Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/01433

 

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/01433

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт М-ын Н /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 0 байр, 0 тоот хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Дипломат 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух С овогт Б-ын Б/РД: 00000000/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,853,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн М.Н нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46-2 тоот хаягт байрлах 60.6 м.к талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай иргэн Б.Б-д үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн бөгөөд түрээсийн төлбөр сарын 600,000 төгрөг байхаар тохиролцсон. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д Түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлнө гэж заасан бөгөөд мөн гэрээний 2.2-т түрээсийн төлбөрийг сарын бүрийн эхний долоо хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч Б.Б нь гэрээний үүргээ огт биелүүлэхгүй явж байгаад 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр түрээсийн төлбөрт 600,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Н-гийн эхнэр Ч.Б-ын Төрийн банкны дансанд шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрөө төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардахад боломжгүй байна гэх хариуг өгч байсан, 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн обьектийг түрээслэгчээс буцаан хүлээж авсан. Нийт 5 сарын хугацаанд 1 л сарын төлбөрийг төлсөн болно. Дээрх хугацаанд байрны ашиглалтын зардлын талаар талууд гэрээний 5.2-т зааснаар түрээслэн авсан хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашигласан ашиглалтын зардал /СӨХ, дулаан, цахилгаан, уг/-ыг түрээслэгч төлнө. хэмээн тохиролцсон боловч ашиглалтын зардлыг хариуцагч Б.Б төлж барагдуулаагүй байсан учраас 2019 оны 4, 5, 6, 7 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт /1 сарын 30,000 төгрөг/ 120,000 төгрөг, 2019 оны 6, 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 36,897 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөрт 296,670 төгрөг, нийт 453,567 төгрөгийг Төрийн банкны 102100049123 тоот дансанд тушаасан. Иймд хариуцагч Б.Б-гээс түрээсийн төлөөгүй 4 сарын төлбөрт 2,400,000 төгрөг, ашиглалтын зардалд 453,567 төгрөг, нийт 2,853,567 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь иргэн М.Н-тай харилцан тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46-2 тоот хаягт байрлах 60.6 м.к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, өмнө нь хүнсний дэлгүүрээр ажиллаж байсан орон сууцыг нь үйлчилгээний зориулалтаар буюу өглөөний цайны хүргэлтийн үйлчилгээний бизнес эрхлэх, оффисын зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. Хоолны үйлчилгээ эрхлэхэд төрийн байгууллагаас хориглосон, өөрөөр хэлбэл шаардлага хангахгүй байр түрээсэлсэн байсан. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Ашиглалтын зардлын тухайд би түрээсэлсэн хугацааныхаа төлбөрийг төлж байсан гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,853,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... түрээсийн орон сууц нь үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй байсан, мөн өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул төлбөрийг төлөхгүй, байсан хугацааныхаа ашиглалтын зардлыг төлж байсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Б.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Түрээсийн гэрээ-г байгуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 2 тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 600,000 төгрөгөөр, үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан шаардлагыг хангаагүй, гэвч нэхэмжлэгчийг дараахь үндэслэлээр шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын ... түрээсийн зүйлийг хариуцагчид 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, төлбөрөө төлөөгүй тул буцаагаад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, түрээсийн төлбөрийг 1 удаа 600,000 төгрөг төлсөн гэх, хариуцагч Б.Б-гийн ... түрээсийн зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эзэмшсэн, 600,000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн гэх тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 2 тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 600,000 төгрөгөөр, үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг буцаан нэхэмжлэгч хүлээж авсан, дээрх хугацааны түрээсийн төлбөрт 600,000 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагч Б.Б түрээсийн зүйлийг 4 сар, 20 хоногийн хугацаанд бодитоор эзэмшсэн, дээрх хугацааны төлбөрт 2,200,000 төгрөгийг төлөөгүй, мөн 2019 оны 4, 5, 6, 7 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт /1 сарын 30,000 төгрөг/ 120,000 төгрөг, 2019 оны 6, 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 36,897 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөрт 296,670 төгрөг, ашигалалтын зардалд 453,567 төгрөгийг, нийт 2,653,567 төгрөгийг төлөлгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааг 5 сараар тооцож, хариуцагчийн төлсөн 600,000 төгрөгийг хасч 2,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжилсэн боловч хариуцагч Б.Б нь 4 сар 20 хоногийн хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан ба нэхэмжлэгч 10 хоногийн төлбөргт /600,000 төгрөг : 30 хоног = 20,000 төгрөг, х 10 хоног/ 200,000 төгрөгийг илүү нэхэмжилсэн байх тул дээрх хугацааны 200,000 төгрөгийн төлбөрийг шүүх хасч тооцсон болно. Хариуцагч Б.Б нь 2019 оны 4, 5, 6, 7 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт /1 сарын 30,000 төгрөг/ 120,000 төгрөг, 2019 оны 6, 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 36,897 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөрт 296,670 төгрөг, ашигалалтын зардалд 453,567 төгрөгийг төлөөгүй болох нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2020 ны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21/69 дүгээр албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазрын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/616 тоот албан бичиг, Капитрон банкны дипозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байх тул дээрх хугацааны ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 453,567 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас нийт 2,653,567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 2,653,567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,407 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХТӨР