг гаргасан юм. Хөдөлмөрийн тухай нарийвчилсан хуулиар шийддэг гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Хөдөлмөрийн тухай хууль нь ерөнхий хууль, Төмөр замын тээврийн тухай хууль нь төмөр замын салбарын тухайд бол нарийвчилсан хууль нь болж байгаа юм. Тушаалд техник алдаа гаргасан гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус акт гэж байдаг. Б-29 дугаартай тушаал нь 2 агуулга бүхий захиргааны илт хууль бус акт байгаа тул шүүх үүнийг анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч Б.Х-гийн гаргасан зөрчлийг хэзээ хэрхэн гарсан гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, мөн тухайн үед Б.Х тийм үйлдлийг хийхээ болчихсон байсан үе байгаа. Хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа хэзээ дууссан гэдгийг хариуцагч тал тодорхойлоогүй. Б.Хгийн гаргасан үйлдэл төмөр замын ажилчдын ажлыг хөнгөвчилж байсан. Тухайн үед Б.Х зөрчил гаргаж байсан тул сануулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаатайгаар шилжүүлэх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан бол хүлээн зөвшөөрөх байсан. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Х-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан Б-29 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний ямар нэгэн алдаагүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг илүү нарийвчилсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулиар дагнаж шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Хариуцагчийн Б-29 дүгээр тушаалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэх заалтыг үндэслэсэн нь буруу заалт мөн бөгөөд гагцхүү техникийн алдаа буюу хэлбэрийн алдаа гарсан. Гэхдээ техникийн алдаа гарсан нь уг тушаалыг үндэслэлгүй гарсан гэж буруутгах үндэслэл болохгүй. Учир нь илүү нарийвчилсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн зохих холбогдох зүйл, заалтыг үндэслэлээ болгосон. Б.Х гаргасан зөрчлөө өөрөө ойлгож, бусад нөгөө ээлжийн диспетчер нарын үйлдлийг таслан зогсоосон гэдэг нь Б.Х-гийн өөрийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн байгууллагад Б.Х-г 27 жил ажилласан гэж байна. Тухайн байгууллагад 27 жил ажилласан хүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэх хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн өөрийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зааврыг зөрчсөн. Түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг заасан хэмжээгээр тэрээр биелүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Х нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнхөө гаргасан тайлбараар ч тээшийн вагоныг орой хөдөлгөөн эхлэхээс өмнө 20-30 минутын өмнө зам дээр тавьж, ачааг ачих ёстой байтал ачигч нар гуйсан гэх үндэслэлээр өдрийн цагаар вокзал дээр аваачиж ачаа ачаад байгаа нь технологи зөрчсөн асуудал юм. Тухайлбал,

 

Сайншанд, Эрдэнэт, Сүхбаатарын тээшийн вагоныг Улаанбаатар өртөөний 19, 20 дугаар зам руу өдрийн цагаар оруулах хориотой байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль нэг үндэслэлүүдийг баримтлахыг шаарддаг. Б-29 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримталсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтан, ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан, мөн 5.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана., 5.3.8-д Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжэээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн эрхэлсэн ажил, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан ажил олгогч болон бусдад мөнгө эд хөрөнгийн хохирол учруулсан гэж заасан. Нэхэмжлэгч технологи зөрчиж, тавих ёсгүй вагоныг тавих ёсгүй замд тавьж ачаа ачуулж, хөлс авч байгаа нь хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан эрхэлсэн ажил үүргээ хувийн байдлаар урвуулан ашигласан гэдэгт нийцэж байгаа юм. Энэ үйлдлийг хийснээр нэхэмжлэгч өөртөө давуу байдал бий болгож өөртөө шан харамж авсан байдаг. Бусад ээлжийн диспетчер нар ингэж ажилласан. Гэхдээ өнөөдөр бусад ажилчдад ямар шийтгэл ногдуулсан талаар маргаагүй. Шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж байна. Б-29 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Б.Х гаргасан. Б-29 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй тохирч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар байдаг. Нэхэмжлэгч Б.Х нь хамгийн сүүлд уг асуудлыг 2019 оны 10 дугаар сард болсон гэдэг. Захиргаа уг асуудлыг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мэдсэн. Захиргаа мэдээд 1 сарын дотор арга хэмжээ авсан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй. Хэрвээ шийтгэл ногдуулсан тохиолдолд хүлээн зөвшөөрөх байсан гэж байгаа нь нэхэмжлэгч тал гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч У.Б.Т.З-т холбогдуулан ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Х нь У.Б.Т.З-ийн Зорчигчийн вагон депогийн Сэлгээний цехийн ээлжийн диспетчерээр 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан ба энэ талаар зохигчид маргаагүй. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр У.Б.Т.З-ын Зорчигчийн вагон депогийн даргын Б-29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-д заасныг үндэслэн Сэлгээний цехийн ээлжийн диспетчер Баяраагийн Хүрэлшагай нь хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан ... албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 7, 21-22 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч Б.Х ээлжийн диспетчерээр ажиллаж байх хугацаандаа тээшийн вагон тавьж өгсний хариуд нь ачигч нараас 1 вагоныг 15,000 төгрөгөөр тооцож төлбөр авдаг гэж бутуутгагдсан ба Б.Хн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралд оролцохдоо ... тээшийн вагон тавьж өгч мөнгө авдаг байсан, бусад ээлжнийхэн бүгд авдаг гэх тайлбар, гэрч Г.Ө.О, Б.Г, Э.Х, М.Т.Э нарыг шүүхээс гэрчээр асуухад ... 19, 20 дугаар зам дээр вагон хөдлөхөөс 30 минутын өмнө ачаа ачих ёстой боловч энэ хугацаанд амждаггүй учир ээлжийн диспетчер Б.Хд ачигч нар өөрсдөөсөө 1000-1500 төгрөг гарган цуглуулж 10,000-15,000 төгрөгийг бүрдүүлж өгч өдрийн цагаар вагоныг зам дээр тавиулж тээшээ ачдаг. Энэ мөнгийг сүүлийн 2 жилийн гаруйн хугацаанд өгсөн, албан ёсны өгөх ёстой мөнгө гэж бодож өгч байсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, ээлжийн диспетчер Б.Х нь Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.Зоригоо, Ашиглалт эрхэлсэн орлогч дарга А.Э нарын 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр баталсан Сэлгээний илчит тэргээр хийгдэх сэлгээний ажлын технологийн дарааллыг зөрчиж, тээш ачигч нарын гуйснаар вагон хөдлөхөөс 20-30 минутын өмнө тээшийн вагоныг зам дээр авч ирж, ачаа ачихад цагтаа амждаггүй гэх шалтгаанаар хөдөлгөөний бус цагаар тээшийн вагоныг 19-20 дугаар зам дээр тавьсны хөлсөнд 10,000-15,000 төгрөгийг авдаг байсан нь дээр дурдсан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Х-н дээрх үйлдэл нь хариуцагч У.Б.Т.З-М.О.Х.Н.Н-ийн даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/404 дүгээр тушаалаар батлагдсан тус нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 14.2-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. /Энэхүү заалтыг ажилтантай байгуулах Хөдөлмөрийн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцох заалтад заавал оруулж өгсөн байна./ Үүнд:, 14.2.8-д Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан буюу ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан; гэж, хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д ... албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэж заасныг зөрчсөн хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчилд хамаарах ба ажил олгогч буюу хариуцагчаас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-, 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн ... уг тушаалыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны гаргасан гэх боловч нэхэмжлэгчид 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гардуулсан байдаг. гэх тайлбарын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч тушаалдаа Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэж заасныг баримталсан нь тушаал илт хууль бус болохыг харуулж байна, мөн Б.Х-н гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан сануулах, цалин хасах зэрэг арга хэмжээг авах ёстой байсан. Яг адилхан зөрчил гаргасан бусад диспетчер нарт сануулах, цалин бууруулах арга хэмжээ авсанд гомдолтой гэх тайлбарыг гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ... уг тушаалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг баримталсан нь техникийн алдаа болсон гэж тайлбарласан болно. Б.Х-н гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тул сануулах, цалин бууруулах арга хэмжээ авах шаардлагагүй, адилхан зөрчил гаргасан бусад диспетчерүүдэд ногдуулсан сахилгын шийтгэлийг шүүх хянаагүй болно.

 

Иймд хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Х-н ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-н ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Х-н ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР