Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

   

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ц.З,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ц-ийн З-ад холбогдох 2328000000149 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:    

А овгийн Ц-ийн З . . .       

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Ц.З нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, . . .  тоотод иргэн Н.Б-тай маргалдан, хутга барин дайрсаны улмаас хутгаар зүүн сарвуунд халдаж, биед зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.З-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Санахгүй байгаа гэв.

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10 жилийн найзуудтайгаа уулзаад гадуур найзуудын хамт тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл уугаад тасрах хэмжээнд хүрээд гэртээ харих гэж эхнэр Д рүү залгаж дуудаад гэртээ хүргүүлэн очсон. Гэртээ ирээд тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь З ахтай барьцалдаад зууралдчихсан байж байсан. Тэгтэл З ах гэр рүү ороод намайг ална гээд хутга бариад гараад ирсэн. Намайг хутгална гээд хутга бариад урдаас дайрах гэхээр нь хутгыг нь зүүн гараараа барьж аваад гараараа хутгыг нь салгаж аваад гэрийн үүдний амбаартаа авч очиж тавьсан. Гэтэл З ах гэр рүүгээ явна гэхээр нь болиулах гээд араас нь очоод хашааны хаалгаар гарах гэж байхад нь араас нь гэдсээрээ ороодог бүснээс нь барьж аваад болиулаад байж байтал цагдаагийн 2 алба хаагч ирээд машинд суу явъя гэж хэлээд машиндаа суулгаад цагдаагийн газарт хүрч очсон. Цагдаагийн газар хүрч очоод цагдаагийн алба хаагч нар эмнэлгийн байгууллагад хүргэн анхны тусламж үзүүлсэн... Миний биед зүүн сарвуун тус газар хутгаар гэмтэл учруулж мөн зүүн гарын бугалга хэсэгт хутгаар хөнгөн зүссэн, мөн зүүн шанаа болон хацар хэсэгт хутгаар 2-3 удаа зүсэгдсэн. Би З гуайн биед гэмтэл учруулаагүй. Нэхэмжлэх хохирол байхгүй. Санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал/       

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Даланзадгад сум . . .  тоот оршин суух хашаандаа ажлаасаа тараад 18 цагт гэртээ ирээд байж байтал 18 цагийн хооронд утсаар залгаад найзуудтайгаа уулзах гэж байна гэж хэлээд удалгүй хүрээд ирсэн. Хүрч ирээд намайг хүргээд өгчих болохоороо яръя гэж хэлсэн. Нөхрөө хүргэж өгчихөөд 18:30 минутад гэртээ ирээд дэлгүүр рүү 2 хүүхдээ дагуулаад З ах болон хадам ээж Н нарын хамт яваад 18:30-19:00 цагийн үед эргэж ирсэн. Дэлгүүрээс ирээд хоолоо хийж идчихээд байж байтал над руу залгаагүй 21 цагийн үед гэртээ хүрч ирсэн. Манай хүн хоолоо идэж байтал З ах орж ирээд надад хандан өвөө нь харьж амарлаа гэж хэлээд гараад явтал араас нь нөхөр маань гараад явсан. Цонхоороо хартал хашааны хаалга онгойлгочихоод машиндаа сууж байгаа харагдсан. Гэтэл гэнэт хоорондоо ноцолдоод унасан. Тэгэхээр нь аягаа угаах гээд байж байтал хадам ээж гэнэт аллаа гэж хашхирах чимээ гарахаар нь гараад хартал З ах хутга барьчихсан зогсож байсан. Манай нөхөр З ахад хандан хутгаа хая гэж хэлж байхыг сонсоод цагдаа дуудахаар гэр рүүгээ ороод цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн. Манай хоёр хүүхэд уйлаад байхаар нь хүүхдүүдээ аргадаад байж байтал манай дүү надад хандан цагдаа ирж байна гэж хэлэхээр нь гараад хартал манай нөхрийн цээжийн хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Цагдаагийн алба хаагч нар машиндаа суулгаад авч явсан.” /хавтаст хэргийн 21 дэх тал/

Гэрч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байсан. Тэр өдөр цагдаагийн 91-11 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд надтай хамт олон нийтийн цагдаа Д.С үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед манай нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлага 102 дугаарын утсанд ирж, түүний дагуу би очиж байсан. Тэгэхэд зам дагуу гудамжинд 2 эрэгтэй хүн алхаж байсан бөгөөд машинаа зогсоогоод уулзахад арай залуу эрэгтэйн гараас цус гараад даавуугаар ороосон байсан. Араас нь тухайн залуугийн эхнэр, ээж хоёр нь ирээд наад хоёр хүнээ аваад яв, агсам согтуу тавиад хоорондоо зодолдоод байна гэхээр нь тэр хүмүүсийг дагуулаад гэрт нь очиход дуудлага хүлээн авсан хаяг мөн байсан. Би юу болсон талаар асуухад гартаа зүсүүлсэн залуугийн эхнэр хэлэхдээ эхлээд залуу нь хадам аавыгаа боосон гэж хэлсэн. Тэгсэн чинь хадам аав нь хэлэхдээ би босож ирээд хутга бариад гар руу нь зүссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хутга хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Харин залуугийн эхнэр ийшээ шидэх шиг болсон гээд гэрийн үүдний амбаарны доогуур заахаар нь шалгаж үзэхэд хутгаа хийсэн байсан байхаар нь би хурааж авч, тухайн хоёр хүнийг саатуулан цагдаагийн газарт дагуулж ирж байсан.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Б-ы биед зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Н.Б-ы биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Б-ы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/  

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.За-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.З нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн . . .  тоотод иргэн Н.Б-тай маргалдан, хутга барин дайрсаны улмаас хутгаар зүүн сарвуунд халдаж, биед зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч Н.Б /хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал/, гэрч Б.Д /хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч Т.Жа /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.З нь хохирогч Н.Б-ы биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Ц.З нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.З, хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/-ээр тогтоогдож байна. 

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.З-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав. 

Шүүгдэгч Ц.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд “бүртгэлтэй” гэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан хэргийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, ял шийтгүүлээгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ад шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bass stainless steel гэх бичиглэлтэй 34 см урттай, бариул хэсэг нь 13.5 см, ажлын хэсэг нь 20.5 см, бариулын өргөн 3.5 см, ишний өргөн 4 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Ц-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ад шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bass stainless steel гэх бичиглэлтэй 34 см урттай, бариул хэсэг нь 13.5 см, ажлын хэсэг нь 20.5 см, бариулын өргөн 3.5 см, ишний өргөн 4 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.З-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ