Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

2023         09            11                                  2023/ШЦТ/325

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Д.Ю нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325002270376 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-гийн Ю- /РД:Г377050607/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ю нь 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-14 дүгээр байр болон 5-15 дугаар байрнуудын дунд байрлах автомашины зогсоол дээр хохирогч П.А-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар машинаас буулгах гэж оролдох үедээ цохих, хумсаараа маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, цээж, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын бугалга, цээж, хэвлийн баруун хэсэг, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Д.Ю мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч П.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дүү Б-ийн гэрийн хашаанд нь худ А-ийн хамт тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байсан юм. Тухайн өдөр А-ын хамт ажлаа дуусгачихаад хашаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байгаад орой 21 цагийн орчим манай дүү Б- эхнэр Ю-ыгаа дуудаж А- бид хоёрыг гэр гэр лүү хүргүүлэхээр ярьж тохироод эхнэрээ таксинд явж байхад нь дуудсан юм. Удалгүй бэр дүү Ю- ирээд А- ах бид хоёрыг хүргэж өгөхөөр явсан. Энэ үед замд явж байх үедээ би бэр дүү Ю-тай хэрүүл маргаан хийгээд манай гэрийн гадаа буюу Бүрэнбүст багийн 14 дүгээр байрны гадна ирж зогссон байх үед машинаас нь буух хооронд хэрүүл маргаан тасралтгүй хийж байгаад бэр дүү Ю- уурлаад миний өмсөж явсан футволкийг урж тастаад, миний биеийг хумсаараа маажиж гэмтэл учруулсан байсан. Тэгж байх үед манай эхнэр гарч ирж намайг дагуулаад гэрт ороод унтаж байхад миний бие өвдөөд эмнэлэгт хандах үед цагдаагийн байгууллагад эхэлж дуудлага мэдээлэл өг гэж хэлсэн. Ингэсний дагуу би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргасан юм... Би машинд нь Ю- газар зарна гэж ярьсан байсан энэ үед нь би “чиний газар зарна гэж хаашаа харсан юм байдаг юм” гэж хэлэх үед манай бэр дүү Ю- намайг дуугай байгаараа нүдний булайг чинь дэлгэнэ шүү гэж хэлээд хэрүүл маргаан хийсэн байсан... биеийг минь гарны хумсаараа олон удаа маажсан...Би Д.Юын биед халдаж зодсон асуудал байхгүй... Тухайн өдөр хэрүүл маргаан хийж байх үед би өөрийнхөө гар утсыг машинд нь орхисон байсан. Тухайн үед Ю- хоёр ширхэг гар утастай байхад нь нэг утсаараа намайг толгой руу цохих үед нь би уурлаад нөгөө гар утсыг нь газарт шидэж дэлгэцийг нь хагалсан. Гэхдээ би маргааш нь Ю-ын гар утсыг засаж өгөөд өөрийнхөө гар утсыг авсан... Тухайн үед би худ болон дүүгийнхэн хамт буюу гурвуулаа 0.75 граммын 2 шил архи хувааж уусан байсан. Ю- надтай хэрүүл маргаан хийснээсээ болоод манай худ А- ахыг хүүхдийнх нь гэрт хүргэж өгөхгүй гэхээр нь би А- ахыг хүүхдийнх нь гэрт хүргэж өгөх гээд жолоочийн суудал дээр суусан... Ю- намайг цохиж магадгүй гэж бодоод машинаасаа буусан юм байгаа биз. 2020 онд 5,000 төгрөгөөр авч байсан майк байсан. Майк урагдсан учир хэрэг болсон өдөр хаясан... Миний хувьд дүүгээ бодоод энэ хүнээс одоо нэхэмжпэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 57х/, 

 

-Гэрч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Энэ хэрэг болох үед би гэрийнхээ хойд талд буюу Залуус хороололд байдаг супер маркет дэлгүүрээс юм авах гээд явж байхад Ю- миний утас руу залгаад нөхрийгөө аваарай, танай гэрийн гадна байна гэсэн. Тэгэхээр нь би согтуу байгаа юм уу гэсэн чинь согтуу байна гэж хэлсэн. Би эргээд байрны урд яваад очсон чинь миний нөхөр Ю-ын машины жолоочийн суудал дээр суучихсан, Ю- жолоочийн эсрэг талынхаа хаалгаар цээжин биеэ оруулчихаад П.А-тай хэрүүл хийгээд нэг, нэгэн рүүгээ нулимаад байсан. Энэ үед манай худ А- ах чи хаанаас хүрээд ирэв танай гэрт очсон чинь гэр чинь цоожтой, хүн байхгүй байна гэж хэлсэн. Миний нөхөр дээгүүрээ нүцгэн байсан бөгөөд түүнийг машинаас нь буулгах үед П.А-ийн цээжний зүүн хэсэг, зүүн гар хэсэг нь урагдсан, хөхөрч, цус хурсан, өмсөж явсан майкаа бүсэлхийгээрээ бүсэлсэн байсан. Гэртээ орох замдаа майкаа тайлаад надад үзүүлэхэд урагдсан байсан бөгөөд гудамжинд хаячихаад гэртээ орсон. Би гэртээ ороод нөхрийнхөө биеийн зургийг авсан. Одоо надад байгаа. Би угаалгаж өгнө... Энэ хэрэг болох үед миний нөхөр 3 жилийн өмнө 5,000 төгрөгөөр авч байсан саарал өнгийн дал гарсан майктай явж байсан. Ер нь Ю-, П.А- хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсэж бага сага маргаан гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 62х/,

 

         - Гэрч З.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Сүүлийн архийг ууж дуусаад явах болсон чинь П.А-ийн дүү нь такси дуудаж байна гээд утсаар яриад машин дуудсан. П.А-ийн дүүгийнх нь эхнэр машинтайгаа ирсэн. П.А-ийн дүүгийнхэн эхнэр хувиараа таксинд явдаг юм шиг байна лээ. Дүүгийнх нь эхнэрийг ирэхэд П.А- бид хоёр тэдний гэр лүү явсан. Замдаа явж байхдаа энэ хэрэгт холбогдоод байгаа эмэгтэйд ахад нь зарах хашааны газар байгаа шүү. Газар авах хүн мэдэж байгаарай гээд ярьсан чинь хажуу талаас П.А- энэ юугаа зардаг юм гэсэн бил үү, энэ яаж зарж чаддаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл жолооч эмэгтэй П.А- руу нэг үг хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Жолооч эмэгтэй яг юу гэж хэлснийг одоо санахгүй байна. П.А-, жолооч эмэгтэй хоёр маргалдаж явсаар байгаад П.А-ийн гэрийн буюу байрны гадна ирсэн. 5 дугаар микр лүү салж байхад П.А- маргалдаж байх явцдаа жолооны хүрднээс барьж аваад татах гэхээр нь боль тэгж болохгүй гээд болиулсан. Тухайн үед би жолоочийн эсрэг талын суудал дээр, П.А- арын суудал дээр сууж явсан. П.А-ийн байрны гадна ирээд зогсоход П.А-, жолооч эмэгтэй хоёр нэг, нэгийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд маргалдаад л байсан. П.А- бид хоёр машинаас буух үед П.А- жолооч эмэгтэйн хаалгыг онгойлгоод цохих гэсэн чинь нөгөө эмэгтэй машинаас буугаад машинаа тойроод зугтаасан. Энэ үед П.А- жолоочийн суудал дээр суусан. Энэ үед Ю- ирээд П.А-тай хэрүүл хийгээд л түүнийг машинаасаа буу гээд түүнийг татаж чангаагаад, П.А- машинаас нь буухгүй зууралдаад байсан. Тэгэхээр нь би Аптанхуягийн эхнэрийг дуудах санаатай П.А-ийн гэрт очоод хаалгыг нь цохисон чинь үүдээ тайлж өгөөгүй. Эхнэрийнх нь гар утсыг мэдэхгүй болохоор эргээд гараад ирсэн чинь Аптанхуягийн эхнэр ирчихсэн байсан. Тэгээд П.А-ийн эхнэр нь түүнийг машинаас буулгаад гэр лүүгээ дагуулаад орсон. Би тэр хоёртой хамт гэрт нь орж 2-3 минут болоод эргэж гараад хүүхдийнхээ гэрт очсон...Би дундуур нь Болорыг дуудах гээд явсан болохоор яг хэн нь хэнийгээ яаж цохиж, зодсоныг тодорхой хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59х/,

 

- Д.Юын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энэ миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. 2023 оны 06 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим би хувиараа нөхрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байх үед манай нөхөр Б- миний гар утас руу залгаад "П.А- ах, А- ах хоёрыг гэр гэрт нь хүргээд өгчих архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтсон байна" гэж хэлсэн. Би энэ үед өөрийн гэрт очиход П.А- ах, А- ах нар нь их согтолттой байсан. Би тухайн хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөхөөр тээврийн хэрэгслээ жолоодож явах үед нөхрийн төрсөн ах П.А-тай үл ойлголцож хэрүүл маргаан хийсэн. Үүний улмаас П.А- ахын гэрийн гадаа буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 14 дүгээр байрны гадна талд ирээд машинаас буулгах гэхэд машинаас буухгүй хэрүүл маргаан хийгээд миний жолоодож явсан машины жолооны хүрдний ард суучихаад буухгүй байсан. Энэ үед би П.А- ахыг буулгах гэж хэрүүл маргаан хийж, машинаас татах үед биед нь хумсаараа маажиж гэмтэл учруулсан байсан. Мөн тухайн үед П.А- ах нь намайг биеэс нь маажих үед уурлаад миний гар утсыг машинаас аваад газарт шидсэн. Миний гар утас тэр үед дэлгэц хагарсан байсан. Би П.А- ахын энэ үйлдэлд уурлаад хамт явж байсан А- гэх хүнийх нь гар утсыг өөртөө авч үлдээд миний гар утасны дэлгэцийг засаж, сольж өгсний дараагаар энэ хүнийхээ гар утсыг аваарай гэж хэлээд маргааш нь өөрийнхөө гар утасны дэлгэцийг тухайн хүмүүсээр 50,000 төгрөгөөр засуулж, солилуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 549 дугаартай:

1. П.А-ийн биед баруун гарын бугалга, цээж, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын бугалга, цээж, хэвлийн баруун хэсэг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17х/,

 

- Гэрч Ж.Б-оос гаргаж өгсөн фото зураг 1 ширхэг /хх-ийн 65х/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ- ОРХ/7642 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 2023 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-14 дүгээр байр болон 5-15 дугаар байрнуудын дунд байрлах автомашины зогсоол дээр хохирогч П.Аптанхуягтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар машинаас буулгах гэж оролдох үедээ цохих, хумсаараа маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, цээж, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын бугалга, цээж, хэвлийн баруун хэсэг, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Д.Ю нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Д.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, 6 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Юд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Д-гийн Ю-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн Ю-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ют  оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ю нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ют урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ