| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01008/И |
| Дугаар | 102/ШШ2020/01368 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2020/01368
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2020/01368 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Р.Алтантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн С /РД: 0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 27/б байрны подвальд оршин байх, М.Д СӨХ-д холбогдох,
Орон сууцны байшингийн засварын зардалд 2,478,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Ц.Т, иргэдийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух Б.С миний бие тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. 2018 оны хавраас байрны дээврээс ус гоожиж эхэлсэн ба миний амьдарч байгаа 48 м/к орон сууцны том, жижиг өрөө, ариун цэврийн өрөөний дээврийг муутган нэвчин орж байгаа ба дээврийг засахыг М.Д СӨХ-ны дарга Ц.Т-д удаа дараа хэлсэн боловч элдвээр доромжлуулаад гарч байлаа. Манай байр 3 орцтой, 4 давхар тоосгон байр юм. 2015 оноос 3 орцны дээр мансард барьж 5 давхар болгох асуудал гарч оршин суугчид эсэргүүцэж байсан боловч зөвхөн манай орц буюу 27/б дугаар орц санал болгосон авлига хахуулыг нь зөвшөөрөөгүй учир мансард бариулаагүй. Тэгсэн хохь чинь давхар бариулсан бол дээвэр гэж байхгүй байсан юм, хөлөө хүрэх газар очиж заргалд гэж доромжлон дийлж явна. Би дээвэр нь норсон, мөөгөнцөртсөн, эрүүл ахуйн орчин алдагдсан байранд амьдрахад тухгүй байсан тул өвөл нь гэртээ засвар хийж, хавар нь дээврээ өөрөө засуулсан юм. Дээврийн засварт хар цаас 364,000 төгрөг, газ 104,000 төгрөг, ажлын хөлсөнд 600,000 төгрөг, нийт 1,068,000 төгрөг, гэр доторх засварт цагаан замаск 14,000 төгрөг, хар замаск 14,000 төгрөг, эмульс 112,000 төгрөг, өнхрүүш, багс, зүлгүүр 20,000 төгрөг, обой, обойны цавуу 250,000 төгрөг, ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг, нийт 1,410,000 төгрөг, ингээд дээвэрийн болон гэр доторх засварт нийт 2,478,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж засвараа хийсэн тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Мөнх дөл сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах 27-ын А, Б, В дугаар байрууд нь 2006, 2007 онд ашиглалтад орсон. Анх ашиглалтад орохдоо халуун усны шугам нь 25ф шугам байх ёстой боловч 15ф шугамаар хийгдсэн. Айлууд нь усаа 5-10 литр гоожуулж байж халуун ус ирдэг. Сууц өмчлөгчдийн холбооноос орон сууцны конторт 2011 оны 6 дугаар сарын 22-нд албан бичиг өгсөн боловч арга хэмжээ авч өгдөггүй. Тус байны 28 тоотын оршин суугч нь дээврээс ус гоожиж буй талаар СӨХ-д өргөдлөө өгч байсан ба тус СӨХ-ны өрхийн тоо бага болохоор хуримтлагдсан мөнгө байхгүй гэдгийг хэлж байлаа. А байрны 27 тоотын Батболд гэх залуу СӨХ-ны хийж чадахгүй байгаа ажлыг өөрийнхөө хөрөнгөөр давхар бариад шийдээд өгье гэхээр нь би мэдэхгүй, хороо захиргаатай уулз гэж хэлсэн. Ингээд Б нь барилгын ажил хийх гэтэл Б.С нь суугчдыг СӨХ-ны мөнгөө битгий өгөөрэй гэж уриалж байсан. Ингээд Саруултуяа нь хандаагүй газар, ирээгүй шалгалт байсангүй. 27-ийн А, В дугаар байрны халуун, хүйтэн ус, дээврийн асуудлыг СӨХ шийдвэрлэж чадсан. Б.С нь 2018 оны 8 дугаар сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байж бусад оршин суугчдын төлсөн мөнгийг хувьдаа шамшигдуулах гэж байгаад харамсаж байна. Би Б.С-гийн зассан гэх дээврийг хүн гаргаж харуулсан дээврийн хүрээг хар цаасаар бүрсэн байсан гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М.Д СӨХ-д холбогдуулан дээврийн засвар, дээврээс ус алдаж гэрт учруулсан хохиролд 2,478,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... тус сууц өмчлөгчдийн холбоо нь өрхийн тоо цөөн тул хуримтлагдсан мөнгө байхгүйгээс дээврийн засварыг хийж чадаагүй, Б.С нь холбооны мөнгөө төлдөггүй гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27/Б байрны 28 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь нэхэмжлэгч Б.С мөн эсэх, тухайн орон сууц нь М.Д СӨХ-д харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-г байгуулна. гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтта орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж зааснаар Мөнх дөл сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй. Хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид Б.С-д хохирол учирсан байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.С нь өөрийн өмчлөлийн орон сууцны дээврийн засварлах, орон сууцны дотор засварын ажилд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цагаан замаск 14,000 төгрөг, хар замаск 14,000 төгрөг, эмульс 112,000 төгрөг, өнхрүүш, багс, зүлгүүр 20,000 төгрөг, нийт 160,000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 104,000 төгрөгийн үнэ бүхий газ, мөн өдөр Найм трейд ХХК-иас 304,000 төгрөгийн экп, 60,000 төгрөгийн праймер, дээврийн ажлын хөлсөнд 100,000 төгрөг, нийт 728,000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын падаан, Хаан банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас 728,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч М.Д СӨХ-оос 728,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 22,022 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
Х.ЭНХЗАЯА