Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

   2020            3              19                                       2020/ДШМ/318

 

 

Д.О, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч Д.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оюунтулгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Э, Д.О нарт холбогдох 1908036741245 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хатгин овгийн Д.О, 1988 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 25 гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УР88040376/;

  - Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Боржигон овгийн Д.Э, 1990 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Top Gear Car” дуудлагын үйлчилгээнд дуудлагын жолоочоор ажилладаг гэх, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 24 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УХ90050732/;

  - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгж буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Д.О, Д.Э нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны орчим иргэн Б.Эрдэнэжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, улмаар нүдний шил, улаан шонхор тамхи, биет 8.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Э, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатгин овогт Д.О, Боржигон овогт Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

 шүүгдэгч Д.Оюунтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхтулгыг 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Оюунтулгыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,

 шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.О тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оюунтулгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22 хоног, шүүгдэгч Д.Энхтулгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 4 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оас 55.685 төгрөг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э, Д.О нарын эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие нийгмийн аюулын шинж чанар агуулсан ийм төрлийн гэмт хэргийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж буруутсандаа, мөн өөрийн гэр бүлдээ хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирогч Б.Эрдэнэжаргалд учруулсан хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, гэмшин уучлалт хүсэж байна. Мөн хохирогчид учруулсан хохирол болох 55.685 төгрөгийг төлж барагдуулах болно. Манай гэр бүлийн хувьд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой. Хөгшин настай ээж, аавын хамт амьдардаг. Миний бие нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ энэ гэмт хэрэгт холбогдсон бөгөөд бусдыг дээрэмдэх, хялбар аргаар мөнгө олох зорилго агуулаагүй. Иймд миний бие үйлдсэн хэргээ маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөлж, биеэр эдлэх 4 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэжээ.            

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Оюунтулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд хохирлыг төлөх бүрэн боломж байхад хохирол төлөгдсөн зүйл байхгүй. “Хохирлыг төлж барагдуулна” гэж хэлж байгаа нь хангалттай биш бөгөөд үндэслэл бүхий биелэгдэх боломжтой илэрхийлэл байх ёстой. Шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдоогүй. Өмнө гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд өөрийн гэм буруугаа ухаарч, ойлгоогүй. Хувийн байдлыг нь эерэгээр харах нөхцөл байдал байхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.О, Д.Э нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны орчим иргэн Б.Эрдэнэжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, улмаар нүдний шил, улаан шонхор тамхи, биет 8.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эрдэнэжаргалын “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны зүүн хойд талд явж байхад үл таних 2 эрэгтэй хажуугаар зөрөхдөө тамхи байна уу гэхэд нь байхгүй гэтэл ямар хэгжүүн яриатай юм бэ гээд зодсон. Тэгээд халааснаас 1 хайрцаг улаан шонхор тамхи, 8.000 төгрөг, нүдний шилийг аваад явсан. ...Намхан залуу нь нүүр рүү 1 удаа цохиод, унасан хойгуур гэдэс рүү цохиод байсан. Өндөр залуу нь үсдэж дарчихаад өвдөглөөд байсан. ...” /1-хх-30-34, 35-37, 38-39/,

Д.Энхтулгын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед бүрэнхий болчихсон байсан. ...Тулгаа “энд нэг согтуу залуу байна, би очиж тамхи асуучихаад ирье” гээд тэр залуу руу очсон. Тулгаа тэр залуу дээр очоод маргалдаад байсан. Тэгэхээр нь би яасан юм бол гээд наанаас нь явж очиход Тулгаа тэр залууг заамдаж байгаад газар унагахаар нь би тэр залуугийн цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэр залууг газар унах үед өмдний халаас нь мөнгө цухуйж байхаар нь мөнгийг нь авсан. Тэр залуугийн мөнгө, тамхи зэргийг авчихаад хойшоо зам гараад гараажнуудын араар тойроод зугтаасан. ...” /хх-60-61, 62-63, 185-186, 187-188/,

Д.Оюунтулгын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Энхтулгатай архи уусан. Архи уугаад нилээн согтсон байсан учраас бусдыг дээрэмдсэн гэдгээ санахгүй байна. Камерын бичлэг харахад Энхтулга бид хоёр нэг залуу дээр очоод маргалдаж байгаа бичлэг байсан. Тэгэхээр би Энхтулгатай хамт нийлээд хүн зодож дээрэмдсэн байна. ...Миний бие Д.Этай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-66-67, 69-70, 189-190, 191-192/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8727 тоот дүгнэлтийг гаргах үед Б.Эрдэнэжаргал эрүүний дэлгэмэл рентген зураг авахуулаагүй байсан тул эрүүний хугарал 8727 тоот дүгнэлтэд тусгагдаагүй байжээ. Эрүүгийн рентген зургийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хийлгэсэн. Б.Эрдэнэжаргалын биед эрүү ясны булангийн ташуу зөрүүгүй хугарал, дээд баруун 6, доод зүүн 7 дугаар шүдний булгаралт, доод зүүн 6 дугаар шүдний цөгцний хугарал, завьжинд язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” 1344 дугаартай /хх-176-181/ гэх дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20, 21/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-22-23/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-24-29/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О, Д.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.О, Д.Э нарыг бүлэглэн хохирогч Б.Эрдэнэжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, бүлэглэн зодож хүч хэрэглэх явцдаа хохирогч Б.Эрдэнэжаргалын эд хөрөнгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Энхтулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгах, мөн шүүгдэгч Д.Оюунтулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулах тус тус үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Оюунтулгын хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Хатгин овогт Д.О, Боржигон овогт Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, ...” гэснийг “...Шүүгдэгч Д.О, Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял,

 шүүгдэгч Д.Оюунтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг “...шүүгдэгч Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Оюунтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,

 шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ