Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         09          19                                    2023/ШЦТ/333

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000393 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймаг Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... гэрээт харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-ын Д- /рд: /.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн “хх” гэх газрын ойролцоо хохирогч Б.Э-тай хамт архи ууж байх үедээ “Би баян хүн шүү” гэж хэлээд хохирогчийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Х.Д- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Б.Э-ад эхлээд 275,000 төгрөг өгсөн дараа нь 225,000 төгрөг нийт 500,000 төгрөг өгсөн...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэр “хх” гэх нэртэй газрын ойролцоо таньдаг ах М- болон Д- нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Гэтэл Д- ах согтоод надад агсам согтуу тавьж “би баян хүн шүү” гэж хэлснээ миний нүүр хэсэг рүү ямар нэгэн шалтгаангүй гараараа цохисон. Энэ үед миний хамраас цус ихээр гараад цус нь тогтохгүй байсан. Намайг хамрынхаа цусыг тогтоох гэж оролдож байгаад цагдаагийн байгууллагад хандахаар шийдээд цагдаагийн байгууллагын утас руу дуудлага мэдээлэл өгөх үед Д- ах зугтаад яваад өгсөн намайг нэг анзаарах үед аль хэдийн яваад өгсөн байсан. ... Миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлыг Х.Д- нь төлж барагдуулсан. Хамгийн анхан рентген зураг авахуулахад гарсан 30,000 төгрөг Х.Д- өгсөн. Би хамрын хагалгаанд одоогоор орж чадаагүй байгаа. Д- надад 650,000 төгрөг өгөхөөр болж хоорондоо тохиролцож надад 275,000 төгрөгийг одоогийн байдлаар өгсөн үлдсэн мөнгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. Надад Х.Д-аас өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие одоо хадланд явах гэж байгаа тул энэ хэргийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тул намайг оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12х/, 

 

-Гэрч В.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Э-ын авч ирсэн архийг гурвуулаа хувааж уугаад сууж байтал Д- нь Э-ыг “чи над руу муухай хараад байна пизда минь, би баян хүн” гэж хэлээд гараараа Э-ын нүүр хэсэг рүү цохисон. Э- нь зугтаасан чинь Д- нь Э-ын араас хөөсөн. Би Д-ыг боль гэж хэлээд болиулсан. Тухайн үед Э-ын хамарнаас цус гараад хамраа угаахаар явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

 

         - Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой асуух зүйл байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...М- нь нэг шил архи ууя гэж хэлээд Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи гаргаж ирээд уг архийг Э-, М- бид гурав хувааж уусан. Уг архийг ууж дууссаны дараа дахин нэг шил архи уухаар болоод Э-ыг дэлгүүр рүү явуулж дахин хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч ирсэн. Уг архийг ууж байх явцад Э-тай маргалдаж улмаар түүнийг цохисон байсан. Би тухайн үед маш их согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед Э-ын хамраас цус гарсан угааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

          - Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаартай

1. Б.Э-ын биед хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20х/,

 

-Шүүгдэгч Х.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн “хх” гэх газрын ойролцоо хохирогч Б.Э-тай хамт архи ууж улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Х.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Х.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Д-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ