Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/338

 

   2023         09            20                                  2023/ШЦТ/338

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай О.Б-т холбогдох эрүүгийн 232500231**** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ***-**** тоотод 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим хохирогч Б.Сыг хүү Б.Этай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, мөн сандлаар нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёр, гурав, дөрөв дүгээр нугаламуудын хажуугаар сэртэнгийн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: 

   Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...гэнэт намайг хүн үсдэж, нүүр хэсэг рүү өшиглөн сэрээхээр нь хэн юм бол гээд харсан. Тэгтэл Энхбаатарын аав Батбаяр байж байсан. Тэгснээ жижиг модон сандал барин авмагцаа миний нуруу хэсэг рүү олон удаа цохиход миний нуруу их эвгүй болж өвдөлт мэдрэгдсэн. Тэгээд зайлаараа гэж хэлээд гэрээс гарч эргэн орж ирээд дахин гараараа болон хөлөөрөө миний нүүр, толгой, бие нурууны хэсгүүд рүү олон удаа цохиж зодож байгаад үсдэн гэрээсээ хөөж гаргасан... Хүүгийнх нь гэрт хүүтэй нь архи уулаа гэж зодсон байх. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

яллагдагч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...Манай хүү Энхбаатарын дөрвөн хүүхдийн мөнгө буухаар Энхбаатар, Б.С нар нь бүгдээрээ нийлж архи уугаад байхаар нь хоёр гурван удаа архи уухаа боль гэж сануулаад байхад хэлсэн үгийг минь тоохгүй, хүүхдээ ч баярлуулахгүй, хүүхдийн баярын өдөр болон маргааш нь Э-ын гэрт архи уусан байдалтай цагаан хэрэглэл дээр гуталтайгаа хэвтэн унтаж байхаар нь сэрээсэн. Тэгтэл намайг нэг удаа цохиод авахаар нь уур хүрээд Б.Сыг зодчихсон юм. Уг нь ямар нэгэн гэмтэл учруулна гэж бодоогүй. Хашраах зорилгоор л зодсон юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...Гэнэт намайг хүн зодох шиг болоод сэртэл 20 цаг болж байсан бөгөөд Э ахын аав нь гэж нэг ах гэрт орж ирээд намайг хэвтсэн байрлалтай байхад толгойны дух хэсэгт хоёр удаа дэвссэн. Тэгээд намайг босож ирэхэд Энхүүг ахын аав нь жижиг модон сандал бариад Б.С ахын толгой, нүүр, биеийн хэсгүүд рүү олон удаа сандлаар цохиж байгаад аав нь гараад явсихсан. Тэгээд бид хоёр цусаа угаагаад байж байхад Энхүүш ахын аав дахин орж ирээд Санчир ахыг нүүр, толгой, биеийн хэсгүүд рүү олон удаа цохиж зодож эхэлсэн. Энэ үед Санчир ахын нуруу гэмтсэн гэж бодож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...Гаднаас нөхөр Э нь найз С, Б, Л нарын хамтаар ирж том савлагаатай пиво гурав билүү дөрвийг хашаан дотор хувааж ууж байхад гаднаас мөн Энхбаяр гэх залуу ирсэн. Тэгээд пиво ууж дууссаны дараагаар бүгд унтана гэж манай гэрт орж ирээд унтаж байхад оройны 20 цагийн орчимд хадам аав О.Б хашааны гадна талд ирэх үед манай нөхөр Э аавыгаа ирж байгааг мэдэж найз нарыгаа согтуу унтаж байгаа гэдгийг нуух гээд бид нарыг байшин дотор гаднаас нь түгжиж байшингийн гадна талд хадам аавтай уулзахад Энхбаатарыг архи уусан байна гэр рүү чинь орно гэж уурлаж, орж ирэхэд бүгд согтуу унтаж байсан болохоор найзуудтайгаа архи уулаа гэж уурлаж, орон дээр унтаж байсан Б.С-ыг гараараа цохиж, зодон орноос буулгаж, дахин зодоход Санчирын нүд хамарнаас нь цус гарсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

гэрч Р.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Энхбаатар уусан гэдгээ мэдэхгүйн тулд хаалгыг түгжсэн байсан боловч аав нь орж ирнэ гэсээр байгаад гэрт орж ирээд шууд намайг цохиж авсан. Энхбаярыг гараараа цохиж зодон газар унтаж байсан Б.С-ыг цохиж, зодон сэргээгээр, жижиг модон сандлаар Б.Сын нуруу хэсэг рүү олон удаа цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-37 дугаар тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 45-49 дүгээр тал/,

Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 502 дугаартай “...Б.С-ын биед бүсэлхийн хоёр, гурав, дөрөв дүгээр нугаламуудын хажуугийн сэртэнгийн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Бүсэлхийн хоёр, гурав, дөрөв дүгээр нугаламуудын хажуугийн сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, нуруунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүр нуруунд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/,

Цагаан завъяа ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Б.С миний бие гомдол саналгүй /хавтаст хэргийн 97 дугаар тал/ гэсэн, шүүгдэгч нь хохирогчид хохиролд 1 сая төгрөг төлсөн, өөр нэхэмжилсэн хохирол байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзэж, харин хохирогч Б.Сын биед бүсэлхийн хоёр, гурав, дөрөв дүгээр нугаламуудын хажуугийн сэртэнгийн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байх тул уг байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Бт прокурорын гаргасан саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний үйлдсэн хэргийн шинж, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял ононгдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчийн хувийн байдал болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн шүүгдэгч О.Б-ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Бт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан нэг мянга дөрвөн зуун нэгж буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч О.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.С нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР