Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 2023         09            21                                  2023/ШЦТ/345

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000402 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Б аймаг С суманд төрсөн, 0 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ...... гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Б аймаг С сумын 0 багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 зааснаар 5 жил 2 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, Б овогт О-ын А- /рд: /

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд үл таних хүнтэй маргаж муудалцан улмаар баарнаас гарч зодолдох явцдаа Маргад сургуулийн авто зогсоол дээр байрлуулсан хохирогч П.Т-ийн эзэмшлийн 00-00 ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг гараараа цохиж хагалан баруун зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж хугалан, зүүн урд болон хойд хаалгыг өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч О.А- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 370,000 төгрөгийг намарын ажил дуусахаар өгнө гэж хохирогчтой тохиролцсон...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч П.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны орой би өөрийн эзэмшлийн 00-00 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслээ Маргад сургуулийн заалны урд авто зогсоол дээр тавиад найзуудтайгаа Богд гол баар руу орсон. Тэгээд тухайн оройноо машинаа авалгүй маргааш нь машинаа авахаар очиход машины урд салхины шил хагарсан, 2 толь сууриараа хугарсан, зүүн урд болон хойд хаалга хонхойсон байдалтай байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Вегас бааран дээр очиж сураглахад хэд хоногийн өмнө баарны гадна хүмүүс зодолдож байгаад нэг машиныг эвдэлсэн талаар хэлж байсан. Тэгээд би тухайн хүмүүсийг олж хохирлыг барагдуулж өгнө үү гээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөн тухайн үед миний машиныг эвдэлж байхад танил дүү тухайн үйл явдлын харж байсан юм байна лээ... Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

- Гэрч Э.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны орой 21-22 цагийн үед найз Ө-, О, А нарын хамт вегас бааранд орсон. Тэгээд 01 цагийн үед намайг баарнаас гараад явж байхад баарны гадна 25-30 орчим насны нэг ах дуудсан тэгээд ганцаараа явж очсон. Найзууд бааранд байсан. Би тэр ах дээр очоод уулзахад надад тэр ах “ах нь чамайг харж байсан юм байна, чи чинь Орхон аймгийн гар бөмбөгийн шигшээ багт, тоглодог дүү байсан ш дээ" гээд надтай гар барьсан тэгээд цаашаа надад хандаж ах нь Булган аймгийн Сэлэнгэ суманд гар бөмбөг тоглож байсан гэж хэлээд бид хоёр тамхилж байгаад явсан. Тэр ахтай цуг хамт 4-5 хүн байсан. Миний харснаар найзууд нь юм болов уу гэж бодсон. Ингээд байж байхад баарнаас манай найзууд гарч ирсэн нөгөө ах найзуудын хамт баар руу орж байгаа харагдсан. Найзуудыг гараад ирэхээр нь гэр лүүгээ явах гээд миний машин руу явцгаасан. Явахаасаа өмнө найзуудын хамт хэсэг юм ярьж байхад баарнаас хүмүүс орилолдоод гараад ирсэн. Бид хэдийг харж байхад 4-5 хүн гарч ирээд надтай танилцсан ах нэг танихгүй ах руу дайрч зодож байсан. Нөгөө зодуулж байсан хүн нь нүүрээ дараад Маргадын заалны гаднах зогсоолын баруун урд талд байрлуулсан байсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хажууд очсон. Тэгэхэд 4-5 хүний дотор байсан нэг залуу /надтай гар барьж танилцсан ах/ нөгөө зодсон хүнийхээ хажууд очоод нөгөө хүнээ зодож байгаад дэргэд нь байсан саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хугалаад зүүн урд болон хойд хаалгыг өшиглөж байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө 4-5 хүн баар руу буцаад орсон. Нөгөө зодуулсан залуу намайг очиж уулзахад ямар нэгэн гомдолгүй гээд яваад өгсөн...”

“...Машиныг надтай ирж танилцсан ах ганцаараа эвдсэн. Тэр зодож байсан залуудаа уурлаад ямар ч хамаагүй байсан машиныг эвдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

-Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...би саарал өнгийн приус 30 машины дэргэд машин дотроо сууж байхад нөгөө баарнаас гарч ирсэн залуусын нэг нь миний дэргэд байрлуулсан байсан машиныг учир зүггүй хаалга руу нь өшиглөөд 2 толийг нь хугалцан байгаа харагдсан машиныг биеэрхүү залуу ганцаараа эвдсэн. Одоо сайн санахгүй байна тухайн үед тухайн залуугаас айгаад бушуухан хөдлөөд явсан бусад гадна шинж тэмдгийг одоо хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,

 

- О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед Орхон аймгийн наадам үзэхээр Булган аймгийн Сэлэнгэ сумаас найз Э, Э, нутгийн дүү Н, С нарын хамт ирсэн. Тэгээд бид хэд өдөр нь наадам үзээд орой нь бүгдээрээ караокед суухаар болоод Сэлэнгэ зочид буудлын ард Топаз нэртэй караокед сууцгааж 1 литр хэмжээтэйн 2 шил eden нэртэй архийг тавуулаа хувааж уусан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн үед караоке хаагаад бүгдээрээ ярьж байгаад vegas баар руу явцгаасан. Баарны үүдэнд ангийн найз Бадрал, Ууганбаяр, Жавхлантөгс нартай тааралдаж юм ярьж байгаад баар руу орсон. Баарны үүдэнд шахуу нэг залуутай муудалцаад байж байхад баарны хамгаалагч үймээн гаргалаа гээд баарнаас гар гэж нөгөө намайг мөрлөсөн танихгүй залууг хөөгөөд гаргасан. Тэгээд би араас нь танихгүй залуугийн хойноос гараад очиход нөгөө залуу баарны хажуугийн зогсоол дээр байсан саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл рүү явж байхаар нь миний уур хүрээд нөгөө залуугийн машин гэж бодоод чиглэж явж байсан саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг өшиглөж хугалаад, зүүн урд хаалгыг мөн өшиглөж хонхойлгосон. Би хохирогч П.Т-өд 1,000,000 төгрөгийг Ц.С гэх хүний Хаан банкны 00000000 дугаарын данс руу шилжүүлсэн. Уг дансыг хохирогч П.Т- надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг намрын ажил дууссаны дараа шилжүүлэхээр хохирогчтой ярьж тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х, 49х/,

 

- Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/02 дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Үнэлгээнд хамрагдсан Toyota prius-30 маркийн авто машины урд салхины шил 250,000 төгрөг, жолооч талын толь 150,000 мянган төгрөг, жолоочийн эсрэг талын толь 200,0 мянган төгрөг, зүүн урд хаалга 360,000 төгрөг, зүүн хойд хаалга 360,000 мянган төгрөг тус тус болж нийт эвдэрсэн эд ангийн үнэлгээ 2023 оны 08-р сарын 01-ны өдрийн байдлаар 1,320,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /хх-ийн 30-35х/,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд үл таних хүнтэй маргалдаж улмаар Маргад сургуулийн авто зогсоол дээр байрлуулсан хохирогч П.Т-ийн эзэмшлийн 00-00 ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг гараараа цохиж хагалан баруун зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж хугалан, зүүн урд болон хойд хаалгыг өшиглөсөн үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хохирогч П.Т-ийн эд хөрөнгөнд учирсан хохирол 1,320,000 төгрөг,  үнэлгээ хийлгэхэд 50,000 төгрөг нийт 1,370,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч О.А- нь 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 370,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд төлөхөө  илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 370,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гаас 370,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух А овогт П-ын Т-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ