| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0192/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
2023 10 16 2023/ШЦТ/190
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч О.Уртнасан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******т холбогдох эрүүгийн 2315003110207 дугаартай, 163/2023/0192/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Очирбатын *******, Орхон аймгийн ******* суманд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын Согоот баг, 18 дугаар байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,
-урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 04 сар 12 хоногийг тэнсэн суллаж байсан, 35 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс баруун зүгт 27 км зайд байх засмал замд Улаанбаатар хотын чиглэл рүү 0******* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Д.*******ийн амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003110207 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
О.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс баруун зүгт 27 км зайд байх засмал замд Улаанбаатар хотын чиглэл рүү 0******* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Д.*******ийн амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан яллагдагч О.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 115-117 дахь тал, хохирогч О.Уртнасангийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 26-28 дахь тал, гэрч Э.Сувданчимэг, Ч.Мягмарсүрэн, Б.Бат-Уянга, О.Есүхэй, С.Батзаяа нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 73-77 дахь тал, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3749 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 86-88 дахь тал, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай мөрдөгчийн магадалгаа хавтаст хэргийн 96 дахь тал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос, хувцас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 3-18 дахь тал, шинжээч эмч Б.Энхбатын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 104-105 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчих нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.
О.*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг хангасан.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч О.*******иийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Уртнасан гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хугацаагаар хорих ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Очирбатын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн О.*******ийн эзэмшлийн №955201 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ