Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00202

 

                                      

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр                  Дугаар 183/ШШ2020/00202                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .......... тоотод оршин суух, Х  /РД:............./-ын нэхэмжлэлтэй,    

       

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ............ тоотод оршин суух, Н  /РД:.............../-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х , түүний өмгөөлөгч Б, хариуцагч Н.Н , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.                                                    

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Х  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие О.Х  нь Н.Н тэй 2016 онд танилцаж, улмаар дотносон үерхэж байхдаа жирэмсэн болсон. Түүнээс хойш бид хоёр хамтран амьдрах болсон бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Н ийн Б  нь мэндэлсэн. Охиноо төрсөнөөс хойш нэг сарын дараа бид хоёр хамт өргөдөл гарган охиныг аавынх нь нэрээр овоглосон. Бид 3 манай төрсөн ээжийн гэрт амьдардаг байсан бөгөөд охин Н.Б ыг 1 нас хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд миний ажил байдлын шалтгаанаас болж намайг хардаж хэрүүл маргаан гарах болсон бөгөөд түүнээс болж 2018 оны 09 дүгээр сараас тусдаа надаас нуугдаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8 дугаар байрны 10 тоотод амьдрах болсон.

Одоо миний охин 2 настай эрүүл саруул, миний асрамжинд өсөж байгаа. Одоо цэцэрлэгт явж байгаа ба цаашид хүүхэд өсөж томорч хэрэглээ нь нэмэгдэж байна. Иймд охин Н.Б д тэтгэлэг тогтоож, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэв.

 

        Хариуцагч Н.Н  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тэтгэмжтэй холбоотой татгалзах зүйлгүй. Би охиныхоо нэр дээр хадгаламж нээж түүний хадгаламжийн данс руу сар бүр цалингаасаа мөнгө татуулж шилжүүлдэг. Би 7 хоногт ядаж нэг удаа охинтойгоо уулзах хүсэлттэй байна. Тэтгэмжтэй холбоотой охин сургуульд ороход нь бүх талаар амьдралд нь хэрэгцээтэй бүхий л дэмжлэг үзүүлэх болно. 2018 оны 8 дугаар сард нэхэмжлэгч бид хоёр хэрэлдэж хоорондоо харьцаа таарахаа больж хүүхэд өвдөөд энэ асуудал гарсан. 2018 онд би ахлагч цолтой байсан боловч дахин нэг жил сонсогч болж саяхан мөрдөгч болсон. Надад хотод тогтсон хаяг байхгүй. Х  намайг хүүхэдтэй уулзуулах дургүй байдаг. 2019 оны 9 дүгээр сар хүртэл би охинтойгоо тогтмол уулздаг байсан. Миний ажиллаж байгаа дүүрэг гэмт хэрэг гардаг ачаалал ихтэй тул надад уулзах цаг зав бага байдаг. Амралтын өдөр охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй. Би эцэг хүний хувьд охиноо хайраар дутаахгүй, охиныг 6 нас хүртэл ээжийнх нь асрамжид байсан нь дээр гэж үзсэн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О.Х ын хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.Х , Н.Н  нар нь 2016 онд танилцсан, мөн үеэс хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2017.09.10-ны өдөр охин Н.Б  төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь .............. дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2017.09.10-ны өдөр төрсөн охин Н.Б , эцэг Н.Н , эх О.Х  нарын хооронд эрх, үүрэг үүснэ. 

 

 Н.Н , О.Х  нар 2018 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Н.Б  эхийн асрамжид байсан ба хариуцагч Н.Н  хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болно.

 

 Хариуцагч хүүхэдтэйгээ уулзаж байхыг хүссэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017.09.10-ны өдөр төрсөн охин Н.Б ыг  эх Л.Х ын асрамжид үлдээсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2017.09.10-ны өдөр төрсөн охин Н.Б ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Н.Н ээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Н ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ