| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0859/З |
| Дугаар | 221/МА2026/0084 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0084
К.Ж-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч К.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, Ж.Э нар
Нэхэмжлэгч: К.Ж
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага:
“Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 815 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн Нэхэмжлэгч К.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 128/2025/0859/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К.Ж-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Жд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх К.Ж-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/149 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дотоод хяналт шалгалт хийх удирдамж”-ийн 1.1-д шалгалтын зорилгыг урьдчилан тодорхойлж, намайг ноцтой зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Мөн Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2491 дүгээр дүгнэлт нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдэж, уг дүгнэлтэд дурдагдсан зөрчил арилсан байхад Улсын бүртгэлийн газарт тус хэлтсээс надад хариуцлага тооцуулахаар 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/772 тоот дугаартай албан бичгийг хагас жилийн үр дүгийн гэрээний хамт хүргүүлсэн нь намайг ажлаас халуулах сонирхолтой байсан ба энэ нь мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/149 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Дотоод хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн гуравт “Шалгалтын чиглэл” гээд 3.1.1-д “К.Ж нь захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо удирдлагад шүүх хуралд оролцох болсон тухайгаа танилцуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагаас захиргааны хэрэгт оролцох итгэмжлэлгүй, дур мэдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрч нэхэмжлэгчид давуу байдал олгосон эсэх гэсэн чиглэлийн дагуу шалгахаар тусгасан ба харин уг удирдамжид хяналтын улсын байцаагчийн 2491 тоот дүгнэлтийн талаар шалгах заалт тусгагдаагүй байхад шалгасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
3.4. Иргэн М-ийн тухайд:
3.4.1. Миний бие нь иргэн М-ийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар дуудсан тухай тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Х, одоо Иргэний бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж буй Б.Э нарт өөрийн биеэр очиж танилцуулж байсан ба тухайн тасгийн дарга Б.Э өөрийнх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын ажлын хэсэгт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбарт бичээстэй байдаг.
3.4.2. Мөн тасгийн дарга Б.Э тус иргэний маргааны асуудлаар шүүхэд гэрчээр оролцсон байдаг. Байгууллагын удирдлага нарт тус иргэний асуудлыг удаа дараа танилцуулсаар байтал надад шүүхэд төлөөлөх итгэмжлэл авах ёстойг хэлээгүй, итгэмжлэл олгоогүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгөөгүй, харьяалал харгалзах бүртгэл чиний хариуцах асуудал гэж л зөвлөгөө өгсөн нь ажлаас халуулах сонирхол байсан гэж үзэж байгаа ба энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж намайг гадуурхсан гэж үзэн гомдолтой байна.
3.4.3. Иргэн “Х овогтой М”-аа “Т овогтой М” болгож 2022 онд өөрчлүүлж Жаргалант суманд бүртгүүлсэн ба харин 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуучин 25 жил овоглож байсан өмнөх овог, эцгийн нэрээ буюу “Х” эцгийн нэрээ сэргээлгэхээр өргөдлөө улсын бүртгэгч К.Ж надад гаргасан юм.
3.4.4. Харин миний бие нь иргэн М өмнөх овгоо сэргээлгэх тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно” гэж, мөн тус зүйлийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өврийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө” гэж заасныг тус тус үндэслэн бүртгэлийг хөтөлсөн.
3.4.5. 2018 онд батлагдсан “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль” болон Хууль зүйн сайдын 2018 оны А/207 тоот тушаалаар батлагдсан “иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-д иргэний өмнөх овог эцэг/эх/-ийн нэр, нэр сэргээн тогтоолгох талаар бие даасан бүртгэлийн төрөл болон маягт байхгүй ба практикт иргэний өмнөх овгийг сэргээн бүртгэхдээ ИУБ-13 буюу “иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчлөлт” нэршилтэй маягтаар бүртгэдэг нь иргэний овог, эцэг/эх/ийн нэр, нэр өөрчилж буй мэтээр 12.3 дугаар зүйлийн 12.3.1 12.3.2, 12.3.3, 12.3.4 заасан үндэслэлээр бүртгэнэ гэж үзэж намайг буруу бүртгэл хийсэн гэж үзэж байгааг шүүх дүгнэж өгнө үү.
3.5. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 2491 тоот дүгнэлтийн тухайд:
3.5.1. Миний бие нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцаалуулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргана”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын бүртгэгч барьцаалбарт гэрээ байгуулсан он, сар, өдөр, газрыг тэмдэглэж, гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд хуулбарыг нь хувийн хэрэгт авч, ажлын 3 өдрийн дотор бүртгэн барьцаалагчид эх хувийг буцаана” гэж заасны дагуу бүртгэсэн.
3.5.2. Гэвч уг бүртгэлүүдийг буруу хэмээн үзэж Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2491 тоот дүгнэлтээр хүчингүй болгож улмаар зөрчлийг арилгаж шийдвэрлэсэн байдаг.
3.5.3. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь 2025 оны 2491 тоот дүгнэлтдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэж улсын бүртгэгч рүү бус гадагшаа иргэн лүү чиглэсэн заалтыг баримталсныг хуульд нийцээгүй гэж үзэж байгааг хянаж өгнө үү.
3.5.4. Мөн уг дүгнэлтийг надад гардуулж өгөөгүй ба надад сахилгын хариуцлага тооцуулах талаар заалт орсныг би мэдээгүй явсан. Энэ тухай 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлбар авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт сонсох ажиллагаа хийх явцад олж мэдсэн. Миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа эрх зүйн актыг надад мэдэгдээгүй гардуулж өгөөгүй энэ тухай Д.Г 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн мэдүүлэгт дурдсан байна.
3.5.5. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 тоот дүгнэлт нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдэж улмаар зөрчил арилсан байхад надад хариуцлага тооцуулах тус хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/722 дугаар албан бичгийг хүргүүлсэн нь намайг ажлаас халах урьдчилсан сонирхолтой ба намайг Казах иргэн гэдгээр ялгаварлан гадуурхсан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж гомдолтой байна.
3.6. Мөн миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал гарах үед жирэмсэн байсан нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/738 албан тоотоор нотлогдож байна.
3.6.1. Гэвч миний бие нь ажлаас халагдах тушаал гарна гэдгээ мэдээгүй, жирэмсэн тухайгаа эрх бүхий албан тушаалтнууддаа мэдэгдэх ёстой гэдгээ мэдээгүй. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д, Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Г нартай өөрийн биеэр уулзах үедээ танилцуулж байсныг харгалзан үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдэж өгнө үү.
3.6.2. Иймд иргэн К.Ж миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523, мөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 тоот тушаалууд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0815 тоот шийдвэрийг хүчингүй болгож эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдох боломжийг олгож өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А-ээс гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523 дугаар тушаал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан.
4.1.1 Тушаалын 1 дэх хэсэгт түүний зөрчлийг “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул” гэж тодорхойлсон. Үүнд “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн” гэсний дараа “Дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт хийсэн.
4.1.2. Дээрхээс үзвэл “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь Дотоод хяналт шалгалт, Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул” гэж тодорхойлсон байна.
4.1.3. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хоёр актаар, анхандаа түүнийг “хууль зөрчиж бүртгэл хөтөлсөн нь” 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна гээд шийдвэр гаргачхаад араас нь 7 хоногийн дараа мөн зөрчлүүдийг дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, нэмэлт өөрчлөлтийг хууль зөрчиж тушаалд оруулсан байна.
4.1.4. Анхан шатны шүүх дараах байдлаар хуулийг буруу хэрэглэж, үнэлэлт өгсөн гэж үзэж байна.
4.2. Анхан шатны шүүх нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж дүгнэлт хийсэн тухайд:
4.2.1. Анхан шатны шүүх дээр дурдсан Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтэд дүгнэлт өгөхгүй харин “Дотоод хяналт шалгалт” гэж тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудалд дүгнэлт өгсөн. Ингэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж дүгнэлт хийсэн болно.
4.2.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалаар “Дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, уг дотоод хяналт шалгалтаар нэр бүхий иргэн өөрийн овгоо сэргээлгэх хүсэлт гаргаж, үүнийг улсын бүртгэлээс хангаагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ, хариуцагчаар нэхэмжлэгч улсын бүртгэгчээр ажиллаж байсан К.Ж-ныг тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр талууд эвлэрч шийдвэрлэсэн байсныг зөрчил гэж үзсэн. Анхан шатны шүүх энэ асуудалд шийдвэрийн 7-8 дахь талуудад дүгнэлт өгсөн.
4.2.3. Ингэхдээ шийдвэрийн 8 дахь талын сүүлийн догол мөрт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдсан нь тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон албан хаагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж дүгнэлт хийсэн.
4.2.4. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 221/ШТ1035/0339 “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолоор анхан шатны шүүх дээр дурдаад, үнэлэлт өгч буй асуудал буюу “овгоо сэргээлгэх иргэний захиргааны хэрэг”-т давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч, шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр тогтоол болно.
4.2.5. Хуулийн хүчин төгөлдөр дээд шатны шүүхийн тогтоол байхад, уг тогтоолоор анхан шатны шүүхийн дурдаж буй асуудалд дүгнэлт өгсөн байхад анхан шатны шүүх үүнийг зөрчиж дүгнэлт өгсөн нь буруу.
4.2.6. Тус тогтоолын “Үндэслэх” хэсгийн 3.1 дэх хэсэгт “Энэхүү хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй" гэж зааснаас үзвэл анхан шатны шүүхийн хууль зөрчиж бүртгэл хөтөлсөн” гэж тайлбарлан дүгнэлт өгч буй үйл баримтад давж заалдах шатны шүүхийн тогтоолоор “хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа” гэж дүгнэлт өгсөн буюу энэ нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Мөн энэ асуудлаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн тогтоолоор хүчингүй болгосон байгаа.
4.2.7. Дээд шатны шүүх дүгнэлт өгч, хуульд харшлахгүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр тогтоолыг анхан шатны шүүх дахин авч хэлэлцэж, дүгнэлт өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаарх зүйлийн 54.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан суурь зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй” гэж заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан гэж үзнэ.
4.2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг зөрчиж тус иргэнтэй эвлэрэх ёсгүй байсан гэх утгатай хуулийг тайлбарласан байгаа нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн.
4.2.9. Тодруулбал анхан шатны шүүх нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор нэхэмжлэлд заасан үйл баримтад дүгнэлт өгсөн асуудалд ахин дүгнэлт өгч, хэргийн оролцогчдын маргах боломжгүй буюу нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоол буюу дээд шатны шүүхийн шийдвэрийг зөрчиж, шатлан захирах ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан болно.
4.2.10. Нэгэнт давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор үйл баримтад дүгнэлт өгсөн байхад үүнд нэмж өөрөөр дүгнэлт өгөхөөс гадна “дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх асуудлыг дурдаж, үүнд энэхүү эвлэрлийг удирдлагадаа мэдэгдээгүй, танилцуулаагүй тухай шүүхийн шийдвэрийн 10 дахь хуудасны 2 дахь догол мөрт дурдсан байна.
4.2.11. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч шууд удирдлагадаа удаа дараа мэдэгдээд мөн удирдлагаа хамтран хариуцагчаар оруулахаар хүсэлтээ гаргасан байхад анхан шатны шүүхээс хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан юм. Уг баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй.
4.2.12. Мөн тус иргэний асуудлаар шүүхээс намайг дуудсан тухайгаа албан ёсоор хэлтсийн дарга асан н.Хоролсүрэн, тасгийн дарга Б.Э нарт өөрийн биеэр очиж танилцуулсан энэ тухай тасгийн дарга Эрдэнэбулган Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт ажлын хэсэгт гаргасан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тайлбартаа дурдсан байгаа. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан ёсоор итгэмжлэл хийж өгөөгүй, харьяалал харгалзах бүртгэл учир “чи өөрөө хариуц” гэсэн аман байр сууринаас зөвлөгөө өгсөн тухай нэхэмжлэгч тайлбарласныг шүүх харгалзаж үзсэнгүй.
4.2.13. Мөн тус маргаанд Ховд сумын улсын бүртгэгч К.Ж хариуцагчаар татах болсон үндэслэлээ анхан шатны шүүх нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 125/Ш32024/0320 дугаар захирамжаар “...... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч /цаашид улсын бүртгэгч гэх / нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн энэ хуульд заасны дагуу хөтөлнө”, Иргэний улсын бүртгэлийн тухай 12 дугаар зүйлийн 12.6-т “улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтөлнө” гэж тус тус заасан дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Т.М өмнөх овог, эцгийн нэрийг өөрчлөн бүртгэхийг харьяалах нэгжийн улсын бүртгэгч хариуцахаар байна гэснийг шүүх харгалзаж үзсэнгүй.
4.3. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
4.3.1. Дотоод хяналт шалгалт хийх нь хууль зөрчсөнийг анхаараагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасан буюу аливаа хяналт шалгалт зөвхөн удирдамжийн хүрээнд байх ёстой тухай суурь зарчмыг хуульчилж өгсөн. Гэтэл хавтаст хэрэгт хариуцагчийн үндэслэж буй “Дотоод хяналт шалгалт” гэх шалгалт нь уг суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.3.2. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн А/149 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Дотоод хяналт шалгалт хийх удирдамж”-ийн 1.1 дэх хэсэгт энэхүү шалгалтыг “Захиргааны хэргийн шүүхэд оролцох”-той холбоотой асуудлаар шалгалт хийхээр баталсан.
4.3.3. Гэтэл уг асуудлаас өөр асуудлаар шалгалт хийсэн буюу энэ нь суурь зарчмыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, уг шалгалтад Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2491 дүгээр дүгнэлтийг дурдсан нь 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдөр үйлдэгдэж, уг дүгнэлтэд дурдагдсан зөрчил арилсан байхад 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчид хариуцлага тооцуулахаар 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/772 дугаар дугаартай албан бичгийг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн анхнаас ажлаас халуулах хүсэлтэй байсан ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дах хэсэгт “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4.3.4. Зөрчлийн шинж чанар шийтгэлтэй нийцээгүй болохыг үнэлээгүй тухайд бид Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүэгэр дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг сайн дураар илчилж, өөрсдөө гэм буруугаа зөвшөөрч, энэ зөрчлийг арилгуулахаар мэдэгдсэн. Энэ тухай улсын байцаагчийн дээр дурдсан тогтоолын үндэслэх хэсгээс харж болно. Бид харин энэхүү зөрчлийг сайн дураар өөрөө илчилж зөвшөөрсөн байхад төрийн албанаас халах шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцсэнгүй гэж маргаж байгаа болно.
4.3.5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан буюу аливаа зөрчлийн шинж байдал нь сахилгын шийтгэлтэй тохирсон байх ёстой буюу ингэхдээ анх удаа эсхүл давтан үйлдсэн эсэхийг мөн харгалзах ёстой байсан.
4.3.6. Зөрчлийн шинж байдал” гэдгийг Төрийн албаны тухай хуульд тайлбарлаагүй хэдий ч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх учиртай.
4.3.7. Хөдөлмөрийн тухай хуульд “Зөрчлийн шинж байдал”-ийн тухай дэлгэрэнгүй заагаагүй ч Улсын Дээд Шүүх өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд хуулийн тус хэсгийг тайлбарлаж, агуулгын хувьд хэрэглэх боломжтой.
4.3.8. Улсын Дээд Шүүхийн тус тогтоолын 29 дэх хэсэгт “сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд....” гэж, мөн тогтоолын 15 дахь хэсэгт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон тус тус зааснаас үзвэл “Зөрчлийн шинж байдал” нь ажилтын гэм буруутай хамаатай бөгөөд түүний үр дагавар нь мөн нь шийтгэлтэй нийцсэн байхыг шаарджээ.
4.3.9. Гэм буруугийн хувьд, миний үйлчлүүлэгч сайн дураар өөрөө илчилж буруугаа хүлээж дээд шатандаа мэдэгдэж, зөрчлөө арилгуулж, хохирол хор уршиггүй зөрчил үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа сайн дураар зөвшөөрөх нь хариуцлагаас чөлөөлөх биш хөнгөрүүлэх зарчим үйлчлэх ёстой байсан.
4.3.10. Үр дагаврын хувьд миний үйлчлүүлэгчийн буруутай хөтөлсөн бүртгэлээс болж хэн нэгэн огт хохироогүй буюу бүртгэл үйлдүүлэх хүсэлт гаргасан “Хаан банк” ХХК нь хохиролгүй мөн хууль бус бүртгэл байсныг мэдэхгүй хүсэлт гаргасан тухай тайлбарлажээ. Үүнээс үзвэл хохирол, хор уршиг үгүй болох нь тогтоогдож байна.
4.3.11. Нөгөө талаас, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учраагүй, мөн нэр хүндэд, түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болоогүй байна. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд бүртгэлийн тухай хуулийн холбогдох хэсгийг мэдэхгүйгээс, эсхүл ажил үүргээ хэрэгжүүлэх явцад газар эзэмших эсхүл өмчлөх зэрэг асуудлыг анзаараагүй хайхрамжгүй үйлдлээс болж хийсэн бүртгэлийг хожим мэдэж үүнийг сайн дураар илчилж гэм буруугаа зөвшөөрч байхад түүнд шууд ажлаас халах шийтгэл оногдуулах нь зөрчлийн үр дагавартай нийцэхгүй гэж үзэж байгаа.
4.4. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
4.4.1. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх хуудасны 7 дах хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчийг ноцтой зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1 дэх хэсэг үйлчлэхгүй тухай буруу дүгнэсэн.
4.4.2. Төрийн албаны тухай хуульд жирэмсэн эмэгтэйн асуудлыг тус хуулиар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох” зохицуулалтыг оруулж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан буюу ноцтой зөрчил, давтан зөрчил, эд хөрөнгийн хохирол учрахаас бусад тохиолдолд халахгүй байх тухай зохицуулсан байна.
4.4.3. Маргаан бүхий актад зааснаар мөн түүний үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг үзэхээр миний үйлчлүүлэгчийг “давтан эсхүл ноцтой зөрчил” гаргасан тухай болон “эд хөрөнгийн хохирол учруулсан” тухай огт дурдаагүй байна.
4.4.4. “Давтан зөрчил” гаргасан тохиолдолд өмнө миний үйлчлүүлэгчид сахилгын шийтгэл авсан байх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчид өмнө ямар нэгэн сахилгын шийтгэл огт авагдаагүй. Зөвхөн дотоод хяналт шалгалтаар тогтоосон гэдэг ч үүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй. Хууль бусаар эвлэрсэн гэх асуудал 2025 оны 04 дүгээр сард болсон болоод үүнээс хойш 6 сар өнгөрсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн хугацаа өнгөрсөн байгаа.
4.4.5. Харин “Ноцтой зөрчил”-ийн тухайд Төрийн албаны тухай хуульд тухайлан заагаагүй учир Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу “шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг ойлгодог. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд ноцтой зөрчлийн тухай зохицуулалтгүй буюу гэрээний аль хэсгийг зөрчсөнөөр ноцтой зөрчил болсон тухай анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй буюу шийдвэрийн 11 дэх хуудсанд “ноцтой зөрчил” гэж үзэн хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
4.4.6. Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523 дугаар тушаалаар ажлаас халсан. Үүний дараа нэмж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан тушаалд нэмэлт оруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх хуудасны 8 дугаар хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзсэн.
4.4.7. Гэтэл тушаалын 1 дэх хэсэгт түүний зөрчлийг “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул” гэж тодорхойлсон. Үүнд “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь” гэсний дараа “Дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт хийсэн.
4.4.8. Ингэж нэмэлт хийснээр тушаалын агуулга бүхэлдээ өөрчлөгдөж байгаа юм. Биднийг улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халчхаад нэмж “дотоод хяналт шалгалт” гэж үг нэмснээр анхнаас тушаалд байгаагүй, анхнаас тушаалд дурдагдсан агуулгыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний, хэт ерөнхий, агуулга нь ойлгомжгүй, актыг бүхэлд нь өөрчлөх нэмэлт хийсэн болно.
4.4.9. Харин “Дотоод хяналт шалгалт” гэж ямар огноотой, хэн гэдэг албан тушаалтанд юунд хэрхэн хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэсэн шаардлагыг хангах ёстой. Гэтэл энэ шаардлагыг огт хангахгүй, анх гаргасан актад дээр нэмж өөрчлөлт оруулахдаа ямар “дотоод хяналт шалгалт”-аар ямар зөрчлийг илрүүлж, түүнийг зөрчилд тооцож байгаагаа ойлгомжгүй, тодорхойгүй заасан.
4.4.10. Угтаа маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан шаардлагыг хангах ёстой. Мөн энэ хүрээнд ч акт тайлбарлагдах ёстой.
4.4.11. Яагаад гэвэл хууль захиргааны актад энэ акт гарах болсон бодит нөхцөл байдлыг тодорхой заахыг заавал шаардсан байна шүү дээ. Тэгэхээр “Дотоод хяналт шалгалт” гэж ерөнхий эсхүл тодорхой бус биш харин 2491 дүгээр дүгнэлтээр ийм тийм зөрчил гаргасан гэж тодорхой заах хэрэгтэй байсан. Иймд зөвхөн тус дүгнэлтээр тогтоогдсон тодорхой зөрчлийн хүрээнд маргаан бүхий акт тайлбарлаж, хэрэглэгдэх ёстой.
4.4.12. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актад “... Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь Дотоод хяналт шалгалт, Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул” гэж заасан учир зөвхөн Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтийн хүрээнд улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл үйлдсэн эсэх, эсхүл дотоод хяналт шалгалтаар үүнийг тогтоосон эсэхийг шүүх хянаж, үүний хүрээнд маргаан өрнөх ёстой болно.
4.4.13. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.
4.4.14. Гэтэл дээр дурдсанчлан хамгийн анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523 дугаар тушаалаар түүний зөрчлийг 2025 оны 2491 дүгээр дүгнэлт гэж дүгнээд араас нь 7 хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/528 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан тушаалд нэмэлт оруулахдаа “дотоод хяналт шалгалт” гээд актын агуулгыг бүхэлд нь өөрчилсөн.
4.4.15. Уг дотоод хяналт шалгалт нэрээр юу гэдэг нь ойлгомжгүй маш олон зөрчлийг дурдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлтийн 45.1 дэх хэсэг заасан “бичилт, тооцооны алдаа, түүнтэй адилтаж болохоор өөр бусад илэрхий алдаа” биш бөгөөд “актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг бүхэлд нь өөрчилж байгаа” болно.
4.4.16. Актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг 7 хоногийн дараа бүхэлд нь өөрчилснийг түүнд хамгийн анх өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн улсын байцаагчийн 2491 дүгээр дүгнэлтээр шийтгэл оногдуулсны дараа нэмж “Дотоод хяналт шалгалт” нэрийдлээр маш олон зөрчлийг нэмж оруулж байгаагаас акт бүхэлдээ өөрчлөгдсөн болохыг харж болно.
4.4.17. Үүнийг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт нийцсэн, техникийн алдаа мэтээр тайлбарлаж байгаа нь илт хуулийг буруу хэрэглэж буй хэлбэр мөн болно.
4.4.18. Миний үйлчлүүлэгч 16 жил төрийн албанд үнэнч шударгаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил огт гаргаж байгаагүй, иргэдэд таатай чанартай шуурхай төрийн үйлчилгээг хүргэхэд хичээж зүтгэсэн нэгэн учир түүний эдгээр нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүйд харамсаж байна.
4.4.19. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, түүнийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгэм даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-аас гаргасан давж заалдах гомдолдоо:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ.
5.3. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 16.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2. 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 сарын 22-ны өдрийн Б/523, 2025 оны 09 сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай "Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тушаалуудыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх К.Ж-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.4. Нэхэмжлэгч К.Ж нь эрх зүйч, улс төр судлаач-нийгмийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчээр 16 жил ажилласан бөгөөд төрийн албанд олон жил үнэнч шударгаар үр бүтээлтэй ажилласан. Энэ хугацаанд байгууллагын шилдэг ажилтан 2 удаа, Аймгийн засаг даргын жуух бичиг 2 удаа Хууль зүйн яамны хүндэт жуух бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын жуух бичиг, Сумын төр захиргааны тэргүүний ажилтан болон бусад өргөмжлөл шагнал урамшууллаар шагнагдаж байсан.
5.5. Ховд сумын иргэн Т овогтой Ме-ы эцэг эх нь төрсөн хүүгээ 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ өвөө М.Х, эмэг эх Н.К нарын гэр бүлд төрснөөр бүртгүүлсэн байдаг. Иргэн Т.М нь төрсний бүртгэлд төрсөн эцэг, эхийн бүртгэлээр бүртгэж өгөх хүсэлт гаргасны дагуу хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6580 тоот дүгнэлтээр иргэний улсын бүртгэлийн төрсний бүртгэлийн санд нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр төрсөн эцэг, эхийн мэдээллийг нь тусгаж, төрсөн эцэг Т-аар овоглож баримт бичгийг нь сольж олгосон. Иргэн Т.М нь өвөө Х.Х-аар овоглуулж, өмнөх овгоо сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу тус хүсэлтийг хэлтсийн ахлах бүртгэгч тасгийн дарга Б.Э-д танилцуулсан. Нэхэмжлэгч К.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн боловч мэдээллийн санд тасгийн дарга Б.Э уг иргэнтэй маргалдаж улмаар баталгаажуулаагүй тул мэдээллийн санд бүрэн тусгаагүй алдаатай төлөвтэй үлдсэн гэдгээ анх шүүхэд гаргасан тайлбартаа гаргаж байсан.
5.6. Иргэн Т.М- нь тасгийн даргатай хэл ам хийж, бүртгэх боломжгүй гэж буцаасан. Үүнээс хойш иргэн удаа дараа гомдол гаргасан сонгуулийн нэрсийн жагсаалт гаргах сургалтаар Ерөнхий газраас ирсэн багийнханд ахлах бүртгэгч танилцуулсан сонгуулийн дараа шийдвэрлэхээр боллоо гэж иргэнд хариу өгсөн байсан. Хамгийн сүүлийн хүсэлт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ахлах бүртгэгч Б.Э бүртгэл хийхийг зөвлөсөн, би өөрөө амарсан байгаа Я.О-оор баталгаажуулалт хийлгээрэй гэсэн учир нэхэмжлэгч К.Ж бүртгэл хийсэн тус бүртгэл баталгаажаагүй бүртгэв төлөвтэй үлдсэн. Бүртгэл бүртгэсэн огноо сумын бүртгэгч засах боломжгүй байсан Я.О бүртгэгчид утсаар залгаж, хэрхэн бүртгэл хийх тухай асуусан удалгүй Б.Э ахлах утсаар холбогдсон чамд 2 арга байна. Д.Г хяналттай ярилцаад дүгнэлт гаргуулах эсвэл Т-тай яриад мэдээлэл технологитой яриулаад бүртгэлийн огноог засуулах гэсэн чиглэл өгсөн Т-тай ярьсан би амралттай байгаа гэсэн тул тухайн үед Хяналтын байцаагч амралттай, утас нь холбогдохгүй байсан, тасгийн дарга ажлыг Ч.Н бүртгэгч хийж байсан учир дээрх байдлыг хэлээд засуулж 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр маягт хэвлэсэн. Иргэний маягт хэвлэж дуусаад цахимжуулсан цахимжсан баримтыг мэдээллийн сангаас сумын бүртгэгч устгах эрх хаалттай байдаг.
5.7. Улмаар иргэн Т.М- нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч К.Ж-ныг дуудаж хэргийн материал танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч К.Ж нь шүүхээс дуудах үед аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан С.Х, хяналтын улсын байцаагч Д.Г-, тасгийн дарга ахлах улсын бүртгэгч Б.Э нартаа биечлэн очиж танилцуулж яах ёстойгоо асууж зөвлөгөө авсан бөгөөд шүүх хуралдааны эхлэх үед шүүгчид тасгийн дарга ахлах бүртгэгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ гаргасан, шүүгч ахлах бүртгэгчээс тайлбар авсан учир шаардлагагүй гэж үзсэн.
5.8. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн шийдвэрээр иргэн Т.М-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.11-д зааснаар өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг бүртгэсэн бүртгэгч өөрөө хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгч К.Ж нь өөрийн бүртгэсэн бүртгэл үнэн зөв гэдгээ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 339 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.10. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Дотоод хяналт шалгалт хийх тухай” А/149 дүгээр тушаалаар удирдамжийг баталсан. Тус удирдамжийн хавсралтаар шалгалтын зорилго, үндэслэлийг Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд сумын улсын бүртгэгч К.Ж нь захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцохоор болсон тухайгаа холбогдох албан тушаалтанд танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ноцтой зөрчил гаргасанд хариуцлага тооцох, зөрчлийг арилгахаар заажээ. Гэтэл хяналт шалгалтыг удирдамжид зааснаас өөр байдлаар буюу “хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлт”-ийн талаар шалгасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дах заалт буюу “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөнд гомдолтой байна.
5.11. Нэхэмжлэгч К.Ж нь 2025 оны 5 сард нэр бүхий 5 иргэний барьцааны гэрээ бүртгэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байсныг анзаарахгүйгээр бүртгэсэн байсныг сүүлд олж мэдээд энэ тухайгаа нэн даруй дээд шатны албан тушаалтанд мэдэгдэж, зөрчлөө өөрөө арилгуулахаар тайлбар гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, дээд шатны байгууллагад залруулж, бүх баримттайгаа хүлээлгэж өгөөд нэр бүхий 5 иргэний барьцааны бүртгэлийг хүчингүй болгосон. Гэтэл Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2491 дүгээр дүгнэлт нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдэж, уг дүгнэлтэд дурдагдсан зөрчил арилсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцлага тооцуулахаар 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/7727 дугаар албан бичгээр хагас жилийн үр дүнгийн гэрээний хамт хүргүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
5.12. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д иргэний улсын бүртгэлийн төрлийг нэрлэн заасанд 6.1.7-д овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хамаарах бөгөөд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн төрлийг зохицуулсан, 12.3-т “овог, эцэг эхийн нэрийг өөрчлөх үндэслэлийг 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4-т”, мөн хуулийн 12.5-д “тус тус иргэний овог, эцэг эхийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно”, 12.6-д “Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 122, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө” гэж заажээ. Дээрх хуулийн агуулгаас үзэхэд овог нэр өөрчлөх биш урд өмнө хэрэглэж байсан овог, эцгийн нэрийг дахин сэргээх асуудал бөгөөд овог нэр сэргээх бүртгэл гэсэн тустай бие даасан бүртгэл байхгүй учир практикт ИУБ-13 маягт дээр хөтөлдөг юм байна.
5.13. Монгол улсын иргэн овог, эцэг эхийн нэрээ өөрчлөх, түүнчлэн өмнөх овог, эцэг эхийн нэрээ сэргээлгэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх, иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэх нь 2 тусдаа ялгаатай ойлголтууд юм. Гэтэл анхан шатны шүүх иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэх гэдгийг иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх гэдэг агуулгаар тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5.14. Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2491 дүгээр дүгнэлтээр улсын бүртгэгчийн гаргасан зөрчлийг засаж, хүчингүй болгосон боловч улсын бүртгэгчид хариуцлага тооцуулах бүртгэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөж байгаа эрх зүйн актыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Нэхэмжлэгч К.Ж-аас захиргааны акт гаргахдаа санал аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 26.2т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасныг зөрчсөн.
5.15. Нэхэмжлэгч К.Ж нь шүүхэд дуудагдаж хэргийн оролцогчоор шүүх хуралдаанд оролцож байгаа талаараа удирдлагууддаа мэдэгдсэн. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга мэдэж байсан, улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч К.Ж-ныг хамгаалсан ямар нэгэн тусламж үзүүлээгүй, итгэмжлэл олгоогүй, Улсын бүртгэлийн хэлтсээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дур мэдэж оролцоогүй, удирдлагууддаа мэдэгдэж зөвлөгөө авч, тусламж хүссэн. Нэхэмжлэгч К.Ж нь тасгийн дарга, ахлах улсын бүртгэгч Б.Э-ы бүртгэл хийхийг зөвлөсний дагуу мөн хуулийн дагуу бүртгэл хийсэн. Гэтэл нэхэмжлэгч К.Жанпаганыг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд шаардлагатай мэдээллийг танилцуулаагүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
5.16. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/523 дугаар тушаалаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч К.Ж Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
5.17. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч К.Ж нь 5 сартай жирэмсэн бөгөөд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амаржих газрын хяналтад байдаг.
5.18. Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх”-ийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцсэн байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлууд нь үндэслэлийн хувьд давхардсан байх тул давж заалдах гомдлуудын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөв.
3. Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” 339 дүгээр тогтоолыг зөрчиж “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдсан нь тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон албан хаагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн гэх гомдлын тухайд:
3.1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.М-ы Ховд аймгийн Улсын бүртгэгчид холбогдуулж гаргасан “ПЛ97061818 регистрийн дугаартай М.Г овогтой Т.М миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу М.Г овогтой Х.М-аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ПЛ9..... регистрийн дугаартай М.Г овогтой Т.М намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу М.Г овогтой Х.М-аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргажээ.
3.2. Гэтэл нэхэмжлэгч К.Ж уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо удирдлагадаа мэдэгдэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 30 хоногийн дотор биелүүлэхийг хариуцагч улсын бүртгэгчид даалгасан байна.
3.3. Нэхэмжлэгч К.Ж энэ талаар дотоод хяналт шалгалтын үед “дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо удирдлагаа буюу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан С.Х, тасгийн дарга Б.Э, улсын байцаагч Д.Г- нарт мэдэгдэхэд харьяалал харгалзах бүртгэлтэй холбоотой энэ маргаанд хариуцагчаар татагдсан учир хэлтсийн байр сууринаас оролцоорой гэсэн” гэж тайлбарлажээ.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд нэгэнт Ховд аймгийн улсын бүртгэгч К.Ж нь дээрх захиргааны хэрэгт улсын бүртгэлийн хэлтсийн байр сууринаас буюу М.Г овогтой Т.М-ыг өмнөх овог, эцгийн нэрээр буюу М.Г овогтой Х.М-аар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хамгаалах байр сууринаас хариуцагчаар оролцох үүрэгтэй байхад дээрх үүргээ хэрэгжүүлэлгүй, “эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгт хэвтэж байсан, иргэн гомдолтой байсан учир эвлэрсэн” гэж тайлбарладаг бөгөөд энэ нь түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болсон байна.
3.5. Иймд анхан шатны шүүхийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” 339 дүгээр тогтоолыг зөрчиж “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдсан нь тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон албан хаагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
3.6. Мөн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзах тухай” 21 дүгээр захирамжаар “...маргаан бүхий үйл баримт болох нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр солихтой холбоотой бүртгэлийн талаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн оршин суугаа газрын улсын бүртгэгч болох хариуцагч Ховд сумын улсын бүртгэгч К.Ж бие даан бүртгэх эрхтэй байна” гэж дүгнэн хариуцагч К.Ж-ы Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн даргыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзжээ.
3.7. Нэгэнт К.Ж уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан энэ тохиолдолд итгэмжлэл авах шаардлагагүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “К.Ж нь удирдлагаасаа итгэмжлэл авалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь буруу” гэх тайлбар үндэслэлгүй ч “эвлэрэх талаар удирдлагадаа удаа дараа мэдэгдсэн” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “К.Ж тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа эвлэрлийн талаар удаа дараа удирдлагадаа мэдэгдсэн, шүүхэд хамтран хариуцагчаар оруулахаар хүсэлтээ гаргасан байхад шүүх хамтран хариуцагчаас оролцуулахаас татгалзсан. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан ёсоор надад итгэмжлэл хийж өгөөгүй, харьяалал харгалзах бүртгэл учир чи өөрөө хариуц гэж надад амаар хэлснийг шүүх харгалзаж үзээгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
3.8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 339 дүгээр тогтоолд дүгнэлт өгөөгүй, харин тогтоол гарсантай холбоотой процесс ажиллагаанд буюу тэрхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон улсын бүртгэгч К.Ж-ны буруутай үйлдэлд дүгнэлт өгч сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дах хэсгийг зөрчсөн гэх гомдлын тухайд:
4.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заажээ.
4.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/149 дүгээр тушаалын хавсралтаар “улсын бүртгэгч К.Ж-ны захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох талаар удирдлагадаа мэдэгдээгүй, итгэмжлэл авалгүй дур мэдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөрчил гаргасанд хариуцлага тооцох, зөрчлийг арилгах, дэг журмыг хангах хүрээнд” дотоод хяналт шалгалт явуулахаар удирдамж батлагдсан байна.
4.3. Хяналт шалгалтын ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/205 дугаар илтгэх хуудсаар “иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Х.М-ы мэдээллийг шалгахад иргэний овог өөрчилсөн бүртгэлийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх удирдамжийн дагуу батлагдсан хяналт шалгалтын хугацааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажлын 5 хоногоор сунгуулах санал хүргүүлсэн бөгөөд уг хяналт шалгалтын хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн үйлдсэн гэр бүлийн хэрэгцээний газарт барьцаалбар үйлдсэнийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн зөрчлийг мэдээлж түүнд сахилгын шийтгэл ногдуулах саналыг 29/772 дугаар албан бичгээр хүргүүлжээ.
4.4. Улмаар дотоод хяналт, шалгалтын Ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/227 дугаар илтгэх хуудсаар “улсын бүртгэгч К.Ж Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан овог өөрчлөх 4 үндэслэлд хамаарахгүй байхад овог өөрчилж бүртгэсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зөрчиж гэр бүлийн хэрэгцээний 5 газрын барьцаалбар барьцааны гэрээг бүртгэсэн гэж дүгнэн түүнийг төрийн албанаас халах санал хүргүүлжээ.
4.5. Анх нэхэмжлэгчийн “захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох талаар удирдлагадаа мэдэгдээгүй, итгэмжлэл авалгүй дур мэдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” гэсэн зөрчлийг шалгаж байх хугацаанд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “хууль зөрчиж барьцаалбар бүртгэсэн”-тэй холбоотой зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгээс нэхэмжлэгч К.Ж-д холбогдох дээрх хоёр зөрчлийг хамтад нь хянаж шалгасан нь процессын хэмнэлттэй байх зарчимтай нийцэж байх тул хоёр дахь зөрчлийг удирдамжгүйгээр явуулсан гэж буруутгахааргүй, энэ талаарх “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод хяналт шалгалтын удирдамжийн 1.1-д “захиргааны хэргийн шүүхэд оролцохтой холбоотой асуудлаар шалгалт хийхийг заасан байхад өөр асуудлаар шалгалт хийсэн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
5. Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нийцээгүй гэх гомдлын тухайд:
5.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно”, 12.3-т “Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно:”, 12.3.1-д “эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол;”, 12.3.2-т “гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол;”, 12.3.3-т “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол;”, 12.3.4-т “иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй”, 12.6-д “Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө”, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д “Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ журам, албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна”, 10.10-т “Дараах зөрчлийг “ноцтой зөрчил” гэж үзнэ:”, 10.10.5-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан;”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж тус тус заажээ.
5.2. Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэн үзэхэд улсын бүртгэгч нь нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр 5 гэр бүлийн хэрэгцээний газрын барьцаалбартай гэрээг бүртгэсэн, нөгөөтээгүүр, овог сэргээх хуульд заасан үндэслэл бүрдээгүй төдийгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 339 дүгээр тогтоол гарахаас өмнө иргэний овгийг сольж бүртгэсэн нь хууль болоод журамд заасан ноцтой зөрчил байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгахааргүй байна.
5.3. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн дотоод журамд улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн нь ноцтой зөрчилд хамаарах бөгөөд ийнхүү ноцтой зөрчил гаргасанд хариуцагч хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул “маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл бодит байдалд нийцээгүй, давтан болон ноцтой зөрчил гаргаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Хууль бус бүртгэлийн улмаас хохирсон этгээд байхгүй бөгөөд энэ гэм буруугаа өөрөө сайн дураар илчилж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцлагыг хөнгөрүүлэх зарчим үйлчлэх ёстой, сайн дураараа зөрчлөө хүлээн зөвшөөрч залруулсан, зөрчил арилсан байхад Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцлага тооцуулахаар 29/772 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт санал хүргүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн гомдлын тухайд:
6.1. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.5-д “Сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна мэдэгдсэн;”, 3.5.1-д “албан хааагч өөрийн гаргасан зөрчлийг сайн дураар илчилж мэдэгдсэн” гэж заажээ.
6.2. Дотоод хяналт шалгалт хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/227 дугаар илтгэх хуудасны 3.1-д “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах Б.Э улсын бүртгэгч К.Ж-ны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэж эхэлснээс хойших ажлыг шалгахад ... бүртгэлүүд хөтлөхдөө барьцаалбар барьцааны гэрээг бүртгэсэн зөрчил гаргасан байна” гэж, 3.2-т “энэхүү зөрчлөө арилах зорилгоор Хяналтын улсын байцаагчид хүсэлт бичиж өгсөн” гэжээ.
6.3. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах нэг үндэслэл болсон барьцааны гэрээ бүртгэсэн зөрчлийг анх Б.Эрдэнэсүрэн олж тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч уг зөрчлөө өөрөө сайн дураараа илчилж хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.
6.4. Түүнчлэн зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрснийг зөрчил арилсан гэж үзэхгүй. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “.Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасны дагуу хяналтын улсын байцаагч Д.Г- 2491 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч К.Ж-ны хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгосноор уг зөрчил арилсан гэж үзнэ.
6.5. Нэгэнт дээрх дүгнэлтээр хяналтын улсын байцаагч бүртгэлүүдийг хүчингүй болгож, К.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх саналыг үйлдсэн бөгөөд хуульд заасан эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан санал хүргүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй байна.
6.6. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/149 дүгээр тушаалаар “улсын бүртгэгч К.Ж-ны захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох талаар удирдлагадаа мэдэгдээгүй, итгэмжлэл авалгүй дур мэдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөрчил гаргасанд хариуцлага тооцох, зөрчлийг арилгах, дэг журмыг хангах хүрээнд” шалгалт явуулахаар удирдамж батлагдсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/205 дугаар илтгэх хуудсаар дээрх удирдамжийн дагуу батлагдсан хяналт шалгалтын хугацааг сунгуулахаар санал хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш буюу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцлага тооцуулахаар 29/772 дугаар албан бичгээр өөр зөрчлийг мэдээлж, үүнд сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлсэн байгаа нь зөрчлийн талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалтыг хийсэн гэж үзэхээргүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан заалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй гэж буруу дүгнэсэн гэсэн гомдлын тухайд:
7.1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасанд сахилгын зөрчил гаргасан жирэмсэн эмэгтэйг “ажлаас халах” зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан хязгаарлалт нь сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах тохиолдолд хамаарахгүй гэж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр тогтоолд тодорхой тайлбарлан дүгнэжээ.
7.2. Иймд нэхэмжлэгч нь хууль зөрчиж бүртгэл хийсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын бүртгэлийн байр сууринаас оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар удирдлагаасаа зөвшөөрөл аваагүй буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд дээрх заалт хэрэгжихээргүй байна.
7.3. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/738 дугаар тодорхойлолтоор нэхэмжлэгч К.Ж нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 10 долоон хоног, 6 өдрийн хугацаатай жирэмсэн болохыг тодорхойлсон, үүнээс тооцон үзвэл нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр жирэмсэн болсон байх магадлалтай бөгөөд үүнийг маргаан бүхий акт болох 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаал гарсан цаг хугацаатай уялдуулан авч үзвэл түүнийг жирэмсэн эсэхийг нэхэмжлэгч болоод хариуцагч хэн аль нь мэдэх боломжгүй байжээ.
8. Б/528 дугаар тушаалаар 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаалд “дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан нь уг тушаалыг бүхэлд нь өөрчилж байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг анхан шатны шүүх техникийн алдаа мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын шаардлагын тухайд:
8.1. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө ... засах эрхтэй ...” гэж заажээ.
8.2. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд захиргааны байгууллагад өөрийн гаргасан шийдвэрийн илэрхий алдааг засах эрхийг хууль тогтоогчоос олгохдоо актын үндсэн агуулгыг өөрчлөхгүй байхаар хязгаарласан байна.
8.3. Маргааны энэ тохиолдолд захиргааны байгууллагаас хуулийн дээрх заалтыг зөрчилгүйгээр, эхний гаргасан тушаалын үндэслэл болох “дотоод хяналт шалгалт” гэх үндэслэл буюу захиргааны актын утга, агуулгыг өөрчлөлгүйгээр хуулиар олгосон эрхийг эдэлж Б/528 дугаар тушаал гаргасныг буруутгахааргүй байна.
8.4. Иймээс дээрх тушаалын үндэслэлийг дутуу бичсэн алдааг захиргааны “илэрхий алдаа” гэж үзэх болохоор байна.
9. Анхан шатны шүүх иргэний овог нэрээ өөрчлөх, овог нэрээ сэргээх гэсэн хоёр өөр ойлголтыг овог өөрчлөх гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын тухайд:
9.1. Уг маргааны дүгнэлт өгөх гол асуудал нь маргаан бүхий актын үндэслэл болох хууль зөрчиж барьцаалбар бүртгэсэн болон М-ны нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт улсын бүртгэлийн хэлтсийн байр сууринаас оролцоогүй, удирдлагын зөвшөөрөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх зөрчлүүд байх бөгөөд шүүх хэргийн оролцогчдын маргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар сахилгын зөрчлийг зөвтгөх боломжгүй.
9.2. Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны нэг үндэслэл нь улсын бүртгэгч К.Ж нь иргэн М-ны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үйл баримт бөгөөд иргэн М-ны овог сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэх нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш байх тул анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.
10. 2491 дүгээр дүгнэлтээр улсын байцаагч К.Ж-ны гаргасан зөрчлийг хүчингүй болгосон ч улсын бүртгэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөж байгаа хариуцлага тооцох эрх зүйн актыг гардуулж өгөөгүй гэх гомдлын тухайд:
10.1. Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2491 дүгээр дүгнэлтийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч К.Ж-ны бүртгэсэн зөрчилтэй 5 бүртгэлийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар түүнд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.
10.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтийн 2 дахь заалт нь нэхэмжлэгч К.Ж-ны эрх, ашгийг шууд хөндсөн хууль зүйн үр дагавар үүсгээгүй, сахилгын шийтгэл ногдуулах талаар санал хүргүүлснээс үүрэгжүүлсэн агуулгагүй байна.
10.3. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаас үзэхэд улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2491 дүгээр дүгнэлт нь нэхэмжлэгчид үр дагавар үүсгээгүй тул уг дүгнэлттэй холбоотой сонсох ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд харин уг дүгнэлтийг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байна.
11. 2491 дүгээр дүгнэлтэд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэж заасныг баримталсан нь улсын бүртгэгч рүү бус гадагшаа иргэн лүү чиглэсэн заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй гэх гомдлын тухайд:
11.1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Барьцаалуулагч нь барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу нэг хувь үйлдэж гэрээний хамт улсын бүртгэлийн байгууллагад өгнө”, 16.3-т “Иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагчийн улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу үйлдсэн барьцаалбарыг гэрээний хамт улсын бүртгэлийн байгууллагад өгөх бөгөөд хэрэв иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол уг барьцаалбарыг бүртгэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл, хэдийгээр барьцаалуулагч нь дээрх барьцаалбарыг үйлдсэн ч бүртгэх эсэх шийдвэр гаргах эрх нь улсын бүртгэгчид хуулиар олгосон эрх хэмжээ учир дээрх заалтыг дурдаж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:” гээд 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагч нь дүгнэлт гаргасныг буруутгахгүй, нөгөөтээгүүр, гадагш иргэн лүү чиглэсэн заалт баримталсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
11.2. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг орон нутаг дахь хяналтын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхдээ улсын бүртгэгч К.Ж-ны Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан хориглох бүртгэлийг хууль зөрчиж бүртгэсэн зөрчилд дээрх хуулийг тодорхойлон дүгнэсэн ч дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14-д заасныг тус тус үндэслэсэн байх тул 2491 дүгээр дүгнэлтийг буруу хууль баримталсан эсхүл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээргүй.
12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ