| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-ы Х-д холбогдох эрүүгийн 2313000000257 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 51 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын харьяат, 1976 оны 08 дугаар 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр /Цагаан түнгэ/ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Д-ы Х-, регистрийн дугаар ББ..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х- нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Үнээ ферм” гэх газарт өөрийн адуун сүрэгт нийлсэн хохирогч Б.Х-ын 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Х-ы үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.
2. Шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Х-ыг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Эрүүгийн 2313000000257 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
6. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-12, 13-14 дэх тал/,
7. Гэрч Б.Б-, Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 25-26, 67-68 дахь тал/,
8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0199 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан дөнөн насны гүү 1,000,000 /нэг сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-34 дэх тал/,
9. Бэлчээрээс алдагдсан гэх 1 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
10. Яллагдагч Д.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
11. Харин шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
14. Шүүгдэгч Д.Х- нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Үнээ ферм” газарт өөрийн адуу сүрэгт нийлсэн хохирогч Б.Х-ын 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
15. “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, утас:95422082, ББ............. регистрийн дугаартай Б овогтой Х-аас гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Алтанцөгц сумын “Цагаан чулуу” гэх газарт бэлчээрт байсан миний адуун сүрэг дотроос нь 1 тооны гүү алдагдсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
16. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
17. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 26-ны үед “Цагаан чулуу” гэх газраас бэлчээрт байсан манай дүү бид хоёрын адуун сүрэг дотроос хээр зүсмийн, зөв талын бүдүүн гуяны гол хэсэгт “ф” гэсэн тамгатай 5 настай 1 тооны гүү алдагдсан юм. Тухайн гүү маань 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр харахад адуун сүрэг дотор байсан ба 24-ний өдөр манай Баян-Өлгий аймагт байдаг хүргэн ах нас барж би аймгийн төв орж арын ажилд оролцоод 26-ны өдөр ирж адуу малаа очиж харахад дотор байсан миний 4 насны гүү байхгүй байсан. Тэгээд тэрнээс хойш “Fасеbоок”-ээр зар тавьж аймгийн төв орж радио мэдээгээр зарлаж хайсан. Би өөрөө ах дүү хамаатан садан нартай хамт Баяннуур сумын Цагаан арал болон Алтанцөгц сумын 1, 2, 3, дугаар багийн нутаг дэвсгэрээр хайж сураглаж явсан. Бараг жил орчим хайсан боловч ямар нэгэн сураг олдоогүй юм. Тэгээд сүүлд хулгайд алдагдсан байж болзошгүй байх гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний алдагдсан гүү 4 настай хээр зүсмийн зөв талын бүдүүн гуяны гол хэсэгт “ф” гэсэн тамгатай байсан ба, энэ жил 5 настай болно. Тэрнээс өөр нэмэлт им тамга байхгүй.., ...хэд хоногийн өмнө манай хамаатан дүү болох Болат манай алдагдсан гүүтэй ижил төстэй адуу харсан гэсэн. Гэхдээ тэр нь зөв талын урд хаа хэсэгт саран тамгатай байсан ба зөв талын гуянд “ф” гэсэн миний тамгатай адилхан байна гэж хэлсэн. Тухайн үед би хадлангийн ажилтай байгаад үзэж чадаагүй юм...”, “...уг гүү минийх мөн байна. Хээр зүсмийн зөв талын бүдүүн гуянд “ф” тамга болон өнгө зүсээрээ таньж харлаа. Би алдсан 1 тооны хээр зүсмийн “ф” тамгатай малаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Миний зүгээс уг малыг бүрэн бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй болно. Харин Д.Х- нь уг миний малын зөв талын урд хаа хэсэгт өөрийн адуунд байдаг дугуй хэлбэртэй саран тамга нэмж тавьсан байна. Тэгээд уг малын толгой хэсэгт ногт хазаарын мөр үлдсэн ба уналгад ашигласан юм шиг харагдаж байна. Би уг малыг бүтэн жил гарам хайж зарлаж асууж сураглаж байхад Д.Х- нь надад хэлж ярихгүй бүр нэмэлт тамга тавьж хувьдаа ашигласан байна. Д.Х-ы гаргасан уг асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-12, 13-14 дэх тал/,
18. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие хэд хоногийн өмнө Алтанцөгц сумын 4 дүгээр багт тус сумын төвөөс 7 км Ховд голын эрэг дагуу хонь хариулж явж байгаад Д.Х-ы адуун сүрэг дотроос нь манай хамаатан ах болох Б.Х-ын алдагдсан гэх гүүтэй төстэй мал явж байхыг харсан. Тэгээд тус адуун сүргийг тойроод нягталж үзэхэд хээр зүсмийн зөв талын бүдүүн гуяны гол хэсэг “ф” гэсэн тамгатай мөн зөв талын урд хаа хэсэгт саран тамгатай 4-өөс 5 насны гүү байсан. Тэгээд уг малыг Б.Х-т утсаар холбогдож алдагдсан гүүтэй адилхан гүү харсан хэлсэн. Би тухайн адуун сүргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-нд юм уу 02-нд харсан өдрийн сайн санахгүй байна. Тухайн үед миний харсан адуун сүрэгт 9 адуу байсан. Тухайн үед тус адуун сүрэг бүгд ижил зөв талын хаа хэсэгт саран тамгатай байсан ба дотроос ганцхан хээр зүсмийн гүү зөв малын гуя болон хаа хэсэгт хоёр өөр өөр тамгатай байсан. Тэгээд би түүнийг анзаарч харж яагаад хоёр тамгатай байдаг юм бол гэж нягталж харсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
19. Гэрч Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус адуун сүрэг манай ах дүү 3 айлын нийлсэн адуун сүрэг юм. Алтанцөгц сумын төвд байдаг дүү Д.Алмабек, Д.Х- бид 3 айлын нийлсэн адуун сүрэг байгаа юм аа..., ...яг өдрийг нь санахгүй байна. Би ихэнхдээ хонь, ямаагаа хариуцдаг, харин дүү болох Д.Х- адуун сүргийг тэр хариулж хардаг юм. Тухайн тамгыг 7 дугаар сард би зуслангаас ирж харахад тус 1 тооны гүүд зөв талын урд хаа хэсэг Д.Х- өөрийн тамгыг нэмж тавьсан байсан. Тэгээд би дүү болох Д.Х-аас асуухад би тамга тавьсан гэж хэлсэн юм. Яг хэдний өдөр гэдгийн сайн санахгүй байна. Би тухайн үед дүү болох Д.Х-д чи яагаад тамга тавьсан бэ хүний малд гэж хэлэхэд Д.Х- дуугарахгүй уурлаад явсан юм. Тэрнээс хойш би юм хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 67-68 дахь тал/,
20. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0199 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан дөнөн насны гүү 1,000,000 /нэг сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-34 дэх тал/,
21. Бэлчээрээс алдагдсан гэх 1 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
22. Яллагдагч Д.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би анх эхлээд эзэн нь олоод авах байлгүй гэж бодоод нэг их анхаарал тавиагүй. Сүүлдээ тэр гүү манай 2 адуутай хамт нийлж яваад байсан ба хэн нэгэн хүн ирж надаас асуухгүй болохоор нь би одоо эзэн нь ирэхээс өнгөрлөө гэж бодоод өөрийнхөө тамгыг дарж авсан. Би тухайн хээр зүсний гүү бусдын мал гэдгийг мэдсээр байж өөрийнхөө тамгыг дарсан минь миний буруу, би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
24. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0199 дугаартай дүгнэлтээр “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан дөнөн насны гүү 1,000,000 /нэг сая/ төгрөг”-ийн үнэтэй болохыг тогтоосон байх тул шүүгдэгч Д.Х- нь бусдын алдуул малыг завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Д.Х-ы гэмт үйлдлийн улмаас учирсан 1.000.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.
26. Шүүгдэгч Д.Х- нь өөрийн адуу сүрэгт нийлсэн хохирогч Б.Х-ын 1 тооны адууг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн алдуул малыг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, тамга дарж өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.
27. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.
28. Гэтэл шүүгдэгч Д.Х- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна.
29. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Д.Х-ыг бусдын алдуул малыг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
30. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
31. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
32. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
33. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 2-34 дэх тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Х- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирогч Б.Х-ын 1 тооны адууг буцаан өгч, хохирогчийг хохиролгүй болгосон нь тогтоогдож байх тул тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
34. Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
35.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
36. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас: “Улсын яллагчийн санал болгосон 700.000 төгрөгийн торгох ялыг багасгаж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” дүгнэлтийг гаргасан болно.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Х-ы үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
38. Шүүгдэгч Д.Х- нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
40. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
41. Шүүгдэгч Д.Х- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/-аар тогтоогдож байна.
42. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
44. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
45. Хохирогч Б.Х-ын 1 тооны хээр зүсмийн зөв талын бүдүүн гуяны гол хэсэгт “ф” гэсэн тамгатай, мөн зөв талын урд хаа хэсэгт дугуй хэлбэртэй саран тамгатай 1 тооны гүүг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
45. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Х- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
46. Шүүгдэгч Д.Х-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Д-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хохирогч Б.Х-ын 1 тооны хээр зүсмийн зөв талын бүдүүн гуяны гол хэсэгт “ф” гэсэн тамгатай, мөн зөв талын урд хаа хэсэгт дугуй хэлбэртэй саран тамгатай 1 тооны гүүг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК