Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 114/ШШ2022/0006

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, хариуцагч Г.Мөнхжаргал нарыг оролцуулан “ЧЧБТ”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22,23 дугаар тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн МҮ-021505 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЧЧБТ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Буянтын хөндийн адаг нэртэй газарт орших 105.37 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын М\/-021505 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно. Тус тусгай зөвшөөрөл нь 2003 онд анх олгогдсон бөгөөд холбогдох татвар хураамж, Ашигт малтмалын газраас тавигдах шаардлага тус бүрийг биелүүлэн бичиг баримтаа бүрдүүлэн ажиллаж ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 22, 23 дугаар тогтоолууд гаргасан бөгөөд тус тогтоолуудаар манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг манай компани 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах журмын 4.8 дугаар зүйлд зааснаар 1994 оны Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар нөхөн олговрыг бүрэн төлж дууссаны дараа газрыг хамгаалалтад авах журамтай байдаг бөгөөд энэ журам одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Эдгээр захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах байтал Газрын тухай хуульд заасан журмыг баримтлалгүй, газар эзэмшигчидтэй тохиролцоогүй, нөхөн олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх. ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэсэн зохицуулалтыг орхигдуулж иргэдийн Хурал тогтоол гаргасан. Дээрх тогтоолдоо Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг баримталсан байх боловч мөн зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан 4 үндэслэлийн аль зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар тодорхой дурдаагүй.Үүний улмаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй, мөн Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус актын улмаас манай компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж байгаа тул Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22, 23 дугаартай тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн М\/-021505 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг өмнөх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүчингүй болгосон.

Иймд  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол нь дээрх 21 дүгээр тогтоолоос улбаалж гарсан захиргааны акт учраас 22, 23 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд “ ЧЧБТ” ХХКомпани нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22,23 дугаар тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн МҮ-021505 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч “ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол нь мөн Хурлын 21 дүгээр тогтоолоос улбаалж гарсан захиргааны акт учраас 22, 23 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд энэ захиргааны хэрэгт гуравдагч этгээд татан оролцуулаагүй тул бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж үзээд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “ Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “ЧЧБТ”ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22, 23 дугаартай тогтоолын ЧЧБТ ХХК-ийн MV-021505 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6,  48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-д зааснаар  маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн  тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэснээр дуусгавар болсныг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          З.ЭНХТУЯА