Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0080

 

“К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

“Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102214/02/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр болон зөвлөмжийн “К” ХХК болон “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

“К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах,

“Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, өмгөөлөгч К.Ж

Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, өмгөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 119/2025/0044/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.2.2, 17.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2024500102214 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах, “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...Шүүхийн шийдвэрийн 3.6. Тендерийн Үнэлгээний хорооноос “Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т заасан шаардлага хангахгүй” гэж тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд: Тендерийн баримт бичигт тендерт оролцогч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг ирүүлэх шаардлага тавигдаагүй бөгөөд манай компани цахимаар хүргүүлсэн тендерийн саналд улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, түүний хавсралт болон апостиль гэрчилгээ, гүйцэтгэх захирал Х-ийн гадаад паспортын хуулбарыг хавсаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн 3.7. ТШЗ-ийн 16.2-т Ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм. Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж заасан байх ба уг шаардлагын дагуу “К” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүргүүлсэн байна. Уг улсын бүртгэлийн хэсэгт 2024.11.20-ны өдөр Х-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн 3.8. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13 дугаар зүйлийн 13.2-т Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: 13.2.2-т “оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/, 16.3-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ”, 16.3.1-т “хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг”, 16.3.2-т “гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг” гэж тус тус зааснаас үзвэл зөвхөн гадаадын хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн паспорт, түүнийг орлох баримт бичгийг ирүүлэх талаар тусгажээ.

Шүүхийн шийдвэрийн 3.9. Монгол Улсын хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаад паспортыг ирүүлэх, түүнийг Монгол хэлээр орчуулах, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт заагаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-аас “... ерөнхий захирал Х-ийн паспортыг заавал ирүүл гэсэн зүйл ТШЗ дээр байхгүй ...” талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн.

Шүүхийн шийдвэрийн 3.10. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн, тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримтад тендерийн Үнэлгээний хороо дүгнэлт өгснийг тендерийг мэргэжлийн түвшинд хянан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн 3.11. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар тендерт оролцогч “К” ХХК нь захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан тендерийг хүргүүлсэн байхад “ТШЗ 12.1-т заасан шаардлага хангахгүй” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ.

Шүүхийн шийдвэрийн 3.12. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж зааснаар тендерийн Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг зохих түвшинд хийгээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Дээрх байдлаар “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.4.2, 26.4.4, 26.6-т заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоосон.

Гэтэл анхан шатны шүүхээс тендер хянан үзэх шатанд гаргасан алдаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасныг хэрэглэж байгаа тохиолдолд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах нөхцөл байдлыг цаашид тодруулах нөхцөл байдлын талаар заавал дурдаж, энэ талаар үндэслэлийг заах үүрэгтэй боловч үндэслэл бүхий нөхцөл байдлыг заагаагүй байна. Шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тодруулах нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна.

Тодруулбал, тендерийн оролцогч “О” ХХК-ийн ирүүлсэн тендерт санал болгож буй U oil тосны техникийн үзүүлэлт нь бүрэн хангаж байгаа баримт бүрэн ирээгүй бөгөөд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтэд 20 шаардлагын 5-6 дугаарт нийлүүлэх тосны Кинематик зууралдлагын хэмжээ 115-121 хооронд байх шаардлага тавьсан бөгөөд тендерт оролцогч “О” ХХК-ийн боловсруулсан бүтээгдэхүүний брошур болон техникийн тодорхойлолтод 40 ̊С-т Кинематик зууралдлагын хэмжээг 115.3 мм2/с гэж илгээсэн байна. Гэсэн хэдий ч тус компанийн санал болгож буй бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэрлэгчийн сайтад байршуулсан бүтээгдэхүүний брошур дээр 40 ̊С- Кинематик зууралдлагын хэмжээг 113.8 мм2/с байгаа нь техникийн доод шаардлага үзүүлэлтэд хүрэхгүй.

Тендерийн баримт бичгийнх ТШЗ 17.5-ийн 1-т Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 2-т Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан баримтыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно/. ШТЗ-ийн 3 дугаар бүлэг Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын тайлбар хэсэгт “дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулүгыг хавсаргана гэж тус тус заасан байхад “О” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолт нь бүрэн биш буюу хавсаргасан U тосны танилцуулга нь бүх үзүүлэлтийг нотлохгүй болох нь тогтоогдсон.

Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд U тосны цахим орчинд байгаа танилцуулга болон хэрэгт байгаа танилцуулга нь ач холбогдолгүй, бид шинээр тос үйлдвэрлэж өгнө гэх тайлбар гаргасан нь техникийн тодорхойлолтын шаардлагын нотлох баримт үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг, тодорхойлолт байж болно гэж заасныг зөрчсөн болохыг нотолж байна.

Гуравдагч этгээд “О” ХХК нь “нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэл, түүний үндэслэл /техникийн үзүүлэлтийг хангахгүй байгаа тухай үндэслэл бүхий нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд/-тэй холбоотой хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 12 сарын 05-ны өдөр ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

“К” ХХК нь 1 708 245 000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн бол гуравдагч этгээд “О” ХХК нь 1 728 800 000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байна. Бусад шаардлага хангасан тендер ирүүлсэн “М” ХХК нь 1 776 574 800 төгрөг, “У” ХХК нь 2 157 855 084 төгрөг, “И н” ХХК нь 1 863 540 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоосон тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлгүй.

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.2. “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.4.2, 26.4.4, 26.6-т заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоосон байна.

Энэ тохиолдолд хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актыг үндэслэж гарсан, “хамгийн сайн” гэж үнэлэгдээгүй, нэхэмжлэгчээс өндөр үнийн санал ирүүлсэн “О” ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасныг зөрчиж байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байна.

“К” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

Энэхүү гомдлын 2 дугаар бүлэгт заасан үндэслэлээр “шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлгүй тул “шаардлага хангасан тендер хүргүүлсэн, бага үнийн санал” ирүүлсэн “К” ХХК-д шууд гэрээ байгуулах эрх олгох үндэслэлтэй тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг зөрчиж байна.

2.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гуравдагч этгээд “О” ХХК-ийн тендер нь шаардлага хангаагүй талаарх ижил төстэй барааны нийлүүлсэн туршлага хангахгүй байгаа болон U тосны танилцуулгыг дутуу орчуулж хүргүүлсэн зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн байх ба гуравдагч этгээдээс няцаасан, үгүйсгэсэн баримт, тайлбарыг гаргаагүй.

Тендер шалгаруулалттай маргааныг шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилтод нийцээгүй шийдвэр гаргасан. Учир нь хууль бус захиргааны акт болохыг тогтоосон атлаа тухайн захиргааны актуудыг хүчингүй болгохгүйгээр дахин 1 сарын дотор шинээр захиргааны акт гаргахыг даалгаж байгаа нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж “Э” ТӨҮГ-ы ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдэл болон “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах, худалдах авах гэрээг тус тус хүчингүй болгож, “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Э” ТӨҮГ Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалт 2025 оны 9 сарын 10-ны өдөр нийтэд зарлаж 2025 оны 10 сарын 13-ны өдөр нээж манай үйлчлүүлэгч “О” ХХК шалгарсан.

Уг тендер шалгаруулалтад оролцсон “К” ХХК нь захиалагч “Э” ТӨҮГ-ийн буюу захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам)-д хандан гомдол гаргасныг Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.1.3-т “Захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах” гэж заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг журмын 4.6-д заасны дагуу буцаасан байдаг.

Гэтэл “К” ХХК нь Сангийн яамнаас өгсөн хариуг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандан “Э” ТӨҮГ болон “ЭҮТӨҮГ/20250102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороо”-г тус тус хариуцагчаар нэрлэн ““Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

“Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102214/02/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр болон зөвлөмжийн “К” ХХК болон “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдэл, “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2024500102214 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах, “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гуравдагч этгээд “О” ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.1. Тендер шалгаруулалтын үр дүнг “К” ХХК нь эс зөвшөөрч 2025 оны 11 сарын 07-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасан боловч Сангийн сайдын 2023 оны А/253 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмынх 4.1. Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд: 4.1.3. захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах гэж заасан шаардлага буюу бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр уг журмын 4.6-д Сангийн яам энэ журмын 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5-д заасныг зөрчсөн …гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана”, 59.3-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна” гэсэн хууль болон журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Сангийн яам 2025 оны 11 сарын 12-ны өдрийн №02/10123 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцааж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн уг хуулийн 59.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүхэд гаргах нэхэмжлэл нь 59.8-д заасан “шийдвэр”-ийг эс зөвшөөрсөн нөхцөлд шүүхэд хандах эрх үүсэх байдлаар зохицуулагдсан байгаа нь харагдаж байна.

Гэтэл “К” ХХК-ийн Сангийн яаманд хандан гаргасан гомдлыг ямар нэгэн байгууллага албан тушаалтан хянан шийдвэрлэсэн буюу шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэгдсэн байх шаардлага хангагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү.

3.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ захиалагч буюу “Э” ТӨҮГ болон ЭҮТӨҮГ/202500102214/02/01 дугаартай, Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороог тус тусад нь хариуцагчаар зааж нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн л үүний дагуу захиалагч болон үнэлгээний хороонд хоёуланд нь холбогдуулан хоёр хариуцагчийг нэрлэн зааж захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гаргасан.

Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ТӨҮГ-ыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Б, үнэлгээний хороог төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.Э нарыг тус тус томилсон итгэмжлэлийг “Э” ТӨҮГ-ын захирал Г.Ё 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 4497 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичгээр олгосон байдаг.

Үнэлгээний хороог төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг захиалагч байгууллага томилох эрхгүй талаар миний бие анхан шатны шүүх хурал болон урьдчилан хэлэлцүүлгийн аль алинд оролцохоо хэлж процессын хувьд алдаатай шүүх хуралдаан явагдаад байгааг сануулсан боловч шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасныг үндэслэн захиалагч байгууллагын захирал нь үнэлгээний хороог төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж итгэмжлэл олгосон нь зөв гэж дүгнэж байгаагаа танилцуулсан. Гэтэл уг хуулийн заалт нь үнэлгээний хороо татан буугдсан нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд үнэлгээний хороо татан буугдсан гэж үзэх үндэслэл байхгүй байхад тийм байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Ийм процессын алдаа гарснаараа үнэлгээний хороо гэх хариуцагч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй, үнэлгээний хороонд нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөөгүй, үнэлгээний хороо хариу тайлбар өгөөгүй, үнэлгээний хороо шүүх хуралдаанд оролцоогүй гэж үзэх үндэслэл бүрдсэн.

Гэтэл … Үнэлгээний хорооны 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж … гэсэн Үнэлгээний хороонд даалгасан агуулгатай шүүхийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй этгээдэд шүүх үүрэг хүлээлгэх ёсгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

3.3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хоёр хариуцагч татахаар зааж, таван ширхэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр хариуцагч нь тендер шалгаруулалтад өөр өөр чиг үүрэгтэй оролцож, өөр өөр захиргааны актууд гаргасан. Түүнчлэн энэхүү таван ширхэг нэхэмжлэлийн шаардлагын чухам алийг нь аль хариуцагчид холбогдуулан гаргаад байгаа нь ойлгомжгүй байсан.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн зарим зүйл нь захиргааны акт мөн эсэх нь эргэлзээтэй, тодруулбал “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112/12/11117 дугаартай мэдэгдэл нь захиргааны акт мөн эсэх, эсхүл захиргааны актын агуулгыг хариуцагч нарт мэдэгдэж байгаа албан бичиг хэлбэртэй захидал эсэх. Хэрвээ захиргааны акт биш бол захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх нь ойлгомжгүй болж байна.

Эдгээрээс гадна анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн хяналт хэрэгжүүлэх нэгжийн шийдвэр захиргааны акт мөн эсэх, хэрвээ мөн бол уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй талаар мэтгэлцээн явагдсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Манай үйлчлүүлэгч “О” ХХК-ийн нийлүүлэх тосны чанар нь захиалагчийн худалдан авахыг хүссэн чанарын шаардлагад хангалттай нийцэх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн тайлбар хийнэ. Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “К” ХХК нь ““Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102214/02/01 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр болон зөвлөмжийн “К” ХХК болон “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах, “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “К” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт материал ирүүлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанаар тендерийн материалыг хянан үзээд нэхэмжлэгч “К” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлжээ. Захиалагчаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Улмаар Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, тендерийг дахин хянан үзэж, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгосноор захиалагчтай 2025/03-20 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан бол “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/11123 дугаар мэдэгдлээр “...“К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /2024.09.20/-нд Х-ийн гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн байх боловч баталгаат орчуулгагүй тул ТШЗ 12.1-д заасан шаардлагад хангахгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан үйл баримтууд тогтоогдлоо.

2.3. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-д “Тендер шалгаруулалтын зардал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг оролцогч бэлтгэн ирүүлнэ” гэж заасан байхаас гадна ТШЗ 13.2.2-т “оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/, 16.3-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ: 16.3.1-т хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг; 16.3.2-т гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг”-ийг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэхээр тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд 2011 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани байх бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох S овогтой J C нь өөрөө тендерийг баталгаажуулан ирүүлсэн байгаа энэ тохиолдолд түүний гадаад паспортын хуулбарыг баталгаат орчуулгын хамт ирүүлэх шаардлагагүй, үүнийг заавал орчуулж ирүүлэх талаар Тендер шалгаруулалтын зааварчилгаанд заагаагүй атлаа захиалагчаас нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс ийнхүү татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.4. Хэдийгээр захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичигт шаардаагүй баримт бичгийг шаардан нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс ийнхүү татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцээгүй болох нь тогтоогдсон боловч анхан шатны шүүх “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

2.5. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д ““худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг” ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн нь хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой журамлан зохицуулсан төдийгүй нэгэнт нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг хянан үзэх үе шатнаас хассан байгаа энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжид халдаж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, цаашлаад нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул захиргаа өөрөө тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг хянан үзэж, шийдвэрлэх нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцнэ.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүх нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэдэг.

2.6. Хэдийгээр анхан шатны шүүх хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй, хэргийн нөхцөл байдлыг нэмж тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн талаар дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, зарим маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн ““Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос” нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй шийдэл болсон байх тул шийдвэрт дээрх шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар захиалагч нь хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох бөгөөд нэгэнт уг тендер сонгон шалгаруулалтын хувьд захиалагч болон үнэлгээний хороо нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэл нь хууль бус болох нь тогтоогдсон, улмаар тендерт оролцогч нарын ирүүлсэн материалыг дахин үнэлж дахин шинэ акт гаргахаар маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлсэн атлаа захиалагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүйд хүргэхээр байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахаас гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “ЭҮТӨҮГ/20250102214” гэх тендерийн дугаарыг “ЭҮТӨҮГ/202450102214” гэж буруу бичсэн байх тул мөн зөвтгөв.

2.7. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэгэнт захиалагч болон гуравдагч этгээд “О” ХХК-ийн хувьд Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос Худалдах-худалдах авах гэрээг байгуулсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Сангийн яаманд хандан гаргасан гомдлыг ямар нэгэн байгууллага албан тушаалтан хянан шийдвэрлэсэн буюу шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэгдсэн байх шаардлага хангагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснийг хуульд нийцээгүй...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Нөгөөтээгүүр, захиалагч “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ГЁ-117-12/4497 дугаар албан бичгээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Үнэлгээний хороог төлөөлөн оролцох бүрэн эрхийг олгож Л.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна”, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 3.5-д “Үнэлгээний хороо бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол захиалагчийн шийдвэрээр үнэлгээний хороог төлөөлөх эрх бүхий этгээдийг томилно” гэж тус тус заасанд нийцсэн, түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа алдаа зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.2.2, 17.3, 17.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6, 28 дугаар зүйлийн 28.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Э” ТӨҮГ болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2025/03-20 дугаартай Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн тос нийлүүлэх Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102214 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийн нэхэмжлэгч “К” ХХК болон гуравдагч этгээд “О” ХХК-д холбогдох хэсэг, тус үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Э” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11123, мөн өдрийн “Э” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11117 дугаартай мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн “3” дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг “3” болгон тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            М.ЦЭЦЭГМАА

 

 

ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН