Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0767

 

“Есөн талст оргил констракшн” ХХК-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Н.Баасансүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор, “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Есөн талст оргил констракшн” ХХК-ийн нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “Нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхэритаж” ХХК-иудын хий бичилттэй НӨАТ-ын падаануудтай холбоотой 242 675 293,1 төгрөгийг худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын өрийн дүнгээс хасч өгөхгүй байгаа татварын албаны эс үйлдэхүйг тогтоож, татварын албаны шаардсанаар дүнг нэмэгдүүлж НӨАТ-ын тайландаа залруулга хийсэн “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланг уг дүнгээр хасалт хийж залруулахыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 625 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү:

1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “Есөн талст оргил констракшн” ХХК-д эхлээд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 35201527227 тоот мэдэгдэх хуудсаар НӨАТ-ын өр төлөхийг шаардахад нь нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхэритаж” ХХК-иудын НӨАТ-ын падаантай холбоотой НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тайланд залруулга хийхийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг анх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 758 тоот шийдвэрээр, дүүргийн татварын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл дурдсан мэдэгдэх хуудсыг түдгэлзүүлсэн билээ.

Уг шийдвэрт хариуцагчийн зүгээс ахиж акт гаргах үндэслэлгүй учир шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байгаад. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Татвар төлөгч ... хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, ...татвар төлнө” гэсэн эрхийг нь эдлүүлэх үүднээс мөн хуулийн 14, 25 дугаар зүйлүүдэд заасны дагуу татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн давж заалдах гомдлоосоо татгалзсан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл мөн байтал асуудлыг шийдвэрлэж залруулга хийх байтугай, дээр заасан маргаан бүхий НӨАТ-ын дүнг тэр хэвээр нь оруулж “Есөн талст оргил констракшн” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин 160525888 тоот мэдэгдэх хуудас буюу шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн захиргааны акттай утга агуулга яг ижил актыг татвар төлөгчид дахин өгч, үүнийгээ шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинээр акт гаргасан хэмээн тайлбарлаж татвар төлөгч болон шүүхээр тоглож байх тул тус комнани дахин нэхэмжлэл гаргахаас аргагүй байдалд хүрсэн болно.

Иймд 2 дахь нэхэмжлэлийг хянахдаа эхний нэхэмжлэлийн талаар гарсан шүүхийн өмнөх 2015 оны 758 тоот шийдвэрээс салгаж ойлгох боломжгүй, энд нэг л маргаан үргэлжилж байгаа билээ.

2. Эхний нэхэмжлэлийг өршөөл, ил тодын хуулиуд батлагдахаас өмнө гаргасан, тухайн үед эдгээр хуулиуд чухам ямар байдлаар гарах нь тодорхойгүй байсан, бидний маргаж буй асуудал энэ хуулиудтай шууд холбоогүй, тухайн үед үйлчилж байсан хуулиудын дагуу шийдвэрлэх боломжтой байсан гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

3. Татварын албаны зүгээс, шүүхийн тодорхой шийдвэргүйгээр цахим тайлангийн системд засвар оруулах нь техникийн талаасаа боломжгүй байгаагаа албан тоотоор, түүнчлэн шүүх хуралдаан дээр хүртэл тайлбарласан байтал шүүх үүнийг огт анхаарч үзсэнгүй.

4. Татварын алба “НӨАТ-ын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалт” гэгчийг татвар төлөгчид цахимаар ирүүлж, эдгээр падааны тайлагналтыг залруулахыг мэдэгдэн айлгаж, шахаж шаардсаны дагуу татвар төлөгч тайландаа залруулга хийж хүргүүлсэн байтал анхан шатны шүүх 625 тоот шийдвэрийнхээ үндэслэлд “Мэдэгдэх хуудас” нь татварын хяналт шалгалтын явцад тогтоосон татварын актад үндэслээгүй, харин нэхэмжлэгчийн НӨАТ төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайландаа тусгасныг үндэслэсэн болно” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

5. Татварын алба нь анх цагдаагийн байгууллагаас ирүүлсэн, шүүхээр хэн гэм буруутай болох нь эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг үндэслэн залруулга хийхийг татвар төлөгчдөөс шаардсан байдаг ба “Есөн талст оргил констракшн” ХХК-д бараа худалдсан “Аврасиа” болон “Ньюхэритаж” нэртэй 2 компанийн НӨАТ-ын падаануудыг ашиглан улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон Дашдондог овогтой Хишигдэлгэр гэдэг хүн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул энд “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн албан тушаалтнууд буруугүй болох нь нэгэнт тогтоогдсон байгаа. Нийлүүлэгч компани НӨАТ-ын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь худалдан авагчийн бус, харин татварын байгууллагын үүрэг, худалдан авагчийн зүгээс нийлүүлэгчийн тамга, гарын үсэгтэй НӨАТ-ын падаануудыг тайландаа оруулж, харъяа татварын албаар баталгаажуулж, нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтүүдийг холбогдох хууль, журмын дагуу хийж байсан билээ.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 625 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлийн дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-аас “Нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12-д заасны дагуу Татварын ерөнхий газраас нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийг 2014 оны НӨАТ-ын тайландаа залруулага хийхийг мэдэгдэн, анхааруулсан тул нэхэмжлэгч НӨАТ-т төлөх дүнгээ 242.675.293,1 төгрөгөөр нэмэгдүүлэн тайландаа залруулга хийжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гээд падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар,

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заасан.

 “Есөн талст оргил констракшн” ХХК нь “Аврасиа” ХХК, “Ньюхэритаж” ХХК-иудаас 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан гэж санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт тусгасан боловч “Аврасиа” ХХК, “Ньюхэритаж” ХХК-иуд нь “Есөн талст оргил констракшн” ХХК-д борлуулалт хийж байгаагүй,  “Есөн талст оргил констракшн” ХХК-ийг дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь “Аврасиа” ХХК, “Ньюхэритаж” ХХК компаниудаас бодитоор худалдан авалт хийснээ нотлоогүй, харин нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсний дагуу нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-уудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч татвараа өөрөө тодорхойлж, залруулага хийн тайлангаа хүргүүлсэн тул хариуцагчийн зүгээс татвар хураах үйл ажиллагаатай холбоотойгоор 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 160525888 дугаар мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна. Мөн уг мэдэгдэх хуудас нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан татварын хяналт шалгалтын дүнд тогтоосон татварын акт биш бөгөөд нэхэмжлэгч НӨАТ-ын дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, төлбөл зохих ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайландаа тусгасныг үндэслэн татвар хураалтын байцаагчийн үйлддэг баримт бичиг байна. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР