| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.*******ад холбогдох эрүүгийн 2315000000212 дугаартай 163/2023/0185/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн **** сумын *** дугаар багийн Жаргалант гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000212 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн Рашаантын 127 тоот хашаанд Т.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний бие эрх чөлөөнд халдан цохиж зодсоны улмаас биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, хүзүүнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 17-18 цагийн орчимд ******* сумын төв дээр байх өөрийн хашаанд хуурай ах *******ын хамт байшин барьж байхад нутгийн ах болох ******* согтуу ирсэн. Тэгээд ******* ахыг “обой наагаад өг” гээд гуйгаад байсан. Бид хоёр завгүй байсан учир “за орой очиж нааж өгье” гэж хэлсэн. Тэгэхэд хоёр цаг орчим хүлээгээд бид хоёрыг хаашаа л явна, дагаад яваад байсан. Тэгээд ажлаасаа буугаад бид гурав ******* ахынд очиж обой наахад хэрэг болох шпател авах гээд тэднийд очиход ******* ахын найз нь гэх хоёр хүн ирчихсэн байсан ба нэг шил архи авч өгөөд яваад өгсөн. Тэгээд *******, ******* ах бид гурав тухайн архийг хувааж уугаад 22 цагийн орчимд гэж санаж байна. ******* ах обой наая, явъя гээд байсан. Тэгэхээр нь би “одоо болъё, маргааш наая” гэж хэлсэн чинь хэрүүл маргаан болоод байхаар нь би таныг хүргэж өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ******* ахын гэрээс гартал ******* ах юм ярьж байгаад намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь өөрийн баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд ******* ах гарч ирээд салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-аасс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол шалгах хугацаа сунгасан тогтоол (хавтаст хэргийн 01 дэх тал),
- хохирогч Т.*******ын өгсөн: Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сумын төвийн хойд талд өөрийн эзэмшлийн мотоциклоо унаад явж байтал суудлын жижиг машин ирээд зам асуухаар нь замыг нь зааж өгсөн юм. Зам заалгасан хүмүүс танилцана гээд архи гаргаж ирсэн. Тэр хүмүүстэй 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи гурван шилийг хувааж уусан. Тухайн архийг гурвуулаа хувааж уусан. ...Би сум руу орж ирээд байшин обой наах залуутай уулзах санаатай ******* гэх залуугийнд очсон. Тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эхнэрийн хамаатан Лхам гэх айлд сэрсэн. Сэрээд харахад зүүн нүд хөхөрсөн, зүүн хөмсөг зулгарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл бичгээр гаргаж байна. ...Надад одоо ямар нэг гэмтэл шарх байхгүй. Надад ямар ч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 45 дахь тал)
- гэрч П.*******ын өгсөн: Би ******* гэдэг залуугийн хашаанд байшин барьж байгаа юм. 2023 оны 09 дугээр сарын 06-ны үдээс хойш байшингийн карказ босгоод байж байтал ******* мотоциклио унаад согтуу ирсэн. ******* ирээд намайг “байшингийн обой наагаад өг” гэхээр нь “орой очиж нааж өгье, хариад байж бай” гэсэн. Тэгсэн ******* бид хоёрыг ажил хийлгэхгүй обой наагаад өг гээд байсан. Тэгээд *******, ******* бид гурав манайд очоод *******ыг орж ирдэггүй юм чинь гээд Хараа нэртэй 0.5 граммын хэмжээтэй архи авч өгсөн. Бид гурав хуваагаад ууж байтал ******* *******аас л хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би “та хоёр болио” гэж хэлсэн. Удалгүй явъя гээд манайхаас тэр хоёр гарсан чинь ална шулна гээд орилолдоод байхаар нь гэрээс гараад хартал *******, ******* нар хоорондоо барьцалдсан байсан. ******* *******ын толгой руу нь цохисон, тэгэхэд ******* *******ын нүд рүү цохисон юм шиг байна лээ. ******* л Жагаа ахаа ******* миний толгой оуу цохихоор нь буцаагаад цохисон гэж хэлсэн. Та хоёр боль, яаж байгаа юм гээд хоёуланг нь загнаад *******ын эхнэрийг дуудаад явуулсан. *******ыг хамаатны залууд нь суулгаад гэрт нь хүргэж өгөөрэй гээд явуулсан. *******ын мотоциклийг би хашаандаа оруулаад хамаатны залууд нь түлхүүрийг нь өгөөд явуулсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11436 дугаартай: Т.*******ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, хүзүүнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Ш.*******ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 11436 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Ш.*******ын цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогч Т.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлт гаргаж, мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 45, 55 дахь талд авагдсан байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр 1 /нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсан байх ба шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000 төгрөгөөр тооцож түүнд ногдуулах 450.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15.000 /арван таван мянга/ төгрөгийг шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 435 /дөрвөн зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ