Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ /цахимаар/

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******ид холбогдох эрүүгийн 2315003160214 дугаартай, 163/2023/0184/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Банзрагчийн *******, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1952 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ******* аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн Баянцагаан гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 71 настай, эрэгтэй, РД:ГИ52070917.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Түлүүгийн даваа” гэх газрын орчимд засмал зам дээр 42-19 БУА улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж Булган аймгийн чиглэлд буюу эсрэг урсгалд жолооч Л.Эрдэнэцэцэгийн жолоодож явсан 32-48 БУА улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.*******ийн жолоодож явсан 42-19 БУА улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийн зорчигч Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003160214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Түлүүгийн даваа” гэх газрын орчимд засмал замд 42-19 БУА улсын дугаартай Тоёота марк-2 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн  заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож Л.Эрдэнэцэцэгийн жолоодож явсан 32-48 БУА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 42-19 БУА улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан  хохирогч Ж.*******ын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 17-18 дахь тал, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 22 дахь тал, гэрч С.Баасандоржийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 27 дахь тал, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10587 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 38-39 дэх тал, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа хавтаст хэргийн 44 дэх тал, зам тээвийн ослын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, итгэх хуудас хавтаст хэргийн 6-11 дэх тал, гэрч Э.Ганзориг, Б.Билэгдэмбэрэл нарын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 30-32 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчих нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Б.*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ж.******* гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, мөн иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгт 6.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Банзрагчийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ