Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/355

 

   2023         10            09                                  2023/ШЦТ/355

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Н-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.Н

 

Шүүгдэгч Ш.Н нь:

2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн **** тоотод хохирогч Д.Чг “согтуу машин жолоодож болохгүй, тэглээ ч хүний машинаар яах гээд байгаа юм” гэж хэлэхэд “чи муу мэддэг юм уу” гэж хэлж хохирогчийн эрүү хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “доод эрүүний ясны баруун талын сэртэн болон булан хэсгийн далд хугарал, нүүрний баруун хэсэг, хүзүүний баруун хажуу ба урд хэсгийн хамарсан том хэмжээний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүгдэгч Ш.Н нь хохирогч Д.Чгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие мах бодийнх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, биед нь “доод эрүүний ясны баруун талын сэртэн болон булан хэсгийн далд хугарал, нүүрний баруун хэсэг, хүзүүний баруун хажуу ба урд хэсгийн хамарсан том хэмжээний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Танихгүй нэг залуу Ганбатын машиныг жолоодон архинд явах гээд байхаар нь би согтуу болохгүй, тэглээ ч хүний машинаар яах гээд байгаа юм гэж Ганбатад хандаж хэлэхэд танихгүй нэг залуу “чи муу мэддэг юм уу” гээд эрүү рүү өшиглөхөөр нь шууд босон гарч өөрийнхөө хашаа руу явж орох гээд хашааны хаалга нээтэл нохой зөрч гарч ирээд намайг өшиглөсөн залуу руу дайрч хөлийг нь хазаж урсан. Тэгээд би нохойг салгаж хашаа руу оруулахад нөгөө залуу буцаж яваад Ганбатын гэр рүү орсон... /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

...Г-ийн байшин дотор Ш.Н бид хоёр маргалдаж байх явцад Ш.Н миний эрүү хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- яллагдагч Ш.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Г надад хандаж “20,000 төгрөг байна, миний машиныг жолоодоод дэлгүүр орчихоод ирээч” гэхээр нь би “согтуу юм чинь машин барихгүй, алхаад ирье” гэсэн чинь Ч ах “хүнд машинаа битгий өг, наадах чинь харах царайны бүтэхгүй нөхөр байна” гэхэд нь бид хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд би уурандаа Ч ахыг зогсож байхад нь түүний баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохичихоод Ж бид хоёр гарч архи аваад эргэж ирэхэд Д.Ч ах гэрийнхээ хашааны үүдэнд нохойгоо барьчихсан над руу нохойгоо тавиулж, намайг хазуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

- гэрч Ж.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Манай нөхөр Д.Ч над руу залгаж “миний эрүүг хуга өшиглөчихлөө, хашааныхаа үүдэнд байна” гэж хэлэхээр нь өөрийн хашааны гадна очиход манай нөхөр Д.Ч хашааны гадна талд хэвтсэн байдалтай, ухаантай, согтуу хэвтэж байхаар нь яасан юм бэ гэхэд “баруун талын хашаан дотор архи ууж байсан хүмүүсийн нэг нь миний эрүүг өшиглөсөн гэж хэлсэн... Ш.Н гэдэг залуу “танай нохой миний хөлийг урчихсан” гэж хэлэхээр нь би санаа зовж уг залууг дагуулж гараад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж шархыг нь боолгоод эргээд нөгөө хамт явж байсан чинь “би танай нөхрийг алгадчихсан шүү дээ, би өөрөө зүгээр, зүгээр” гэж хэлэхээр нь би “хөгшин настай хүнийг яагаад алгадаж байгаа юм” гэсэн чинь “миний урдаас нохой тавьж намайг уруулсан” гэж хэлсэн... Нөхөр маань надтай зөрөөд эмнэлэг явсан байсан. Араас нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очин үзүүлэхэд эрүү нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

- гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Г Ш.Нд хандаж машин бариад дэлгүүрээс архи аваад ирээч гэхэд Д.Ч ах Ш.Нд хандаж наадах чинь бүтэхгүй нөхөр шиг байна гэж хэлсэн чинь тэр хоёрын дунд маргаан үүсээд байсан... архи авчихаад эргээд Ггийнд ирж явтал Д.Ч ах хашааныхаа үүдэнд нохойгоо барьчихсан Ш.Н рүү тавихад нохой нь Ш.Нийн хөлнөөс хазсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаартай “...Д.Чгийн биед доод эрүүний ясны баруун талын сэртэн болон булан хэсгийн далд хугарал, нүүрний баруун хэсэг, хүзүүний баруун хажуу ба урд хэсгийн хамарсан том хэмжээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. доод эрүүний ясны баруун талын сэртэн болон булан хэсгийн далд хугарал, нүүрний баруун хэсэг, хүзүүний баруун хажуу ба урд хэсгийн хамарсан том хэмжээний цус хуралт тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд дурьдагдсан дээрх нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох

- Орхон аймгийн “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д ажиллах хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 43-55 дугаар тал/,

- Н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 66-68 дугаар тал/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийг 78-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Ш.Нийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ш.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Д.Ч “миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, мөн миний сэтгэл санаанд ямар нэг хохирол учраагүй” /хавтаст хэргийн 12 дугаар тал/ гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нь хохирогчид хохиролд 300,000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн, өөр нэхэмжилсэн хохирол байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзэж, харин хохирогч Д.Чгийн биед доод эрүүний ясны баруун талын сэртэн болон булан хэсгийн далд хугарал, нүүрний баруун хэсэг, хүзүүний баруун хажуу ба урд хэсгийн хамарсан том хэмжээний цус хуралт учирсан байх тул уг байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Ш.Нийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Нийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жил 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо төлж барагдуулсан, ар гэрийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг багасгаж, хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ш.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Нд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-ийг нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Ш.Н нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Д.Ч нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шүүгдэгч Ш.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР