| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 126/2025/0018/З |
| Дугаар | 221/МА2026/0100 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2026/0100
Г.Ды нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х
Хариуцагч А.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 126/2025/0018/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Үйл баримтын тухайд:
Миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарах хугацаа болсон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ингээд өндөр настны тэтгэвэр тогтоолгож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23,766,285 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард авсан юм.
Гэтэл Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д нь "Төрийн албаны тухай хуулийн 3.1.2, 4.5, 7.1.5, 10.1.2, 23.2, 25.1, 27.1.2, 43.3, 43.5, 43.6, 46.2, 60.1, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1, 5.2 дахь заалтуудыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд түр томилогдож ажиллаж байсан этгээдэд буцалтгүй тусламж олгож, төсвийн зориулалтын бус зардал гаргасан мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.1.3-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2, 10.9.8, Дотоод аудитын дүрмийн 7.5-т заасныг удирдлага болгон 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаартай актыг гаргаж, уг актын дагуу миний бие 23,766,285 төгрөгийг төлөх болсон.
3.2 Миний бие дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл. "Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт" гэж, 30.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ." гэжээ.
Уг хуулийн заалтад Төрийн албаны төв байгууллага өөрөө жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхээр хуульчилсан байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад Төрийн албаны төв байгууллагаас намайг хууль бусаар томилогдон ажиллаж байсантай холбоотой хяналт шалгалт хийгдээгүй, шийдвэр гараагүй, мөн түүнчлэн хууль бусаар ажиллаж байсан гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байдаггүй.
Гэтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дахь тал, 13 дахь хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.4, 43.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөн талаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/90 тоот зөвлөмжөөр тогтоосон байна..." гэж дүгнэн, дээрх зөвлөмжийг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалттай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж миний бие бодож байна.
Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Би төрийн жинхэнэ албан тушаал болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлж, үүнийхээ төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж, авсан цалин хөлснөөсөө холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба үүнийхээ үр шимд өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авч байна гэж бодож байсан.
Мөн түүнчлэн миний улсад 20 гаруй жил ажилласны дийлэнх хугацаанд нь төрийн албанд ажиллаж байсан бөгөөд сүүлийн эрхэлж байсан ажил маань түр орлон гүйцэтгэгч гэдгээс шалтгаалан бусад ажилласан жилийг минь бүхэлд нь үгүйсгэж байгаад иргэн миний бие гомдолтой байна.
Иймд “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Д “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасныг анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
3. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” хэмээн зохицуулсан.
4. Мөн Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралт Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.”, 2 дугаар зүйлийн 2.2-т “... Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна.” гэж заасан.
5. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор, тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх”-аар заасан. Энэхүү тусламж нь төрийн албан хаагчид үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох төрийн дэмжлэг юм.
6. Төрийн албаны тухай хууль анх 1994 оны 12 сарын 30-ны өдөр батлагдаж, 1995 оны 06 сарын 01-ний өдрөөс дагаж мөргөхөөр хуульчилжээ. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнө 1982-1985 онд хугацаат цэргийн албан хаагч, улмаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл, тус сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагад төрийн захиргааны албан хаагчаар 5-аас дээш жил ажилласан байна.
Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолд зааснаар хамгийн багадаа 5 жил, түүнээс дээш жил ажилласан төрийн албан хаагч дээрх тусламжийг авах эрхтэй байна. Ийнхүү олгохдоо ... төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”. гэж заасан бөгөөд Г.Д нь хамгийн багаар бодоход төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцүү сарын буцалтгүй тусламж авах эрхтэй байна гэж дүгнэв.
Түүний гомдолд “... улсад 20 гаруй жил ажилласны дийлэнх хугацаанд нь төрийн албанд ажиллаж байсан бөгөөд сүүлийн эрхэлж байсан ажил минь түр орлон гүйцэтгэгч гэдгээс шалтгаалж бусад ажилласан жилийг минь бүхэлд нь үгүйсгэж байгаад гомдолтой байна.” гэснийг үгүйсгэх боломжгүй.
7. Хариуцагчийн зүгээс дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Д нь төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр хууль бусаар томилогдсон учраас энэ зохицуулалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж үндэслэлгүй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд 2022 онд нэг удаа, 2023 онд 2 удаа, 2024 онд нэг удаа сонгон шалгаруулалт зарлахад[1] тухайн ажлын байранд шалгарсан хүн байгаагүй тул нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажилласаар ирсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдал байсан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангаж, тухайн албан үүргийг хэрэгжүүлж иржээ.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо түүнийг хууль зөрчсөн гэхээс илүүтэй, томилогдох үеийн нөхцөл байдал, төрийн албаны шалгалтад тэнцсэн нөөцөд байгаа нэр дэвшигч байсан эсэх зэрэг тухайн сумын бодит нөхцөлийг харгалзан үзэх ёстой.
8. Удаа дараа тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад хүн томилогдоогүй учраас түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэх ажилласан энэ тохиолдолд түүнд нэг удаагийн тусламж, дэмжлэг олгохгүй гэх агуулгаар журмыг тайлбарлаж байгаа нь хуулийн зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, цаашилбал захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчим болох Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Дд олгох буцалтгүй тусламжийн хэмжээг хариуцагчийн зүгээс төрийн албанд ажилласан нийт жилийн сарын тоотой тэнцүү байх агуулгаар захиргааны акт гаргаагүй, энэ талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.Ды гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.Ды гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 172-176 дахь тал