| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0315/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/328 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/328
2023 09 12 2023/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Ж.Батбаатар,
хохирогч Ж.Э,
иргэний нэхэмжлэгч А.О-,
шүүгдэгч Л.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Л-гийн У-д холбогдох эрүүгийн 2325000000366 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, О аймгийн Ж сумын .... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Жаргалант сум, 0 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Л-ийн У- /РД:хх00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.У- нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан үедээ 00-00 ОРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Мах маркет” ХХК-ийн урд талын авто замд замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үдээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орж, 00-00 УБЛ улсын дугаартай Хонда СR-V маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 3,475,000 төгрөгийн, 00-00 УБТ улсын дугаартай Тоёота Филтер маркийн тээврийн хэрэгсэлд 2,125,000 төгрөгийн хохирол учруулан, 00-00 УБЛ улсын дугаартай Хонда СR-V маркийн тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Ж.Эийн эрүүл мэндэд нь “зүүн өвдөгний тойгны ясны далд хугарал, тойг ясыг бэхлэх хагалгааны дараах байдал, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Л.У- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж байсан чинь бороо ороод байхаар нь ажлаа зогсоогоод Орхон аймгийн баяр наадмын ойролцоо байрлаж байсан байрандаа очихоор өөрийн эзэмшлийн 00-00 УБЛ Хонда СR-V загварын тээврийн хэрэгсэлтэй Баянцагаан багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан чинь урдаас буюу эсрэг талаас ирж явсан Тоёота приус-20 маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Би баруун гар тал руугаа залаад замаас гарах гэхээр цаашаа өндөр жалагтай, зүүн гар руугаа залаад гарах гэхээр эсрэг талын урсгал машин ихтэй байсан болохоор шууд тормоз гишгээд зогссон. Нөгөө машин миний урдаас ирээд машины урдаас мөргөөд зогссон. Миний чих шуугиад толгой өвдөөд, цээж давчдаад байсан. Хөлөө хөдөлгөх гэсэн чинь хөл хөдлөхгүй байсан. Гэтэл гэнэт л хүмүүс уйлах чимээ гарч эхэлсэн. Ярих гэсэн чинь доод талын үүдэн шүд доод талын буйлаа цоолоод гарч ирсэн байсан...Надад учирсан эмчилгээний болон машины хохирлыг төлсөн. Ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 15 сая төгрөг, дахиж хагалгаанд орж хөлний хадаасаа авахуулна, мөн шүдээ янзлуулахад гаргах төлбөр 5 сая төгрөг нийт 20 сая төгрөгийг нэхэмжилнэ. Цалин хохиролд 1,025,000 төгрөг өгсөн үүнийг хасаад үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
- Иргэний нэхэмжлэгч А.О- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Манай сумын засаг даргын орлогч Л.У- нь 2023 оны 07 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Ж сумын тамгын газрын хөрөнгө болох 00-00 ОРА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж манай байгууллагын өмч болох дээрх тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйлдэл гарсан...Манай байгууллагын 00-00 ОРА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК шинжээч нар үзэж шинжлээд тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 3,640,00 төгрөг гэж тооцсон байна лээ. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үнэлгээг нь хүлээн зөвшөөрч байгаа... Л.У- нь машины сэлбэг хэрэгслийг авчихсан 09 сарын 20-ны дотор засаж янзлахаар засаг даргатай тохиролцсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54х/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний машиныг миний эхнэрийн төрсөн дүү Б.М- гэж хүн жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, миний машины зүүн талын урд, хойд хаалга, хойд кирло, хаалганы хувил зэрэг эд зүйл эвдэрч 2,015,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Тухайн эвдрэлийг засварлахад 110,000 төгрөгийн зардал гарахаар Ашид билгүүн компаниас тогтоосон учир дээрх мөнгийг гэм буруутай хүнээс гаргуулан авах хүсэлт гаргаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...өөрийн хүүхдүүд болох Б.Т-, Б.Ц-, хүргэн ахын хүүхдүүд болох Г.М-, О.Н нарын хамт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байдаг зуслангаас Орхон аймаг руу буюу гэр рүүгээ хүргэн ах Г-ын эзэмшлийн 00-00 УБТ улсын дугаартай Тоёота филдер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...Вокзал өнгөрөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан цехийн байрны хойд талын зам дээр явж байхад миний урд явж байсан Хонда загварын суудлын авто машиныг урдаас нь Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөсөн. Миний урд явж байсан машин урдаасаа мөргүүлээд хойшоо болох үед би хажуу тийшээ буюу баруун гар тал руугаа дараад замын хөвөө рүү орж зогссон. Тухайн үед миний урд талын машин хойшоо болохдоо миний жолоодож явсан машины хажуу тал руу мөргөөд зогссон... Надтай хамт явж байсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин миний жолоодож явсан машины буруу талын урд хаалганаас тээш хүртэл зурагдаж, хэсэг газар хонхойсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 582 дугаартай:
1.2.Ж.Эийн биед зүүн өвдөгний тойгны ясны далд хугарал, тойг ясыг бэхлэх хагалгааны дараах байдал, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.4.6.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7.Зүүн өвдөгний тойгны ясны далд хугарал, тойг ясыг бэхлэх хагалгааны дараах байдал, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын бугалга, зүүн хөлийнэ гуянд цус хуралт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44х/,
- Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн 174 дугаартай: “...00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,125,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 96-98х/,
- Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн 284 дугаартай: “...00-00 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,475,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-107х/,
- Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 18- ны өдрийн 700 дугаартай: “...00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,640,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 114-118х/,
- Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн: “...сэжигтэн Л.У- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах ам, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 121-123х/,
- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 148х/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.У- нь Орхон аймгийн Жаргалант сумын ........... эзэмшлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Мах маркет” ХХК-ийн урд талын авто замд явж байхдаа нойрмоглож эсрэг урсгал руу орж 00-00 УБЛ улсын дугаартай Хонда СR-V маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөхөд тухайн тээврийн хэрэгсэл хойноо явж байсан 00-00 УБТ улсын дугаартай Тоёота Филтер маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гарсан, ослын улмаас хохирогч Ж.Эийн эрүүл мэндэд “зүүн өвдөгний тойгны ясны далд хугарал, тойг ясыг бэхлэх хагалгааны дараах байдал, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүгдэгч Л.У-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Эийн “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж байсан чинь бороо ороод байхаар нь ажлаа зогсоогоод Орхон аймгийн баяр наадмын ойролцоо байрлаж байсан байрандаа очихоор өөрийн эзэмшлийн 00-00 УБЛ Хонда СR-V загварын тээврийн хэрэгсэлтэй Баянцагаан багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан чинь урдаас буюу эсрэг талаас ирж явсан Тоёота приус-20 маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн... миний урдаас ирээд машины урдаас мөргөөд зогссон. Миний чих шуугиад толгой өвдөөд, цээж давчдаад байсан. Хөлөө хөдөлгөх гэсэн чинь хөл хөдлөхгүй байсан. Гэтэл гэнэт л хүмүүс уйлах чимээ гарч эхэлсэн. Ярих гэсэн чинь доод талын үүдэн шүд доод талын буйлаа цоолоод гарч ирсэн байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч А.О-ын “...Манай сумын засаг даргын орлогч Л.У- нь 2023 оны 07 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Жаргалант сумын тамгын газрын хөрөнгө болох 00-00 ОРА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж манай байгууллагын өмч болох дээрх тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйлдэл гарсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний машиныг миний эхнэрийн төрсөн дүү Б.М- гэж хүн жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, миний машины зүүн талын урд, хойд хаалга, хойд кирло, хаалганы хувил зэрэг эд зүйл эвдэрч 2,015,000 төгрөгийн бодит хохирол учирсан...” гэсэн, гэрч Б.М-ийн “...өөрийн хүүхдүүд болох Б.Т-, Б.Ц-, хүргэн ахын хүүхдүүд болох Г.М-, О.Номбилэг нарын хамт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байдаг зуслангаас Орхон аймаг руу буюу гэр рүүгээ хүргэн ах Г-ын эзэмшлийн 00-00 УБТ улсын дугаартай Тоёота филдер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...Вокзал өнгөрөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан цехийн байрны хойд талын зам дээр явж байхад миний урд явж байсан Хонда загварын суудлын авто машиныг урдаас нь Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөсөн. Миний урд явж байсан машин урдаасаа мөргүүлээд хойшоо болох үед би хажуу тийшээ буюу баруун гар тал руугаа дараад замын хөвөө рүү орж зогссон. Тухайн үед миний урд талын машин хойшоо болохдоо миний жолоодож явсан машины хажуу тал руу мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 174 дугаартай дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн 284 дугаартай дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 700 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа 2020 оны 11 сарын 16-ны өдөр дууссан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үдээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь өөрийнх нь өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр батлагдсан байна.
Хохирогч Ж.Эийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “Зүүн өвдөгний тойгны ясны далд хугарал, тойг ясыг бэхлэх хагалгааны дараах байдал, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын бугалга, зүүн хөлийнэ гуянд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.У-ын буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Л.У-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Эийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Л.У-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ж.Эийн биед хүндэвтэр хохирол, эд хөрөнгө болох машинд нь 3,475,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 2,125,000 төгрөгийн, Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 3,640,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Л.У- нь хохирогч Ж.Эийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,969,000 төгрөг, ажлгүй байсан хугацааны цалин гэж 1,025,000 төгрөг, машины хохирол 3,475,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 2,125,000 төгрөгийг төлсөн байна.
Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,640,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 09 сарын 20-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийг засварлаж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон талаар иргэний нэхэмжлэгч А.О-, шүүгдэгч нар мэдүүлж байх боловч хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй. Иймд шүүгдэгчээс 3,640,000 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 15 сая төгрөг, дахиж хагалгаанд орж хөлний хадаасаа авахуулна, мөн шүдээ янзлуулахад гаргах төлбөр 5 сая төгрөг нийт 20 сая төгрөгийг нэхэмжилнэ. Цалин хохиролд 1,025,000 төгрөг өгсөн үүнийг хасаад үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ...” гэж 18,975,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч Ж.Эийн нэхэмжилсэн 18,975,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ж.Э нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлиийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах ...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Л.У-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлиийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Л.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Л.У- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Л-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Л-ийн У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлиийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.У- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.У-аас 3,640,000 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт олгож, хохирогч Ж.Эийн нэхэмжилсэн 18,975,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч Ж.Э нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.У-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ