Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/306

 

 

 

 

 

 

 

 

2023         08            18                                   2023/ШЦТ/306

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрах,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Г-од холбогдох эрүүгийн 2325002290373 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Х аймгийн А суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “хх” компанитай гэрээгээр .... үйлчилгээ үзүүлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, О аймаг Б сум 0 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-гийн Г- /РД:хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г- нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0 дүгээр байрны урд талын авто зам дээр 00-00 ОРХ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1.Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.М-гийн хөл дээгүүр нь тээврийн хэрэгслээрээ гарч, Ж.Б-ыг мөргөж хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, Ж.Б-ы эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн гарын тохой, сарвуу, баруун хөлийн тавхайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Д.Г- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө... гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны оройны 19 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Их хаадын цуваа нэртэй хотхоноос найзынхаа гэрт албан ёсоор гэр бүл болж хуримаа хийсэнд нь баяр хүргэж очоод хоол унд идэж, ярилцаж, хөзөр тоглож байж байгаад орой 22 цагийн орчим гэрээс нь гараад таньдаг ах Д-тай хамт гэр рүүгээ явахаар алхаж байсан юм. Тэгээд Д- ах бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сумын 0 багийн 0 дүгээр байрны урд талд байрлах авто замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар гарч байх үед тухайн авто замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд усан цэнхэр өнгөтэй Приус 30 маркийн улсын дугаарыг нь харж амжаагүй, тээврийн хэрэгсэл ирж байсан. Би энэ үед замын баруун тал руу харсан байдалтай явж байх үед надтай хамт явж байсан Д- ах “мөргөлөө” гэж хэлсэн би энэ үед зүүн тал руу машин ирж байсан зүг рүү харах үед зүүнээс баруун чиглэлд явж байсан машин явган хүний гарц тулаад ирсэн байх үед зогсохгүй, хурдаа хасахгүй чигтээ яваад байсан надтай маш ойрхон ирсэн байсан. Гэтэл надтай хамт явж байсан Д- ах миний баруун гар талд явж байгаад намайг араас татсан. Энэ үед тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн хөлийн тавхай хэсэг дээгүүр баруун талын хоёр дугуй нь гараад явсан. Тухайн үед Д ах бид хоёртой явган хүний гарцаар үл таних эрэгтэй 40 орчим насны ах хамт алхаж явж байгаад тэр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Мөргүүлсний дараа би болон тэр үл таних ах бид хоёр байрнаасаа хөдлөлгүй байж байх үед уг тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад “би хүн мөргөчихлөө” гэж дуудлага мэдээлэл өгсөн... 2023 оны 06 сарын 17-ны өдрөөс хойш хөдөлгөөн хорьсон, хөлдөө яс бэхжүүлэгчтэй байсан хугацаанд ажил хийх боломжийг минь байхгүй болгосон тул 2023 оны 06  сарын 17-ноос 2023 оны 07 сарын 26-ны өдрийн хоорондох 39 хоногийн хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээний доод хөлсөөр нөхөн төлбөр олгож өгнө үү. Тухайн жолооч нь гарсан эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан тул эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны 23 цагийн орчим гэрээсээ гараад Согоот багт байрлах Пирамид төвийн хажууд байрлах Голомт банкны АТМ орж мөнгө авах гээд 5-1 дүгээр байрны урд байрлах авто замын явган хүний гарцтай хэсгээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гэж явж байтал ертөнцийн зүгээс зүүнээсээ баруун чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байсан жижиг суудлын авто машин тормос гишгэх шиг болохоор нь зогсох гэж байгаа юм байна гэж бодоод цааш явтал намайг ирээд мөргөсөн...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 18х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаартай:

1. Б.М-гийн биед зүүн хөлийн шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.5. Уг гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Зүүн хөлийн шагайн үений хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 544 дугаартай:

1. Ж.Б-ы биед тархи доргилт, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн гарын тохой, сарвуу, баруун хөлийн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.5. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Тархи доргилт, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн гарын тохой, сарвуу, баруун хөлийн тавхайд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32х/,

 

- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай: “...Д- овогтой Г- /хх000000/ Тоёота Приус маркийн 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 16.1. Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Уг осол нь Д-гийн Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 42-43х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8х/,

 

- Хохирол төлсөн баримтууд болон шүүгдэгч Д.Г-ын хувийн байдалтай  холбоотой  баримтууд /хх-ийн 67-78х/,

 

- Шүүгдэгч Д.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Г- нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 5-1 дүгээр байрны урд талын авто зам дээр 00-00 ОРХ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1.Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.М-гийн хөл дээгүүр нь тээврийн хэрэгслээрээ гарч, Ж.Б-ыг мөргөж хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, Ж.Б-ы эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн гарын тохой, сарвуу, баруун хөлийн тавхайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Д.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Д.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Хохирогч Ж.Б- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж, хохирогч Б.М- ажилгүй байсан 39 хоногийн хөдөлмөрийн хөлсний хэмжээний доод хөлсөөр нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.М-г уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-од  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-од оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.М- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ