Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

 

    2023       10          24                                     2023/ШЦТ/101

                                                                                       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001180094  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Наранжаргал

Улсын яллагч                                                           С.Баяр-Эрдэнэ

Хохирогч                                                                  М.Б

Шүүгдэгч                                                                   Т.С нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 1... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ...... суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ........ хороо, ........... дугаар гудамжны ......... тоот хашаанд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан ..... овгийн ......-ийн С.... /РД:......../

Шүүгдэгч Т.С нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Багануур дүүргийн .........хороо ........... ...... дугаар гудамжны .......... тоот хашааны гадна хохирогч М.Б-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Дахин нэг шил “Хараа” нэртэй архийг гурвуулаа хувааж уусан. Болсон явдлыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/

         Шүүгдэгч Т.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр 3 шил архи уусан гэж байна. Архи уусандаа гэмшиж байна архи уухгүй гэж зорилт тавьж байгаа. Миний буруу, буруугаа засч амьдарна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед дүү Г, өөр нэг залуугийн хамт цагаан өнгийн суудлын жижиг тэрэгтэй ирж намайг авсан. Жаргалант нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи аваад Г-ийн гэр болох ......... дугаар гудамжны тоотын сайн мэдэхгүй хашаанд очсон. Бид гурав авсан шил архиа ууж дуусгасан. С гэж өөрийгөө танилцуулсан залуу 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд хамт архи ууж байхад С гэх залуу намайг гэнэт дээрээс дараад авсан тэгж байтал манай хуурай дүү болох Г... нөгөө залууг дээрээс татаж аваад настай хүнийг яах гэж байгаа юм бэ гэж хэлээд надаас холдуулж суудалдаа суусан. Тэгээд ямар нэгэн хэрүүл болоогүй С.... гэх залуу надаас уучлаарай гээд суудалдаа суусан. Ууж байсан архиа дуусгаад С гэх залуугийн хамт 20 цагийн үед гэрээс гарсан. Хуцаагийн 12 дугаар гудамжинд байх Г... дүүгийн хашаанаас С..... гэх залуугийн хамт гараад явж байтал нөгөө залуу миний зүүн талаас гараараа 1 удаа цохиход газарт унаад түүнээс хойш нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн... С..... гэх залуу намайг гараараа нэг удаа цохиж газарт унагасан. Одоо миний нүүр зүүн нүд хөхөрсөн, зүүн чихэнд 3-н оёдол тавиулсан, толгой өвдөж байна, баруун нүдний дээд хэсэгт хавдсан хүзүү хэсгээр хөндүүрлэж байна... Тухайн үед С бид хоёроос өөр хүн байгаагүй...”, “...тухайн өдөр харих гээд Б.Г-ийн гэрээс гарахад араас Т.С..... нь дагаад гарсан. Намайг хашааны хаалгаар гадагш гарахад гадна хүн байгаагүй, Т.С нь намайг цуг дагаж гарсан ба гэнэт араас цамцны захнаас татаад боож намайг гараараа нэг удаа цохисон. Тэгээд унахад дээрээс хөлөөрөө нэг өшиглөж байсан тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11,13-14 дүгээр хуудас/,

         Хохирогч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...энэ залуу буухгүй хамт яваад манайд очооод архи уусан. Тэгтэл энэ залуу гэнэт дээрээс дараад авсан, “яаж байна” гэхэд “за уучлаарай” гэсэн. Тэгээд намайг унагаад цохиод өшиглөөд зодсон. Өөр хоорондоо ярилцсан юм байхгүй. Толгой өвдөөд нэг мэдэхэд ухаан алдсан нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Намайг цамцаар маань боогоод ухаан алдуулсан ...боогоод унагаад өшиглөөд цохиод сүүлдээ ухаан алдаад унасан, маргааш нь харахад нүүр ам хавдсан, хөхөрсөн, цус гарсан байсан... Ууж хэрэглэсэн эмний зардалд 28800 төгрөгийн баримт, 15200 төгрөгийн баримтаар нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...найз С... манай хуурай ах Б-ийг гараас нь барьж аваад дээрээс нь дарж унасан тэгэхээр би та хоёр чинь яаж байна аа гээд С-ыг гараас нь татаж босгоод наад 70 гарсан өвгөн чинь, яаж чиний гарын аясыг даадаг юм бэ гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав тухайн архийг нь хувааж уугаад тэр хоёр хоёулаа гараад явсан. Би тухайн үед утсаар ярьж байсан болохоор тэр хоёрыг хаачих гээд гарсыг нь мэдэхгүй тэгээд би удалгүй утсаар ярьж дуусаад энэ хоёр хаачсан юм бол гээд 20 цагийн үед гарсан чинь хуурай ах Б манай хашааны гадаа гудамжинд нүүр амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Хүүе ээ Б... ахаа, та яачих ваа гээд дуудсан чинь хөдлөхгүй байхаар нь би айгаад эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

              Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муухай догшин ааш авир гаргадаг. Манай нөхөр Т.С нь 1991 онд Хоршоолол нэртэй модны компанид ажиллаж байгаад гүүрэн кран дээрээс унаж гэмтэл авснаас хойш эмчилгээнд орсон. Одоо ааш нь жоохон огцом ууртай, ер ааштай уцаартай надад бол их дээрэлхүү зан ааштай болоод байх шиг байгаа юм... Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүн 14 гудамжны 06 тоотод гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад манай нөхөр болох Т.С......... 22 цагийн үед согтуу хашааны хаалга цоожтой байхад нь даваад ороод ирсэн. Тэгээд хашаа даваад орж ирэхэд манай хажуу талын айлын Т гэгч эгч рүү агсан тавиад, орилж хашгираад байхаар нь би С-ыг аваад хашаанаас гарсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар хуудас/,

               Хэргийн газрын үзлэг хийсэн “...Багануур ........ дүгээр хороо, ....... хэсгийн ......... тоотод байрлах бор хүрэн өнгийн төмөр хаалгатай хашааны харалдаа гудамжинд байв. Хашааны хаалганаас зүүн урд зүгт 2 метр зайд шороон хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан “7” гэсэн тоон үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн үзлэгийн үед үйлдсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 дугаар хуудас/

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаартай “...М.Б-ийн биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн хацрын салст, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

              Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №80 дугаартай “...Т.С... нь Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэг үйлдэх үедээ шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт засрал сайжрал, энгийн согтолт эмгэгтэй байсан байна. Т.С..... нь тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдан жолоодох чадвартай байсан байна. Үзсэн харсан хийсэн зүйлээ зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.С-ын дээрх эмгэг нь засрал сайжралын байдалд байгаа үедээ өөртөө болон орчиндоо аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Харин дээрх эмгэг нь унаж таталт өгсний дараа ухамсарт ухаан алдагдах догшрол өгсөн үедээ орчиндоо болон өөртөө аюул учруулах боломжтой эмгэг юм...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/ зэрэг болно.

              Иргэний нэхэмжлэгч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Б /РД:...... / нь 2023 оны 07 дугаар сарын 02-оос хойш гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөгийн, амбулаторийн хяналтын үзлэг 66,000 төгрөгийн нийт 227,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Т.С-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 18-19 дүгээр хуудас/,

              Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 33/106 дугаартай “...нийт 227.000 төгрөгийн үйлчилгээний зардал гарч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан...” гэх албан тоот /хх-ийн 16-р хуудас/

              Шүүгдэгч Т.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолд “Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Долоод овгийн Т-ийн С-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн..” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 57,90-97-р хуудас/

              Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт “...Т овогтой С II-4-5 буюу “Зан төрхийн гүнзгий өөрчлөлттэй, эмэнд дарагддаггүй уналт таталттай заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв...” гэжээ /хх-ийн 71-р хуудас/

              Мөрдөгчийн илтгэх хуудас, согтуурал хэмжигч ашигласан бүртгэл зэрэгт “...согтолтын зэргийг шалгасан бүртгэлээр 1.42 хувийн согтолттой...” гэжээ. /хх-ийн 77,85-р хуудас/

              Т.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-70/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна …” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...тухайн үед энэ хүн надад гэмтэл учруулсан нь үнэн, одоогийн байдлаар өвдсөн зүйл байхгүй. Энэ гар утсыг би өнгөрсөн 6 сард авсан нь үнэн. Гар утсаа бүтэн болгож авмаар байна…” гэсэн дүгнэлт.

            Шүүгдэгчээс “...Архи уухаараа өөрөө өөрийгөө мэдэхгүй болдог юм байна гэж мэдсэн. Одоо би архинаас хол байя гэж бодож байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ..........т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай гэсэн тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж  байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Багануур дүүргийн .......... хороо ..... хэсгийн ....... дугаар гудамжны ....... хашааны гадна хохирогч М.Б-ийг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр ар талаас цамцны захаар нь боож түүний зүүн чихний хэсэгт гараараа цохиж унагаан, унасан үед нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд 1см хэмжээтэй шархтай, хаван хавдартай, дээд уруулын баруун хэсэгт 0.5смх0.2см зах ирмэг тэгш биш шархтай, зүүн дээд, доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, духны баруун хэсэгт 6х4см, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт 3х2см талбайд хүрэн бор өнгийн зулгаралттай, зүүн хацрын салстад 2х2см, хүзүүний хэсэгт 12х10см, урд хэсэгт 8х2см, 3х2 см улаан ягаан өнгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Т.С нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох М.Б-ийн ар талаас цамцны захаар нь боож түүний зүүн чихний хэсэгт гараараа цохиж унагаан, унасан үед нь хөлөөрөө өшиглөж, зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.  

Энэ үйлдлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “М.Б-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 276 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Т.С-ын үйлдэл нь хохирогч М.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн түргэн уур уцаар, түүний зан ааш, эрүүл мэндын байдал нөлөөлсөн гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.С-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч М.Б-ээс “...энэ гар утсыг би өнгөрсөн 6 сард авсан нь үнэн. Гар утсаа бүтэн болгож авмаар байна мөн 46000 төгрөгийн эм авсан е баримт шүүхэд өгч нэхэмжлэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Т.С-оос “... хохирол төлбөрийг бүрэн барагдуулна...” гэж шүүхэд мэдүүлжээ

Иймд Т.С-оос эмний үнэ 46.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д олгох, хохирогч М.Б нь гар утас нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байх тул хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

              Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  227.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч Н.Х-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 227.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/, Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот /хх-ийн 16-р хуудас/ зэргийг дүгнээд шүүгдэгч Т.С-оос нь дээрх 227.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т.С-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ын хувийн байдлыг харгалзан түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг ........ дүүргийн ........ дүгээр хороо, ....... дугаар гудамжны ........ тоот оршин суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ...... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг мэдэгдэж шийдвэрлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...Миний хувьд гомдол санал байхгүй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “... Ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна, гэртээ байж байя...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 70 хувийн групптэй, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Т.С-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,  түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С нь шүүхээс оногдуулсан ....... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн Багануур дүүргийн ....... дүгээр хороо, ....... ... дугаар гудамжны ..... тоот оршин суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Т.С-т тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Т-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овгийн Т-ийн С-ыг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-т шүүхээс оногдуулсан нэг /1/ сарын хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн ...... дүгээр хороо, ....... дугаар гудамжны ....... тоот оршин суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг Т.С-т тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.С-т мэдэгдсүгэй

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.С-оос 46.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д олгох, хохирогч М.Б нь хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар ялтан Т.С-оос эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 227.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Т.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Т.С-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ