Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/324

 

 

 

 

 

2023         09        11                                        2022/ШЦТ/324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүгдэгч О.Б-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн О-ы Б-д холбогдох эрүүгийн 2325000410362 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овгийн О-ы Б- /рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б-э нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0 авто засварын газарт хохирогч Ж.С-ын самсунг А23 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван буцаан өгөлгүй 450,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0 зочид буудлын 4 тоот өрөөнөөс хохирогч Ж.С-ын эзэмшлийн самсунг А-72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-шүүгдэгч О.Б-э шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

-хохирогч Ж.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр өглөө гэртээ байхад манай нэг найз Энжоё зочид буудалд байна, хүрээд ирээч гэхээр нь өглөөний 9 цагийн үед очсон. Тэнд очоод юм яриад сууж байгаад 11 цагийн үед тэр буудлаас нь гараад ББ-ОД-н тэнд явж байхад нэг залуу бид хоёрыг дуудаад ах нараа байж байгаач гэсэн. Яасан гээд дуудаад уулзсан чинь ганц шил юм уучихмаар байна гээд дагаад байсан. Дагаад байхаар нь 0уун буудлын хажуугийн дэлгүүрээс нэг шил архи авчихаад 0уун буудалд ороод 4 номерын өрөөнд байхад нөгөө залуу араас ороод ирсэн. Тэгээд бид гурав авсан архиа хувааж уучихаад найз бид хоёр тасраад унаад өгсөн. Унтаж байгаад сэрэхэд миний орны урд талд гар утасны гэр, виза карт үлдээчихээд самсунг А-72 гар утсыг аваад явсан байсан... Миний гар утсыг авсан гэх залуу миний хохирлыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-21х/,

 

-Юнител ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5-01/045 дугаартай “...000000 имей кодтой утсанд 000000 дугаарыг 2022 оны 11 сарын 21-22-нд хийж ашигласан байна. 00000000 О-ы Б- /хх000000/ Орхон аймаг Баян-Өндөр сум 0-р баг 0-0 тоот...” гэсэн албан бичиг. /хх-ийн 31-32х/,

-Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/5285 дугаартай “...самсунг А-72 гар утас 650,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 25-26х/,

-Хохирогч Ж.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 11 сарын 15-ны өдөр 0 багийн 1- 18 тоот хаягт байх 0 нэртэй авто засварын газар ажлаа хийгээд байж байхад зүс таних О.Б-э гэх залуу ирсэн. Намайг гар утсаа түр өгөөч, хүнтэй яриадахъя гэж аваад буцаж орж ирэхгүй алга болсон. Би тухайн хүнийг олж гар утсаа авах гэсэн боловч гэртээ ирэхгүй байсан учраас цагдаад хандсан. Миний алдсан гар утас самсунг А23 загварын гар утас байсан. Би гар утсаа Мобикомын Эрдэнэт салбараас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 860,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77х/,

-Гэрч Э.О-бат мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэр үл таних эрэгтэй хүн ойр ойрхон Ж.С- ахаас утсаа түр өгч байгаач нэг яриад өгье гэж хэлээд аваад буцааж өгч байсан. Мөн гар утсаар нь фэйсбүүк хаяг гэх мэт зүйл рүү нэвтэрч өөрийнхөө хаягийг шалгаад байсан. Тэгээд байж байхад манай засварын газарт нэг машин урд талын гуперээ засуулахаар орж ирээд ах бид хоёр тухайн машинд засвар үйлчилгээ хийгээд ажилтай байж байхад нөгөө эрэгтэй байхгүй байсан. Ж.С- ах бид хоёр ирэхийг нь хүлээж байгаад ирэхгүй болохоор нь засварын газрын гадуур эргэн тойронд хайхад байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81х/,

-Хас үнэлгээ ХХК-ийн Самсунг А23 загварын гар утас 450,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 85-86х/,

-О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...би Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0 авто засварын газар ажилладаг хүмүүсийн хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад Ж.С-ын гарын утсыг утсаар чинь яриад өгье гээд аваад явчихсан. Тухайн үед согтуу байсан болохоор Ж.С-ын гар утсыг яаснаа санахгүй байна... Онцгой байдлын ангийн ард байдаг ББ-ОД компанийн гарашийн хажууд үл таних 2 ахтай тааралдаад нэг нь шал согтуу сугадуулчихсан явж байсан. Нөгөө нь арай гайгүй явж байсан. Тэр хоёр ах бид хоёрыг буудалд оруулаад өгчих ахын дүү гэхээр нь Цагаанчулуут багт байдаг нэг буудалд орсон. Үйлчлэгч нь ийм согтуу хүн авахгүй гэхээр нь гараад 0уун буудалд оруулж өгсөн. Арай гайгүй согтуу ах буудлын өрөөнд ороод халааснаасаа 0.5 хэмжээтэй Хараа архи гаргаад бид хоёр хувааж уусан. Архиа ууж байгаад нөгөө ах унтаад өгөхөөр нь ширээн дээр тавьчихсан гар утсыг нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...О.Б-э нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0 авто засварын газарт хохирогч Ж.С-ын самсунг А23 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван буцаан өгөлгүй 450,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0 зочид буудлын 4 тоот өрөөнөөс хохирогч Ж.С-ын эзэмшлийн самсунг А-72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.С-ын “...2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр өглөө гэртээ байхад манай нэг найз Энжоё зочид буудалд байна, хүрээд ирээч гэхээр нь өглөөний 9 цагийн үед очсон. Тэнд очоод юм яриад сууж байгаад 11 цагийн үед тэр буудлаас нь гараад ББ-ОД-н тэнд явж байхад нэг залуу бид хоёрыг дуудаад ах нараа байж байгаач гэсэн. Яасан гээд дуудаад уулзсан чинь ганц шил юм уучихмаар байна гээд дагаад байсан… 0уун буудалд ороод 4 номерын өрөөнд байхад нөгөө залуу араас ороод ирсэн. Тэгээд бид гурав авсан архиа хувааж уучихаад найз бид хоёр тасраад унаад өгсөн. Унтаж байгаад сэрэхэд миний орны урд талд гар утасны гэр, виза карт үлдээчихээд самсунг А-72 гар утсыг аваад явсан байсан...” гэсэн,

-Юнител ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5-01/045 дугаартай “...356280234437760 имей кодтой утсанд 000000 дугаарыг 2022 оны 11 сарын 21-22-нд хийж ашигласан байна. 000000 О-ы Б-...” гэсэн албан бичиг,

-Хохирогч Ж.С-ын “...2022 оны 11 сарын 15-ны өдөр 0 багийн 1- 18 тоот хаягт байх 0 нэртэй авто засварын газар ажлаа хийгээд байж байхад зүс таних О.Б-э гэх залуу ирсэн. Намайг гар утсаа түр өгөөч, хүнтэй яриадахъя гэж аваад буцаж орж ирэхгүй алга болсон...” гэсэн,

-Гэрч Э.О-ын “...Тэр үл таних эрэгтэй хүн ойр ойрхон Ж.С- ахаас утсаа түр өгч байгаач нэг яриад өгье гэж хэлээд аваад буцааж өгч байсан. Мөн гар утсаар нь фэйсбүүк хаяг гэх мэт зүйл рүү нэвтэрч өөрийнхөө хаягийг шалгаад байсан. Тэгээд байж байхад манай засварын газарт нэг машин урд талын гуперээ засуулахаар орж ирээд ах бид хоёр тухайн машинд засвар үйлчилгээ хийгээд ажилтай байж байхад нөгөө эрэгтэй байхгүй байсан. Ж.С- ах бид хоёр ирэхийг нь хүлээж байгаад ирэхгүй болохоор нь засварын газрын гадуур эргэн тойронд хайхад байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б-э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б-э нь хохирогч Ж.С-ын самсунг А23 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван буцаан өгөөгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангид заасан “залилах” гэмт хэргийн,

мөн хохирогч Ж.С-ыг согтууруулах ундаа хэрэглээд унтахад нь гар утсыг нь мэдэгдэлгүй нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг болох нь нотлогдож тогтоогдсон тул, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ж.С-д 650,000 төгрөгийн, хохирогч Ж.С-т 450,000 төгрөгийн хохирол учирсан,  Ж.С- нь хохирол төлбөр төлсөн учир нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул түүнд төлөх төлбөргүй байна. Харин Ж.С-т 450,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 450,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.С-т олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 1 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь 450,000 төгрөгийг хохирогч Ж.С-т төлсөн талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хөдөө орон нутгаар явж ажил хийдэг тул зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулахгүйгээр  60 гаруй хоног цагдан хоригдсон уг хугацаанд нь дүйцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч О.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т  заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон  түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цагийн  хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.Б-ийн 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан хасч тооцохоор хуульчилсан тул цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай  ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасч тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт шүүгдэгч нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй,  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураадаж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт О-ы Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч О.Б-ий цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасч тооцсугай.

 

5. Шүүгдэгч О.Б-э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ