Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч О.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх  дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000137 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суух,

- Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, улмаар Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай захирамжаар эдлээгүй үйлдсэн 6 cap 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 569 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил сарын 6 сарын хугацаагаар хорих ялыг тогтоон, улмаар Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 cap 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 469 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарыг нэмж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоон, улмаар Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 cap 1 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 237 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 жил 10 cap 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулан чөлөөлсөн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, улмаар 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс оногдуулсан ялын хугацаа дуусч суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, улмаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 cap 14 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

- Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон.

******* овогт *******н ******* /РД:/,

 

  1. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэшилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Налайх дүүргийн *******, Гандан-Уулын 9-20 тоотод оршин суух хаягтай, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т тус тус зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх баривчлах ялыг нийт 3 сараар тогтоосон,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, улмаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 407 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

******* овогт *******ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь хамтран 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн *******, тоот дахь хүн байнга амьдрах зориулалттай, цоожоор түгжин хамгаалагдсан зуслангийн байшингийн гал тогоон дахь жижиг цонх бүхий саадыг зэвсгийн чанартай зүйл болох сүхээр цохин хагалж, учрах саадыг арилган хууль бусаар нэвтэрч, улмаар уг объект дотор хадгалагдаж байсан бусдын эд хөрөнгө буюу хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, хохирогч У.д 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч О.******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн *******, тоот хашаанд байсан хохирогч Л.гийн эзэмшлийн хонин сүргээс 1 тооны хонийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Энэ хэргийг хийсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Д.******* шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Хэрэг хийсэн нь үнэн. Дахиж хэрэг хийхгүй. Хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-7 дугаар тал/, хохирогч У.гийн мэдүүлэг /1хх-35-38 дугаар тал/, гэрч Ц.ийн мэдүүлэг /1хх-40-41 дүгээр тал/, гэрч О.гийн мэдүүлэг /1хх-43 дугаар тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-47-48 дугаар тал/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-13 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-23 дугаар тал/, хохирогч Л.гийн мэдүүлэг /1хх-226-228 дугаар тал/, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-234-241 дүгээр тал/, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мал тооллогын хуудас /1хх-229 дүгээр тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-26-31 дүгээр тал/, гэрч Б.ын мэдүүлэг /2хх-33 дугаар тал/, гэрч Х.Пүрэвдоржийн мэдүүлэг /2хх-35 дугаар тал/, гэрч Л.гийн мэдүүлэг /2хх-37-38 дугаар тал/, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн төмөр сүх,

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: шүүгдэгч О.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж гэм буруу болон зүйлчлэл дээрээ маргахгүй. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно.  Хавтаст хэргээс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой цагдан хорих 461 дүгээр ангийн дүгнэлт /2хх-135/,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн зүгээс: Шүүгдэгч Д.*******гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, шүүгдэгч Д.*******гийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцоно. Хавтаст хэргээс ял шалгах хуудас /2хх-217/, хохирогч У.гийн гаргасан хүсэлт /2хх-124/,

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж О.*******, Д.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн *******, тоот дахь хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн гал тогооны жижиг цонхыг гараар цохин хагалж, бусдын эд хөрөнгө буюу хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, хохирогч У.д 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч О.******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн *******, тоот хашаанд байсан хохирогч Л.гийн эзэмшлийн хонин сүргээс 1 тооны хонийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх 3-7, 249-250, 2хх 1-6 дугаар тал/

 

  1. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх 8-13/

 

  1. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,

/1хх 19-25/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор У.гийн өгсөн: “...хөрш айлын хүн залгаж “Танай байшин руу эрэгтэй, эмэгтэй хүн сүх гартаа бариад, хаалгыг нь цохиж балбаад дотроос нь эд зүйлс аваад гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн орчимд Гордокт ирэхэд манай байшингийн гал тогооны жижиг цонхыг хагалаад дотогш орсон байдалтай байсан... Хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Манай хажуу хашаанд сүүлд буусан нэг айлын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай хашаанаас өдрийн цагаар хулгай хийж байсныг нь урд талын айлын гэх эмэгтэй хараад надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

/1хх-35-38 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.гийн өгсөн: “... над руу залгаад “Та нар гэртээ байгаа юу, танай хашааны гадаа 1 хүн үлдээд, нөгөө хүн нь хашаа даваад ороод явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч ирэхэд хонь мал босчихсон , хүн мал байхгүй байсан. Хашаагаа тойроод явтал манай хашааны дээд талын өргөс дээр хонины ноос зулгаагдаад үлдчихсэн байсан. Хашааны доод талд 2 бие зассан ул мөр байсан. Мөрийг нь хараад төмөр сав хөмөрч тавьчхаад гэртээ чимээ ажиглаж суусаар өглөө болгосон. Маргааш өглөө нь би хониндоо явчхаад ирэхэд 16 цагийн үед цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Миний мэдэж байгаагаар 1 тооны хонь хулгайд алдагдсан. Хоёр гуянд нь замын хар хайлуулж байгаад түрхсэн, хондлой дээр нь шар будгаар будчихсан хонь байсан юм......” гэх мэдүүлэг,

/1хх-226-228 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ийн өгсөн: “...хойд талын айлын хашааг хүн цохих чимээ чангаар гарсан. Тэгээд би гайхаад гарч харахад хойд талын эзэнгүй айл болох ны блокон хашааны төмөр гүйдэг хаалгыг хар куртик, хар өмдтэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн, гартаа төмөр сүх барьчихсан цохиж эвдлээд гарч ирж байсан. Эмэгтэй нь ягаан хоолны сав, хар цүнх барьчихсан, харин эрэгтэй нь хар төмөр сүх бариад гэр рүүгээ орж харагдсан. Тэгээд би байшингийн эзэн рүү залгаж хэлсэн. Эмэгтэй нь өндөр бор царайтай, эрэгтэй нь намхан, үс нь жижиг, бор царайтай хоёр хүн байсан. Тэгээд эзэнгүй байдаг айлын яг баруун гар талын хашаа руу орсон...” гэх мэдүүлэг,

/1хх-40-41 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.гийн өгсөн: “...Манайд үү О.*******...өмнө нь 10 гаруй удаа ял шийтгэл эдэлж байсан... Сүүлд 2022 оны 09 дүгээр сард шоронгоос гарч ирээд дахиж хэрэг төвөг хийхгүй гээд Гордокт амьдахаар болсон...” гэх мэдүүлэг,

/1хх-43 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ын өгсөн: “...23 цагийн үед..., манай төрөл садан гийн хашааны баруун талд гадна нь , ******* хашаа руу нь даван орж байгаа харагдсан. ах руу залгаад “танай хашаа руу хүн давж байна” гэж хэлсэн. нь дээгүүрээ ажлын хувцастай /шар алаг/, ******* нь хар алаг хувцастай байсан...” гэх мэдүүлэг,

/1хх-232 дугаар тал/

 

  1. Вендо ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Н23-22 дугаартай ...хязаалан насны сувай 1 толгой хонь 280,000 төгрөг... гэх үнэлгээний тайлан,

/1хх-234-241 дүгээр тал/

 

  1. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мал тооллогын хуудас,

/1хх-229 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.гийн өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 02-ны орой О.******* айлын хашаа даваад орчихсон. Удалгүй нөгөө айлаасаа 1 жижиг хонь аваад гараад ирсэн. Тэгснээ намайг дагуулаад гэр рүүгээ буцаад очсон. О.*******ын эхнэр нь тэр хонийг харчхаад түүнд уурласан...Би сайн харж чадаагүй болохоор ямар зүсмийн хонь болохыг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/2хх-37-38 дугаар тал/

 

  1. О.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/1хх-75-207 дугаар тал/

 

  1. Д.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-217-242 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Хулгайлах гэмт хэргийн улмаас бол 5 төрлийн овор хэмжээний хувьд бол жижиг эд зүйлс бол хулгайлагдсан байгаа. Хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг. Үүнийг авахад сүх шаардлагагүй. Тухайн эд зүйл нь ширээн дээр байгаа эсвэл газар ил байгаа тохиолдолд сүхийг заавал хэрэглээд байх шаардлага байхгүй. Улсын яллагчийн зүгээс шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт дээр гэрт байгаа цоож, цуурга бүхий авдруудыг онгойлгосон байгаа. Авдар дотор юу байсан талаар бол хохирогч төдийлөн санахгүй байгаа. Гэхдээ авдар дотор байж болохуйц хувцас, эд хэрэглэл буюу малгай, дээл алдагдсан байгааг анхаарах нь зүйтэй байх. Цонхыг юугаар ч цохиж харуулж болно. Үүнийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг шүүгдэгч маань түрүүн хэлсэн. Гэхдээ энэ айл руу сүх бариад орсон гэдгийг гэрчилж байгаа олон төрлийн нотлох баримтууд хавтаст хэрэгт байна...

...Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах. Хорих ялыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, мөн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнсэнтэй байх цаг хугацаа буюу урьд эдлээгүй үлдсэн ял 11 сар 25 хоногийг энэхүү ял нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 жил 11 сар 25 хоног болж тооцогдохоор байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтууд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж хуульчилж өгсөн. Шүүгдэгч О.******* нь Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай захирамжаар анх цагдан хоригдсон цаг хугацаанаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 153 хоногийн хугацаанд цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нарт урьд авсан цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гарах хүртэл хэвээр үлдээх, хохирол хор уршгийн тухайд шүүгдэгч О.*******аас 252,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.д, 280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.д олгох, шүүгдэгч Д.*******гаас 252,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.д олгуулах нь зүйтэй. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан зардалгүй. Битүүмжлэгдсэн зүйлгүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол гарах үед устгах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх,

 

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар: “...Прокуророос хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэдэг ба түүнийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг хүндрүүлэх шинж нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Яагаад гэвэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар энэ үйлдэл буюу нэвтрэх үедээ тухайн сүхийг ашигласан гэдэг үйл баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэрч Ц.ийн мэдүүлгийг үндэслээд тухайн сүхийг ашигласан гэдэг байдлаар ялласан. Өөрөөр хэлбэл Ц.ийн мэдүүлэг өөрөө энэ хүмүүст сүх байгааг л заасан нотлох баримт. Өөрөөр хэлбэл энэ тухайн сүхийг тухайн орон сууцад орон байранд нэвтрэхдээ яаж ашигласан бэ гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хэргийн газар үзлэг хийж фото зургаар тухайн нэвтэрсэн объектыг бэхжүүлж авсан байна. Энэ объектод нэвтрэхэд буюу энэ шилийг хагалахад зайлшгүй сүх ашиглах шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл энгийн байдлаар буюу гараар онгойлгох эвдэх ийм бүрэн боломжтой. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2 шүүгдэгчийн мэдүүлгээр тухайн үед сүхийг бол ашиглаагүй. Цонхыг гараараа хагалж орсон зэрэг нотлох баримтууд байна...

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд 2 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэж түүнд 3 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгч О.******* одоо 41 настай. Хорих байгууллагаар 20 гаруй жил явсан нөхцөл байдал байгаа. Шүүхээс шүүгдэгчид эцсийн удаа нийгэмших боломжийг нь олгож өгнө үү. Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Нэмж нэгтгэх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү ...” гэх,

 

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...Шүүгдэгч Д.*******гийн хувьд 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тэнсэн  суллагдсан. Энэ хугацаа буюу 8 жилийн хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй. 2023 онд О.*******тай хамтран амьдарснаас болж гэмт хэрэгт холбогдсон. Хувийн байдлын тухайд одоо 37 настай, эмэгтэй. Хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг нь багасгаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Харин гэрч Ц.ийн “...хашааны төмөр хаалгыг хар куртик, хар өмдтэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн гартаа төмөр сүх барьчихсан цохиж эвдлээд гарч ирж байсан. Эмэгтэй нь ягаан хоолны сав, хар цүнх барьчихсан, харин эрэгтэй нь хар төмөр сүх бариад гэрлүүгээ орж харагдсан...” гэх мэдүүлгийг үндэслэж улсын яллагч “жижиг цонх бүхий саадыг зэвсгийн чанартай зүйл болох сүхээр цохин хагалж, учрах саадыг арилгангэж хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж...” зааснаар зүйлчилснийг Шүүх хуралд судлагдсан нотлох баримтаар “жижиг цонхийг сүхээр цохин хагалсан” гэх үйл баримт авагдаагүй ба  өөр эд зүйлсийг сүхээр эвдсэн гэх хэргийн газрын үзлэг болон фото зураг мэдүүлгээр тогтоогдохгүй учир дээрхи зүйлчлэлийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хулгайлах гэмт хэрэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж нь учрах саадыг арилгах зорилгод үндэслэсэн байх ёстойг хуульд тодорхой заажээ. “Учрах саадыг арилгах зорилгоор” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлахад тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйгээс гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор ашигласан, үүнийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдлыг ойлгоно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж...” зааснаар  Шүүгдэгч О.*******, Д.******* зүйлчилснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан 11 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан учир шүүх үлдэгдэл 11 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч У.д 504,000 төгрөг, шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.д 280,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлөөгүй тул тэднийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдөөгүй байдал

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгч Д.******* шүүхийн шатнаас оргон зайлсан байдал зэргийг тус тус харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хүлээн авч, мөн өдөр шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/214 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутад товлосон боловч Д.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.*******г 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албадан ирүүлж, тус өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, шүүгдэгч Д.******* нь шүүхийн шатнаас 2 сарын хугацаанд оргон зайлсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө буюу хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, хохирогч У.д 504.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч Л.гийн эзэмшлийн хонин сүргээс 1 тооны хонийг хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн төмөр сүх, 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй. н

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000137 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

              2. Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 

 

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.*******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,  

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *******н *******, *******ийн ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоног, шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

                 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******аас 532.000, Д.*******гаас 252.000 төгрөг буюу нийт 784.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.д 504.000 төгрөг, Л.д 280.000 төгрөгийг тус тус олгосугай.

                 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

    9 . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ