Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 120/2017/0065/з |
Дугаар | 341 |
Огноо | 2017-10-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 341
Б.З-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Н.Н, П.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0455 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.З-н нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.З-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар албан бичгээр Хурлын Төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0455 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасныг баримтлан Б.З-н Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, Н.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу нэр бүхий 14 төлөөлөгчийн зүгээс Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулахаар санал гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх талуудын маргаагүй үйл баримтад хэт нэг талыг баримталж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
Тодруулбал, хариуцагчийн зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлох, хуралдуулахаас татгалзсан ба өөр үндэслэлээр татгалзаагүй болно. Харин нэр бүхий 14 хурлын төлөөлөгчдөөс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу Засаг даргыг огцруулахаар санал гаргаж өргөн мэдүүлсэн болно.
Иймд Засаг даргыг огцруулахаар 14 иргэдийн төлөөлөгч санал гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан шаардлагыг хангасан байх тул Хурлын Тэргүүлэгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон хуралдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаас үзэхэд Хурлын Тэргүүлэгчид нь хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах зэрэг эрхтэй болохоос биш иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Засаг даргыг огцруулахаар өргөн барьсан саналд энэ хуулийн 32.8-д заасныг зөрчсөн эсэхийг хянаж шийдвэрлэх эрхтэй этгээд биш зөвхөн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2/11 дүгээр тогтоолоор Цогтцэцийн сумын Засаг дарга О.Б-г үүрэгт ажлаас нь огцруулах санал гаргаж хүргүүлснийг Өмнөговь аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1979 дүгээр албан бичгээр “Цогтцэций сумын Засаг дарга О.Б нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2/11, 2/12 дугаартай тогтоол нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. Шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад саналыг шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлээгүй буцаасан болно.
Ийнхүү аймгийн Засаг дарга нь өмнө гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлээгүй тул Хурлын Төлөөлөгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүргүүлсэн санал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан үндэслэлд хамаарахгүй болно.
Тодруулбал, Тус заалтын үзэл баримтлал агуулгаас үзвэл “Ерөнхий сайд. дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг дүгнэн шийдвэрлэсэн бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй байхаар байна. Харин энэ маргааны хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө гарсан саналыг аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, огт шийдвэрлээгүй буцаасан байх тул мөн хуулийн 32.8 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0455 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй, мөн холбогдох хуулийг буруу тайлбарласан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Б.З нь Цогтцэций сумын Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Нэр бүхий иргэдийн Хурлын 14 төлөөлөгчөөс сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр хуралдааныг товлон зарлах хүсэлтийг гаргасан байх бөгөөд тус Хурлын Тэргүүлэгчдээс “Засаг даргыг огцруулах саналыг өмнө нь хэлэлцсэн тул дахин санал гаргах эрх хуулиар хязгаарлагдсан, Хурал зарлан хуралдуулах боломжгүй” гэж маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь хэсэгт зааснаар Хурлын дарга нь тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах тухай хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг Хуралд оруулах эрхтэй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.
Эндээс Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авч, хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах үүрэг иргэдийн Хурлын даргад хадгалагдаж байна.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар хуралдааныг товлон зарлах эрх нь Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдаж байгаа боловч тухайн харилцаанд буюу хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг Засаг даргыг огцруулах хүсэлт гаргасан бол хуралдааныг товлон зарлах үүрэг Хурлын даргад байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Засаг даргыг огцруулах хүсэлтийг хэлэлцэх хуралдаан бусад хуралдаанаас ялгаатай, өөр журмаар богино хугацаанд хуралдаан зарлах зохицуулалттай байгааг анхаараагүй, хуулийг буруу тайлбарлажээ.
Анхан шатны шүүхээс “Хурлын Тэргүүлэгчид хуралдааны тов тогтоох үүрэгтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, хариуцагчийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар дээд шатны Засаг дарга саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй байхаар заасан. Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон дээд шатны Засаг даргын татгалзал нь нэг зэрэг хамтдаа эрх зүйн үр дагавар үүсгэх, хоорондоо салшгүй холбоотой шийдвэрүүд юм. Гэтэл Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол хууль зүйн хүчинтэй эсэх нь тодорхойгүй байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр тогтоолоор Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж, захиргааны хэрэг үүсгэсэн талаар хариуцагч тайлбарлаж байжээ. Иймд Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн Хурлын тогтоол хүчинтэй эсэх нь эргэлзээтэй, шүүх хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргыг огцруулах санал гаргах эрх зөвхөн нэг төлөөлөгчид, нэг намын даргад хамааралгүй, харин нийт хурлын төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй нь хүлээн зөвшөөрч, өргөн мэдүүлсэн тохиолдол үүсэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаагүй, дээрх үйл баримттай холбоотой нотлох баримт цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0455 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ