Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00977

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр                      Дугаар 183/ШШ2020/00977                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч- А.С нэхэмжлэлтэй,

хариуцагч- З.Б холбогдох,

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, гэрч М.С, нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-13-66 тоот 3 өрөө орон сууцыг төрсөн ах А.Сд 30.000.000 төгрөгөөр 2017.01.12-ны өдөр худалдсан бөгөөд тэрээр худалдаж авахаар тохиролцсон мөнгөө өгч чадалгүй 2017.01.26-нд өвчний учир нас барсан юм. Иймд одоо тус орон сууцыг өв залгамжилж авсан З.Б 30.000.000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд А.Сгийн надад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр 30.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний нөхөр А.С нь 2002 онд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-13-66 тоот хаягт байрлах 38 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр төрсөн дүү А.Сгээр худалдан авхуулсан байр юм. Энэ хугацаанд нөхөр маань өөрийн ээжийг түр амьдруулж, төрсөн дүүгийнхээ нэр дээр байлгаж байгаад өвчний учир эрүүл мэнд нь өдөр өнгөрөх тусам доройтож байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгөө өөрийн гэр бүлд үлдээхийн тулд өөрийн дунд хүү С.Мөнгөний хамтаар А.Сгээс шилжүүлж авч гэрчилгээг гаргуулсан болно. Ингээд 2017-01-28-ны өдөр өвчний улмаас нас барсан учраас Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 2018-01-30-ны өдрийн 12 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж өвлөж авсан.

Миний бие гэр бүлийн хамтаар 2004-2019 оныг хүртэл тус байранд зуны амралт болон бусад шаардлагатай үедээ ирж очин амьдарсаар байсан. 2017 оны 01 дүгээр сард талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй байсан учир эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага гэрээг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл одоо 7-15 насны 3 өнчин хүүхдээ ганцаараа өсгөж яваа намайг сэтгэл санааны хувьд хямраагаад зогсохгүй өөрийн ахынхаа ясыг өндөлзүүлэх үйлдэл гаргаж байгаад үнэхээр их гайхаж, харамсаж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-13/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.С нь 2017-01-12-ны өдөр А.С, С.Мөнгөн нартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30.000.000 төгрөгийг А.Сод-Эрдэнийн өв залгамжлагчаар тогтоогдсон хариуцагч З.Б гаргуулахаар шаарджээ /хх-1/.

 

Дээрх гэрээний зүйл нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-13-66 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд худалдагч нь нэхэмжлэгч А.С, худалдан авагч нь А.С, С.Мөнгөн нар байх бөгөөд худалдан авагч нь хариуцагчийн нөхөр болон хүү нь байна. Түүнчлэн худалдан авагч буюу хариуцагчийн нөхөр А.С нэхэмжлэгчийн тайлбараар 2017-01-26-нд, хариуцагчийн тайлбараар 2017-01-28-ны өдөр нас барсан талаар зохигч тайлбарлаж байх боловч энэ тухай баримт хэрэгт нотлох баримтар авагдаагүй боловч зохигч нас барсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Мөн 2017-01-12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-13-66 тоот 3 өрөө орон сууц нь худалдагч А.Сгийн өмчлөлөөс хасагдаж, А.Сод-Эрдэнийн өмчлөлд бүртгэгдсэн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй боловч зохигч маргаагүй бөгөөд уг орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ 2018-01-30-ны өдөр хариуцагч З.Бд олгогдсон байна /хх-14/.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ах С надаас уг орон сууцыг худалдан авсан бөгөөд тохиролцсон мөнгөө өгч чадалгүй нас барсан гэж, С өвчний улмаас эмчилгээнд явах шаардлага гарч, виз мэдүүлэхдээ холбоотой дансан дахь мөнгийг өндөр байлгах гэж мөнгө шилжүүлж байсан, бидний хооронд яриа байсан тул барьцаанд тавих зорилгоор уг орон сууцыг Сод-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн... гэх тайлбар гаргасныг

Хариуцагч ...нэхэмжлэгч бүх зүйлийг худлаа ярьж байна, манай нөхөр Алтандорнод монгол компанид ажиллаж байхдаа маргаан бүхийн орон сууцыг худалдан авч байсан, тухайн үед өөрөө хотод байсан учраас С Орхон аймагт байсан учраас дүүдээ мөнгө өгч авахуулсан, нөхөр маань 2015 онд оношлогдож эмчлүүлж байгаад өөрийн бие тааруу байгааг мэдэж байгаа учир хөрөнгөө цэгцлэх зорилгоор хүүгээ дагуулж Орхон аймагт очиж энэ орон сууцыг хүү болон өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Өөрийнхөө байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан учир татварын нөхөр С өөрөө төлсөн. Орхон аймгийн энэ орон сууцанд нөхрийн маань ээж, дүү нар амьдарч байсан гэтэл өнгөрсөн 11 сард тэдгээр хүмүүсийг гаргаад түлхүүрийг нь надад хүнээр өгч явуулсан байсан. Ахыгаа өнгөрсний дараа 3 өнчин бага насны хүүхэд нь байхад шунахай сэдэлтээр ингэж явж болохгүй, тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд А.С, А.С, С.Мөнгөн нарын хооронд 2017-01-12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-13-66 тоот 3 өрөө орон сууцыг А.С нь 30.000.000 төгрөгөөр А.С, С.Мөнгөн нарт худалдсан байх бөгөөд гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөл хугацааг 2017-01-12-ны өдөр бэлэн мөнгөөр бүрэн төлнө гэж тусгасан байна /хх-3/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаар худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг байна.

 

Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгож шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бөгөөд түүний сонгосон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Тиймээс дээрх гэрээний 2-2-т худалдсан хөрөнгийн төлбөрийг гэрээг байгуулагдсан 2017-01-12-ны өдөр бэлнэ мөнгөөр төлнө гэж гэрээнд тусгасан байх тул нэхэмжлэгч буюу хөрөнгөө худалдсан тал энэ өдөр уг мөнгийг аваагүй гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч худалдан авагч А.С нь эмчилгээнд явах зорилгоор эмчилгээний зардал бүрдүүлэхээр уг орон сууцыг бусдад барьцаанд тавих зорилгоор нэрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн үйл баримтаар хариуцагчийн нөхөр, нэхэмжлэгчийн төрсөн ах болох А.С нь эмчилгээнд явах зорилгоор зардал мөнгө цуглуулсан гэх байдал нотлогдохгүй байна.

 

Харин 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Сод-Эрдэнийн Мөнгөнийг 2017-01-12-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчаар оруулсан байгаагаас үзэхэд хариуцагчийн гаргасан нөхөр А.С өөрийн биеийн байдлыг мэдэж байсан тул хөрөнгөө хүүхдийнхээ нэр дээр шилжүүлэх зорилгоор уг гэрээг нэхэмжлэгч А.Стэй байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчийн 2018-01-30-ны өдөр олгосон 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд 2017-01-28-ны өдөр нас барсан А.Сод-Эрдэнийн эхнэр З.Бд өвлүүлэгчийн өмчлөлд байсан ГД000502761, Ү-2101001540 УБД бүхий Орхон аймаг Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст 13-р байрны 66 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцанд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд бусад өвлөгчдийн талаарх мэдээлэлд хууль ёсны өвлөгч С.Мөрөн, С.Мөнгөн, С.Номин гэж тусгасан байх бөгөөд өвлөгч С.Сэлэнгэ-г Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3-т зааснаар өвлөх эрхээсээ татгалзсанд тооцсон болно гэж дурдсан байх бөгөөд С.Сэлэнгэ нь нэхэмжлэгчийн ээж, хариуцагчийн хадам ээж болохыг зохигчид тайлбарласан.

 

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д “өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн ах Сод-Эрдэнийн гүйцэтгээгүй үүргийн талаарх гомдлын шаардлага гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх бөгөөд мөн хуулийн 536.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэсэн хугацаа өнгөрсөн буюу нэхэмжлэгч 2020-01-09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох, хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

А.С, А.С, С.Мөнгөн нарын хооронд өвлөх эрхийн гэрчилгээгээр хариуцагч З.Бд ирсэн үл хөдлөх хөрөнгийн талаар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх боловч гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг аваагүй гэх, эмчилгээний зардал бүрдүүлэхээр бусдад барьцаалах зорилгоор үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн үндэслэл тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд нь 2017-01-28-ны өдөр нас барсан А.Сод-Эрдэнийн дансны хуулга бөгөөд эдгээр дансны хуулгаас нэхэмжлэгч А.С 2002-06-14-ний өдөр маргаан бүхий орон сууцыг бусдаас худалдан авахад мөнгө шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй Хаан банкны хуулга 2011-2017 оных /хх-33-49/, Худалдаа хөгжлийн банкны хуулга нь 2011-2017 оных /хх-60-71/, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар А.С 2002-01-р сараас 12-р сар хүртэл Алтандорнод монгол ХХК-д, Эм Си Ти Ти ХХК-д тус тус ажиллаж шимтгэл төлсөн талаарх баримтууд /хх-50-54/ ирсэн, хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч М.Сарантуяа мэдүүлэхдээ маргаан бүхий орон сууц Орхон аймагт байдаг, түүнийг хүргэн С худалдан авсан талаар ярьж байсан гэж сонссон зүйлийн талаар мэдүүлсэн болно.

 

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б-с үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн А.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИ