Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

Г.Д, Н.Н нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч, хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

шүүгдэгч, хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Т.Баярдалай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д, Н.Н нарт холбогдох 1906060682789 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Гын Д, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “...” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

  1. Б овгийн Нгийн Н, 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, “...” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ... дугаар байрны 66 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;             

Г.Д, Н.Н нар нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төв дотор лангууны бараа тоос болгосон гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс зулгаах, цохих, зууралдах зэргээр харилцан биедээ халдаж, иргэн Г.Д, Н.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Д, Н.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Гын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, Б овогт Нгийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д, Н.Н нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д, Н.Н нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Г.Д, Н.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Нээс 2.305.000 төгрөгийг гаргуулж Г.Дт олгох, Г.Д нь ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Д болон түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч Г.Дийг Н.Нийн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн нь хэрэгт авагдсан Г.Д эхэлж довтолсон талаар камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч Батжаргалын мэдүүлэг шүүгдэгч Н.Нийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн няцаалт хийсэн байна. Энэ дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон камерын бичлэгийг шүүх хуралдаанд нотлох баримтаар үзэхэд шүүгдэгч Н.Н нь хар цамц, саарал өмд, цагаан гуталтай байсан бөгөөд тухайн хүний хийж буй үйлдэл, өшиглөж байгаа байдал нь камерт бичигдсэн. Дийн хийж буй ямар ч үйлдэл байхгүй байхад Д эхэлж довтолсон гэж тогтоолд үндэслэлгүй дүгнэсэн. Мөн хэргийн холбогдогч Н болон түүний нөхөр Батжаргал нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг баримтлаагүй гэж үзэж байна. Хэргийн материалд зодооныг хэн эхлүүлсэн довтолгоог хэн хийж хүчний тэнцвэр ямар байсныг нотлох баримтаар тогтоогоогүй. Хэрэгт хамааралгүй хувийн сонирхолгүй гэрч Д.Дорждэрэмийн мэдүүлснээр Н нь Дийн үснээс маш хүчтэй зулгаасан байдалтай хөлөөрөө өшиглөөд, илтэд хүч давуутай байсан талаар мэдүүлжээ. Дийн хувьд хүүхдээ тэврээд сууж байсан хүн шууд босоод Нийг үстэж, зулгаагаад авсан гэхэд үнэмшилгүй, үйл баримтаар гүтгүүлэн буруутан болоод байна. Н нь хэний үйлдлээс хацартаа гэмтэл авсныг гэрчилсэн гэрч байхгүй ядаж амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон түүн дээр бичигдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл байхгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байна. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нт зодуулан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11627 дугаартай дүгнэлт гаргуулахад гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Улмаар хамрын битүүрэл арилахгүй, хаван буух тусам мурийлт нь ихсээд байсан тул дахин эмчид хандахад ердийн явцаар эдгэрэх боломжгүй. Мэс засалд орох шаардлагатай гэсэн тул энэ хэргээс 3 сарын дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүтэн мэдээ алдуулагчтай хамрын таславчны мурийлт тэгшлэх хагалгаанд орж, бүтэн 4 сарын хугацаанд ажилгүй байсан. Хууль зүйн болон дотоод хэргийн сайдын хамтарсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан шалгуур нь хүндэвтэр гэмтэлд тооцдог. Шүүх хуралдаанд прокурор нь Д намайг гэмтлийн зэрэгтэй холбоотой гомдлоо мөрдөн шалгах ажиллагаанд гаргах ёстой байсан гэсэн тайлбар хийснийг шүүх хурал хүлээн авсан байна. Шүүх энэ байдлыг ч дүгнэж үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие шүүх хуралдаанд нийт 2.472.000 төгрөгийн баримт өгснийг 2.305.000 төгрөг гэж буруу тооцоолж шүүхийн шийдвэрээр дутуу мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хариуцлага нь ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Намайг нялх хүүхдийн минь дэргэд ичгүүр, сонжуургүй зодож гэмтээгээд дараа нь нөхөр Батжаргалын хамт хэл амаар доромжилж ална гэж заналхийлсэн үйлдэл хийсэн. Шүүгдэгч Н.Н нь миний хохирол болон эмчилгээний зардлыг хор уршгийн зардлын хамт төлж барагдуулалгүй бүтэн 4 сар болж байгаа нь гэм буруугаа ойлгож ухаараагүй төдийгүй шүүх хуралдаан дээр намайг нөхөртөө зодуулж гэмтэл авсан гэж гүтгэсэн байдлыг шүүх үл ойшоож, гэм буруугийн байдалд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр торгуулийн ялыг надад илүүтэй оногдуулсан нь ойлгомжгүй байна. Бусдын гэмт халдлагаас өөрийн болон охиныхоо эрүүл мэнд амь насыг хамгаалах үйлдэл хийсэндээ буруутан болоод байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Дийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Д 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэмтэл авсан. Хамар нь ердийн явцаараа эдгэрэх боломжгүй учраас эмнэлэгт хандаж хагалгаанд орсон. Хагалгаанд орсон үед нь эмнэлэг дээр мөрдөн байцаагч очоод гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах боломж олголгүйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан. Эмнэлгээс гарах үед хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан. Шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь хангаагүй. Хууль зүйн болон дотоод хэргийн сайдын хамтарсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан шалгуур нь хүндэвтэр гэмтэлд тооцдог. Гэтэл Г.Д нь мэс засалд орох шаардлагатай гэсэн тул энэ хэргээс 3 сарын дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүтэн мэдээ алдуулагчтай хамрын таславчны мурийлт тэгшлэх хагалгаанд орж, бүтэн 4 сарын хугацаанд ажилгүй байсан. Иймд гэмтлийн зэргийг дахин тогтоолгох хүсэлтэй байна. Мөн камерын бичлэгт аль нь довтолгоог эхлүүлээд байгаа нь харагддаггүй. Н.Н хүчний илтэд давуу байдалтай байсан нь харагддаг. Гэрч Дорждэрэмийн мэдүүлгээс үзэхэд Г.Д аргагүй хамгаалалт хийсэн байх магадлалтай харагдаж байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Н.Нт учирсан хацар дээрх гэмтэл хэдийд, хэний хүчин зүйлийн улмаас учирсан болохыг шалгаж тогтоогоогүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Н намайг “нөхөртөө зодуулаад хамраа мурийлгачхаад чи надаар төлүүлэх гэж байна” гээд өмгөөлөгчийнхөө хажууд намайг гутаан доромжилсон. Тэгж бодож байгаа бол намайг хагалгаанд орохоос өмнө 3-4 сарын хугацаанд мөрдөн байцаагчид хэлээд энэ асуудлаа шалгуулж болох байсан. Миний биед хор уршиг учруулчихаад эмэгтэй хүн байж надаас уучлалт гуйж болох байсан. Гэтэл хэргийг улам сунжруулж, гэм буруугаа ч ухаарахгүй, хохирлоо ч төлөхгүй яваад байдаг. Би маш их гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Н.Нийн өмгөөлөгч Т.Баярдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаа яриад өнгөрсөн байдаг. Түүнээс албан ёсоор бичгээр дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх асуудлыг тавиагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт ч өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй. Тухайн үед зууралдаад, зодолдоод байсан байдаг. Г.Дээс уучлалт гуйсан. Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Дутуу шалгасан зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Н.Н тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн тухайд нотлогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдсон. Одоо хэрэгт нэмж шалгах зүйл байхгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтуудаас харахад аргагүй хамгаалалтын шинж байгаа гэж үзэх боломжгүй. Довтолгоог зогсоох, хамгаалах, няцаах зорилготой биш харилцан зодолдсоноос болж нэг нь хамрын таславчийн мурийлт, нэг нь тархи доргилт гэх гэмтэл авсан. Шинжээчийн дүгнэлтэд хамрын гэмтлийг дутуу орхисон, бичээгүй зүйл байхгүй. Таславчийн мурийлт гэдгийг нь бичээд уг гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгч өөрөө дүгнэлтээ бичиж байгаа нь шүүгчийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой. Шүүгч буруу дүгнэсэн гэдэг дээр тусгайлан хэлэх тайлбар байхгүй. Уг хэрэг дээр 9 дүгээр сард шинжээчийн дүгнэлт гарсан. 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгч Ж.Цэцэгээ нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан даруй яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж ярьж байна. Гэтэл уг хэрэг 4 сар гаруй хугацаанд шалгагдсан. Энэ хугацаанд огт гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Г.Д, Н.Н нар нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төв дотор “Лангууны бараа тоос болгосон” гэх асуудлаар харилцан маргалдаж улмаар үснээс зулгаах, цохих, зууралдах зэргээр бие биедээ халдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч, шүүгдэгч Г.Дийн “...Тэгтэл “яах ёстой юм бэ гэж юу яриад байгаа юм бэ чи” гэж над руу орилоод барьж байсан хувцсаараа намайг цохисон. ...Тэгтэл Н намайг шууд үсдээд дарсан. ...салгах гэтэл Н хөлөөрөө хамар руу нэг удаа өшиглөсөн. ...Мөн миний гэдэс рүү 4-5 удаа өшиглөсөн. ...” гэх /хх 17-21/,

хохирогч, шүүгдэгч Н.Нийн “...Тэгтэл сууж байсан сандлаасаа босоод шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би буцаагаад үсдсэн. ...” гэх /хх 22-26/,

гэрч Н.Мөнгөнчимэгийн “...152 дугаар лангууны урд хэсэгт Д, Н хоёр үснээсээ зулгаацалдаад зогсож байсан. ...” гэх /хх 27-28/,

гэрч А.Содномбал “...Тэгэхээр нь юу болсон эсэхийг сонирхоод лангуунаасаа гартал Д, Н нар бие биеэ үсдээд доошоо тонгойчихсон байсан бөгөөд хажууд нь байсан хүмүүс салгаж байсан. ...” гэх /хх 29-30/,

гэрч Д.Дорждэрэмийн “...Тэгэхээр нь юу болоод байгааг сонирхоод хойд талынхаа лангуун дээр очтол Д, Н хоёр бие биенийхээ үснээс зууралдчихсан байсан. ...Тэр хоёр доошоо тонгойгоод, хоёр биеэ доошоо дарчихсан байсан бөгөөд Н Дийг хөлөөрөө өшиглөөд байсан. ...” гэх /хх 31-33/,

гэрч А.Батжаргалын “...Тэгээд Д, Н хоёр барьцалдаад авсан бөгөөд үсдэлцэж эхэлсэн. ...” гэх /хх 34-36/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...1. Г.Дийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх 11627 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх 39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...1. Н.Нийн биед үзлэгээр тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх 11622 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх 40/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79-80/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Г.Д, Н.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч нарын хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Г.Д нь тухайн нөхцөл байдалд аргагүй хамгаалалтын улмаас  Н.Нийн биед гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Н, Г.Д нар хэн аль нь харилцан маргалдаж улмаар үснээс зулгаах, цохих, өшиглөх, зууралдах зэргээр бие биедээ халдан харилцан зодолдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.   

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаар дүгнэлт хийлгүйгээр “Шүүгдэгч нарт ... Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Г.Дийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч Г.Дийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Д, Н.Н нарын үйлдэл, харилцан зодолдсон нөхцөл байдлыг дүгнэж, хэн алинд нь ялгамжтай хэмжээний торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн хохирогч, шүүгдэгч Г.Дийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын баримтуудыг нягтлан үзэж гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Нээс эмчилгээний 67.300 төгрөгийн /хх 102/, 100.070 төгрөгийн /хх 103/, 55.000 төгрөгийн /хх 104/, 2.120.000 төгрөгийн /хх 106/ баримтуудаар нийт 2.342.370 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Дт олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...хохирлыг буруу тооцсон, ялыг ялгамжтай оногдуулсан...” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын Д, Нгийн Н нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Н.Нээс 2.305.000 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...Н.Нээс 2.342.370 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ