| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2019/02610/И |
| Дугаар | 183/ШШ2019/02233 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2019/02233
| 2019 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2019/02233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух *******гийн Б /РД: ..../,
Нэхэмжлэгч : ... тоот хаягт оршин суух, *******гийн У /РД:.../,
Нэхэмжлэгч : .... тоот хаягт оршин суух *******гийн Д /РД:.../,
Нэхэмжлэгч : ... тоот хаягт оршин суух *******ын О /РД:.../,
Нэхэмжлэгч : .... тоот хаягт оршин суух *******ын О /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт байрлах С /РД:/,
Хариуцагч : *******,******* хаягт байрлах Х /РД: / нарт холбогдох
Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр гаргуулж, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гарах зардлыг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, О.Ч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1/ Нэхэмжлэгч Ч.Б нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “Mountain View Residence-2” орон сууцны 61 тоот орон сууц бариулахаар “С” ХХК-тай харилцан тохирч, 2014.10.27-ны өдрийн №054/2-61 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 2014.10.27-ны өдөр урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг С-д бэлнээр төлсөн.
2/ Нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “Mountain View Residence-2” орон сууцны 51 тоот орон сууц бариулахаар “С” ХХК-тай харилцан тохирч, 2014.10.20-ны өдрийн №044/1-51 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 2014.10.20-ны өдөр урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг С-ийн Хаан банкны 5028354690 тоот дансанд төлсөн.
3/ Нэхэмжлэгч Л.Д нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “Mountain View Residence-2” орон сууцны 61 тоот орон сууц бариулахаар “С” ХХК-тай харилцан тохирч, 2014.10.27-ны өдрийн №055/1-61 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 2014.10.27-ны өдөр урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн.
4/ Нэхэмжлэгч М.О нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “Mountain View Residence-2” орон сууцны 81 тоот орон сууц бариулахаар “С” ХХК-тай харилцан тохирч, 2014.09.23-ны өдрийн №021/1-81 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 2014.10.02-ны өдөр урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн.
5/ Нэхэмжлэгч Ш.О нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “Mountain View Residence-2” орон сууцны 44 тоот орон сууц бариулахаар “С” ХХК-тай харилцан тохирч, 2014.11.05-ны өдрийн №058/2-44 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, 2014.11.05-ны өдөр урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-т зааснаар “Барилгын ажил 2014.09 сард эхэлсэн бөгөөд ажлын үр дүнг 2015.12.30-нд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөх”-өөр заасан боловч ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд орон сууц барих ажил огт явагдаагүй бөгөөд орон сууц барих ажлыг шуурхай зохион байгуулахыг захиалагчдын зүгээс удаа дараа шаардсан боловч элдэв худал шалтаг тоочсоор ирсэн. Ингээд тодорхой үр дүн гарахыг хүлээж тус компанийн удирдлагын сайхан ярианд хууртсаар өдийг хүрсэн ба урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах талаар хүртэл удаа дараа шаардлага гаргаж байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд захиалагч нарыг хууран мэхэлж, ноцтой хохироож байна. Иймд нэхэмжлэгч тус бүрт 10 000 000 төгрөгийг Сп ХХК-аас гаргуулж өгнө үү.
Түүнчлэн Х-ын нэр бүхий ажилчид “С” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 онд байгуулсантай холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шаардлага хүргүүлэх, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзах зэрэг байдлаар удаа дараа гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж, шат дараалсан арга хэмжээ авч байсан боловч өдийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй. Тухайлбал: Х-ын багш ажилчдын зүгээс “С” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Гт хандан 2017.04.21-ний өдөр Шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад “....Х-ын багш ажилчдын орон сууц бариулах зориулалтаар өгсөн 538 500 000 төгрөгийг /банкны хүү тооцож бодсон 780,102,000 төгрөгийг/ 2017.04.25-ны өдрийн дотор эргүүлэн өгөхийг шаардаж, уг шаардлагад хариу ирүүлэх талаар мэдэгдсэн байдаг.
Энэхүү шаардлагыг “С” ХХК хүлээн авч, багш ажилчидтай 2017.04.24-ний өдөр ирж уулзсан. Энэхүү уулзалтад компанийн зүгээс захиалагчдын шаардлагын дагуу хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал Захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд 2017.04.24-ний өдөр болсон уулзалтын тэмдэглэлд тус компанийн гүйцэтгэх захирал М нь:....хохирлын асуудлыг мэдэж байгаа. Тодорхой хэмжээгээр олгоно. Хохирлын асуудлыг тохирох хэрэгтэй гэж бодож байна. Барьж эхлээд үлдэгдэл төлбөрөө төлөх үед хохирлыг оруулж авна....Хохирлыг албан ёсоор бичгээр хүргүүлнэ“ гэж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч нь захиалагч багш ажилчдад бодит хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрснөөс гадна, хохирлыг барагдуулах талаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байдаг.
Түүнчлэн Х-ын багш ажилчдын зүгээс “С” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Гт хандан урьдчилгаанд төлсөн төлбөрийг Хаан банкны хугацаатай хадгаламжийн жилийн хүүгээр тооцон захиалагч тус бүрт хохирол гаргуулахаар шаардсан 2017.04.21-ний өдрийн шаардлагын хариуг “С” ХХК-иас 2017.05.15-ны өдрийн 17/77 дугаар албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигт “Гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс 2017.04.21-ийг хүртэлх хугацаанд Хаан банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож алдангийг тус тус тооцож урьдчилгаа төлбөрийн хамт нийт 780 102 000 төгрөгийг эргүүлэн төлөхийг шаардсан байх бөгөөд компанийн зүгээс 2017.07 сардаа багтаан барилгын ажил эхлээгүй тохиолдолд шаардаж байгаа алдангийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцохоор шийдвэрлэсэн” гэсэн хариуг өгсөн.
Өөрөөр хэлбэл “С” ХХК нь уг албан бичигт гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрснөөс гадна уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нарт зайлшгүй орох ёстой байсан орлого буюу хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн нь тодорхой байдаг. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч нар өөрсдөд учирсан хохирол, орох байсан орлогыг шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч нар нь хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцон нэхэмжлэх эрхтэй боловч “С” ХХК-д хүргүүлсэн албан шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгч тус бүр гэрээ байгуулсан өдрөөс 2017.04.21-ний өдөр хүртэлх өдрөөр тооцон хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна.
Байрны захиалгад хамрагдсан Х-ын багш ажилтнууд “С” ХХК-ийн хариуцлагагүй байдал болон удаа дараа худал мэхэлж, цаг хугацаа хожсон, зугтаадаг, гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг байдлаас шалтгаалан хугацаа алдаж, сэтгэл санааны болоод эд хөрөнгийн их хэмжээний хохирол амссан. Нэхэмжлэгч нар нэгдэж уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмгөөлөгчтэй 37,596,625 сая төгрөгийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г мөн байгуулж давхар хохирч байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь өмгөөлөгчтэй нэг бүрчлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсийг 47 нэхэмжлэгч тус бүрээр төлөх, шүүхэд тус бүрээр нэхэмжлэх нь хүндрэлтэй байсан тул нэхэмжлэгч нарыг шүүхэд итгэмжлэлээр төлөөлж байгаа тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Я.Э нь өмгөөллийн хөлсийг нэгтгэж, өмгөөлөгчтэй гэрээ байгуулах ажлыг хариуцаж, 47 нэхэмжлэгчийн өмнөөс нэгдсэн байдлаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г өмгөөлөгчтэй байгуулсан тул уг өмгөөллийн хөлсний төлбөрийг “С” ХХК-иас гаргуулах эрхтэй.
Иймд С-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж байгаатай холбоотойгоор шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлж буй зардал нь хохиролд хамаарах тул 37,596,625 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж өгнө үү. Өмгөөллийн хөлсний нэг хүнд ногдох хэсгийг тодорхойлбол 799 928 төгрөг болж байгаа.
Иймээс урьдчилгаа төлбөр, хохирол болон өмгөөллийн хөлсийг нийтэд нь тооцвол, Ч.Бад 15 274 928 төгрөг, Д.Уд 15 294 928 төгрөг, Л.Дид 15 299 928 төгрөг, М.От 15 394 928 төгрөг, Ш.От 15 224 928 төгрөгийг тус тус С-иас гаргуулж өгнө үү.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Ч.Б, Д.У, Л.Д, М.О, Ш.О нар нь хариуцагч С, Х нарт холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд захиалагч тус бүрээс шилжүүлсэн төлбөр гаргуулж, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөдөө аж ахуй их сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд нэхэмжлэгч Ч.Б нийт 15 274 928 төгрөг, Д.Уд 15 294 928 төгрөг, Л.Дид 15 299 928 төгрөг, М.От 15 394 928 төгрөг, Ш.От 15 224 928 төгрөгийг тус тус С-иас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.
Хариуцагч С нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8.30 минутад товлогдсон хуралдааны товыг хариуцагч С-нд 2019.10.10-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлж, хариуцагч мэдэгдэх хуудсыг 2019.10.11-ний өдөр хүлээн авсан мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гын 89014944 дугаарын утсаар 2019.10.10-ны өдрийн 14.40 минутад тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 21-24, 29-32, 37-40, 45-48, 53-56 дугаар талд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
Хариуцагч С нэхэмжлэгч Ч.Б, Д.У, Л.Д, М.О, Ш.О нарын хооронд байгуулсан тус тус “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”–ний 2.1-т “Барилгын ажил 2014 оны 9 сард эхэлсэн бөгөөд ажлын үр дүнг 2015 оны 12 дугаар сарын 30-нд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй болох нь х.х-ийн 19, 79-84 дүгээр талд авагдсан баримтаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь х.х-ийн 19, 84 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Ч.Б гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, Д.У гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, Л.Д гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, М.О гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, Ш.О гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг тус тус хариуцагчид өгсөн болох нь х.х-ийн 27, 35, 43, 51, 59 дүгээр хуудасд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “ Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсэхгүй тул гарах ёсгүй зардал нэхэмжлэгч нараас гарсан учраас өмгөөллийн үйлчилгээ авсан нэхэмжлэгч нарын зардлыг хариуцагчаас гаргуулах, мөн урьдчилгаанд төлсөн төлбөрийг банкинд хадгалуулсан хадгаламжийн хүүгийн хэмжээгээр орох байсан орлого гэж үзэж хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Ч.Бад гэрээнээс учирсан хохирлыг Хаан банкны хадгаламжийн хүүгээр тооцон нэг сарын хүү 1,5 хувь, гэрээ байгуулсан 2014.10.27-ны өдрөөс шаардлага хүргүүлсэн 2017.04.21-ний өдөр хүртэл нийт 894 хоногийн хүү 4 475 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 799 928 төгрөг хохиролд нийт 5 274 928 төгрөг, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг нийт 15 274 928 төгрөг, нэхэмжлэгч Д.Уд гэрээнээс учирсан хохирлыг Хаан банкны хадгаламжийн хүүгээр тооцон нэг сарын хүү 1,5 хувь, гэрээ байгуулсан 2014.10.20-ны өдрөөс шаардлага хүргүүлсэн 2017.04.21-ний өдөр хүртэл нийт 899 хоногийн хүү 4 495 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 799 928 төгрөг хохиролд нийт 5 294 928 төгрөг, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг нийт 15 294 928 төгрөг, нэхэмжлэгч Л.Дид гэрээнээс учирсан хохирлыг Хаан банкны хадгаламжийн хүүгээр тооцон нэг сарын хүү 1,5 хувь, гэрээ байгуулсан 2014.10.27-ны өдрөөс шаардлага хүргүүлсэн 2017.04.21-ний өдөр хүртэл нийт 894 хоногийн хүү 4 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 799 928 төгрөг хохиролд нийт 5 299 928 төгрөг, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг нийт 15 299 928 төгрөг, нэхэмжлэгч М.О гэрээнээс учирсан хохирлыг Хаан банкны хадгаламжийн хүүгээр тооцон нэг сарын хүү 1,5 хувь, гэрээ байгуулсан 2014.09.23-ны өдрөөс шаардлага хүргүүлсэн 2017.04.21-ний өдөр хүртэл нийт 919 хоногийн хүү 4 595 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 799 928 төгрөг хохиролд нийт 5 394 928 төгрөг, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг нийт 15 394 928 төгрөг, нэхэмжлэгч Ш.О гэрээнээс учирсан хохирлыг Хаан банкны хадгаламжийн хүүгээр тооцон нэг сарын хүү 1,5 хувь, гэрээ байгуулсан 2014.11.05-ны өдрөөс шаардлага хүргүүлсэн 2017.04.21-ний өдөр хүртэл нийт 885 хоногийн хүү 4 425 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 799 928 төгрөг хохиролд нийт 5 224 928 төгрөг, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг нийт 15 224 928 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С-иас 15 274 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бад, 15 294 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд, 15 299 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дид, 15 394 928 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.От, 15 224 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.От тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөө аж ахуй их сургуульд холбогдох нэхэмжлэгч 15 224 928 төгрөг гаргуулах, 15 299 928 төгрөг гаргуулах, 15 054 928 төгрөг гаргуулах, 15 284 928 төгрөг гаргуулах, 15 304 928 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч , , , , нар татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 983 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-иас 234 324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бад, 234 424 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд, 234 449 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Дид, 234 924 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.От, 234 074 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.От тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ