Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 18

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

        Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

        Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өэд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Б.Ө

        Шүүгдэгч Б.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... уулзвар дээр ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а, 2.5.в, 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалтуудыг зөрчин иргэн Э.Зын жолоодож явсан ... улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 260.000 төгрөгний хохирол учруулан зам тээврийн осол гаргаж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч Б.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнөх шөнө нь 5 уулаа нэг 0,75 граммын архи уусан байсан. Үлээхэд 0.17 гарсан. Архи уусан байсан болохоор эрхээ хасуулахаас айгаад зугатаасан. Тухайн үед тэр залуутай зохицчихье гэсэн чинь миний хажууд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. Иргэний нэхэмжлэгч Э.Зын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед хотоос Замын-Үүд орох гэж өөрийнхөө ... улсын дугаартай Соната 6 маркийн машинтай гарсан юм Тэгээд 2016 ны 11 дүгээр сарын 17-ны өглөө 06 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сумым зүүн урд байх хогийн цэгийн хажууд байх Сод монгол шатахуун түгээх станц дээр ирээд баруун урагшаа гарч төв замруугаа нийлэх уулзвар дээр би зогссон ба тухайн үед нэг ачааны том машин уг уулзвар дээр замаа шахаад баруун гар талруугаа зогссон байсан... би нийтийн бие засах газар ороод гараад ирэхэд миний машины хойд талд зогсож байсан нөгөө ачаатай том машин ухраад чиргүүлийн ар талаараа миний машины ар талыг нь мөргөчихсөн байхаар нь хүрээд очиход нөгөө машин хөдлөөд явчихсан юм. Тэгээд тэр машин Сод монгол шатахуун түгээх станцын баруун хойшоо төв замруугаа нийлдэг уулзвар дээр очоод зогсоход нь би араас нь гүйж очоод жолооч талын хаалгыг нь тогшоод нээхэд нэг залуу хаалгаа нээгээд яасан бэ юу болсон гэсэн юм. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ ардаа зогсож байсан машин мөргөчихлөө ш дээ гэхээр нь чи гараад ир гээд тэр залууг дагуулаад машин дээрээ очиж харуулсан юм. Тэгтэл жолооч залуу одоо яанаа хоёулаа зохицъё гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи өөрөө архи уучихсан согтуу байж гэхэд юм ярихгүй байгаад байсан юм... Тэгээд би цагдаа руу залгахад нөгөө жолооч залуу машин руугаа орж байсан ба юм хэлэлгүй шууд хөдлөөд яваад өгсөн юм... Уг машин миний машиныг мөргөөд ар талын салхины шилийг хагалчихсан, мөн ар талын гуперыг гэмтээсэн, зүүн гар талын арын гэрэл дохиог хагалчихсан юм. Мөн зүүн хойд талын хаалганы дээд тал хонхойсон юм... Миний машиныг мөргөсөн жолооч архи уусан бололтой архи үнэртэж байсан юм...

...Ө гэх залуу миний машинд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Надад 810.000 төгрөг өгсөн миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл одоо бол байхгүй... гэсэн мэдүүлэг,

Гэрч И.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны орой гэртээ байж байхад найз Ө манайд найз Гийн хамт 01 цагийн үед ирсэн юм. Тэр үед багцаагаар 02 цаг болж байсан байх... Ө ангийнхаа охинтой уулзсан... Тэр үед нэг охинынх нь төрсөн өдөр болж байгаа гэж байсан ба Ө нэг шил 0,75 гр архитай явж байсан тэрийг нь төрсөн өдөр болж байгаа гэж байсан охинд гаргаж өгсөн юм. Тэгээд тэр архийг машин дотор сууж байгаад ууцгаасан... Тэгээд өглөө гэгээ гараад үүр цайсан юм. Тэгээд Ө хот явна гээд машин дээрээ очиж бууна гэсэн ба бид нар хамт машин дээр нь очсон юм... Тэгээд л Ө машинаа асааж байгаад хөдөлсөн ба Сод Монголын баруун хойшоо гарч төв замд нийлдэг уулзвар дээр ирээд зогсоход нэг хүн жолоочийн хаалгыг нь тогшоод байсан. Тэгээд Ө цонхоо нээхэд чи машин мөргөчихлөө ш дээ гэсэн юм. Тэгээд Ө бид 2 буугаад очиход Соната 6 маркийн машины ар талын шилийг нь хагалчихсан гупер нь хонхойчихсон байсан... Тэгэхэд нь манай найз нөгөө жолооч хоорондоо зохицохгүй байна цагдаа дуудаж байх шиг байна бөөн юм болно аягүй бол эрх хасагдах байх хойшоо гараад байж байя гэсэн юм. Тэгээд л би хажууд нь суугаад манай найз машинаа бариад чигээрээ хойшоо яваад өгсөн юм... тэгээд чигээрээ хойшоо явж байгаад араас машин дагаж байна уу хар даа гэсэн ба би толинд юм харагдахгүй байсан юм. Тэгтэл манай найз морь барианы уулзвараар баруун гар тийшээ эргээд шороон замаар чигтээ явсан ба тэгэхэд араас нэг машин ирж байгаа харагдсан тэгээд би машин ирж байх шиг байна гэсэн тэгээд л манай найз цаашаа яваад зогссон юм тэгтэл цагдаагийн хүмүүс ирээд бид 2-ыг машинаас буулгасан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 16- наас 17- ны хооронд би Цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2016 оны 10 сарын 17-ны өглөө 06 цаг40 минутын орчимд аймгийн зүүн урд талын Сод Монгол шатахуун түгээх станцын зогсоол дээр байсан машиныг ачааны машин мөргөчихөөд зугтаагаад хойшоо засмал замаар явчихлаа гэсэн дуудлага ирсэн ба тэр даруйд нь би жижүүрийн машинтай замыг нь амдаад явахад аймгийн морь барианы хойд талд засмал замаас гараад шороон замаар зүүн хойшоо чигтэй овооны ар талруу орж байгаа харагдсан юм. Тэгээд би араас нь машинтайгаа очиход тухайн ачааны автомашин нь .. улсын дугаартай автомашин байсан ба уг машин нь намайг очиход зогссон юм. Тэгээд би буугаад очиход жолооч нь гээд нэг залуу гарч ирсэн ба нэрийг нь Ө гэж байсан... Тэгээд уг машиныг шалгаад зогсож байхад араас жижүүрийн бүрэлдэхүүн ирээд уг машинд үзлэг хийсэн юм... Тухайн автомашиныг барьж явсан жолооч нь урьд орой нь архи уусан гэж ярьж байсан ба нээх айхтар согтуу нь бол гайгүй байх шиг байсан. Тухайн үед орой нь архи уучихсан байсан болохоор айгаад зугтаачихсан юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Норд бенз маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17- д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэсэн дүгнэлт

Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай үнэлгээнд: “...Соната 6 маркийн автомашины ар талын салхины шил 1 ширхэг 140.000 төгрөг, хойд буфер 1 ширхэг 80.000 төгрөг, зүүн хойд талын гэрэл 40.000 төгрөг, нийт 260.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13/,

Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /32-33/,

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ Эд зүйлийн үнэлгээ хийх тогтоол /хх-ийн 37-/

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 39/ Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай /хх-ийн 63/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51-52/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... уулзвар дээр ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин иргэн Э.Зын жолоодож явсан .. улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Шүүгдэгч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а, в-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан дээрх газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Иргэний нэхэмжлэгч Э.Зын мөрдөн байцаалтад өгсөн: би нийтийн бие засах газар ороод гараад ирэхэд миний машины хойд талд зогсож байсан нөгөө ачаатай том машин ухраад чиргүүлийн ар талаараа миний машины ар талыг нь мөргөчихсөн байхлаар нь хүрээд очиход нөгөө машин хөдлөөд явчихсан юм. ... Тэгээд би цагдаа руу залгахад нөгөө жолооч залуу машин руугаа орж байсан ба юм хэлэлгүй шууд хөдлөөд яваад өгсөн юм... Уг машин миний машиныг мөргөөд ар талын салхины шилийг хагалчихсан, мөн ар талын гуперыг гэмтээсэн, зүүн гар талын арын гэрэл дохиог хагалчихсан юм. Мөн зүүн хойд талын хаалганы дээд тал хонхойсон юм... Миний машиныг мөргөсөн жолооч архи уусан бололтой архи үнэртэж байсан юм......Ө гээд залуу миний машинд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Нийт надад эвдэрсэн эд зүйлийг шинээр авах мөнгө болон засвар үйлчилгээ хийлгэх мөнгө гээд нийт 810.000 төгрөг өгсөн миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл одоо бол байхгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч И.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны орой гэртээ байж байхад найз Ө манайд найз Гийн хамт 01 цагийн үед ирсэн юм. Тэгээд би Өэд 1 лааз пиво гаргаж өгсөн ба бид 2 нэг лааз пиво уусан юм... Тэр үед багцаагаар 02 цаг болж байсан байх... Тэгээд л Ө машинаа асааж байгаад хөдөлсөн ба Сод Монголын баруун хойшоо гарч төв замд нийлдэг уулзвар дээр ирээд зогсоход нэг хүн жолоочийн хаалгыг нь тогшоод байсан. Тэгээд Ө цонхоо нээхэд чи машин мөргөчихлөө ш дээ гэсэн юм. Тэгээд Ө бид 2 буугаад очиход Соната 6 маркийн машины ар талын шилийг нь хагалчихсан гупер нь хонхойчихсон байсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уг машиныг шалгаад зогсож байхад араас жижүүрийн бүрэлдэхүүн ирээд уг машинд үзлэг хийсэн юм... Тухайн автомашиныг барьж явсан жолооч нь урьд орой нь архи уусан гэж ярьж байсан ба нээх айхтар согтуу нь бол гайгүй байх шиг байсан. Тухайн үед орой нь архи уучихсан байсан болохоор айгаад зугтаачихсан юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .. дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний .. дугаартай үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Өийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгч Э.Зын мөрдөн байцаалтад өгсөн “Ө гэх залуу миний машинд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Надад 810.000 төгрөг өгсөн миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл одоо бол байхгүй... гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Өийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Өэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Б.Өийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийг  1 жил хорих ял  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4.Шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

           5.Шүүгдэгч Б.Өэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

 

            6.Энэ хэрэгт Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2016 оны 12 сарын 29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.                                           

 

 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

             8.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН