| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0015/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-01-11 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | М.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч М.Мөнхцэцэг,
Хохирогч Б.Одонтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан /0633/
Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийг 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Харчин овгийн Мягмарсүрэнгийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201626022472 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, охин, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байрны 42 тоотод оршин суух хаягтай, тус байрны 14 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 169 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан гэх, Харчин овгийн Мягмарсүрэнгийн Эрдэнэбаяр /РД:ЧЗ79102914/ гэв.
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих замдаа эхнэр Б.Одонтуяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орой ажил тарах үед нь тосож авсан. Орос руу 14 хоногоор явах болсон гэхээр нь би охиноо хэн харах юм бэ гээд маргалдаад гарын булчин руу нь цохьсон. Эхнэр тэр үед согтуу орилоод байсан юм. Тэгээд орц руу ороод өөдөөс сарвагнаад байхаар нь түлхсэн чинь газар унаад орилоод байхаар нь гараад явчихсан. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Одонтуяа мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орой Гадаад хэргийн яамнаас гадаад паспортоо аваад ажлын хэсгийн хуралд ороод нэлээн удсан. Тэгээд нөхөр Эрдэнэбаярт 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр тосоод аваач гэсэн. Тэгээд буудал дээр уулзаад Орос явахаар болсоноо хэлэхэд хүүхэд сургуульд ороод удаагүй байхад яах гээд байгаа юм гээд нэлээн маргалдсан. Тэгээд орц руу орох үед хурдан яваач гээд араас өшиглөхөөр нь газар унаад босож ирээд заамдалцаад барьцалдсан. Тэгтэл намайг хойш нь түлхэхэд би шалан дээр бөгсөөрөө унасан ба би орилсон. Тэр үед манай дүү гэрээс гарч ирэхэд Эрдэнэбаяр гараад явсан ба гадаа маргалдсан. Тэгээд өглөө нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд ахар сүүлний хугарал байна гэсэн. Тэгээд гэмтлийн цагдаа Баянгол дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсэн байсан. Тухайн үед би нөхөрөө хашраая гэж бодсон чинь ийм юм болчихлоо гэв.
Гэрч Б.Шишгэдмандал мэдүүлэхдээ: “Би 2011 онд Норвеги руу яваад 2014 оноос хойш амралтаараа жил болгон Монголд ирж 4-5 сар амардаг юм. Энэ үедээ Монголд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байрны 01 тоотод 2 дүүгийндээ байдаг юм. Манай аав 2008 онд өнгөрсөн ээж гадаадад байдаг юм. Монголд эгч Одонтуяа нөхөр Эрдэнэбаяр охины хамт болон 2 эрэгтэй дүү нар маань байдаг. Манай эгч намайг гадагшаа явахаас өмнө Эрдэнэбаяр гэх хүнтэй гэр бүл болсон ба нэг охинтой юм. Ер нь эгч Одонтуяа нөхөр Эрдэнэбаяртай гэр бүл болоод ямар харьцаатай байдгаа надад яриад байдаггүй. 2014 онд намайг Монголд ирэхэд хүргэн ах Эрдэнэбаяр маань архи дарс уудаг, муухай характертай, эгчийг маань байнга харддаг, зарим үед гар хүрдэг юм шиг байдал ажиглагдсан.
...2016 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим намайг гэртээ 2 дүүтэйгээ байж байхад орцонд эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Одонтуяа эгч үүнээс хэдэн минутын өмнө одоо очиж байна гэж утсаар ярьсан ба хүргэн ах бас хэдэн минутын өмнө гадагшаа гарахаар нь тосох гэж байгаа юм байна гэж болсон. Тэгтэл орцонд эмэгтэй хүн хашгирах чимээ гарсан ба манайх 1 давхарт байдаг учир хаалга онгойлгоод шагайхад эгч Одонтуяа орцны үүдний дээр гардаг шатны шалан дээр доошоо хараад хэвтчихсэн ёолоод уйлж байсан ба хүргэн ах Эрдэнэбаяр нь цаашаа орцоор намайг орилоход гараад явсан. Би хөөе гээд араас нь гарахад Эрдэнэбаяр орцны үүдэн дээр цүнхийг нь барьчихсан зогсч байсан ба цүнхийг нь өгөөч гэхэд “..өгөхгүй пизда чинь гадагшаа алцаганаад явна гэнэ, даварчихсан” гэж хэлээд цүнхийг өгөөгүй.
..эгч маань хөдөлж чадахгүй байсан ба уйлаад байсан. Тухайн үед Эрдэнэбаяр бөгсрүү өшиглөчихлөө гэсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Харин Эрдэнэбаяр манайд орж ирээгүй. Тэгээд гэмтэл ороод үзүүлэхэд эгчийн ахар сүүл хугарсан, гар хөхөрсөн байсан юм...” гэжээ. /хх 18-19 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12533 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Одонтуяа-н биед ахар сүүлний нугаламын хугарал, баруун зүүн булгалга, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 23 хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх 24 хуудас/
Шүүгдэгч М.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32,33,34,35,37,41-42 хуудас/
Хохирогч Б.Одонтуяагын иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 39, 40/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих замдаа эхнэр Б.Одонтуяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Одонтуяагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 13-15, 16-17/, гэрч Б.Шишгэдмандал /хх 18-19/-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12533 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24/, шүүгдэгч М.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32, 33, 34, 35, 37, 41-42/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч М.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 169 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухайн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилсан болон хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч нь Харчин овгийн Мягмарсүрэнгийн Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Мягмарсүрэнгийн Эрдэнэбаярыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Эрдэнэбаярын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ