Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ш.Ж, Г.Ө, П. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ш.Ж, Г.Өт, П.Ц

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Гуравдагч этгээд: Д.П, Л.Д, Их-Э*******т ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, түүний өмгөөлөгч С.Г, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээд Л.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, түүний өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бн өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Их-Э*******т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ж, Г.Ө, П.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...бид Х******* дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 6 давхар барилгыг хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр барьж дуусгасан. Манай барилгын урд 3.5 метрийн зайд иргэн Л.Д нь үйлдвэрийн барилга барьсан, Д.П нь агуулахын зориулалттай барилга барьсан. Эдгээр 2 иргэний барьсан барилга нь ямар нэг зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар газрыг эзэмшээгүй буюу хотын төвд, орон сууцны дунд арьс шир боловсруулах үйлдвэр болон химийн бодис хадгалах зориулалттай агуулах барьж ашиглаж байгаа тул эдгээр иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг нь цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг бид 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б гаргасан. Уг өргөдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээн аваад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэж, Бүртгэл хяналтын карт үйлдэн энэ асуудлаар өмнө нь Л.Д манай байгууллагад хандаж байсан учир дахин хяналт шалгалт хийх шаардлагагүй гэсэн хариу өгсөн.

Л.Д өмнө нь Мэргэжлийн хяналтын газарт бидний барьсан орон сууцны зориулалттай барилгыг хууль тогтоомж зөрчиж байгаа тухай өргөдөл гаргаж байсан ба тус газраас шалгалт хийн Л.Д үйлдвэрийн барилга нь ямар нэг бичиг баримтгүй байна. Иймд тус Х******* дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн бүс, орон сууц, олон нийтийн бүсийн аль нь төлөвлөгдсөн талаар өргөдөл гаргагч нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн тоотыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 тоот албан бичгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн байдаг.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын зураг төсөл батлах тухай 72 дугаар тогтоолоор Х******* дүүргийн 2,3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх барилгажилтын зураг төсөл 60 га талбайд ... зөвшөөрч баталсан байдаг. Гэтэл Д.П, Л.Д нар нь тус хорооны нутаг дэвсгэрт аж ахуй үйлчилгээний зориулалттай газар эзэмших зөвшөөрөлтэй

боловч дээрх тогтоолоор баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэний зориулалттай барилга барих ёстой байхад арьс ширний үйлдвэрлэл, арьс шир боловсруулахад хэрэглэдэг хортой химийн бодисуудыг хадгалах агуулах барьж, түүнийгээ ашиглаж байна. Тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр иргэдэд зохих зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа учир газрыг чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүргүүлж байсан боловч хариуцагч нар нь газрыг чөлөөлөөгүй, үйл ажиллагаа явуулсаар байдаг.

Иймд Д.П, Л.Д нар нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, ямар нэг бичиг баримтгүйгээр барилга барьсан, түүндээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан тул Газрын тухай хуулийн 57.4-д ...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, мөн хуулийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу газар эзэмшүүлэх тухай захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Их э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Иргэн Ш.Ж, Г.Ө, П.Ц нар нь Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 6 давхар барилгыг хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр барьж дуусгасан. Манай барилгын урьд 3.5 метрийн зайд иргэн Л.Д нь үйлдвэрийн барилгыг, Д.П нь агуулахын зориулалттай барилгыг тус тус барьсан. Дээрх 2 иргэний барьсан барилга нь ямар нэг зөвшөөрөлгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар газрыг эзэмшээгүй буюу хотын төвд, орон сууцны дунд арьс шир боловсруулах үйлдвэр болон химийн бодис хадгалах зориулалттай агуулах барьж ашиглаж байгаа тул эдгээр иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг бид 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б гаргасан байдаг. Уг өргөдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэж, Бүртгэл хяналтын карт үйлдэн өмнө нь Л.Д манай байгууллагад хандаж байсан тул дахин хяналт шалгалт хийх шаардлагагүй гэсэн хариу өгсөн.

Л.Д нь өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бидний барьсан орон сууцны зориулалттай барилгыг хууль тогтоомж зөрчиж байгаа тухай өргөдөл гаргаж байсан ба тус газраас шалгалт хийн Л.Д үйлдвэрийн барилга нь ямар нэг бичиг баримтгүй байна, иймд тус Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүс, орон сууц, олон нийтийн бүсийн аль нь төлөвлөгдсөн талаар өргөдөл гаргагч нарт албан ёсоор өгнө үү гэсэн албан тоотыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 02-01/2757 дугаартай албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын зураг төсөл батлах тухай 72 дугаар тогтоолоор Х******* дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх, барилгажилтын зураг төсөл 60 га талбайд... зөвшөөрч баталсан. Гэтэл Д.Д, Л.Д нар нь тус хорооны нутаг дэвсгэрт аж ахуй үйлчилгээний зориулалттай газар эзэмших зөвшөөрөлтэй боловч дээрх тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу иргэний зориулалттай барилга барих ёстой байхад арьс ширний үйлдвэрлэл, арьс шир боловсруулахад хэрэглэдэг хортой химийн бодисуудыг хадгалах агуулах барьж, түүнийгээ ашиглаж байна. Тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр иргэдэд зохих зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа учир газрыг чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүргүүлж байсан боловч хариуцагч нар нь газрыг чөлөөлөхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа.

Иргэн Д.П, Л.Д нар нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, ямар нэг бичиг баримтгүйгээр барилга барьсан, түүндээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан тул гаргуулж авсан тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хуульд тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн Аймаг,  нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу газар эзэмшүүлэх тухай захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893, 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгох, хүчингүй болгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж тус тус заасан байдаг.

Гэтэл Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус болохыг даалгах тухайд нэхэмжлэгч нарын хууль ёсны ямар ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа эсэхээ өөрсдөө тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс одоо болтол энэ талаар тодорхойлоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан атал нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байсан нотлох баримт хэрэгт байхгүй. Гомдол гаргаагүй учраас актуудыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлээгүй, хариу мэдэгдээгүй эс үйлдэхүй байхгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргуулахаар шүүхээс шаардах боломжгүй.

Хариуцагчийн зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий актуудыг ямар учраас хууль бус гэж тайлбарлаж үндэслэлээ тодорхойлж чадсангүй. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.2 дахь хэсэгт газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг үндэслэлээ болгож байна. Гэтэл гуравдагч этгээд дээрх газрыг хүн амын эрүүл мэндэд сөргөөр ашигласан гэх баримт хэрэгт байхгүй, нотлогдоогүй. Иргэн Д.П, Л.Д нарт газар эзэмших эрх үүссэнээр нэхэмжлэгч нарын газартай холбоотой эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй. Учир нь нэхэмжлэгч нарын газар гуравдагч этгээдийн газартай ямар ч давхцалгүй, орц, гарцыг хаагаагүй байдаг. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан мөн Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/00327 дугаартай Үйл ажиллагаа зогсоох тухай улсын ахлах байцаагч нарын хамтарсан акт нь арьс ширний үйлдвэрийн хуурай цехтэй холбоогүй. Харин нойтон цехтэй холбогдуулж гаргаж байсан. Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалт хийгээд гуравдагч этгээд Их Э*******т ХХК-ийн нойтон цехтэй холбогдуулж 28 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахаар акт үйлдсэн байдаг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хуурай цехийн үйл ажиллагааг зогсоолгохоор манай байгууллагад даалгах, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелээгүй эс үйлдэхүй гэж гаргасан гэж тайлбартаа хэлж байна.

 

2017 оны газрын нэгдсэн төлөвлөгөөнд батлагдсаны дагуу гуравдагч этгээд Их-Э*******т ХХК-д шалгалтыг Х******* дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс 11 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлээд, зөрчлийг арилгаж хариу нь хуулийн хугацаанд манай байгууллагад ирсэн.

Манай байгууллагыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөндлөнгийн 3 шинжээчийн хамт шинжээчээр томилж Их-Э*******т ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт гаргасан. Дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийж гүйцэтгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ш.Ж Газарт гаргасан ба тухайн асуудлыг судалж үзээд тус газраас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/03/1737 тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дээрх иргэд өргөдөл гаргасан уг өргөдөлд дурдсан асуудлаар холбогдох улсын /ахлах/ байцаагч томилуулан, шинжээчийн дүгнэлт гаргаж буй тухай хариуг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6/2012 тоот албан бичгээр тус тус өгсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд энэхүү шаардлагад дурдагдсан асуудал: Х******* дүүргийн 2-р хороо Их-Э*******т ХХК-ийн Арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай акт гаргах, тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун, хүйтэн, уур, тоосжилт химийн бодисын ууршилтаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах бидний үндсэн эрх зөрчигдөхөд хүрээд байна гэсэн байна.

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 330 тоот улсын ахлах байцаагчийн зөвлөмж /Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тухай/ гаргаж, тухайн нэгжид хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчдын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/003/27 тоот актаар үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл зогсоосон актын хавсралтад заасан жагсаалтын 9-т Х******* дүүргийн 2-р хороо Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэр байгаа тул энэхүү актын үйлчлэл хүчинтэй байгаа, сэргээсэн тухай улсын байцаагчийн акт байхгүй байна. ... гэжээ.

Гуравдагч этгээд Их-Э*******т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагааг нь зогсоох, газар эзэмших эрхийг нь цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний дээрх эрхэнд халдаж байгаа нь төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон онцгой эрх. Төрийн байгууллага онцгой эрхээ эдэлж, хяналт шалгалт явуулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Даалгах нэхэмжлэл гэдэг нь иргэн хүн өөрийн субъектив эрхийнхээ хүрээнд эрхээ хамгаалуулахаар төрийн байгууллагад хандсан, гэтэл гомдлыг нь шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд даалгах нэхэмжлэл гаргадаг. Харин төрийн захиргааны байгууллагын онцгой эрх буюу албадлагыг иргэнд хүлээлгэх ёсгүй учир даалгах нэхэмжлэлийн тухайд үндэслэлгүй байна.

Их-Э*******т ХХК-ийг үйлдвэрийн зориулалтаар л эзэмшинэ гэж заасан. 2015 оны 01 дүгээр сард Их э*******т ХХК-ийн барилгын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Гэтэл орон сууцыг 2015 оны 03 дугаар сард баригдаж эхэлсэн боловч барилгын ажил нь дутуу байсан үед шүүхэд хандсан. Орон сууцны барилга барих ёстой газар үйлдвэрийн зориулалттай газарт барьсан гэж маргадаг. Бодит байдал дээр эсрэгээрээ үйлдвэрийн газар орон сууц барьсан. Нэхэмжлэгч нар, орон сууцны оршин суугчдын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна.

Гуравдагч этгээд Л.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хуульч биш учир хуулийн талаар сайн мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад миний хувьд нэхэмжлэгч нар энд байгаа хүмүүсийг хэтэрхий үл хүндэтгэж байна гэж ойлголоо. Үйлдвэрийн барилга баригдаад дуусчихсан байхад барилга баригдаагүй газарт нөлөө үзүүлж байгаа гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж бодож байна. Мөн энэхүү 2 орон сууц одоо болтол барилгын зөвшөөрлөө аваагүй, бичиг баримтгүй, нэг ч оршин суугч байхгүй байгаа. Энэ орон сууцыг баригдаж эхэлсэн үеэс нь би үйлдвэрийн бүсэд орон сууц барих ёсгүй гээд зохих байгууллагад гомдлоо гаргаж байсан гэв.

Гуравдагч этгээд Л.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/893 дугаар захирамжийн иргэн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Иргэн Л.Д, Д.П нар нь орон сууцны барилгын зориулалттай газар үйлдвэр барьж, орон сууцны оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх ёстой гэж заасныг зөрчиж байна. Иргэн Л.Д маргаан бүхий газрыг 2007 оноос хойш аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа. Уг газрыг иргэн Л.Д ямар зориулалтаар ашиглаж байгаа нь иргэнтэй хамааралтай болохоос шүүхийн асуудал биш юм. Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго бол төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн агуулгын шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. Гэтэл нэхэмжлэлд ямар учраас хууль бус гэж үзсэн үндэслэл байхгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд нэхэмжлэл маргаан бүхий асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Гэтэл одоо нэхэмжлэлээ Нийслэлийн Засаг даргад даалгах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад ямар эс үйлдэхүй байгаа нь тогтоогдохгүй байгаа. Ямар үндэслэлээр иргэн Л.Д холбогдох Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/893 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа үйлдлийг хууль бус гэж тогтоолгох гэж буй үндэслэл нь тодорхойгүй. Энэхүү захирамж гарснаар нэхэмжлэгч нарын ямар эрх нь зөрчигдсөн талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Захиргааны акттай холбоотойгоор л маргах ёстой. Нэхэмжлэгч Ш.Ж өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Яагаад нэхэмжлэгч болж байгаа нь тодорхойгүй. Хэрэг авагдсан баримтаас харахад ч энэ талаар тодорхой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар орон сууцны барилгыг барьж дуусгасны дараа Д.Пүрвээ агуулахын зориулалттай барилгыг ямар нэгэн зөвшөөрөлгүй барьж ашиглаж байгаа мэт ойлголт төрүүлэхээр бичигдсэн нь бодит байдлыг тусгаагүй буюу худлаа мэдээлэл байна. Бодит байдалд П.Ц нь 2015 оны 4 сараас, Г.Ө гэгч нь 2015 оны 8 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд эдгээр 2 барилгын ажил эхлэхээс өмнө Д.П агуулахын барилга баригдсан байсан юм. Тухайн барилга нь 1980-аад оны барилга бөгөөд химийн бодис хадгалах зориулалтаар баригдаагүй.

Агуулахын барилгыг өмчлөх Д.П эрх нь 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр огноологдсон Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн 0081590 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан, үүнийг үндэслэн 4 сарын орчмын тухайн агуулахын газар олгох асуудал Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн. Энэхүү шийдвэрийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Нэгэнтээ баригдсан барилга учраа уг агуулах БНМАУ-ын үеийн барилга тухайн эзэмшлийн газарт бариагүй тул газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн ойлголт гарахгүй нь тодорхой.

Эцэст нь онцлон дурдахад нэхэмжлэгч нарт нэгэнт баригдсан барилгаас 3.5 метр зайд өөрсдийн хүсэл зоригоор, хууль тогтоомжид нийцээгүй барилга барьсан тул түүний үр дагаврыг өөрсдөөс нь өөр хэн хариуцах учиргүй гэж бодогдож байна. Иймд нэхэмжлэгч нар болж өнгөрсөн үйл явдлыг бодитой тусгаагүй мэдээллийг агуулсан хууль тогтоомж зөрчөөгүй гуравдагч этгээд Б.П зөрчсөн мэтээр бичсэн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн харьяаллын бус, хуулийн зохицуулалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийх боломжтой. Нийслэлийн Засаг даргын 2003 оны захирамжид дурдсан этгээд байхгүй тул П.Ц өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй. Гуравдагч этгээд нарын Газрын тухай хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч өмнөх шаардлагатай холбоотой агуулга байсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ж, Г.Ө, П.Ө нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж, сүүлийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох[1] гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

1. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс орон сууцны хороолол-ын зориулалттайгаар төлөвлөгдсөн газарт аж ахуй, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсний улмаас иргэн Л.Д эзэмшил газар дээр Их-Э*******т ХХК нь арьс ширний үйлдвэрийн барилга барьж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газрууд нь байршлын хувьд давхцалгүй тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Ө нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/551 дүгээр захирамжийн дагуу 350 мкв газрыг Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар[2], нэхэмжлэгч П.Ц нь мөн газарт нийслэлийн Засаг даргын 2015 оны А/863 дугаар захирамжийн дагуу 370мкв газрыг Үйлдвэрлэл үйлчилгээ-ний зориулалтаар эзэмшиж байсныг мөн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар газрын зориулалтыг Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалттай болгож өөрчилж эзэмшүүлжээ.[3]

Гуравдагч этгээд Д.П нь маргаан бүхий газар дээр байрлах агуулахын барилгыг 2002 онд Нолго ХХК-аас шилжүүлсэн авсан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283[4] тоот захирамжаар Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээ-ий зориулалтаар 900мкв газрыг иргэн Д.П 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн[5], иргэн Л.Д нь маргаан бүхий газарт зэ*******дээ байрлах хуучин складуудтай 248мкв болон 64 мкв газрыг нийслэлийн Засаг даргын 2007 оны 577, 2010 оны 98 дугаар шийдвэрүүдийн дагуу тус бүр дагуу 15 жилийн хугацаатайгаар Аж ахуй-н болон Үйлчилгээ-ний зориулалтаар анх эзэмшиж[6] байгаад 2012 болон 2013 онуудад талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасныг нийслэлийн Засаг даргаас хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжаар[7] газрын хэмжээг 690 мкв талбайтайгаар Аж ахуй, үйлчилгээний зориулалттайгаар баталгаажуулсан байна.

Л.Д эзэмшил газар дээр байрлах иргэн Ш.О өмчлөлийн 1056 мкв үйлдвэрлэлийн зориулалттай сэндвич-н барилгад Их-Э*******т ХХК нь арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байна[8].

 

Нэхэмжлэгч П.Ц, Г.Ө нарын эзэмшиж буй газар нь Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин үйлдвэрийн цагаан хаалганы хажууд зэ*******дээ байрлалтай байх ба гуравдагч этгээд Л.Д эзэмшиж буй газрын зарим хэсэг нь Г.Ө эзэмшил газрын баруун талд, зарим хэсэг нь урд талд, түүний зэ*******дээ гуравдагч этгээд Д.П эзэмшил газар тус тус байрлаж байна.

Нийслэлийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн лавлагаа, байршлын зургаар нэхэмжлэгч нарын газар нь өөр хоорондоо болон гуравдагч этгээд Л.Д Д.П нарын эзэмшил газартай давхцалгүй[9] байгаа нь нэхэмжлэгч нарын хөрш газрыг эзэмшигч нь тухайн газрыг хүн амын эрүүл мэндэд харшаар ашигласан гэсэн үндэслэлээр маргах эрхийг хязгаарлахгүй юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан ...нийслэл, ... Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж заасан зохицуулалт нь мөн зүйлийн 40.1.1-т зааснаар ...газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-т зааснаар газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хэрэгжихээр байх бөгөөд дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үүрэгтэй гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч иргэдээс, тодруулбал,

- иргэн Ш.Ж нийслэлийн Засаг даргад хандаж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ...иргэн Л.Д, Д.П нар нь эзэмшил газар дээрээ зөвшөөрөлгүйгээр арьс шир боловсруулах үйлдвэр барьсан. Арьс ширний зориулалттай химийн бодис агуулахдаа хадгалж байгаа тул үйлдвэр болон агуулахын газар эзэмших эрхийг цуцлах тухай хүсэлт гаргасан байх боловч уг гомдлыг хариуцагчаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, уг газраас ...дурьдсан асуудлаар өмнө нь ... 02-01/2757 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. ... төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх шаардлагагүй гэсэн хариу өгсөн[10] ,

- мөн дээрх хариунд дурьдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 тоот албан бичиг[11] нь иргэн Л.Д хүсэлтэд өгсөн хариу байх бөгөөд маргаан бүхий газар нь төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн, орон сууц эсхүл олон нийтийн бүсийн аль бүсчлэлд хамаарахыг холбогдох байгууллагаас тодруулна уу гэсэн агуулгатай байна,

- түүнчлэн иргэн Л.Ө, П.Ц нарын гомдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх боломжгүй[12] гэсэн хариуг өгч зэргээс үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч нараас гаргасан хөрш зэ*******дээ газар эзэмшигч Л.Д, П.П нарыг газар эзэмших эрхийг цуцлах тухай гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нийслэлийн Засаг даргад хандаж байгаагүй, эс үйлдэхүй тогтоогдохгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгч нар нь гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй-тэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Харин хариуцагчаас дээрх гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай урьдач нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоолгохоор гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн боловч газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан эсэхийг шалган тогтоож дүгнэлт гаргах үүрэг бүхий этгээд нь энэ үүргээ хэрэгжүүлж мэдэгдээгүйгээс хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч иргэдийн гомдлыг шийдвэрлээгүй байх тул дээрх эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна.

 

Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар иргэн Л.Д, Д.П нар нь газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн болон эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр эзэмшиж буй газраа бусдын эрүүл мэндэд харшаар ашигласан гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тодруулбал:

1. Маргаан бүхий газруудын байршиж байгаа нийслэлийн Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Э*******т ХХК-аас гадна арьс шир боловсруулах өөр олон үйлдвэрүүд ажиллаж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь нийтэд илэрхий болсон дахин нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Их-Э*******т ХХК-ийн үйлдвэрийн гадаа зам дагуу Хүхрийн давхар ислийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин их[13] байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс ... арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байна гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй.

Гэвч үйлдвэр орчмын агаарт байгаа хүхрийн давхар ислийн агууламж нь дан ганц гуравдагч этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэлтэй эсэхийг тогтоох боломжгүй тул Д.П, Л.Д нар нь эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу эзэмшиж буй газраа хүн амын эрүүл мэндэд харшаар ашиглаж байна гэж дүгнэх нь учир дутагдалтай болохоор байна.

 

2. Нийслэлийн Газрын албанаас 2010 онд Л.Даваажавт, 2011 онд Г.Ө*******ад, 2015 онд П.Ц олгож байсан Барилгажсан талбай, нутаг дэвсгэрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт[14]-д маргаан бүхий газрыг ...Үйлдвэрийн бүс учраас албан байгууллага, орон сууцны суурьшлын бүс байршуулахыг зогсоох шаардлагатай гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд маргаан бүхий газар байрлаж буй Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр нь өмнө нь үйлдвэрийн бүсэд тооцогддог байсан нь мөн нийтэд илэрхий үйл баримт боловч Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 203 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-ийг баталж уг газрыг Үйлдвэр-1 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Орон сууцны бүс[15] байхаар өөрчлөн төлөвлөсөн байна.

Мөн маргаан бүхий газарт ногоон байгууламж, тохижилт хийгдэхээр төлөвлөгдсөн болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Л.Д 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн 02/3292 тоот албан бичгээр тогтоогдож[16] байх тул нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн орон сууц, олон нийтийн бүс байхаар төлөвлөгдсөн газарт арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа нь газрыг эрүүл мэндэд харшаар ашигласан гэсэн тайлбар үндэслэлтэй, харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн Үйлдвэрийн бүсэд ирж орон сууц барьчихаад өмнө байсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг шаардах үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаас үйлдвэрийн бүсчлэлийг өөрчлөн төлөвлөсөн дээрх шийдвэр нь ... гал түлж утаа гаргаад байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болго гэсэнтэй адил агуулгатай шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авахгүй байх үндэслэл болохооргүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын зориулалтыг үйлдвэрлэлийн, аж ахуйн, үйлчилгээний гэж ялгаатай заадаг гэж тайлбарлаж байх бөгөөд гуравдагч этгээд Л.Д, Д.П нар нь аж ахуйн болон үйлчилгээний зориулалтаар олгогдсон газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч өмнө нь Үйлдвэр бүсчлэлд хамрагдаж байсан байршлыг Орон сууц бүсчлэлд хамруулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан боловч энэхүү шийдвэр хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй байгаа үед гуравдагч этгээдээс тухайн газрыг өмнө ашиглаж байсан зориулалтаар ү*******жлүүлэн ашиглаж байгаа байдлыг газрыг зориулалт бусаар ашигласан, газрыг бусдын эрүүл мэндэд харшаар ашиглаж байна гэж дүгнэж болохооргүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүсрүү шилжүүлэх арга хэмжээг ... зохион байгуулах-аар, Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 356 дугаар тогтоолоор Арьс ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Х******* дүүргийн 13 дугаар хорооны нутагт Шар хөцийн хоолой гэдэг газарт төвлөрүүлэн байршуулах-аар шийдвэрлэж, уг ажлыг шуурхайн зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуй/хуучин нэрээр/-н сайд болон нийслэлийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн боловч энэхүү ажил хэрэгжээгүй, Их-Э*******т ХХК болоод бусад арьс ширний үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулах бодит нөхцөл бүрдээгүй байгаа байх тул гуравдагч этгээд Л.Д болон Д.П нарыг газраа бусдын эрүүл мэндэд харшаар ашигласан гэж дүгнэх нь шударга ёсонд нийцэхгүй төдийгүй шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Иймд нэхэмжлэгч Г.Ө, П.Ц нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газар нь аж ахуй-н болон үйлчилгээ-ний зориулалттай талаар маргахгүй байх бөгөөд дээрх шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч нарын Улсын Их Хурлын 2012 оны 74, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхийг шаардах, эсхүл дээрх шийдвэрүүд хэрэгжиж, үйлдвэрийн цогцолбор байгуулагдсаны дараа шүүхээр шийдвэрлэгдсэн шаардах эрхийг дахин хэрэгжүүлэхийг хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар, тэдний өмгөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1, 4.1.1-д заасны дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг даалгах үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас Их-Э*******т ХХК-ийн арьс шир боловсруулах үйл ажиллагаа болон химийн бодисын агуулахад 2013-2016 онуудад хяналт шалгалт хийж

- мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 02-04-123/323, 02-04-123/324 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 02-04-122/849 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02-04-122/1039 тоот, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зөрчил арилгуулах тухай албан шаардлагууд[17],

- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Их-Э*******т ХХК-ийн химийн бодисын агуулах нь ...стандартыг хангаж байна гэх 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02-04-122/29 тоот, Их-Э*******т ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал ус нь ...стандартын шаардлага хангахгүй байна гэх 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 34-04-519/1557 тоот дүгнэлтүүд[18],

- Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн Х******* дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоох тухай 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/003/27 тоот актыг[19] тус тус үйлджээ.

 

Гэвч дээрх албан шаардлагууд болон дүгнэлтүүд, түүнчлэн улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт нь хэргийн оролцогчдын одоо маргаж буй Их-Э*******т ХХК-ийн арьс шир боловсруулах хуурай/гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар/ үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнд гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал,

Их-Э*******т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс дээрх албан шаардлага, албан бичгүүд нь Х******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин 1 дүгээр цахилгаан станцын хойно байрлах тус компанийн нойтон үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнд гарсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нараас үүнийг үгүйсгэж маргахгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд улсын ахлах байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/003/27 дугаартай акт хамааралгүй гэж тайлбарлаж байна.

Мөн гэрч Б.Г нь ...нойтон үйлдвэрийг шалгаж албан шаардлага хүргүүлсэн, Их-Э*******т-3 үйлдвэр нь химийн бодис ашигладаггүй тул шалгалт хийж байгаагүй[20], гэрч Н.Б нь ... 2016 оны 06 дугаар сард хийгдсэн шалгалт нь Харгиа цэвэрлэх байгууламжид бохир усаа нийлүүлдэг арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийсэн. ...Их-Э*******т ХХК-ийн үйлдвэр нь Харгиа цэвэрлэх байгууламжийн баруун талд байрладаг, нойтон буюу ус, химийн бодис ашиглаж боловсруулалт хийдэг. ...хуучны тоосгон барилга. ...хуурай үйлдвэр нь ус хэрэглэдэггүй үйлдвэр. 2016 оны шалгалт нь Харгиад бохир усаа нийлүүлж байгаа үйлдвэрүүд хамаарч байсан[21] гэж мэдүүлж байгаагаас үзвэл дээрх хяналт шалгалтын баримтууд нь хэргийн оролцогчдын маргаж буй Их-Э*******т ХХК-ийн арьс шир боловсруулах хуурай/гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар/ үйлдвэрт хамааралгүй байна.

Харин Их-Э*******т ХХК-аас нойтон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дээрх албан шаардлагууд болон актын хэрэгжилтийг хангаж, эргэж тайлагнаагүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 09/3273 тоот албан бичигт ...Их-Э*******т ХХК-аас манай байгууллагад тус актын хэрэгжилтийг хангуулсан талаар албан тоот, хүсэлт ирүүлээгүй байна[22] гэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн 02-04/3549 тоот албан бичигт ...албан шаардлагын хариуг өгөөгүй [23] гэж бичигдсэнээр тус тус тогтоогдов.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нойтон цех ажиллаж байгаа гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан гүйцэтгэлийн хяналт шалгалт-ыг хэрэгжүүлээгүй, зохих арга хэмжээ аваагүй үйл баримт тогтоогдож байх боловч энэ нэхэмжлэгч Л.Ө, П.Ц нарын эзэмшил газрын зэ*******дээ, урд байрлах Их-э*******т ХХК-ийн хуурай/ гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар/ үйлдвэрийн үйл ажиллагаанд хамааралгүй байх тул Их-Э*******т ХХК-ийн өөр үйлдвэрт хийгдсэн шалгалтын дүнгээр нэхэмжлэгчийн шаардаж буй хуурай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О маргаж буй үйлдвэрийн үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой эко үйлдвэр гэх боловч түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ уг үйлдвэрийг тодорхой хэмжээгээр ус ашиглаж, бохир усаа Харгиа цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг, химийн бодис ашигладаг гэж зөрүүтэй тайлбарлаж байх боловч Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас энэхүү хуурай үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулж хяналт шалгалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг үйлдвэрийн үйл ажиллагаа нь ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг шүүхээс нөхөн шалгах, тогтоох боломжгүй байна.

Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байх бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж иргэн Л.Ө, П.Цнараас гаргасан өргөдөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх шаардлагагүй[24] гэсэн хариу өгсөн зэргийг нэгтгэн дүгнэж үзвэл, хариуцагч байгууллагын зүгээс Их-Э*******т ХХК-ийн арьс шир боловсруулах хуурай үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдож байх хэдий ч шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ба нэхэмжлэгч нар нь хариуцагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин шүүхээс шинжээч томилуулах замаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байх тул Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг хангахуйц хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг заажээ.

Энэ заалтын Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах гэсэн хэсгийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хассан байх ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3-т зааснаар Энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлж хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд үйл ажиллагааг түр зогсоох эрх хэмжээтэй байх ба зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг холбогдох байгууллагад гаргах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээтэй байхаар зохицуулсан нь хяналт шалгалт тодорхой байж зөрчил тус бүрийг зохих ёсоор нотолсны үндсэн дээр хариуцлага тооцох агуулгатай байна.

Гэтэл нэхэмжлэгч нараас хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхэлж, химийн бодис ашиглаж арьс шир боловсруулж байгаа болон дуу чимээ, уур ихээр гаргаж байгаа нь орчны оршин суугчдын эрүүл мэндэд аюул учруулж байна гэж ерөнхий байдлаар тайлбарлаж байгаа нь тодорхой бус, "хуулийн дээрх зохицуулалтын агуулгад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас Их-Э*******т ХХК нь зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн үндэслэлээ үйлдвэрийн барилгад зөвшөөрөл аваагүй гэдэг байдлаар, арьс шир боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээ үйлдвэрийн дуу чимээ, уур ихээр гаргадаг, химийн бодис ашигладаг гэж тайлбарлаж байх боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас уг үйлдвэрийн ашиглаж буй химийн бодисын ашиглалт, хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт, тоног төхөөрөмжийн дуу чимээ, гаргаж буй уур усны байдалд хяналт шалгалт хийгээгүй байх тул ...даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан, тогтоогдож буй хууль бус эс үйлдэхүйтэй шууд холбоогүй шийдвэр болохоор байна.

Иймд нэхэмжлэгч Г.Ө, П.Ц нарын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ш.Ж тухайд нэхэмжлэгч Л.Ө газар дээр баригдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулсан тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч тус орон сууцанд оршин суудаг байдал тогтоогдоогүй, уг орон сууцанд хөрөнгө оруулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Иймд Ш.*******ын Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ө, П.Ц нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийлэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ...Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг тус тус баримтлан Ш.Ж Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийлэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ...Их-Э*******т ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ