Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/03117/И |
Дугаар | 183/ШШ2020/00255 |
Огноо | 2020-01-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2020/00255
2020 оны 01 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2020/00255 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .......... . тоотод оршин суух, З /РД: ................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот-36, Хан-Уул дүүргийн ................ өөрийн байр, Д ТӨХК /РД:2546191/-д холбогдох,
Санхүү бүртгэлийн хэлтсийн ачигч, буулгагчийн ажилд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь 2019 оны оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/429 тушаалаар компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсаныг Э.З эс зөвшөөрсөн. Учир нь Э.З тухайн байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байсан. Болсон явдлын тухайд агуулахын нярав ээлжийн амралттай, Э.З бол ачигч, буулгагч ажилтай. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс агуулахын няравын ажлыг давхар хийх болсон. Ажлаа хийж байх явцад Б жолоочийн гуйснаар дамартай зэс утас өгөөд гаргасан. Б нь зэс утас авахдаа хүнд үзүүлээд буцаагаад аваад ирнэ гэсэн. Зэс утас байгууллагаас гаргах гэж байна гээд асуухад нь З би өгсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл байгууллагаас зэс утас хулгайлах гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Хувийн байдлын хувьд З охинтойгоо хамт амьдардаг өрх толгойлсон эцэг. 2008 оноос хойш тухайн байгууллагад ажиллаж хөдөлмөрийн хөлсөөрөө амьдарч байсан тул маш их гомдолтой байна гэсэн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлдээ “...байгууллагын ажил хийж байхдаа би өөрийнхөө ажлыг хийгээгүй хүний ажлыг хийдэг байсан. Ажлаа хийж байхдаа аль болох түргэн шуурхай ажиллах юмсан. Эндээс юм авч ашиг олох санаа зорилго байгаагүй тийм учраас надад гомдолтой байна. Хулгай хийхийг завдсан түүхтэй залуу хүн хаана ч ажилд орж чадахгүй. Би энэ зэс утсыг авч гарч ашиг олохгүй хулгайлах санаа байхгүй байхад ингэж ажлаас халсанд гомдолтой байна” гэж бичсэн байна. Дээрээс нь тушаалд дурдсан үндэслэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул Э.З г санхүү бүртгэлийн хэлтсийн ачигч буулгагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.З нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед компанийн жолоочоор ажиллаж байсан Б ид зэс утас өгсөн гэдэг, харуулын нэгдүгээр цэг дээр станцын эзэмшлийн автомашиныг жолоодож гарах үедээ объектоос 29 кг 2 ширхэг хар өнгийн дамартай ф-0,75 маркийн зэс утсыг зөвшөөрөлгүй авч гарахад нь харуул саатуулсан. Яагаад авч гарах гэж байсан бэ гэж асуухад санхүү бүртгэлийн хэлтсийн няравын ажлыг орлон гүйцэтгэж байсан З гоос авсан гэж хэлсэн. Иймд энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзээд харуул хамгаалалтын хэсэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг үүсгэж шалгуулахаар гомдол гаргасан. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд одоо хүртэл шалгагдаж байна. З гийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасны дагуу хөдөлмөрийн дотоод журам бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна гэж үзээд хуульд заасан хугацаанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Э.З гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.З нь Д ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтсийн ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн байна.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “...компанийн 29 кг, 2 ширхэг хар өнгийн дамартай ф-0.75 маркийн зэс утсыг хууль бусаар гаргах үйлдэлд нэхэмжлэгч хамтран оролцсон нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас халсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд Э.З нь 2008 оноос хойш тус байгууллагад ажиллаж байгаа гэх бөгөөд Д ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчаар 2016.02.01-ний өдрөөс томилогдсон тухай нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Гэтэл Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.09.25-ны өдрийн Б/429 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 5, Д ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн 2019.09.24-ний өдрийн 2019/01 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Э.З г санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчийн ажлаас халсан байна.
Дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцээгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай юм.
Хариуцагчийн төлөөлөгч “...ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарладаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд мөн хуулийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-т дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байх бөгөөд ажлаас халсанаар тухайн ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа шууд зогсдог.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь зүйтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.
Нэхэмжлэгч Э.З г ажлаас халсан тушаалд “...материалын няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан” гэж тусгаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзжээ.
Хэрэгт авагдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2019.09.24-ний өдрийн 3/635 албан мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.10.01-ний өдрийн 191002271 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол зэргээс үзэхэд иргэн Л-ээс гаргасан “...Д ТӨХК-ийн шалганаар тус станцад ажилладаг Л.Б нь зөвшөөрөлгүй зэс утсыг авч гарах гэж байсан” гэх бүртгэлтийн Х-1-1037 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Дээрх прокурорын тогтоолд Э.З гийн үйлдэл тусгагдаагүй, харин 2019.09.19-ний өдөр түүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд Э.З д холбогдуулан гомдол, мэдээлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан, гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажил олгогчийн зүгээс “...компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан” гэж үзсэн нь буруу болжээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар Э.З г Д ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5,958,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамыг үндэслэн 2019 оны 7,8,9 сарын цалингийн дундажыг 1,307,308 төгрөг, 1 өдрийн цалинг 60,806 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019.09.25-ны өдрөөс хойш 2020.01.27-ныг хүртэл 98 хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговорын хэмжээг 5,958,988 төгрөг болохыг тогтоосон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.
Иймд Э.З гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч Д ТӨХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 110,294 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Э.З г Д ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д ТӨХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5,958,988 төгрөг гаргуулж Э.З д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д ТӨХК-иас 110,294 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ