Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 27

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Д.Баярбат, өмгөөлөгч Н.Баяр /0313/,

Гэрч Б.Ганболд, Б.Батсайхан,

Шүүгдэгч С.Батдорж, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар /1659/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар              Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Онигууд овгийн Сарантуяагийн Батдоржид холбогдох эрүүгийн 201626021419 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ өвөөгийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 50 дугаар байрны 2 тоотод түр оршин суух, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав 29 дүгээр байрны 1 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Онигууд овогт Сарантуяагийн Батдорж  /РД:ЕЮ88041315/

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Батдорж нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүгэн пабд” иргэн Д.Баярбатыг “найз Ганболдтой муудалцуулсан” гэх үл ялиг шалтгаанаар маргаан үүсгэн улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохиж биед нь “...эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал..” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батдорж мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баярбат, Ганболд 2 найз Батсайхан ахын Есүгэн нэртэй пабад ирсэн. Тухайн үед надад түрээслэсэн байсан. Намайг ирэхэд Баярбат Ганболд нар сууж байсан ба намайг шахахаар нь би уугаагүй. Шөнө 01 цагийн үед Ганболдтой өмнө муудаж байсан тул дахин муудаж магадгүй гээд харьсан. Өглөө 9 цагийн үед пабад ирээд Ганболдтой уулзаад эвлэрээд байж байхад цаанаас Баярбат амандаа үглээд гарч ирээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь цохиод гараад явсан. Хэд хоногийн дараа цагдаагаас над руу залгасан. Эмнэлэгт Баярбаттай уулзсан. Хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.   

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баярбат мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумаас Улаанбаатар хотод орж ирээд найз Ганболдтой уулзаад машины техник хэрэгсэл үзнэ гээд ирсэн. Ганболд намайг тосож ирсэн ба бид хоёр пабад орсон. Хажуу өрөөнд Батдорж байсан юм билээ орж ирээд юм ярьж байгаад хажуу өрөөнд муудалцаад байсан. Тэгээд Батдорж гарч яваад өглөө орж ирэхдээ согтуу байсан ба хөргөгчнөөс 2 шил пиво авч ууж байгаад урд өдөр цөмөлсөн хаалгаа янзалж байгаад над руу чамаас болж муудсан гээд надруу дайрч байснаа шууд шанаанд цохиход толгой эргээд доошоо суусан. Тэгээд шүд эвгүй байхаар нь эмнэлэг ороод зургийг нь авахуулсан. Тэгээд мөнгөгүй байсан тул хөдөө яваад 9-ны өглөө ирж хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 1.500.000 төгрөг гарсан ба шүүгдэгчээс хохирол төлсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

                        Гэрч Э.Цолмон мэдүүлэхдээ: “....Манай найз С.Батдоржийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Есүгэн паб дээр 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр найз Ганболд хохирогч гээд байгаа Д.Баярбат, С.Батдорж нар нь наад талын ВИП өрөөнд суусан Ганболд нь хөдөөнөөс манай найз Баярбат ирсэн байна, хэдүүлээ ууя гээд сууж байсан. Тэгээд би архи уудаггүй болохоор явахаар болж Батдорж намайг гаргаж өгөөд “найз нь уухгүй үлдлээ” гэж хэлээд үлдсэн. Би гэртээ унтах гээд хэвтэж байтал 00 цагийн орчим Батдорж над руу залгаад “хөгшөөн Есүгэн паб руу оруулахгүй байна, хаалга дотроос нь түгжсэн, чи хүрч ирээд намайг аваач гэхэд нь би маргааш ажилтай амжихгүй харин өглөө эрт яваад очъя” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь 10 цагийн орчим Батдорж руу ярихад одоо хүртэл хаалгаа тайлж өгөхгүй байна, чи хүрээд ир гэхээр нь за найз нь яваад очъя гээд удалгүй яваад очиход Батдорж нь хаалгаа онгойлгоод дотогшоо орсон хохирогч гэх залуутай хэрэлдээд зогсож байсан. Би Ганболдоос яасан юу болоод хаалгаа онгойлгохгүй байсан юм бэ? гэтэл өчигдөр агсан тавиад хаалга, бие засах өрөөний хаалга эвдэлсэн гэсэн юм ярьж чадах тэнхээгүй архи нь гараагүй байсан. Хохирогч нь С.Батдоржтой хэрэлдээд Батдоржийн араас нь дагаад янз янзийн юм ярьж байгаад үүдэнд хохирогч Баярбат нь Батдоржийг булан руу шахаад түлхээд Батдорж нь яаж байнаа гээд түлхтэл Баярбат нь буцаад ирэхээр нь ахиж түлхээд баруун гараараа хохирогчийн нүүр лүү эрүү хэсэг рүү нь 1 удаа цохиод хохирогч нь газар суугаад амнаас нь цус гараад ярьж чадахгүй Ганболд дагуулаад гэмтлийн эмнэлэг яваад Батдорж бид хоёр Есүгэн дээр үлдээд хоол хийж идсэн...архи уусан байж байгаад хоорондоо маргалдаад зодоон болсон. Миний харснаар хохирогчийн буруутай үйлдэл 100% байсан гэж харсан...Би Баярбатыг танихгүй, тэр өдөр анхны удаагаа харсан.

            Батдорж бид хоёр МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийн найзууд байгаа юм. Манай Батдорж 1.70 см орчим өндөр туранхай биетэй хүнтэй зодолдож хэрэлдээд байдаггүй мөрөөрөө залуу байгаа юм. Тухайн өдөр хохирогч залуутай зодолдсон бол Батдорж нь биеэр жижиг туранхай учир зодуулахаар харагдаад байсан юм. Харин тухайн үед хохирогч залууг түлхээд буцаж ирхэд нь ахиж түлхэх явцдаа гараараа 1 удаа цохихыг нь би нүдээрээ хараад яаг хий нь таараад цохилт нь орчих шиг боллоо гэж бодсон... Есүгэн паб дотор хяналтын камер байдаг талаар мэдэхгүй байна, байхгүй байх гэж бодож байна...” гэжээ. /хх 14-15 хуудас/

 

                Гэрч С.Мөнхбаатар мэдүүлэхдээ: “...Би Батдоржтой 2005 онд МУИС-ын Эдийн засгийн ангид хамт сурдаг байсан ба тэр үеэс эхлэн бие биенийгээ мэддэг болж өдийг хүртэл харилцан холбоотой юм. Батдорж нь ээж дүүгийн хамт амьдардаг ба Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдардаг юм. Батдорж нь ээж дүүтэйгээ ачлалтай төлөв даруу хүнд тусархаг сургуульд сурж байх үедээ урлаг спортдоо сайн бүжиглэх дуртай, хичээлдээ шамдуу сайн сурдаг, олон медаль шалнал авч сургалтын төлбөрийн тэтгэлэг зэрэг авч байсан. Батдорж нь хүнд итгэмтгий гэнэ  цайлган хүний үгэнд оромтгой хүнийг голж шилж найзлаад байдаггүй, ямар ч хүнтэй ижил тэгш харилцаж байдаг архи дарс тогтмол хэрэглэдэггүй, тамхи бол татдаг. Архи уусан үедээ агсан согтуу зан чанар байхгүй согтхоороо унтаад өгдөг зантай залуу байгаа юм. Батдорж нь эхнэр хүүхэд байхгүй, ганц бие амьдарч байгаа ба саяхан орсон гэж хэлсэн. Сүүлд 2016 оны 05 сард хэрэгт орсон гэхээр нь гайхаад асуухад хүнтэй зодолдсон гэж байсан. Уг нь хүн амьтантай зодолдоод байдаггүй, эвтэй найртай байдаг болохоор нь гайхаад итгээгүй. Батдорж нь уг нь хүмүүжил сайтай ээж Сараа эгчдээ хань болж дүүдээ түшиг болоод явдаг сайн залуу юм. Архи дарс тогтмол хэрэглээд байдаггүй, баяр ёслолоор хааяадаа хэрэглэдэг саяхан дээд сургуулиа төгссөн амьдрах гэж зүтгэж яваа гэж боддог...” гэжээ. /хх 16-17 хуудас/  

 

              Гэрч Б.Баярцэнгэл мэдүүлэхдээ: “...Би Сарантуяагийн Батдоржтой Дорноговь аймгийн Сайншанд хотын 1 дүгээр сургуульд хамт сурсан багийн найзууд юм. Манай Батдорж нь ээж Сарантуяа дүүгийн хамт 3-лаа эцэггүй өссөн хүүхэд юм. Хүнд тусархуу урлаг спортдоо сайн хичээлдээ шамдуу сайн сурлагатай хүүхэд байсан. Бүжиг дугуйлан зэргээр хичээллэдэг авьяастай залуу ба олон медаль шагнал авч байсан. Батдорж нь хүнд итгэмтгий гэнэн цайлган хүнээр үгээр явж хүмүүстэй найзархаг, хүнийг голж шилдэг зан чанар байхгүй хүнтэй харилцах эвээ амархан олдог ба архи дарс уугаад гэмт хэрэг зөрчилд холбогдоод байдаггүй гайгүй залуу байгаа юм. Сүүлийн үед харин гэмт хэрэгт санаандгүй байж байгаад холбогдчихлоо гэж хэлсэн. Тэрнээс өмнө би ямар нэгэн хэрэгт төвөгт орлоо гэж найзынхаа талаар ерөөсөө сонсоогүй юм. Батдорж нь тамхи татдаг хааяадаа баяр ёслолын үеэр архи уудаг. Архи уусан үедээ ямар нэгэн илүү дутуу агсан согту узан байхгүй мөрөөрөө унтаад өгдөг. Манай эгч Батдоржийн ээж Сараа эгчтэй найзууд ба нарийн боовны цех ажиллуулдаг байсан болохоор сайн мэдэх ба одоо хүртэл харилцаа холбоотой байдаг юм. Батдорж нь саяхан дээд сургууль төгсөж эхнэр хүүхэдгүй ганц бие амьдарч байгаад саяхан ажилд ороод завгүй явж байна гэсэн хүн явж байсан. Ууг нь Батдорж маань хүнтэй муудалцаад зодоон цохион хийгээд байдаггүй хүн, сүүлд 2016 оны 05 сард хүнтэй зодолдоод хэрэгт холбогдчихлоо гэхээр нь гайхаж байсан. Хүүхэд байхаасаа зодоон хийгээд байдаггүй, даруухан байж хүнтэй эвсэг харилцдаг болохоор нь анхандаа итгээгүй...” гэжээ. /хх 18-19-р хуудас/    

           

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 6447 дугаартай дүгнэлтэд: “Б.Баярбатын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 21 хуудас/

 

            Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Баярбатын биед үзлэг хийхэд ам том ангайхгүй, толгой өвдөнө, эрүү яс өвдөнө, ухаан санаа саруул, байдалтай байсан ба хэсэг газрын үзлэгт нүүрний хэм тэгш бус, зүүн талд эрүүний булан орчим маш их хэмжээний хаван, хавдартай ам ангайлтын орчим хязгаарлагдмал, эрүүний яс шүд дайрч хугарсан, зөрсөн, зүүн талдаа амны хөндийнөөс халдварласан байдалтай байсан. Компьютер томографийн зурагт баруун талын хацар ясны нум цөмөрсөн хуучин хугаралтай, эрүү яс зүүн талын их бие хэсгээр зөрүүтэй, хугаралтай, зүүн эрүү орчим зөөлөн эдэд хавдар хаван хийтэй ба цээжийг гэрэлд харахад гэмтлийн ямар нэгэн өөрчлөлтгүй, дотор эрхтний эхо-д гэмтлийн өөрчлөлтгүй байсан....

            Баруун талын хацар ясны хугарал нь хуучин хугарал байсан ба бороолж бүрэн эдгэсэн байсан болохоор эрүүл ясны хугаралд нөлөөлөхгүй....

            Д.Баярбатын биед учирсан эрүү ясны хугарал нь тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохилтоор үүсгэгдэх боломжтой....” гэжээ. /хх 26 хуудас/

           

                        Гэрч Б.Ганболд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуучин хамт Төв аймгийн Архуст суманд ажилладаг байсан Баярбат гэх залуугийн хамт 20 цагийн үед Есүгэн паб руу яваад очиход танил Батдорж ажиллуулж байсан. Тэгээд бид хоёр орж 1 шил архи хувааж уугаад Батдоржид Баярбат бид хоёр маргааш ажилд явна өөр газар хонож байхаар эндээс хоноод явъя гэж хэлээд Есүгэн пабын түлхүүрийг нь Батдоржоос авч үлдээд юм ярьж байгаад Батдоржтой хоорондоо таарамжгүй харилцааны улмаас жоохон маргалдаж байгаад би VIP өрөөнийх нь хаалгыг гараараа цохиод цоолсон юм. Тэгээд Батдорж 01 цагийн үед харьлаа та хоёр хоноод үлдэхгүй юу гэхээр нь Баярбат бид хоёр өчигдрийн болсон юмны талаар яриад хоорондоо эвлэрээд байж байтал Батдорж нь Баярбатыг чи хүүхэд архи уулгаад гээд маргалдаад эхэлсэн. Тэгтэл Баярбат чи ер нь юу яриад байгаа юм гэснээ Батдоржийг чи өчигдрийн хүүхэн харамлаад ингээд байгаа юм уу? гээд маргалдаад зогсоод байхаар нь би та хоёр одоо болилдоо ялихгүй юмнаас хоорондоо муудалцаад байхдаа яадаг юм гээд эвдэлсэн хаалгаа янзлаад скочоор нааж байтал Батдорж Баярбатыг нүүр лүү нь эрүүний хэсэгт нь 1 удаа цохиод Баярбат газар доошоо болоод амнаас цус гараад тогтоох гэж угаалтуурын өрөө рүү ороод цусыг нь тогтоох гэтэл тогтохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэг лүү аваад явсан...” гэжээ. /хх 85-86 хуудас/

           

            Гэрч Б.Батсайхан мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр над руу …Ганболд залгаад ажлаа дуусгаад Улаанбаатар хотод тракторчин Баярбатын хамт орж ирлээ ахаа танай паб дээр очоод ганц хоёр шил архи уух гэсэн юм гэхээр нь би тэг тэг паб дээр Батдорж байгаа гэж хэлээд утсаа таслаад 2016 оны 5 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө 02 цагийн үед миний утас руу Батдорж залгаад танай ажлын Ганболд, Баярбат хоёр ирээд архи уугаад агсан согтуу тавиад байна гэхээр нь цагдаад дуудлага өгөөд явуулчих гэж хэлээд унтаад маргааш өглөө нь миний гар утас руу Ганболд залгаад “Батсайхан ахаа Баярбат Батдоржтой зодолдоод эрүү нь хугарсан юм шиг байнаа эмнэлэгт үзүүлэх гэхээр мөнгө хэрэгтэй байна гээд би Ганболдыг өчигдөр агсан тавиад их байсан юмаа гэж загнаад таньдаг хүнээрээ мөнгө өгүүлсэн юм. Тэгээд би үдээс хойш нь Есүгэн паб дээрээ иртэл Батдорж байхаар нь юу болсон талаар асуутал Батдорж нь “өчигдөр Ганболд Баярбат хоёр агсан тавиад хаалга үүд дотроосоо цоожлоод онгойлгохгүй, өнөөдөр өглөө орж иртэл угаалгын өрөөны хаалга эвдэрсэн байсан ба би Баярбаттай муудалцаад зодолдчихлоо гээд байж байсан. Тэгээд би Батдоржийг очиж Баярбатыг эргэж оч, хоол унд хийж өгч явуулаад паб дээрээ үлдээд хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзтэл 2016 оны 5 дугаар сарын 23-ны өглөөний 08 цагийн орчим Батдорж гаднаас найз Цолмонгийн хамт орж ирээд Ганболдтой Батдорж нь юм яриад хоорондоо гар бариад бодвол өчигдрийн маргалдсан гээд байсан асуудал дээрээ эвлэрсэн шиг байгаа юм. Тэгтэл угаалгын өрөөнөөс Баярбат нь гарч ирээд Батдоржийг шууд түлхээд Батдорж нь эргүүлж түлхэхэд Баярбат Батдоржийг нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж Батдорж эргүүлээд Баярбатыг эрүүн тус газар нь гараараа 1 удаа цохисон үйлдэл харагдаж байх ба тэр хоёрыг Цолмон, Ганболд хоёр салгаад Баярбат нь доошоо суугаад хөдлөхгүй байгаад байхаар нь Ганболд Баярбат дээр очиж гадагшаа аваад гарсан бичлэг байсан....

            …Би Есүгэн пабыг ажиллуулж дуусаад 2016 оны 5 сарын 14-ны өдрөөс өөр хүмүүс түрээслэж авсан ба би хүнээс түр тавьсан байсан хард дискийг буцааж өгсөн. Дараа нь Батдорж нь Баярбатын эрүүг хугалсан гэх хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэж сонсоод хард диск авсан хүнээсээ хяналтын камерийн бичлэг байгаа юу гэтэл байхгүй, формат хийгээд устгасан гэсэн...” гэжээ. /хх 88-90 хуудас/

           

            Шүүгдэгч С.Батдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 39, 50, 40-44, 38, 45 хуудас/

            Нийт 1,367,994 төгрөгийн эмчилгээний баримтууд /хх 58-73 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч С.Батдорж нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүгэн пабд” иргэн Д.Баярбатыг “найз Ганболдтой муудалцуулсан” гэх үл ялиг шалтгаанаар маргаан үүсгэн улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохиж биед нь “..эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал..” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Баярбат /хх 9-11, 12-13, 83-84/, гэрч Э.Цолмон /хх 14-15/, С.Мөнхбаатар /хх 16-17/, Э.Баярцэнгэл /хх 18-19/, шүүгдэгч С.Батдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 39, 50, 40-44, 38, 45/, эмчилгээний баримтууд /хх 58-73/ хохирол төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч С.Батдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч С.Батдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч “…шүүгдэгч С.Батдорж нь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг гарсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч болон хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байгаагүй ба гэрч Б.Ганболдын: “...Баярбат чи ер нь юу яриад байгаа юм гэснээ Батдоржийг чи өчигдрийн хүүхэнээ харамлаад ингээд байгаа юм уу? гээд маргалдаад зогсоод байхаар нь би та хоёр одоо болилдоо ялихгүй юмнаас хоорондоо муудалцаад байхдаа яадаг юм гээд эвдэлсэн хаалгаа янзлаад скочоор нааж байтал Батдорж Баярбатыг нүүр лүү нь эрүүний хэсэгт нь 1 удаа цохиод Баярбат газар доошоо болоод амнаас цус гараад тогтоох гэж угаалтуурын өрөө рүү ороод цусыг нь тогтоох гэтэл тогтохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэг лүү аваад явсан...” /хх 85-86/ гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч С.Батдорж нь хохирогчид 1.500.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.Баярбатын эрүүний зураг авахуулсан рентген 1 ширхэг зургийг хохирогчид буцаан олгох, уг зурагны бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдлаа.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Баярбатын эмчилгээний хохирлыг төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хэргээ хүлээн мэдүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Онигууд овгийн Сарантуяагийн Батдоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Онигууд овгийн Сарантуяагийн Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батдоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.Батдоржийн цагдан хоригдсон 9 хоногийг түүнийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогч Д.Баярбатад буцаан олгож, уг зурагны бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч С.Батдорж нь хохирогчид 1.500.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч С.Батдоржид оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Батдоржийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Батдоржийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                   

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ