Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00575

 


2020 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2020/00575 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, ...........-р давхарт байрлах, С и ХХК /........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............. тоот оршин суух,  О  /РД:............/-т холбогдох,

 

гэрээний үүрэгт 87,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гарсан зардалд 354,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О тэй 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 61252 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гурвалсан үйлчилгээ болон 195,000 төгрөгийн үнэтэй ZTE-HG, амино а-139 төхөөрөмжийг 24 сарын хугацаатай лизингээр авах байсан. 2 төхөөрөмжийг 24 сараар хувааж төлөхөөр болсон. Хариуцагч Улаанбаатар хот руу шилжихдээ үйлчилгээг зогсоосон. Хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл нь 84,000 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг. Үүнээс хариуцагчийг ашиглаж байсан төхөөрөмжийг буцаан авсан тул 22,500 төгрөгийг хасаад үлдэх 65,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2016 онд Эрдэнэтээс Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. 3 жилийн хугацаанд ийм үлдэгдэл төлбөр байна гэдгийг нэг ч удаа утсаар ярьж мэдэгдээгүй. Үйлчилгээг зогсооход төхөөрөмжөө буцааж өгсөн. Энэ үед ийм үлдэгдэл төлбөр байгаа гэдгийг мэдсэн бол шууд төлөх байсан. Гэвч тэгээгүй 3 жилийн дараа Орхон аймгийн шүүхэд өгснөөр Улаанбаатар хот Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоорондын замын зардлаар би хохирч байна. Би үлдэгдэл төлбөр байгаа гэдгийг мэдсэн бол шууд төлөх байсан. Талууд аль аль нь буруутай учраас хэн хэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад эвлэрэх боломжтой. Төлбөрөө төлөхгүй бол шууд шүүхэд өгсөн заалт гэрээнд байхгүй. Шүүхээс Д.О т холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдсэн боловч хэн нэхэмжлэл гаргасан талаар хэлж өгөөгүй. Улаанбаатараас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очих бензиний зардал, Д.О ийн нэг өдрийн цалин, ирж очих вагоны билетын зардлаар хохирч байна гэв.

 

Хариуцагч Д.О  2020.02.21-ний өдрийн сөрөг нэхэмжлэлдээ: Д.О  миний бие нь Эрдэнэт хотод амьдарч байхдаа Скаймедиа компанийн 61252 тоот үйлчилгээний төхөөрөмжийг ашиглаж байгаад 2016 оны 08 дугаар сард Улаанбаатар хот руу шилжин суурьшихаар болж төлбөрөө төлж салгуулсан. С компани нь тухайн үед надад төхөөрөмж буцаан хураах, төлбөр төлөх талаар ямар нэгэн ойлголт өгөөгүй. Бүтэн гурван жил өнгөрсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн. Над руу 1 ч удаа утсар ярьж хэлээгүй. Намайг шүүхэд дуудахад нь иргэний үүргээ ухамсарлан шүүхийн нэхэмжлэлийг өөрийн биеэр гардаж ав гэсний дагуу Улаанбаатар хотоос нөхрийн хамт өөрсдийн Land 200 ............ УББ улсын дугаартай авто машинаар 1 өдрийн цалингүй чөлөө авч ирэн нэхэмжлэлийг хүлээн авсан. Энэ хугацаанд над руу утсаар холбогдож, төхөөрөмж буцааж өгөх, төлбөрийн үлдэгдэлээ төлөх үү гэсэн бол би тухайн үед нь ингэж зардал болохгүй арга хэмжээ авч болох байсан. Төхөөрөмжийг ашиглаагүй тул Эрдэнэтийн Дэнж баг дахь байшиндаа гэрийн тавилгатайгаа хураахад үлдээсэн байсан. Нэхэмжлэлийг хүлээн авангуутаа Эрдэнэтийн салбарын эрхлэгч Бямбасүрэнтэй утсаар яриад очиж уулзая гэж хэлээд 3 минутын дараа ажил дээр нь очиход гараад зугтсан байсан. 2020.01.11-ний өглөө төхөөрөмжөө аваад мөн Скайтел руу очиж уулзах гэтэл мөн уулзаж чадалгүй төхөөрөмжөө Эрдэнэжаргал гэдэг үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өгсөн. Надад урьдчилан мэдэгдэлгүй шүүхэд өгсөнд гомдолтой байна. Төхөөрөмжийг буцаан өгч С компанийг хохиролгүй болгосон. Ингээд Улаанбаатар хотоос 2020 оны 01 дүгээр сарын 10-нд Эрдэнэт руу явсан Land cruiser 200 маркийн, ......... УББ машинд зарцуулсан шатахууны үнэ /141,000+150,000/ 291,000 төгрөг, 1 өдрийн цалин 36,000 төгрөг, нотариатын төлбөр 8,000 төгрөг, вагоноор явсан /2020.01.23 нэхэмжлэл хүргэх/ 19,000 төгрөг, нийт 354,000 төгрөгийг С компаниас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн нэхэмжлэлийг өөрийн биеэр ирж гардаж ав гэдэг мэдээг сонсоод сэтгэл зүйн хувьд маш их хямарсан. Ажлаасаа чөлөө авч, зардал гаргаж нэхэмжлэл авсан тул С компаниас гарсан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариу тайлбарлахдаа: Бид сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Та гэрээгээ сайн уншаад лизингийн талаар мэдээлэл аваад манай салбарын захиралтай холбоо барьж энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Та гэрээгээ бүрэн уншаагүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.О т холбогдох үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,000 төгрөг гаргуулах тухай С и ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн 354,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С и ХХК үйлчилгээний гэрээний үүрэгт 87,500 төгрөгийг Д.О ээс анх шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 65,000 төгрөг болгожээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.О , С и ХХК-ийн хооронд 2016.01.24-ний өдөр 61252 тоот скаймедиа үйлчилгээний гэрээ байгуулагдсан, уг гэрээний 3.5.1-д гэрээ байгуулагдсан өдрөөс үйлчилгээний хугацаа эхэлнэ, гэрээний хугацаа 24 сар гэж, 3.6.3-т сонгосон төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг төлсөнөөр тус төхөөрөмжийг лизингээр худалдан авах эрхтэй болно, 6.2.1-д хэрэглэгч өөрийн хүсэлтээр үндсэн болон салаалсан үйлчилгээгээ үйлчилгээний төв салбар дээр бичиг баримт, үйлчилгээний гэрээний хамт ирж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсанаар түр салгуулж болно гэж тус тус заажээ.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

 

Талуудын тайлбараас үзэхэд хэрэглэгч Улаанбаатар хотод шилжин ирсэнээр 2016.07.31-ний өдрөөс с үйлчилгээ зогссон, үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй, харин төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл төлөгдөөгүй гэх үндэслэлээр 84,000 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг нийтдээ 87,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч Д.О ийн ашиглаж байсан 00020259540СE MAC хаягтай, HD бокс /төхөөрөмж, HDMI кабель, тэжээлийн залгуур/-ыг 22,500 төгрөгөөр үнэлж буцаан авсанаар нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч үлдэгдэл 65,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Гэрээний 6.3-т зааснаар хэрэглэгч гэрээний 3.5-д заасан хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах бол төхөөрөмжийн лизингийн хугацааны үлдэгдэл хугацааны лизингийн төлбөрийг, мөн урамшууллын хугацаа дуусаагүй тухайн хугацааны хөнгөлөлтийн үнийн төлбөрийг тус тус төлөх үүрэгтэй, 6.4, 6.4.2-т зааснаар тоног төхөөрөмжийн лизингийн үлдэгдэл төлбөрийг 100 хувь барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ. 

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.6-д хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3, 6.4, 6.4.2-т зааснаар С и ХХК-ийн 2020.02.20-ны өдрийн төхөөрөмж буцаах маягтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 65,000 төгрөг болгон шаардаж байгаа нь хуулийн үндэслэлтэй тул хариуцагч Д.О ээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, гарсан зардалд нийтдээ 65,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх хамтатган шийдвэрлэж болох бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан холбоогүй, шаардлага нь нэг төрлийнх, маргаан нь нэг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэвч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, ажиллагаа нэгэнт хийгдсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.3, 25.2.4-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байх тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирж, буцсан гэх замын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч төлөх үүрэггүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дугаар зүйлийн 221.1, 221.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О-гоос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, гарсан зардалд нийтдээ 65,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С и ХХК-д олгож, С и ХХК-иас 341,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.О ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4450 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 11,270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ