| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0375/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/383 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/383
2023 10 31 2023/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ст холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Гончиграгчаагийн Г.С нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг **-** тоот хашааны гадна талаас хохирогч Б.Нийн гээгдүүлсэн Самсунг А-14 маркийн загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 690,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.С нь гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь бусдын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Нийн "... Би хөдөө гэрээсээ малаа ачаад Уртын гол багийн Баянзамын 5-35 тоот хаягтай гэрт ирэхэд миний гар утас байсан гэдгийг санаж байна тэгээд хүргэж өгчихөөд гэртээ эргээд ирэхэд гар утас байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13, 15 дугаар тал/,
Гэрч Д.С-ийн "...Тэгээд би эхнэр Г.Сийн хамт очоод Оросын булагаас очиж хоныг нь ачиж ирээд гэрт орж цай уучихаад буцаж гараад 20 гаран хонь янзалж өгчихөөд 18 цагийн үед гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
Гэрч О.М-ны “...Нэг өдөр намайг ажиллаасаа тараад орж ирэхэд гар утас олсон гэж ярьж байсан. Яг ямар утас болох талаар нь би мэдээгүй. Тухайн гар утсыг дүүд бариулна гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч С.Б-ий “...Би тухайн гар утсыг олж авсан утас юм. Хойноо гурван камертай А14 загварын гар утас байсан байх. Би тухайн нэрийг нь сайн мэдээгүй. Тухайн өдөр тог тасраад миний гар утасны цэнэг дуусчихсан байсан болохоор өөрийн дугаарыг хийж тэр өдрөө ашигласан. Хэн нь яаж олж авсан гэдгээ аав ээж хоёр бол надад хэлээгүй. Олж авснаас нь хойш манай дүү Ням-Очир ашигладаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Гэрч Л.Х-ын "...Тэгээд анх очоод гэрт нь ороод цай уугаад сууж байхад бага охин Есүй нь надад манай ээж ийм гоё утастай болсон гээд би ийм зураг дарсан гэж хэлээд үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Яллагдагч Г.Сийн “...Тухайн өдөр Б.Н нөхөр Д.С бид хоёрыг мал гаргахад туслаад өгөөч гэсний дагуу Б.Нийн хөдөө байдаг гэр буюу Орхон аймгийн Бад Өндөр сумын морь барианы орчимд байдаг гэрт нь очиж нөхөр бид хоёр очиж гаргах малыг нь машинд ачаад Б.Нийн Уртынгол багийн Баянзамын **-** тост хаягтай гэрт нь ирж мал гаргаж дуусахад Б.Н нь өөрийнхөө машинтай нөхөр бид хоёрыг Их залуу багийн **-** тоот хаягтай гэрт минь хүргэж өгөхөд машиныг хашааны гадна талд байрлуулж, манай гэр лүү хамтдаа орж Б.Н гэрээс ганцаараа гараад буцаад явсан юм. Тэгээд би хэсэг хугацааны дараа гадна жорлон руу орж бие засах гэж байхад хашааны хаалга нээлттэй байхад хашааны гадна үүдний хэсэгт нэг гар утас байхыг олж хараад өөрт авч бага хүү Ням-Очир /13 настай/-т өгч хэрэглүүлсэн чинь хэд хоногийн дараа хүү уг гар утсыг хаячихсан байсан. Би хэний гар утас гэдгийг нь мэдэхгүй болохоор хүүдээ хэрэглэ гээд өгчихсөн. Мөн хуулийн мэдлэггүй болохоор олсон болохоор ямар нэгэн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй, миний буруу өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэхэд барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р тал/,
Хөрөнгийн үнэлгээчиний 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр гаргасан 02/06 дугаартай “...Самсунг А14 маркийн гар утасны үнэлгээ 690,000 төгрөг ” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хавтаст хэргийн 30-34 тал/,
Мобиком корпорац ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4/7258 дугаартай “...********,******** IMEI кодтой утсанд ******** дугаартай О-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******** дугаартай Сэргэлэнгийн Бат- Эрдэнэ, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******** дугаартай Отгонбаярын Мөрөнсайхан нарын нэр дээр бүртгэлтэй утас дугаар хийж ашигласан албан бичиг /хавтаст хэргийн 75 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон Г.Сийн үйлдсэн Самсунг А-14 маркийн загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 690,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...25,000 төгрөг нь үнэлгээ хийхэд зарцуулсан, 58,800 төгрөгийг наашаа, цаашаа явах замын зардалд зарцуулсан. Хохирол төлбөрт нийт 83,800 төгрөгийг гаргуулж авна. Гар утсаа эргүүлэн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх ба шүүгдэгч Г.С нь хохирол төлбөрт гар утсыг биет байдлаар буцаан төлсөн байх бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос үнэлгээ гаргуулахад гарсан зардал болох 25,000 төгрөгийг шүүгдэгч Г.Сээс гаргуулж, хохирогч Б.Нд олгож, хохирогчийн нэхэмжилсэн бусад зардлын 58,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Сийг “бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Сийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сээс 25,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгож, хохирогчийн бусад зардалд нэхэмжилсэн 58,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР