Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0821/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Быг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийн хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн “2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,463 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, Үндэслэх нь хэсгийн “ Нэг. Хэргийн үйл баримтын 1.3, 1.7, Хоёр. Хууль зүйн үндэслэлийн 1, 1.1, 1.3, 4 дэх хэсэг”-ийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гомдол дурдсан агуулгаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн “ Нэг. Хэргийн үйл баримтын 1.3, 1.7, Хоёр. Хууль зүйн үндэслэлийн 1, 1.1, 1.3, 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тухайн шүүхэд хэд хэдэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлснийг хариуцагчаас биелүүлээгүй тул энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаар захирамжаар батлагдсан Тамгын газрын бүтэц нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хүчингүй болсон тул хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр захирамжаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтууд мөн хүчингүй болсон. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамж нь 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 20 дугаар захирамжаар хүчингүй болсон. Нэхэмжлэгч намайг Төрийн албанаас хууль бусаар халсан шийдвэр гарах үед дээрх захирамжаар батлагдсан бүтэц, албан тушаалын ангиллаар ажиллаж байсан. Эн бүтцийн дагуу миний дээд шатны албан тушаалтан нь Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга /даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан/  Г.Б юм. Тиймээс анхан шатны шүүхийн “... журмын дээрх зохицуулалтын агуулгыг гагцхүү тухайн албан тушаалтныг /шууд/ харьяалах дээд шатны албан тушаалтан байхаар явцуу утгаар тайлбарлаж хэрэглэхээргүй байна.” гэсэн дүгнэлтэд Улсын Их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1-д заасныг зөрчиж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6,  48 дугаар зүйлийн 48.10, Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаарт тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1, 2.2, 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 20 дугаар захирамжаар батлагдсан Тамгын газрын бүтэц зэрэг хууль, журмын заалтуудад үндэслэн тус ажлын хэсэг нь эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна. Үүнээс гадна маргаж буй дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь эрх шилжүүлэн авах замаар байгуулагдсан учир гаргасан дүгнэлт нь хууль бус гэдгийг нэхэмжлэгчээс нотлох баримтуудад үндэслэн маргасан. Шүүх дээрх асуудлуудад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэргээр хариуцагч Д.Б болон Захиргаа удирдлагын газрын дарга Г.Д нар нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч надтай уулзаж ярилцах хоёр асуудал нь хууль зөрчсөн үйлдлүүд байснаас гадна өөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс болгоомжлон уулзаагүй гэдэг нь, мөн нэг дэх асуудал болох орчуулгатай холбоотой асуудлаар ярилцах үндэслэл байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Тиймээс анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтныг дуудахад /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр/ хүрэлцэн очоогүй нь төрийн албаны “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчимд нийцээгүй...” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0889 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн “2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,463 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүчингүй болгох тухай: Нэхэмжлэгч миний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд биеэр эдэлсэн ээлжийн амралт нь 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн хоорондын хугацааны ээлжийн амралт билээ. Нэхэмжлэгч би ээлжийн амралтыг биеэр эдэлсэн боловч тус ээлжийн амралтын цалин хөлсийг надад олгоогүй. Тиймээс миний биеэр эдэлсэн амралт нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд хамаарахгүй байгаа тул надад Төрийн албанаас хууль бусаар халагдсанаас хойших хугацааны цалин хөлсийг олгохоор байна. Иймд нэхэмжлэгч миний дээрх шаардлагыг хангаж өгнө үү.

Дээрхээс гадна гомдолд дурдсан агуулгаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-н давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Быг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийн хариуцагчид даалгаж...” гэсэн хэсгийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаарх хуулиар тогтоосон хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Д.Б даргын 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийг захиргааны акт гэж үзэж, ажлын хэсгийг хариуцагчаар татан оролцуулж, хариу тайлбар гаргах зэрэг ажиллагааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш явагдсан байхад тухайн захиргааны актыг өөр нэг захиргааны актын шууд үндэслэл учир шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгч маргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэгч тухайн захиргааны актын талаар тасралтгүй маргасан гэж хэт нэг талыг баримталж, хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийснээр цаашид захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу жишиг тогтоох дүгнэлт хийсэн.

Тодруулбал, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 17 дугаар захирамжаар “Б.Б нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох” зорилгоор ажлын хэсгийг байгуулсан ба Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй талаарх дүгнэлтийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан. Уг дүгнэлт болон дүгнэлт гарах үндэслэл болсон баримт, шалгалтыг материалыг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бд танилцуулах гэхэд хүлээн авахаас татгалзсан. Б.Б нь Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар маргаж, шаардлага гаргахгүй талаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг.

Мөн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд аливаа тайлбар, баримт огт гаргаж байгаагүй атлаа даруй нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь ажил олгогчид илтэд сөрөг шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад түүнийг хүлээн авч, дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус гэсэн шийдэл нь үндэслэлгүй тухайд: Анхан шатны шүүх Ажлын хэсгийн 2024 оны 07 дгаар сарын 30-ны өдрийн Дүгнэлт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасан зарчим, зохицуулалтад нийцээгүй, хууль бус байх бөгөөд энэхүү дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй. Хэрэгт авагдсан Б.Бын бичгээр гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай” гэсэн нэхэмжлэлд Ажлын хэсгийн Дүгнэлтийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгааг дурдаагүй, хууль зүйн үндэслэл тодорхой бус байдаг.

Төрийн жинхэнэ албан хаагч нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаарт тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу явуулсан. Ингэхдээ Б.Бын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд хамаарах эсэхийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг гаргасан эсэх, Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлсэн эсэх, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хязгаарлалтыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох ажиллагааг явуулж, холбогдох мэдээлэл, баримтыг цуглуулсан. Холбогдох мэдээлэл, баримтыг цуглуулахдаа талуудын тэгш оролцоо, мэдээллээр хангах, бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.5, 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу явуулж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх ажиллагааг хийсний үр дүнд сахилгын зөрчил гарсан гэдгийг тогтоосон.

Шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийн 11.1-д заасан үндэслэлийг хүлээн авах, нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэхдээ, дүгнэлтийн тухайн хэсэгт хамааралтай хийгдсэн ажиллагаа, дүгнэлтийг бүрэн дүүрэн зөв дүгнээгүй гэж үзэхээр байна. Учир нь ажлын хэсэг Б.Быг 2024 оны 02 дугаар сарын 06-нд өгсөн үүрэг даалгаврыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гүйцэтгээгүй болохыг нотлох баримтаар тогтоосон. Б.Б нь “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирээгүй, эмнэлгийн магадлалтай байсан” гэдэг ч өгсөн үүрэг даалгаврын талаар шууд удирдлага болох Г.Б болон Тамгын газрын дарга Д.Б нар тодруулж байсан эсэх талаар маргаагүй ба тухайн даалгаврыг гүйцэтгээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсоныг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Ажлын хэсэг нь сахилгын зөрчил бүхий үйлдлийг шалган тогтоохдоо, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийн 11.2-т заасан зөрчилд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Ажлын хэсэг нь хариуцагч Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын нэрийн өмнөөс Б.Быг сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянан шалгах, тогтоох ажиллагааг явуулаагүй. Д.Б дуудахад хүрэлцэн ирээгүй гэдэг агуулгыг дүгнэлтэд огтоос хийгээгүй.

Д.Билэгжаргалын өөрийн үйлдэл, хэд хэдэн асуудлаар Ш.С даргад хандсаны хариуг өгөхөөр дуудахад очоогүй, ажил олгогч ажилтны хооронд шийдвэрлэх боломжтой зүйлсийн талаар ярилцах, тэрээр гомдол, санал байгаа бол хуульд нийцсэн аргаар шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг сахилгын зөрчил гэж үзсэн болно. Иймд Ажлын хэсэг тухайн зөрчилтэй холбоотой ажиллагааг явуулж, дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн  дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг зөрчөөгүй. Харин Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.15-д заасан үүргээ биелүүлээгүй байсан юм.

Шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийн 11.6-д заасан үндэслэлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэхгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажил олгогчтой ирж уулзаж, талуудын хооронд цалин хөлсний дүн зөрж байгаа талаар мэдэгдэж, харилцан тооцоо нийлэх тухай хэлсэн талаарх баримт цугларсан.

Энэ талаар ирж уулзахыг хүсэхэд огт уулзахгүй, тулгарсан асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх, хандлага зөв байх гэсэн шаардлагад нийцэхгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж, энэ нь байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд илт сөргөөр нөлөөлж байгаа болох нь тогтоогдсон. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зарчимд нийцсэн гэж үзэж байна. Үүнээс гадна шүүх Ажлын хэсгийн бусад үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн атлаа Дүгнэлтийг бүхэлдээ хууль бус мэтээр шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тусгасан байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүх Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус хэмээн дүгнэсэн тул тухайн дүгнэлтийг үндэслэн гарсан Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 37 дугаартай захирамж хууль бус болох үр дагавартай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд: Дээрх байдлаар Ажлын хэсгийн дүгнэлт нь хуульд нийцсэн гэж үзэж байгаагаас гадна уг дүгнэлтийг үндэслэсэн Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 37 дугаартай захирамж мөн бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Б.Б нь нэг бус хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон ба уг үйлдлээ гэм буруугийн санаатай буюу хүсэж үйлдсэн болно.

Шүүх “...Б-н гаргасан гэх сахилгын зөрчлүүд, түүний шинж байдал, үр дагавар нь түүнийг албан тушаалаас халах шийтгэлтэй тохироогүй...” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаарт тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

3. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 17 дугаар захирамжаар тус Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референт Б.Бын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үүргийг хэрэгжүүлэх явцад түүний гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулжээ.

3.2. Тус ажлын хэсгээс хяналт, шалгалт явуулаад 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “...Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, тус хуулийн 39 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7, 5.4.7, 5.4.8-д заасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй...” гэсэн байна.

3.3. Ингэхдээ дүгнэлтийн 11.1-д “... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулга хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин хэлж, 14 хоногийн дотор биелүүлэх шаардлага тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй”, 11.2-т “... Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Сд хандан Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан гомдлын талаар ирж уулзахыг хүсэхэд ирээгүй”, 11.3, 11.4-т “... Тамгын газрын дарга Д.Б болон дэд дарга Г.Д нар Б.Быг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх, тодорхой зйлийг тодруулахаар дуудахад ирж уулзаагүй”, 11.5-д “... ажлын цагаар үндсэн ажлаа хийгээгүй /цэцийн хуралдаанд суусан/ энэ талаар удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй”, 11.6-д “... тооцоо нийлэх уулзалтад ирээгүй” ... гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гаргасан гэжээ.

3.4. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийн үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт хийж, “... захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны байх буюу хуульд нийцсэн байх шаардлага тавигддаг бөгөөд маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Быг хэд хэдэн үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхдээ тухайн зөрчил тус бүрд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэтгэх хэрэгжүүлээгүй буруутай байна” гэж дүгнэн, ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

4. “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан үндэслэлээр “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан.

4.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий 37 дугаар захирамжийн үндэслэл болсон ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг шүүхээс хууль бус хэмээн дүгнэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан 37 дугаар захирамж хууль бус болох үр дагавартай” гэж дүгнэн, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй болжээ.

4.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ” гээд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэх нөхцөл байдлыг жагсаажээ.

4.4. Маргаан бүхий Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн  37 дугаартай захирамжийн үндэслэл болсон ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд Б.Бд ногдуулсан “халах” сахилгын шийтгэл нь түүний гаргасан гэх зөрчлүүдэд тохироогүй байна.

4.5. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.

4.6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, үйл баримтуудаас дүгнэн үзвэл, маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт нь дээрх хуулийн зарчмуудад нийцээгүй буюу дүгнэлтэд дурдсан үндэслэл дурьдаж, нэхэмжлэгч Б.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хуульд нийцээгүй байна.

4.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... шүүх ажлын хэсгийн бусад үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн атлаа дүгнэлтийг бүхэлдээ хууль бус мэтээр шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тусгасан байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна” гэж тайлбарлах боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын дүгнэлт болон сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд:

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 707 дугаар шийдвэрээр Б.Быг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 692 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

5.2. Дээрх шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжид хууль зүйн дүгнэлт хийж, Б.Бын мөн хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг” гаргуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүх дахин хянаж, шийдвэрлэх үндэслэлгүй.

5.3. Харин, “2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага хянан шийдвэрлэгдсэнээр маргаан бүхий акт гарсан 2024 оны цалингийн асуудал шийдвэрлэгдэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ