Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүн: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А

Нэхэмжлэгч: “Ө” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 787 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 128/2025/0724/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ө” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх маргааны утга, агуулгыг зөв ойлгоогүй. үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэргийн нотлох баримтуудыг судлаагүй тухайд:

3.1.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг нь 4 хуудастай, 15 дугаарлалт бүхий хэсгээс бүрджээ. Энэ бол манай компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хувьд маш хангалтгүй үндэслэл, дүгнэлтүүд байлаа. Шүүх өөрийн үндэслэл, дүгнэлтээ “нэхэмжлэгч ... гэсэн нь үндэслэлгүй байна” гэх ганц өгүүлбэрээр илэрхийлсэн явдал шийдвэрт олон удаа давтагдаж байгаа нь ч үүнийг харуулж байна. Шүүх ийнхүү “үндэслэлгүй байна” гэж дүгнэхдээ бидний дэвшүүлсэн үндэслэлийг эсвэл хуулийн тодорхой зүйл, заалтыг иш татах замаар бичвэрээ урт, дэлгэрэнгүй мэт харагдуулах гэж оролдсон байна. Тэрнээс шүүхийн өөрийн хийсэн гэх оюун дүгнэлт шүүхийн шийдвэрт тун хомс байгааг Та бүхэн анхаарч үзэхийг хүсье.

3.2. Шүүх маргаан бүхий асуудлын утга, агуулгыг зөв ойлгоогүй, энэ тухай бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, хэргийн нотлох баримттай ажиллаагүй буюу түүнд тулгуурлаж шийдвэр гаргаагүй, өөрийн шийдвэрээ хэргийн нотлох баримтуудаар дэмжээгүй байдлыг дараах байдлаар харж болно. Үүнд:

3.2.1. Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг үндэслэлээ “Манай компани иргэний захиалгын дагуу тэдний эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээр 12 давхар, 103 айлын үйлчилгээ, орон сууцны зориулалттай, өндөр төвөгшилтэй ангиллын барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан” гэж тодорхойлсон юм.

3.2.2. Тодруулбал, хамтран ажиллах гэрээний дагуу бусдын газар дээр худалдан борлуулах зорилгоор үйлчилгээтэй орон сууцны барилга барьсан “Ө” ХХК-ийг тухайн барилга байгууламжийн өмчлөгч гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэг, татварын ногдол, хуримтлагдсан татварын өр үүсгэсэн хариуцагчийн үйлдэл, шийдвэр нь илт хууль бус юм гэж маргасан юм.

3.2.3. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т “... нэхэмжлэгч “Ө” ХХК нь иргэний захиалгын дагуу түүний эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээр 12 давхар, 103 айлын үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын угсралт, засал чимэглэл, дотор гэрэлтүүлэг, дотор цахилгаан инженерийн шугам сүлжээ, гадна инженерийн шугамын холболт, угсралтын иж бүрэн ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ” гэж хүлээн зөвшөөрсөн.

3.2.4. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ө” ХХК тухайн барилга байгууламжийг иргэний захиалгаар түүний эзэмшлийн газар дээр барьж гүйцэтгэн түүний эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн гэж үзсэн.

3.2.5. Тэгсэн атлаа бусдын захиалгын дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн барилгын компанийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч гэж үзсэн үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тодорхой тайлбарлаж дүгнээгүй байна.

3.2.6. Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дараагийн үндэслэлээ “Тухайн барилгын орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч нарыг орон сууцны зээлд хамруулах болсонтой холбогдуулан газар эзэмшигч, үндсэн захиалагч нарын хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22...... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, ... тоот хаягт байрлах, 6978.6 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гүйцэтгэгч “Ө” ХХК-ийн нэр дээр гаргуулсан. Улмаар Голомт банктай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БХХ-2022/ОСБ-N-80 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, захиалагч нарыг орон сууцны зээлд хамруулсан” гэж тодорхойлж, дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулсан үндэслэлээ шүүхийн өмнө баримтаар нотолсон юм.

3.2.7. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5-д “... Голомт банктай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгох зорилгоор нэхэмжлэгч компани нь 6978.6 м.кв орон сууц, үйлчилгээний зориулалттай 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ авахаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22.......... дугаарт бүртгэгдэж, 00......... дугаартай гэрчилгээг авч, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн болох нь ... баримтуудаар тогтоогдож байна” гэж тухайн дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах болсон үндэслэл, шалтгааныг зөв тодорхойлсон.

3.2.8. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь тухайн барилгын захиалагч нарыг орон сууцны зээлд хамруулах болсонтой холбогдуулан газар эзэмшигч, үндсэн захиалагч нарын хүсэлтээр 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан болохыг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа манай компанийг тухайн барилга байгууламжийн эцсийн өмчлөгч гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, өр, үүрэг ногдуулсан хариуцагчийн илт хууль бус үйлдэл, шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гайхан эргэлзэж байна.

3.2.9. Эндээс нэгтгэн дүгнэхэд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, энэ тухай хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааны зүйл болох бусдын захиалгын дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн барилгын компани орон сууцны үндсэн захиалагч нарыг зээлд хамруулах зорилгоор өөрийн нэр дээр дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар албан татвар ногдуулах үндэслэл болохгүй болохыг анхааран үзэхийг хүсэж байна.

3.3. Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсгийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

3.3.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан.

3.3.2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдохоор байх бөгөөд газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулахаар байна. Тодруулбал, зориулалтын дагуу ашиглаж байгаа ашиглалтад орсон газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэх бөгөөд түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байна.

3.3.3. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, орон сууц, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй юм. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилго нь зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд татвар ногдуулахаар байна.

3.3.4. Манай компани нь бусдын газар дээр тэдний захиалгын дагуу барилга барьж захиалагч нарыг банкны зээлд хамруулах зорилгоор “баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг” бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан боловч тухайн барилга “орон сууц, үйлчилгээний зориулалт”-аар бүрэн баригдаагүй, ашиглагдаагүй байсан.

3.3.5. Мөн түүнчлэн “дуусаагүй барилга” нь нягтлан бодох бүртгэл талаасаа барилга биш “дуусаагүй барилга” гэж тусдаа дансанд бүртгэгддэг бөгөөд эдийн засгийн эргэлтэд ороогүй, барилгын үнэ цэнийг гүйцэт илэрхийлэхгүй юм. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон НББОУС-2, НББОУС-16-д заасны дагуу нэхэмжлэгч компанийн барьсан орон сууцны барилга нь үндсэн хөрөнгийн шинжийг агуулаагүй харин бараа материалын шинжийг агуулж байна. Тодруулбал, үндсэн хөрөнгө нь дараах бие шинжтэй  биет зүйлсийг хэлнэ.

• Бараа, үйлчилгээний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэд ашиглах, бусдад түрээслэх эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглах зорилгоор эзэмшиж байгаа

• Нэгээс дээш тайлант үед ашиглагдахаар хүлээгдэж буй. (НББОУС 16.6)

3.3.6. Бараа материал нь дараах шинжийг агуулсан хөрөнгө байна. Үүнд: Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа, борлуулахын тулд үйлдвэрлэлийн процесст байгаа, үйлдвэрлэлийн процесст эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглан зарцуулагдах материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа. (НББОУС 2.6); Бараа гэдэг нь борлуулах зориулалттай бэлэн бүтээгдэхүүн. Барилгын компани нь борлуулах зорилгоор барилгыг өөрөө барих болон захиалгаар бусдаар бариулан худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Иймд тухайн барилгын компанийн барьсан барилга нь НББОУС 2-т зааснаар бараа материалын шинжийг хангаж байна. Энэ талаар нэхэмжлэгч “Ө” ХХК нягтлан бодох бүртгэлдээ барилгыг барьж байх явцад дуусаагүй барилгыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэж тайлагнасан байсныг анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.3.7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж баригдаж дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан байна. Ийнхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.14-д “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна” гэж тус тус заасантай хамтатгахын зэрэгцээ дээр дурдсанчлан дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан зэргээс үзэхэд, татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд л уг татварыг ногдуулах агуулгатай байна. Гэтэл анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бол үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах үндэслэлтэй байна” гэж буруу тайлбарласан байна.

3.3.8. Эндээс нэгтгэн дүгнэвэл, бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гагцхүү захиалагч иргэдийг банкны зээлд хамруулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн барилгын компанийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчсөн хэрэг юм.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт нийцээгүй тухайд:

3.4.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заажээ.

3.4.2. “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.

3.4.3. Иймд манай компанийн өмчлөлийн гэх 73 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх дээрх шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар зохицуулсан байхад ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу өмчилж, ашиглах боломжгүй, бусдын захиалгын дагуу гагцхүү барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн үл хөдлөх эд хөрөнгөд албан ногдуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

3.4.4. Өөрөөр хэлбэл, бусдын захиалгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдийг бусад этгээдийн нэрийн өмнөөс татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсгийг ноцтой зөрчиж, бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.5. Анхан шатны шүүх бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус захиргааны актыг зөвтгөсөн шийдвэр гаргасан тухайд:

3.5.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны актаар манай компанид үл хөдлөх эд хөрөнгийн 53,600,000 төгрөгийн албан татвар төлөх үүрэг, татварын ногдол, хуримтлагдсан татварын өр үүсгэсэн бодит болон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байсан. Тодруулбал, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэл өмчилж байсан хугацаанд ногдсон албан татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй” гэж тайлбарласан байна. Гэвч хариуцагч Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ” гэж, 48.2-т “Татварын алба нь татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдуулалт, төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын өрийг татварын тайлан болон шийтгэлийн хуудас, татварын актад үндэслэн бүртгэнэ” гэж заасныг зөрчсөнийг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Учир нь манай компани тухайн дуусаагүй барилгын ажлыг бусдын захиалгаар худалдан борлуулахаар хийж гүйцэтгэсэн тул ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаагүй.

3.5.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиплагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үургийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй билээ. Гэвч манай компани нь тухайн барилга байгууламжийг худалдан борлуулахаар барьж ашиглалтад оруулсан, орон сууц захиалагч нарыг банкны зээлд хамруулах зорилгоор газар эзэмшигч, үндсэн захиалагчийн хүсэлтээр дуусаагүй барилгын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс энэ байдлыг биднээс тодруулаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй. Улмаар шууд 53,600,000 төгрөгийн албан татварын ногдол үүсгэсэн нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна. Энэ нь шийдвэр гаргахын өмнө манай компаниас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Хэрэв манай компанид мэдэгдэл ирүүлж, сонсох ажиллагаа хийсэн бол бид үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр төлбөргүй талаар тайлбар, баримт гаргах байсан юм.

3.5.3 Мөн Татварын ерөнхий газарт удаа дараа гомдол гаргаж тайлбар хүргүүлсэн боловч манайд хариу огт ирүүлээгүй. Гэсэн атлаа шүүхэд маргаан үүссэний дараа Татварын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн татварын хэлтэст гэсэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06/1890 дүгээр албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичиг дээрээ “хувийг “Ө” ХХК-д” гэсэн байна. Энэхүү хуульд нийцээгүй мэргэжлийн бус бичгийг тухай үед бидэнд ирүүлсэн бол бид гомдол гаргаж үнэн мөнийг болох байсан юм. Үнэхээр гомдолтой байна.

3.5.4. Иймд гүйцэд ашиглалтад ороогүй, ашиглаагүй, мөн улсын комиссын акт гармагц 108 орон сууц, үйлчилгээний талбайг захиалагч нарт орон сууц захиалгаар бариулах гэрээгээр худалдан борлуулж, гэрчилгээжүүлсэн, манай тайлан балансад үл хөдлөх хөрөнгө гэж бүртгэгдээгүй, үйлдвэрлэлийн хувьд борлуулах зорилготой хөрөнгөнд бусдын нэрийн өмнөөс албан татварт тайлагнаж, тушаах хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн энэ асуудлаар татварын албанаас ямар нэгэн хяналт шалгалт явуулж шийтгэлийн хуудас, татварын акт тавигдаагүй байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах заалтыг илт зөрчиж манайхаас татварт тайлагнаагүй болон татварын албаны шийтгэлийн хуудас, акт байхгүй байхад “Ө” ХХК дээр татварын нэхэмжлэл үүсгэсэн нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нийт 53.600.000 төгрөгийн нэхэмжлэхийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргаж,  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг 48.1-т заасны дагуу эхлээд мэдээллийн санд бүртгэл үүсгэхийн тулд татвар төлөгчийн тайлан байх ёстой ... дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулдаг нь буруу...” гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран бүртгэгдсэн өдрөөсөө эхлэн албан татвар ногдуулах зохицуулалттай” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Ө” ХХК нь Голомт банктай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа болгох зорилгоор орон сууц, үйлчилгээний зориулалттай 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан бөгөөд улмаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан болохыг анхан шатны шүүх тогтоон дүгнэжээ.

5. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д  “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гэж, 5.1.2-т “тодорхой байх” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн татварыг хэрхэн яаж тооцоолох нь татвар төлөгч нарт анхнаасаа ойлгомжтой тодорхой байх зарчимтай, энэ дагуу Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуульд татварыг ямар журмаар, яаж тооцохыг нарийвчлан, тодорхой дараалал тогтоож зохицуулсан байна.

6. Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэхийн үнийн дүнтэй маргаагүй боловч хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нэхэмжлэх үүсгэхдээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран эд хөрөнгийн үнийн дүнг хэрхэн тооцох талаар нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй байна.

7. Өөрөөр хэлбэл, татвар ногдуулах үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бол түүнд бүртгүүлсэн үнэлгээнээс, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй бол хөрөнгийн даатгалын үнэлгээнээс, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлийн үнэлгээнээс тооцохоор тодорхой хуульчилсан байхад хариуцагчаас маргаан бүхий нэхэмжлэхүүдийг үйлдэхдээ татвар ногдуулах үнэлгээг ямар суурь үнэлгээнээс тооцсон болох нь тодорхойгүй төдийгүй уг үл хөдлөх эд хөрөнгө 73 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэй буюу татвар ногдуулах үнэлгээ ялгаатай хугацааг хамруулан татвар ногдуулахдаа адил дүнгээр татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна.

8. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна” хэмээн заасан.

9. “Ө” ХХК-ийн өмчлөлийн барилга нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай боловч тухайн барилгад ногдуулсан татварыг байршлын бүсчлэлээс хамааруулан тооцсон эсэх, өөрөөр хэлбэл ямар бүсийн тариф, коэффициентыг үндэслэн ногдуулсан болох нь тодорхойгүй байна.

10. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

11. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нэхэмжлэхүүд хүчингүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1, 2, 3, 4 дугаартай нэхэмжлэхүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, Тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                            Л.ОДБААТАР

                              ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ