| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-10-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ц.Давгасамбуу нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Давгасамбууд холбогдох эрүүгийн 2315002390202 дугаартай, 163/2023/0189/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэндсүрэнгийн Давгасамбуу, Булган аймгийн Хангал суманд 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын * дугаар багийн нутаг ** гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд
Булган аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгийн торгох ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд гадагш гарах зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, 54 настай, эрэгтэй, РД: ГЮ69022876.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Давгасамбуу нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж тус мотоциклийн арын суудалд зорчиж явсан Г.Түшигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002390202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Давгасамбуу нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, б, в, 3.7 а, в, 12.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уулын уруу шороон замд шарваж унах үед мотоциклийн арын суудалд зорчиж явсан Г.Түшигийн эрүүл мэндэд зүүн атгаал ясанд хугарал, зүүн бугалганд цус хуралт, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Давгасамбуугийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 5.500.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 2315002390202 дугаартай хэргээс:
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Түшигийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Г.Тэрбишийн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 172 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ц.Давгасамбуу нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уулын уруу шороон замд шарваж унах үед мотоциклийн арын суудалд зорчиж явсан Г.Түшигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Г.Түшигийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь авто осолд орох үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу зам тээврийн ослын үед мотоциклоос газарт унах үед цохих, цохигдох байдлаар үүссэн гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ц.Давгасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Давгасамбуу жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой юм.
Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Давгасамбууг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Г.Түшигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,
шүүгдэгч Ц.Давгасамбуу, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас тус тус оролцсоныг дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Давгасамбуу нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Давгасамбуугийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Түшигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.
Хохирогч Г.Түшиг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 17-18, 21 дэх тал/,
шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг хийх явцад тэрээр “гомдол саналтай, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шүүх хуралдаанд биечлэн оролцох чадахгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч Г.Түшигийн “эмчилгээний мөнгө бүрэн төлөгдсөн учир Давгасамбууд гомдол санал байхгүй тул эрүүгийн ял шийтгэлгүй болгож өгнө үү, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж өгнө гэсэн. 200.000 төгрөгийг авсан болно” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг авч үзвэл хохирогч Г.Түшиг нь эмчилгээний төлбөрт 53.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх хэдий ч энэ талаарх баримтаа хэрэгт ирүүлээгүй, шүүгдэгч Ц.Давгасамбуу нь хохирогчийн эмчилгээний зардалд 255.000 төгрөгийг төлсөн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, хохирогчоос хохирлыг барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх талаар хүсэлт ирүүлсэн байгааг харгалзан шүүгдэгч Ц.Дагвасамбууг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Харин хохирогч Г.Түшигийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Давгасамбууг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Давгасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.Давгасамбуугийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн нэгдүгээр хавтасны 65, 92-102 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Давгасамбуу нь Булган аймгийн Хангал суманд 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 54 настай, ам бүл ганцаар Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, малчин, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Давгасамбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Давгасамбууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Давгасамбууд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч Ц.Давгасамбуу нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Түшиг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Давгасамбуу нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Давгасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Давгасамбууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Давгасамбууд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давгасамбуу нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Давгасамбууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давгасамбууд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Ц.Давгасамбуу нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг, хохирогч Г.Түшиг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ