Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00615

 

                                               “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

                                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                                    тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 951 дүгээр магадлалтай,

         “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 5,866,737,742 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн 1,898,816,267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Г.Анударь, А.Саруулцэцэг, Г.Мөнхмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр нийт 5,866,737,742 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн 1,898,816,267 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас түрээсийн зүйл ашигласны хөлс (түрээсийн төлбөр) 5,866,737,742 (таван тэр бум найман зуун жаран зургаан сая долоон зуун гучин долоон мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу төлсөн 1,898,816,267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,491,638.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 29,491,638.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,064,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,360,246 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 951 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,491,639 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 380 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 951 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.1.  Эрх зүйн харилцааны тухайд: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд орсон үндсэн хүсэл зориг нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах  зорилготой байсан. Хэрэв манай компани дээрх тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол уг техник хэрэгсэл манай компанийн өмч болох байсан нь ойлгомжтой. Нөгөө талаар гэрээний А хэсэгт буюу тусгай нөхцөл хэсэгт “Түрээсээс худалдаанд шилжих хугацаа нь 1 жил буюу 12 сар байна”. Хүү 1 хувь машины хасагдах дүнгээс тооцно” гэж худалдах-худалдан авах гэрээний шинжийг тусгасан тусгайлсан зохицуулалтыг оруулсан байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нөхцөл байдлаас үзвэл  дээрх 6 гэрээ нь түрээсийн гэсэн нэртэй боловч агуулгын хувьд худалдах-худалдан авах гэрээний  эрх зүйн харилцааг зохицуулж байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, гэрээний нэр “Тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах” гэрээ, түрээсийн төлбөр гэж нэрлээд байгаа төлбөр  нь тоног төхөөрөмжийн өнөөдрийн зах зээлийн үнээс хасагдах төлбөр буюу хариуцагчид урьдчилгаа төлбөр гэж ойлгуулан түүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөөр байхад гэрээний агуулга, эрх зүйн харилцааг зөв дүгнэлгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн гэрээ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагчийн хэрэгцээ шаардлагад дөрөөлөн хууран мэхэлж өөрт ашигтай гэрээг байгуулан асар их хэмжээний ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй (үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж болох). Хэрэгт авагдсан 6 ширхэг харилцан ойлголцлын санамж бичигт талууд техникийн худалдан авах үнийг тохиролцсон байх бөгөөд энэ нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцсон хэлцэл байх тул анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг нотлох баримтаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрт “Мөн харилцан ойлголцлын санамж бичгүүдэд тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнд заасан тоног төхөөрөмжийг түрээслүүлж байгаа тухай харилцан тохиролцож, аль нэг талын үйл ажиллагаа ашгаар хязгаарлахгүйгээр аливаа хохирлыг талууд хариуцахгүй гэж тохирчээ” гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт “тухайн техникийн худалдах үнийг харилцан тохиролцсон, худалдан авах тохиролцоог хийсэн, талуудын хувьд заавал биелэгдэх шинжтэй ба эрх зүйн үр дагавар үүсгэнэ” гэж заасныг дүгнэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээний зорилго, агуулга нь тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах зорилготой худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа болох нь тодорхой юм.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Зохигчид нийт 6 гэрээний дагуу 9 тоног төхөөрөмж түрээсээс худалдах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэх нэмэлт тооцоонд орсон сэлбэг, бараа материалыг мөн адил түрээсэлсэн гэж үзэж түүнд алданги тооцон нэхэмжилсэн байдаг. Гэвч сэлбэг бараа материалыг бид худалдан авсан бөгөөд анз тооцох талаар бичгийн хэлбэрээр гэрээг байгуулаагүй байхад түүнд нэхэмжлэгч болон шүүгч анз тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авах захиалгыг өгсөн, захиалгын хуудасны нэмэлт нөхцөлд техникийн худалдан авах үнийг тодорхойлсноос гадна сервис зардлыг түрээсийн орлогоос суутгахгүй байхаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлээд байгаа үнийн дүнгийн задаргаа байхгүй, шүүхэд гаргаж өгсөн тооцоолол нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх ямар баримтаар тогтоосон нь ойлгомжгүй. Тодруулбал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас төлбөр төлөхдөө бөөн дүнгээр төлдөг байсан. Талууд бөөн дүнгээр шилжүүлсэн төлбөрийг чухам ямар аргаар, яаж тооцсон талаарх баримт мэдээлэл бүхий гэрчийн мэдүүлгийг огт үндэслээгүй байтлаа, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэсэн нь тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзнэ. Чухам ямар нотлох баримтыг үндэслэн гэрээний төлбөр тооцоог тус тусад нь ялгаж салган тооцсон болох нь тодорхойгүй байхад шууд ханган шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан, танил талыг харсан, урьдаас хэргийг шийдвэрлэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөө талаар бөөн дүнгээр төлсөн төлбөрийг аль гэрээний төлбөр тооцоонд суутгах талаар сонголт хийх эрх нь Иргэний хуулиар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгогдсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар шүүхээс гарах шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байх ёстой атал ямар ч баримтгүйгээр гэрээний дагуу төлсөн, хүлээн авсан мөнгөн дүн зөрүүтэй байхад чухам ямар баримтад үндэслэж шийдвэр гаргасан талаар шүүхийн шийдвэртээ дурдаагүй нь илт үндэслэл муутай болжээ.

4.3. Гэрээнүүдийн хугацааны тухайд: Зарим гэрээний хугацаа дуусаагүй байхад техникийг буцаан татан авч гэрээний үүргийг шаардсаныг шүүх хүлээн авч, алданги тооцох, төлбөр нэхэмжлэх шаардах эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй байхад шийдвэрлэсэн. Мөн шийдвэрт “Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн...” гэж дүгнэхдээ доор дурдсан гэрээнүүдийг байгуулсан хугацааг буруу дүгнэсэн. Тухайлбал, RРО15/09-06 UВ дугаартай гэрээний хугацаа нь 2017.10.05-ны өдөр, харин RРO15/05-03 UВ дугаартай гэрээний хувьд 2017.05.27-ны өдөр дуусах байсан. Дээрх гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал хууран мэхэлж техник тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилдээ оруулж, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болно. Монгол Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлуудыг нэг мөр ойлгогдохоор тайлбарлан зөвлөсөн. Улсын дээд шүүхийн зөвлөмжид дурдсанаар “гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно” гэжээ. Эндээс үзвэл нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.02.24-ний (битүүний өдөр) өдөр тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас хууран мэхлэх замаар татан авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 320.4-т “түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж заасан. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т “гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзсан явдал болж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх тул энэ бүлэгт түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтыг 320 дугаар зүйлд хуульчилсан. Хуулийн энэхүү заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь манай компанитай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан учир үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Харин үлдсэн RРO15/02-02, RРO015/03-01, RРO 015/08-06, RРO 015/08-07 дугаартай 4 гэрээний хувьд хугацаа нь хэдийнээ дууссан байсан. Тодруулбал,

-  RРO15/02-02 дугаартай гэрээгээр 2 ширхэг 773Е маркийн техникийг худалдан авах үнэ нь 620,575 ам.доллар, 460,000 ам.доллар, нийт 1,080,575 ам.доллар,

-  RРO15/03-01 дугаартай гэрээгээр 1 ширхэг 385С маркийн экскаваторыг худалдан авах үнэ нь 590,000 ам.доллар,

-RРO15/08-06 дугаартай гэрээгээр 1 ширхэг 336DL маркийн экскаваторыг худалдан авах үнэ нь 266,000 ам.доллар,

-RРO15/08-07 дугаартай гэрээгээр 1 ширхэг 980Н маркийн автогрейдерийг худалдан авах үнэ нь 402,000 ам.доллар байхаар тус тус талууд харилцан тохиролцож түрээсээс худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг.

Эндээс үзвэл гэрээний хугацаа дуусаж, гэрээний төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн тохиолдолд гэрээний 6 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдэж, тус бүрээр тооцоо хийж, ямар гэрээнд хэдий хэмжээний төлбөр төлөгдсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, хэрэв үлдэгдлийг төлсөн тохиолдолд техникийг худалдан авах эрх үүсэхийг дүгнээгүй байгаа нь харилцан ойлголцлын санамж бичигт зааснаас илтэд зөрүүтэй. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэх үндэслэлийг баталж байна.

4.4. Хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн алдангийн тооцоолол үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээний дагуух төлбөр тооцоо байхад тооцоололд сэлбэг, бараа материалын тооцоог оруулсан байх бөгөөд үүндээ нэмж алданги тооцон нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс сэлбэг, бараа материалыг түрээсэлсэн юм уу эсхүл худалдан авсан юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрэв худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэх бол ийм шаардлага нэхэмжлэгч талаас гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, гэрээний 7.9-д заасныг тус тус үндэслэн алданги тооцох нь зөв гэж буруу ташаа дүгнэлт хийсэн гэж үзнэ. Хуулийн энэ заалт нь зайлшгүй зардлыг шаардах эрхтэй гэж зааснаас бус алданги нэхэмжлэх эрхтэй гэж заагаагүй. Өмнөх шатны шүүхүүд талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасныг үндэслэсэн байдаг. Харин Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.3-д учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг эд хөрөнгө хөлслөгчид үүрэг болгосон бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон, харин эд хөрөнгө хөлслөх гэрээнд анз тооцохыг хориглосон. Нөгөө талаар зайлшгүй зардал гэж нягтлан бодох бүртгэлд нөхөгдөх боломжгүй, бодит зардлыг ойлгодог. Сэлбэг, болон засвар үйлчилгээний төлбөрт 266,445,755 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байна.

4.5. 3,911,158,495.29 төгрөг, мөн алданги 1,955,579,247.65 төгрөг гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь Монгол хэл дээр орчуулагдаагүй байхад шүүх уг баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтад нийцээгүй бөгөөд нотлох баримтыг дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхгүй. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүйн улмаас үнэлэгдэх боломжгүй байгааг хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдсан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатантуул гаргасан. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стефен Жон Поттер нь 2017.05.17-ны өдрийн 017/05/17 дугаартай итгэмжлэлээр АNUDARI Ganbat, КНАТАНТUUL Tsolmon,  SARUULTSETSEG Amarkhuu нарт итгэмжлэл олгожээ. Энэхүү итгэмжлэл нь албан ёсны орчуулгагүй, нотариатын тэмдэггүй байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв хүчин төгөлдөр бус байх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байхад Иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Мөн “Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2017.09.04-ний өдөр солигдож, гүйцэтгэх захирлаар Келвин Эндрью Кокинэн томилогдсон. Гүйцэтгэх захирал Келвин Эндрью Кокинэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх АNUDARI, КНАТАНТUUL, SARUULTSETSEG нарт итгэмжлэл олгоогүй байгаа нь эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх үндэслэлийг мөн адил баталгаажуулж байна. Хэрэгт хуульд заасан шаардлага хангаагүй зарим нотлох баримт авагдсан байхад анхан шатны шүүх түүнийг хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн.

4.6. Монгол Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлуудыг нэг мөр ойлгогдохоор тайлбарласан. Улсын дээд шүүхийн зөвлөмжид дурдсанаар “гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно” гэжээ. Эндээс үзвэл нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.02.24-ний (битүүний өдөр) өдөр тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас татан авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т “түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална”, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т “гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзсан явдал болж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх тул энэ бүлэгт түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтыг 320 дугаар зүйлд хуульчилсан. Түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө биш, хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасны дагуу 3 сарын хугацааг баримтлан цуцлах ёстой. Гэвч хэргийн материалд ийм үйл баримт байхгүй. Иймээс нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь манай компанитай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан учир үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

4.7. Талууд хоорондоо нийт 6 гэрээ байгуулсан. Хэргийн 3 дугаар хавтасны 59-63 дугаар хуудаст арилжааны банкнаас гарган өгсөн тодорхойлолтууд байгаа. Учир нь манай компани бусдын талбайд туслан гүйцэтгэгч (хөрс хуулалт)-ийн үүрэг гүйцэтгэж байсан тул түрээсийн төлбөрийг гуравдагч хуулийн этгээдүүдээс тушааж байсан иймээс чухам аль гэрээний нэхэмжлэлд хэдэн төгрөг төлж дуусгасан, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх тооцоолол нэхэмжлэгч болон хариуцагч талуудад байхгүй. Мөн түрээсийн гэх гэрээний үнийн дүн нь бүхэл дүнгээр байхад нэхэмжлэлийн үнийн дүн нь эсрэгээрээ задгайгаар нэхэмжилсэн байгаа нь илтэд зөрүүтэй.

4.8. Давж заалдах шатны шүүх “... Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх (түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална) заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т “гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзсан явдлын аль нь болохыг дүгнэлгүйгээр хянан шийдвэрлэсэн, учир нь Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн холбогдох заалтыг нэг мөр ойлгоогүй, өөр, өөрөөр тайлбарласан байдалд дүн шинжилгээ хийж, хууль хэрэглэх ажиллагааг нэг мөр болгохыг зөвлөсөн байдаг. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан гэх үндэслэл байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ.

4.9. Талуудын хооронд байгуулсан маргаан бүхий гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан шалгаж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал 2020.02.04-ний өдөр шүүхэд гарган өгсөн. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхүүд тэрхүү нотлох баримтыг нэг нүдээрээ ч харалгүйгээр, харсан ч зориуд дүгнэлгүй орхигдуулсан ноцтой алдааг гаргасан. Хариуцагчийн үзэж байгаагаар Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосончлон талуудын хооронд байгуулсан дээрх маргаан бүхий 6 гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг нь хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хэн ч харсан ойлгомжтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4, 176.2.5-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой байх тул хяналтын гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр нийт 5,866,737,742 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу төлсөн 1,898,816,267 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2015.02.02-ны өдөр RPO15/02-02 дугаартай түрээсийн гэрээ, 2015.05.01-ний өдөр RPO15/03-01 дугаартай түрээсийн гэрээ, 2015.05.27-ны өдөр RPO15/05-03 дугаартай түрээсийн гэрээ, 2015.08.21-ний өдөр RPO15/08-06 дугаартай түрээсийн гэрээ, 2015.08.21-ний өдөр RPO15/08-07 дугаартай түрээсийн гэрээ, 2015.09.28-ны өдөр RPO15/09-06 дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулан нэг жилийн хугацаатайгаар 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр тус бүр нэг сарын 773E(KEG00146) 50,000,000 төгрөг, 773E(KEG00129) 50,000,000 төгрөг, 385C(KGB00422) 72,000,000 төгрөг, 77E(KEG00266) 50,000,000 төгрөг, 336DL(KKT01064) 18,676,350 төгрөг, 980H(KZL00665) 26,045,250 төгрөг, 773E(KEG00165) 50,000,000 төгрөг, 773E(KEG00167) 50,000,000 төгрөг, 773E(KEG00174) 50,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7.4-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацаанд түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2015.10.21-ний өдрөөс 2017.03.25-ны хооронд нэхэмжлэх хүргүүлж байсан. Түрээсийн гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 7.4-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө хэмээн тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлтэй. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 3,378,266,983 төгрөг, алданги 1,689,133,492 төгрөг, тоног төхөөрөмжийн сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532,891,511 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 266,445,755 төгрөг, нийт 5,866,737,742.94 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Манай компанийн зүгээс түрээсээс худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж, хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд гэрээ байгуулах зорилго нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах байсан. Тиймдээ ч нэхэмжлэгчтэй түрээсээс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж...”,

сөрөг нэхэмжлэлдээ “... Манай компанийн зүгээс автомашинуудыг худалдан авах сонирхолтой байсан боловч урьдчилгааг нэг дор бөөнөөр нь төлөх боломжгүй байсан. Машины урьдчилгаанд төлөх төлбөрийн хэмжээ нь тухайн машины үндсэн үнийн 15-30 хувь байдаг. Гэтэл бидний энэ байдлыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК овжиноор ашиглан, дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулах санал тавьсан бөгөөд тайлбарлахдаа “түрээсийн гэрээнүүд нь ерөнхийдөө танай компани урьдчилгаанд төлөх мөнгөө техник тоног төхөөрөмжөө ашиглан бүрдүүлж байгаа хэлбэр юм, хугацааны эцэст танай түрээсэнд төлсөн мөнгийг тоног төхөөрөмжийг худалдах үнийн дүнгээсээ хасаад танай байгууллагатай лизингийн гэрээ байгуулна” гэж ойлгуулан дээрх гэрээнүүдийг байгуулсан.

Хэрвээ бид худалдан авах сонирхолгүй байсан бол хэзээ ч ийм өндөр түрээс төлж дээрх гэрээг байгуулахгүй байсан. Бид 190,956,060 төгрөгийг авто засварын үнэд төлсөн бөгөөд ашиглалтын зардал тул нэхэмжлэхгүй болно. Гэрээний А хэсэг, тусгай нөхцөл гэсэн хэсгийн 2 дугаар заалт, мөн гэрээ болгоны хавсралт болгон харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан... Энэ нөхцөл байдлаас үзвэл дээрх 6 түрээсийн гэрээ, 6 харилцан ойлголцлын санамж бичгүүд нь агуулгын хувьд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж байсан.

Дээрх худалдааны хэлцлүүд нь утга агуулгаараа хууль болон түүнтэй нийцэн гарсан эрх зүйн бусад хэм хэмжээг зөрчөөгүй байх ёстой. Гэвч талуудын хооронд байгуулсан нийт 12 хэлцэл нь хуульд нийцээгүй гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлийг агуулж байна... Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь маргаан бүхий 9 техникийг худалдан авахаар урьдчилгаа төлбөрөө түрээс хэлбэрээр төлөхөөр нэхэмжлэгч хуулийн этгээдтэй зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Иймээс талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэлцлүүд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан нөхцөл байдалд орсон гэж үзэж байна. Хэрэв талуудын хооронд хийсэн гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн тохиолдолд зарим гэрээний хугацаа дуусаагүй байсан, техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан гэж үйл баримтыг дүгнэх шаардлагагүй болно. Энэхүү дүгнэлтийг хийснээр алданги тооцох, төлбөр нэхэмжлэх шаардах эрх үүссэн эсэхийг гэрээ тус бүрээр тодруулах нь хэрэг маргааныг шударгаар тал бүрээс нь бүрэн дүүрэн шийдвэрлэх нь ач холбогдолтой. Тухайлбал, RPO15/09-06UB дугаартай гэрээний хугацаа нь 2017.10.05-ны өдөр, RPO15/05-03 UB дугаартай гэрээний хугацаа 2017.05.27-ны өдөр дуусах байсан. Харин үлдсэн 4 гэрээний хугацаа аль хэдийнээ дууссан байсан.

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална... Хуулийн энэ зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзсан явдал болж байна... Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 дугаартай 4 гэрээг цуцалж, түрээсэлсэн хугацаанд төлбөл зохих төлбөрийг шаардсан гэж үзвэл хугацаа дуусаагүй 2 гэрээний хувьд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлаагүй, эсрэгээрээ гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Иймд ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэж,

нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариуд “... Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас харахад хариуцагч нь хугацааны эцэст тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд түрээсэнд шилжүүлсэн төлбөрүүдийг тоног төхөөрөмжүүдийн үнийн урьдчилгаанд тооцохоор заасныг зөв ойлгосон буюу ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй нь илэрхий байна. Хариуцагч өөрөө гэрээнд заасан болзлоо биелүүлээгүй, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдийг худалдан аваагүй зэрэгт түрээслүүлэгч нэхэмжлэгч буруугүй юм. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь түрээслүүлэгчийн техникүүдийг хангалттай ашигласан. Гэтэл өөрсдийн сайн дураар хийсэн хэлцлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл, хууртагдсан мэт зүйл бичиж байгаа нь хуулийн үндэслэлгүй... Талуудын аль нэг нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаагүй. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхийнхээ дагуу түрээслүүлсэн тоног төхөөрөмжүүдээ буцаан авч холбогдох түрээсийн төлбөр, хугацаа хожимдуулсны төлбөр нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн асуудал яригдаж байгаа бөгөөд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй... Хариуцагч нь ямар хэлцлийг худалдааны хэлцэл гэж нэрлээд байгаа нь тодорхойгүй байна... Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан “Түрээсээс худалдах” нэртэй нийт 6 гэрээ нь (гэрээний зүйл, хугацаа, төлбөрийн хэмжээнээс бусад нөхцөл нь ижил агуулгатай) Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байна, нэхэмжлэгч эдгээр гэрээний дагуу нийт 9 ширхэг тоног төхөөрөмжийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөлгүй үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, иймээс нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг буцаан авч, үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, мөн талуудын байгуулсан гэрээний 2.10, 7.4-т тус тус нийцсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээ тус бүрийн хувьд хариуцагчийн төлөх төлбөрийг тооцож, нийт 6 гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,378,266,983 төгрөг, алдангид уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 1,689,133,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.9-д заасны дагуу хариуцагч тал сэлбэг болон засвар үйлчилгээний зардал болох 532,891,511.95 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгчээс уг төлбөрийн алдангид 266,445,755.98 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байхад уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр буруу байна.

11. Учир нь, хэдийгээр гэрээний 7.4-т “түрээслэгч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй байгаа бүхий л мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү алдангийг хоног тутамд төлнө” гэж заасан боловч үүнд сэлбэг, засвар үйлчилгээний зардал орох талаарх талууд тодорхой тохиролцоогүй байх тул гэрээний уг заалт дахь “төлбөл зохих төлбөр” гэдгийг түрээсийн гэрээгээр тохирсон “түрээсийн төлбөр” гэж ойлгох нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нийцнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 266,445,755 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2, 4.4-т заасан гомдлыг хангах үндэслэлтэй.

12. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын бусад үндэслэлийг хангах боломжгүй гэж үзлээ. Тухайлбал, “...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх түрээсийн харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон...” гэсэн утгатай гомдол (Тодорхойлох хэсгийн 4.1) үндэслэлгүй, учир нь гэрээний 6.1-д “түрээслэгч нь энэхүү гэрээний аливаа нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдсэний үндсэн дээр тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу шууд эсхүл лизингийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдан авах эрхтэй”, 6.5-д “тоног төхөөрөмжийг худалдан авах эрхийг хадгалахын тулд түрээслэгч нь энэ гэрээний нөхцөл шаардлагыг ягштал биелүүлсэн байна”, 6.6-д “Тоног төхөөрөмжийг худалдахтай холбоотой нарийвчилсан харилцааг дараах нөхцөлүүдийг агуулсан худалдах-худалдан авах гэрээ эсхүл лизингийн гэрээг зохицуулна...” гэж тус тус зааснаас үзвэл, эдгээр болзол нөхцөл хангагдсан тохиолдолд талууд худалдах-худалдан авах юм уу, лизингийн гэрээ байгуулахаар заасан байх бөгөөд үүний дагуу хариуцагч нь түрээсийн гэрээний нөхцөлийг биелүүлсэн, худалдах-худалдан авах эсхүл лизингийн гэрээ байгуулах санал нэхэмжлэгч талд гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, талуудын байгуулсан 6 гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үндсэн шинжийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий юм. Түүнчлэн, талуудын байгуулсан санамж бичигт (2.1-д) түрээсийн гэрээнд дурдсан тоног төхөөрөмжийг түрээслүүлэх талаар тодорхой заасныг дурдах нь зүйтэй.

13. “...Нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргаа байхгүй, тооцоолол нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх ямар баримтаар тогтоосон нь үндэслэлгүй...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.2, 4.7) гомдол үндэслэлгүй, учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч тал (хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа тогтоолд заасан зөрчлийг арилгах зорилгоор) нэхэмжлэгчийн шаардлагаа тодруулж, гэрээ тус бүрийн хувьд үлдэгдэл төлбөр болон алдангийг тооцож, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, үүнийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй байна.

14. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3, 4.6, 4.8-д заасан “... нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад тоног төхөөрөмжийг буцаан өөрийн эзэмшилдээ оруулсан нь худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзнэ, иймд үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй... Иргэний хуулийн 320 дугаар зүйлд түрээсийн гэрээг цуцлах талаар хуульчилсан байна. Хуулийн энэхүү заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулгатай гомдлын тухайд, зохигчийн байгуулсан гэрээний 2.10-т “түрээслэгч нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй бол түрээслүүлэгч нь хэдийд ч тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг зогсоож, түүнийг өөрийн байранд авч ирэх эрхтэй” гэж, мөн гэрээний 7.14.1, 7.15.3-т энэ талаар дэлгэрүүлэн заасан, өөрөөр хэлбэл, талууд гэрээ цуцлах нөхцөлийн талаар хуульд зааснаас өөрөөр тохиролцсон байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэг үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан байх тул түрээсийн зүйлийг буцаан авсан үйл баримтыг “гэрээнээс татгалзсан” гэж үзэхгүй. Түүнчлэн талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаад 2 жил гаран үргэлжилсэн, нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний төлөлтүүдийг хийж байсан буюу гэрээ хэрэгжээд тодорхой цаг хугацаа өнгөрсөн байгаа энэ тохиолдолд “гэрээнээс татгалзах” боломжгүй юм.   

15. Мөн, “... Талуудын хооронд байгуулсан маргаан бүхий гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан шалгаж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсан... Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосончлон талуудын хооронд байгуулсан дээрх маргаан бүхий 6 гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг нь хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.9) гомдлын тухайд, хавтаст хэрэгт Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг байх боловч маргааны зүйл болох зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний А хэсэгт түрээсийн төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тохирсон (1 сарын түрээс 50,000,000.00, 72,000,000.00 төгрөг гэх мэт), нэхэмжлэгчээс тодорхой төлөлтийг төгрөгөөр хийж байсан зэрэг үйл баримтаар үгүйсгэгдэж байна.  

16. “Шүүх Монгол хэл дээр орчуулагдаагүй баримтыг үнэлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хууль бус” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд холбогдуулан гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 4.5) хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрт ямар нэгэн гадаад хэл дээрх нотлох баримтыг үнэлсэн талаар тодорхой заагаагүй, нэхэмжлэгч талаас өгсөн итгэмжлэл нь Монгол хэл дээр байгаа бөгөөд хуулийн этгээдээс олгосон нэхэмжлэлийг (эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий) нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй, мөн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд солигдсоноор итгэмжлэл нь хүчингүй болохгүй юм.

17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 951 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 5,600,291,986.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266,445,755.98 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,491,638.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,159,410 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,064,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,360,246 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг  хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 39,143,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ