Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02707

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02707

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....  тоот хаягт оршин суух Боржигон овогт Арслангийн Н /РД:ЧМ56122680/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух Шарнууд санжаа овогт Гомбодоржийн Б  /РД:ЧЛ75101477/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 81,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гнар оролцов.                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Г.Бтэй харилцан тохиролцож 2018.01.24-ний өдөр 50 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн хүүг 2018.02.24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2018.3.24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2018.04.24-өдөр 3 000 000 төгрөг тус тус өгч үүнээс хойш  гэрээний үүргээ биелүүлэлгүй явсаар 2019.04.05-ны өдөр 4 800 000 төгрөг өгсөн. Хариуцагч Г.Бтэй байгуулсан зээлийн гэрээ ёсоор тогтоосон хугацаанд зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан хэдий ч алданги тооцолгүй зөвхөн зээлийн хүү, үндсэн зээлийг тооцсон дүнгээр 2019 оны 5 дугаар сарын байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, түүний хүү 31 200 000 төгрөг, нийт 81 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            А.Н нь Г.Бээс 81 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 2018.01.24-ний өдөр А.Н нь Г.Бт 50 000 000 төгрөг зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Б.Б нь 2018.01.24-ний өдөр А.Нтай баталгааны гэрээ байгуулсан. Баталгааны гэрээний 2 дугаар зүйлд “үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч өөрийн эд хөрөнгө, мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана” гэж заажээ. Иргэний хуулийн 234.4, 234.6-д зааснаар А.Н нь Г.Бт зээлүүлсэн 50 000 000 төгрөгөө баталгаа гаргагч Б.Бгээс шаардах эрхтэй байна гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А.Н хариуцагч Г.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Нэхэмжлэгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... миний бие иргэн Г.Бтэй харилцан тохиролцож 2018.01.24-ний өдөр 50,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн, зээлийн хүүнд нийт 16,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Одоо хариуцагчаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 31,200,000 төгрөг, нийт 81,200,000 төгрөгийг Г.Бээс гаргуулж өгнө үү. Гэрээнд алданги авахаар тохиролцсон боловч хариуцагчаас  алданги нэхэмжлээгүй...” гэж тайлбарлаж байна.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нь “А.Н нь Г.Бт 50,000,000 төгрөг зээлдүүлэхээр зээлийн гэрээ, Б.Бтэй 2018.01.24-ний өдөр баталгааны гэрээ байгуулсан. Баталгааны гэрээний 2 дугаар зүйлд “үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч өөрийн эд хөрөнгө, мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана” гэсэн тул баталгаа гаргагч Б.Бгээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэж маргажээ.

 

        Хариуцагч Г.Б нь А.Нтай 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бтэй баталгааны гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан зээлийн болон баталгааны гэрээгээр тогтоогдож байна.

 

         Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

         Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдаж, гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр дууссан ба зээлдэгч Г.Б зээлийн гэрээний  хүүнд  12,000,000 төгрөгийг 2018.02.24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.03.24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.04.24-өдөр 3,000,000 төгрөг тус тус төлсөн, харин зээлийн гэрээний үндсэн үүргийг бүрэн төлөөгүй байна.

 

        Нэхэмжлэгч нь Г.Бээс зээлийн гэрээний дагуу хүү   31, 200,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч зээлийн хүү төлнө гэж надад хэлсэн учраас зээлийн  гэрээний хүүг бүхэлд нь нэхэмжилж байгаа гэх боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй, гэрээнд нэмэлт оруулж баталгаажуулаагүй учраас хүү шаардах эрхээ хуулийн дагуу алджээ.

 

        Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна.

 

         Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Г.Б нь  2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сарын 6 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс  зээлсэн тул уг үүргээ шударгаар Г.Б биелүүлэх үүрэгтэй тул баталгааны гэрээний дагуу Б.Б төлөх үндэслэлтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

        Харин хариуцагч Г.Б шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч баталгаа гаргагчаас уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иймд хариуцагч зээлийн гэрээний дагуу хүү 12,000,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэгч сунгаагүй тул хариуцагчаас төлсөн 4,800,000 төгрөгийн хүүнд тооцох үндэслэлгүй учраас үндсэн үүргээс хасаж 45,200,000 төгрөг/50,000,000-4,800,000/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 36,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Бээс зээлийн гэрээний үүрэгт 45,200,000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 383,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ