Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******т холбогдох эрүүгийн 2315001440201 дугаартай 163/2023/0182/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, Булган аймгийн Булган суманд 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тохижилт үйлчилгээний ангид ногоон байгууламжийн цэцэрлэгч ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Булган аймгийн *** сумын ** дүгээр багийн  *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, 1-18 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 37 настай, эмэгтэй, РД: .

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315001440201 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах нийтийн бие засах газарт хохирогч Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн алга, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай ажлынхан цайндаа орсон. Тэгэхэд ******* эгч надтай маргалдсан. Тэгэхэд манай ажлын *******, *******, ******* эгч нар та хоёр ямар ядаргаатай юм бэ?, цайгаа уумаар байна гэж хэлээд нөгөө өрөөнд орсон. Тэгээд ******* эгч бид хоёр хоолоо идээд үлдсэн. Тэгэхэд ******* эгч босож ирээд хоолтой аяга барьсан гар руу цохиод аяга газар унаад хоол асгарсан. Тэгээд би босож ирээд та яаж байнаа гээд би аягаараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөр байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол шалгах хугацаа сунгасан тогтоол (хавтаст хэргийн 1-2 дахь тал),

- Хохирогч Д.*******ийн өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн төвд байрлах Цогт хун тайжийн талбайг ажлынхантайгаа цэвэрлэж байгаад 11 цагийн орчимд нийтийн бие засах газар руу орж хэсэг амарсан. Тэгтэл Ууган гэх эмэгтэй нь бид нарыг ажил муу хийсэн гэж доромжлоод байхаар нь би тухайн эмэгтэйг ах, эгч хүнийг хүндэлж мэддэггүй, өөрөөсөө эгч хүмүүстэй ингэж харьцаж болдог юмуу гээд маргалдсан. Улмаар би Ууган гэх эмэгтэйн цайтай аягыг нь гараараа цохиж цайг нь газар асгасан. Тэгтэл Ууган гэх эмэгтэй уурлаад миний барьж байсан аягыг хагалаад хагархай хэсгээр нь миний толгой хэсэгт нэг удаа цохисон. ...Тухайн үед толгой өвдөөд толгойны эм авч уусан. Өөр эм тариа хэрэглээгүй. Би шүүх хуралд суухгүй. Одоо надад ямар нэг гэмтэл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 63 дахь тал),

- Гэрч Р.*******ийн өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шиг санагдаж байна. Өдөр 12 цагийн орчимд талбай дээр хог цэвэрлэчхээд нийтийн бие засах газарт очиж өдрийн цайгаа уух гээд *******, Ууган, *******, ******* гэх эмэгтэй нар байсан. Тэгээд нийтийн бие засах газар дотор ороод цай уугаад сууж байтал *******, Ууган нар нь хоолны мах түүж идлээ гээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь би *******, ******* гэх эмэгтэй бид гурав тухайн өрөөнд хэрүүл маргаантай цай унд ууж болохгүй байна гээд тухайн өрөөнөөс гарч коридорт сууж цай уусан. Тэгтэл нөгөө *******, Ууган нарын байсан өрөөнөөс түс тас хийгээд дуу чимээ гарахаар нь би түрүүлж өрөө лүү нь ортол *******ийн чихний араас нь цус гарч байсан. Мөн тухайн өрөөнд аяга хагарчихсан байсан, харин *******, Ууган нар нь хэрүүл маргаан хийсэн байхаар нь би очиж салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Гэрч Л.*******ы өгсөн: Би одоо он сар өдрийг нь нарын санахгүй байна. Бид нар Цогт хун тайжийн талбайг цэвэрлэж байгаад өдөр цайны цагаар нийтийн бие засах газарт орж өдрийн цайгаа уусан. Тухайн үед *******, *******, *******, Ууган бид тав байсан бөгөөд жижгэвтэр өрөөнд орж цай уусан. Тухайн үед юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. *******, Ууган нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би *******, ******* нарын хамтаар тухайн өрөөнөөс гарч цай унд ууж байтал аяга хагарах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би *******, ******* бид хэд нөгөө өрөө лүү ортол аяга газар хагарчихсан байдалтай *******ийн толгойноос цус гарчихсан байдалтай байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай: Д.*******ийн биед зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн алга, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

- Шинжээч эмч Б.Батбаярын өгсөн: Дээрх гэмтэл нь чихний арын төвгөр хэсэг буюу чихний хөхлөг сэртэнд босоо байрлалтай шарх гэмтэл байсан түүний улмаас орчны эд хавдаж чихэнд нөлөөлсөн байсан. Тийм учраас чихэнд шарх гэж бичсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

- Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч О.*******ийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 71 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч О.*******ийн аягаар толгой хэсэгт цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэлийн баримт хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч О.*******, хохирогч Д.******* нар нь эвлэрч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэдгийг шүүхээс тов мэдэгдэхэд шүүгчийн туслахад илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тэмдэглэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч дахин өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч О.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан, өрх толгойлсон, 4 хүүхэдтэй ганц бие эх зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ