Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар  2023/ШЦТ/366

 

 

2023         10             20                                 2023/ШЦТ/366

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,  

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон  хэргийн талаар:

 

Яллагдагч Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын гадна хохирогч Б.Бийг “...гараад ирээч уулзах гэсэн юм гэж” дуудан гаргаж ирэн хохирогчийн уруул хэсэгт гараараа цохиж унаган, нүүр болон цээж хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд “...биед хамар яс, зүүн 8-р хавирганы хугарал, баруун хэнгэргэн хальсны цоорол, доод уруулд шарх, баруун чих, дух, зүүн чамархай, дагз, цээж, баруун дал, хэвлий, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Хохирогч Б.Бийн "...Манай найз В-ийн хурим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудалд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой болж би тус хуримд ганцаараа очиж найзуудын ширээнд суухад зүс таньдаг залуучууд байж байсан. Тэгээд ууж, идэцгээгээд 23 цаг өнгөрч байхад хурим тарж би Сэлэнгэ зочид буудлын хувцас солих *** тоот өрөөнд байж байсан чинь зүс мэддэг "Энх-Амгалан" гэдэг залуу намайг гараад ирээч, уулзах гэсэн юм гэхээр нь би гараад зочид буудлын төв хаалганы баруун урд талд байх бага зэргийн өндөртэй бетонон хавтан дээр сууж байсан чинь "Б.Э" /баабий гэж дууддаг гэх/ үгийн зөрүүгүй ирмэгцээ уруул хэсэг рүү гараараа цохиж хойш мод руу унагааж байгаад нүүр бие хэсгүүд рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, утга учиргүй зодоод байсан, би зодуулж байхдаа яагаад байгаа юм бэ, болиоч ээ гэж зөндөө хэлэхэд ерөөсөө болихгүй зодоод байсан, шалтгааныг мэдэхгүй байна. Б.Э гэж зүс мэднэ өөр зүйл мэдэхгүй байна. Тэгээд би ухаан балартаад нэг сэрсэн чинь хэн ч байхгүй байхаар нь зочид буудал руу ороход ресепшин байж байсан. Намайг зодуулж байхад хүн харсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан намайг зодуулж байхад хүн салгахгүй байсан. Миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй ” гэх мэдүүлэг/хх-ийн 11, 13-р тал/

Гэрч А.Ц-ын "...2023 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сэлэнгэ зочид буудалд ресепшингийн ажил үүргийг 24 цагаар гүйцэтгэж байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн орой хуримын баярын хүлээн авалт болсон. Хуримын хүмүүс арын албаныхан өрөө гэж 106, 203 тоот өрөөг авсан байсан.Таны харуулж байгаа уг залуу шөнийн 01 цаг 40 минутын орчимд улаан хар өнгийн сороочикон цамцтай саравчтай малгайтай залуугийн хамтаар зочид буудлаас ямар нэгэн хэрүүл маргаан хийлгүйгээр хэвийн гарж яваад 02 цаг өнгөрөөд ганцаараа орж ирсэн бөгөөд харахад хүнд зодуулсан юм уу гэмээр нүүр нь цус болсон байсан, мөн хувцас нь цус болсон байсан. Тэгээд надад хандаж “... хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч” гэсний дагуу түүнд тусалсан. Хэнд яагаад зодуулсан гэдгээ хэлээгүй. Уг 2 залууг яг хаанаас гарж ирсэнг мэдэхгүй байна. Учир нь хуримын үйл ажиллагаа дууссан байсан боловч зарим хүмүүс нь яваагүй байсан юм.Зочид буудлаас гараад явахад уг залуу хэвийн зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 15-16-р тал/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 817 дугаартай дүгнэлтээр “...Б.Бийн биед хамар яс, зүүн 8-р хавирганы хугарал, баруун хэнгэргэн хальсны цоорол, доод уруулд шарх, баруун чих, дух, зүүн чамархай, дагз, цээж, баруун дал, хэвлий, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлийд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.19-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 19- 22-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Б.Б нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох  ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг хуульд заасан 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Б нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР