| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0123/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/123 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Ц.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.*******од холбогдох 2323000000134 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн *******, суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын *******тай багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт гийн *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь Завхан аймгийн ******* сумын *******тай багийн нутаг “” гэдэг газарт байрлах О.*******болдын гэрийн цоожтой хаалгыг эвдэж 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шинэ цагийн бага гарын 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг, нийт 4 ширхэг мөнгө аяга, даваа толгойтой шар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос түүний уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Ш.******* нь Завхан аймгийн ******* сумын *******тай багийн нутаг “” гэдэг газарт байрлах О.*******болдын гэрийн цоожтой хаалгыг эвдэж 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шинэ цагийн бага гарын 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг нийт 4 ширхэг мөнгө аяга, даваа толгойтой шар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан хэргийн үйл баримт нь:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-12-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19-р хуудас
- Хураан авсан эд мөрийн баримтыг хохирогч О.*******болдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21-р хуудас/,
- Хохирогч О.*******болдын “...Манайх Завхан аймгийн ******* *******тай багийн нутаг гэх газарт нутаглаж байгаа бөгөөд 2023 оны 07 дугаар сарын эхээр гэрээ цоожилж үлдээгээд ******* голын Улаан үзүүр гэх газар руу малаа оторлоод хадам аавынхаа гэрээр явсан. Тухайн хугацаанд өдөр болгон шахуу гэрээ эргэхэд цоож цуурга нь бүрэн бүтэн байсан. Хамгийн сүүлд хадам аав , хадам ээж нар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийг эргэхэд цоож цуурга нь бүрэн бүтэн байсан. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Улиастай сум руу явах ажилтай болоод гэрээсээ хувцсаа авахаар гэртээ иртэл манай гэрийн хаалга түшүүлж дарсан модыг унагаад, цоожилсон хятад дөрвөлжин цагаан цоожийг эвдэж гэр дотроос гал тогооны савнаас дунд гарын 2, бага гарын 2 мөнгөн аяга, хойморын авдраас эхнэрийн скоровский ээмэг, зүүлт, бөгж мөн эхнэрийн гоо сайхны савнаас цагаан хаш хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Миний хулгайд алдагдсан эд зүйлүүд 2023 оны 07 дугаар сарын 20-ны үед байсан бөгөөд түүнээс хойш гэрийн цоож хөндөгдөөгүй тул 2023 оны 08 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд алдагдсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- Хохирогч О.*******болдын дахин өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын *******тай багийн нутаг гэх газарт байх гэртээ очиж хулгайд алдагдсан эд зүйлүүдээ бүртгэхдээ дутуу бүртгэсэн байна. Манай эхнэрийн своровский шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж гэрт байсан байна. Эхнэр бид хоёр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай гэрийн зүүн талын орны гудас доороос гарч ирсэн. Мөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө даваа толгойтой цагаан хаш хөөрөг алга болсон гэж андуурч байна. Манай гэрээс хулгайд алдагдсан хөөрөг нь шаргал өнгийн шинэ цагийн манан хөөрөг байсан. Хөөрөг нь даваа толгойтой, оройдоо зоос шиг гуулин шар дотор улбар шар шигтгээтэй их содон хөөрөг байгаа юм. Тухайн үед сандраад эд зүйлүүдээ бүрэн үзэлгүй бүртгэж чадаагүй байна. Шинэ цагийн шар манан хөөрөг алга болсныг андуурч хаш хөөрөг гэж гомдол гаргасан байсан. Мөн эхнэрийн ээмэг, зүүлт, бөгж алга байна гээд мэдүүлэг өгсөн байтал хэд хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийн ээмэг, зүүлт, бөгж орны гудсан доороос гарч ирсэн. Хулгайд алдагдсан эд зүйлүүд гэвэл бага гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, даваа толгойтой толгойн оройн хэсэгт улбар шар өнгийн шигтгээтэй шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан. Би хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн аяга, манан хөөрөг зэргээ хараад танина. Бага гарын 2 мөнгөн аяга ёроолдоо өлзий алхан хээтэй, дунд гарын мөнгөн аяга ёроолдоо 4 бэрх, дотроо өлзий хээ, тойроод 12 жилийн дурстэй их содон аяганууд байгаа юм. Харин шар манан хөөргийн толгойн хэсэг их содон дээрээс нь харвал улбар шар шигтгээ, гадуураа хүрээтэй, цагаан ногоон нуухтай, даваа толгойтой шаргал манан хөөрөг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.ийн “...Манайх ******* сумын *******тай багийн нутаг Хужиртын толгой гэх газарт байсан. Тухайн өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө эхнэр босоод цай чанаад байж байтал ойролцоогоор 06 цагийн үед ******* манайд халамцуу ирсэн. *******ыг орж ирэхээр нь би босоод сайн муу сураад байж байтал эхнэр үхрээ саах гээд зэл рүү гарсан. ******* “Танайх хүүхдийнхээ үсийг авсан юм байна. Дүү нь 1 мөнгөн аяга танд заръя 50,000 төгрөг өгчих эсвэл 1 шил архи 30,000 төгрөгтэй өгчих” гэхэд манай охин яах гээд байгаа юм гэсэн. ******* “манай бурхны аяга байгаа юм. Та авчхаач” гээд байхаар нь Агар нэртэй 0.5 литрийн архи, 30,000 төгрөг өгөөд аягыг нь худалдаж аваад ******* манайхаас явсан өөр зүйл болоогүй. Би хулгайн аяга байсан талаар мэдээгүй. *******ыг явсны дараа удалгүй эхнэр үхрээ сааж орж ирэхэд ******* “Танай нөхөртэй мөнгөн аяганы наймаа хийчихлээ хүнд хэлж болохгүй шүү” гээд байсан яагаад хүнд хэлж болдоггүй байна, хулгайн эд зүйл юм уу гэхээр нь би үгүй ээ бурхныхаа аягыг танд заръя гэж байсан манай аяга л гээд байсан даа гэж эхнэр, охин бид 3 тухайн үед ярьж байгаад мартсан. Ёроолдоо өлзий хээ, гадуураа алхан хээтэй мөн гадна талаараа алхан хээ, өлзий хээ тойруулгатай дунд гарын, шинэ цагийн мөнгөн аяга байсан. *******ын надад худалдан борлуулсан аяга хулгайн эд зүйл бол аягыг нь буцаан өгч 50,000 төгрөгийн хохирлоо барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
- Гэрч Ц. ын “...Би Дархан-Уул багийн иргэн ******* гэх хүнийг муухан танина. ******* сумын *******тай багийн нутаг Хужиртын тохой гэх газарт ******* 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө ойролцоогоор 06 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Би босоод цай чанаад байж байтал ирсэн. Нөхөр болон хүүхдүүд босоогүй байж байгаад *******ыг орж ирэхэд нөхөр босоод охин сэрсэн байхаар нь би үхэр саахаар гарсан. Намайг үхрээ сааж дуусаагүй байж байтал ******* мориндоо мордсон үхрийн зэл рүү ирээд “Танай нөхөртэй мөнгөн аяганы наймаа хийчихлээ хүнд хэлж болохгүй шүү” гээд явсан. Би үхрээ сааж дуусаад гэртээ орохдоо нөхрөөсөө юун мөнгөн аяганы наймаа хийсэн юм, хүнд хэлж болохгүй шүү гээд байхын гэхэд “1 шил архи, 30,000 төгрөг нийлээд 50,000 төгрөгт бодоод энэ аягыг авчихлаа” гээд ёроолдоо өлзий хээтэй мөн гадна хэсгээрээ жижиг өлзий хээ тойруулгатай мөнгөн аяга авсан байсан. Тэгээд нөхөр болон охин бид 3 хүнд хэлж болохгүй шүү гээд байсан хулгайн эд зүйл биш байгаа гэж ярьж байгаад өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
- Гэрч А.ийн “...Би Ш.******* ахыг муухан танина, нэрээс цаашгүй. Манайх ******* сумын *******тай багийн нутаг Хужиртын тохой гэх газарт нутаглаж байсан юм. Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө ******* ах манайд ирсэн. ******* ах ямар зорилгоор ирснийг би мэдээгүй. Архи уусан бололтой байна гэж бодсон. Тухайн өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ээж босоод цай чанаж ******* ах манайд орж ирсэн. Аав унтаж байгаад ******* ахыг орж ирэхээр нь босоод ******* ахтай юм яриад сууж байтал ээж үхэр саахаар гарсан. Манай хамгийн бага дүү даахиа авхуулсан байсан юм. Гэтэл ******* ах “мөнгөн аяга 50,000 төгрөгөөр бодоод авчих эсвэл 1 шил архи, 30,000 төгрөгтэй өгчих” гэхэд аав юун аяга юм гэхэд ******* ах “миний бурхны аяга байгаа юм” гээд ярилцаж байхаар нь би аавыг мөнгөн аяга авч яах гээд байгаа юм гэхэд тэр хоёр ярилцаж байгаад аав мөнгөн аягыг авахаар болоод Агар нэртэй 0.5 литрийн архи, 30,000 төгрөгтэй өгөөд мөнгөн аягыг нь авч үлдээд ******* ах явсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Манай бурхны аяга байгаа юм гээд байсан. ******* ах явахдаа ээжийг үхрийн зэлэн дээр үхэр сааж байхад очоод танай нөхөртэй наймаа хийчихлээ, намайг аяга зарсан талаар хүнд хэлж болохгүй шүү гээд хэлсэн байсан. Тэгээд аав, ээж бид 3 ярилцаад хулгайн эд зүйл байж магадгүй юм байна гэж ярилцаад өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
- Шүүдэгч Ш.*******ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр адуугаа хурааж унаагаа сольчхоод ******* сумын төв орсон. ******* сумын төв ороод дэлгүүрээс 2 шил архи аваад ******* сумын *******тай багт Жаргалантын аманд байх гэр рүүгээ явах замдаа 2 шил архиа ганцаараа уусан. Намайг ******* сумын төвөөс гарах үед харанхуй болчихсон байсан. Яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би нилээн согтоод гэр рүүгээ явах зүгээсээ эсрэг зүг рүү явчихсан байсан. Тэгтэл замд нэг гэр таарахаар нь орох гэтэл эзэнгүй цоожтой гэр байсан. Тэгээд цоожийг нь яаж эвдсэнээ санахгүй байна гараараа татсан санагдаад байна цоожийг онгойлгоод гэрт орсон. Тухайн үед миний ам цангаад байсан учир тогооны савыг нь онгойлготол 4 ширхэг мөнгөн аяга байхаар нь өвөртлөөд зүүн талын орны дээд талд байх түмбүүшгийг татаад үзэхэд даалингүй шар манан хөөрөг байхаар нь аваад гарсан. Тэгээд гэр рүүгээ явах замдаа гэх айлд 6 цагийн үед очсон. Намайг очих үед дөнгөж босож байсан. Тэгээд өд эзэнгүй айлаас авсан байсан нэг ширхэг жижиг мөнгөн аягыг манай бурхны мөнгөн аяга байгаа юм гэж хэлээд нэг шил 0,5 литрийн архи, 30,000 төгрөг бэлнээр авч зарчхаад тэднийхээс гараад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очихоосоо өмнө гэрийнхээ наана нэг цагаан машинтай хүмүүстэй тааралдаад нэг ширхэг том мөнгөн аягыг нь 60,000 төгрөгөөр зарчхаад гэртээ харьсан. Би тэр хүмүүсийг танихгүй жимсэнд явж байсан хүмүүс байсан. ...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Шүүгдэгч Ш.*******ын хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байна.
Шүүгдэгч Ш.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.*******болдод 1,367,000 /нэг сая гурван зуун жаран долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч Н.ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч О.*******болдод учирсан хохирлоос бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шаргал манан хөөрөг зэргийг нь биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь хураан авсан эд мөрийн баримтыг хохирогч О.*******болдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21-р хуудас/-ээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ш.******* нь дунд гарын 1 ширхэг мөнгөн аяганы хохирол гэж хохирогч О.*******болдод 367,000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Мөн хохирогч О.*******болд болон иргэний нэхэмжлэгч Ц. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ тус тус илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос шүүгдэгч Ш.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.
Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ