Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0123

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “И” ХХК 

          Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.А

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр  

          Хэргийн индекс: 128/2025/0698/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

              2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дах хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." гэж тус тус заасныг зөрчиж Монгол Улсын Засгийн газар 2009 онд хууль бусаар нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох эрх бүхий харьяа байгууллагуудад удаа дараа хандаж шийдвэрлэж өгөөгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь заалтуудыг үндэслэл бүхий тайлбарлаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." 106.3.5-д "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгох буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй бөгөөд, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан мөн хуулийн 14.4-14.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсны дараа эрх бүхий байгууллагад өөрсдөө хандаж, нөхөх олговор авах үүрэгтэй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэж заасан бөгөөд үүнд шүүхээс дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч нь цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхгүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, хохирч байгааг авч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт "...ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан хэдий ч эхлээд шийдвэр гаргасан байгууллагатай нөхөн төлбөрийн асуудлыг мөнгөөр эсхүл дүйцүүлэх талбай олгох эсэхийг зайлшгүй тохиролцох..." гэх асуудлыг анх тусгай хэрэгцээнд авахдаа тухайн тусгай хэрэгцээнд авч буй төрийн байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй байсныг шүүх мөн л дүгнээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заасныг хүсэлт гаргах үүрэгтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэдий ч бид зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр аймгийн Засаг дарга, Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад өнгөрсөн хугацаанд хандсаар ирсэн.

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт хандаж, хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг нөхөх олговор гаргуулах хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй юм. Хэрэгт Монгол Улсын Засгийн газарт хандсан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай баримтуудыг авагдсан байх ба сүүлд хандсан хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 07 сарын 23- ны өдрийн ХЭГ/1999, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 1/3922, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 01/2611 дугаартай албан бичгүүд мөн хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

          2. Нэхэмжлэгч “И” ХХК-иас “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-аар маргасныг анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          3. Маргааны үйл баримтын тухайд:

          3.1 Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 100 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Г сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан байна.   

          3.2 “И” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Г сумын У нэртэй газарт орших 4509,44 га газарт MV-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг олгожээ. Нэхэмжлэгчид олгосон  дээрх талбай Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          3.3 Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан "Дорнод аймаг дахь Ггийн аймаг дундын отрын бүс нутагт "И" ХХК-д MV-*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 684 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "И" ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          3.4 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08- ны өдрийн 0839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

          3.5 Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" 150 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)- ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "И” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          3.6 Улмаар нэхэмжлэгч “И” ХХК-иас “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МУ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах"-аар маргаж байна.

          4. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

          4.1 Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар” гээд, 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж тус тус зохицуулсан.

          4.2 Үүнээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг харилцан тохиролцсоны дараа тохиролцсон хугацаанд нөхөн олговрыг гүйцэтгээгүй тохиолдолд үүсэхээр байх бөгөөд ингэж тохиролцсон үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

          4.3 Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн зүгээс нөхөн олговор авах хүсэлт удаа дараа гаргасаар байхад шийдвэрлээгүй гэж үзвэл энэ талаараа гомдол гаргах эрх нь нээлттэй байжээ.

          4.4 Иймээс анхан шатны шүүх “... Нэгэнт нэхэмжлэгч “И” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн нөхөн олговрыг тогтоосон хугацаанд төлөхтэй холбоотой харилцаа нэгэнт үүсээгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.” гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна.

          4.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манайхтай адилхан шаардлага бүхий “И” ХХК-ийн хэрэг Улсын Дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн гэж маргах хэдий ч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0164 дүгээр тогтоолоор “И” ХХК-ийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

          4.6 Энэ тохиолдолд нэхэмжлэгч “И” ХХК “... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байна.

          4.7 Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "И” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 684 дүгээр шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байх тул эдгээр шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" 150 дугаар шийдвэр хүчингүй болгох болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн                     МҮ-*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.

          5. Анхан шатны шүүх шийдвэртээ “ ... нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад нөхөн олговортой холбоотой асуудлаар өргөдөл, хүсэлт гаргах, эрх бүхий байгууллагаас нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан  маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй” гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                         ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                               М.ЦЭЦЭГМАА

 

                         ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР