Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт,

Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарт холбогдох эрүүгийн 2324000120013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт түр оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ИЦ85090817 регистрийн дугаартай, Бичээч овогт Даваажаргалын Ариунболд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИМ95070415 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Энхбатын Мягмаржав,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Боомын ам гэх газраас иргэн Ш.Жанчивын эзэмшлийн 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нар нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт Д.Цэрэнбалжирын адуунаас 2 тооны бор морь, хээр морийг барьж авч, бор морийг Г.Пүрэв-Очирт өгч, хээр морийг нь Д.Ариунболд өөрөө унасан үйл баримт нь:

           Хохирогч Ш.Жанчивын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг Их хайрхан гэх газраас өөрийнхөө адууг туугаад Баянзүрх багийн нутаг Бага хайрхан гэх газар руу гаргаж орхисон. Тэр үед манай адуу тоо зүсээрээ бүрэн бүтэн байсан юм. Түүнээс хойш би адуундаа явахгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр адуундаа яваад очиход манай адуу Бага хайрхан гэх газраа байсан. Харин манай адуунаас 5 морь байхгүй болсон байсан. Тэгээд тэр өдрөө би ойр хавийн айлуудаар орж хүмүүсээс асууж сурагласан боловч миний 5 морины сураг гарахгүй болохоор нь орхиод буцаад гэртээ ирсэн. Тэр үед манай эхнэр сумын төв дээр байсан. Би хөдөө ганцаараа малаа хариулж байсан болохоор 5 адуугаа хайж олон удаа явж чадаагүй. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай эхнэр над руу утсаар залгаад манай бор морийг сумын төв дээр хүн уначихсан явж байна гэж хэлсэн. Манай алдсан адуу бүгд нас гүйцсэн бүдүүн морь байсан. Намайг цагдаад хандсанаас хойш Э.Мягмаржав, Д.Ариунболд нар бор морь, хээр морь хоёрыг Боомын аманд бэлчээртэй байхад нь айлын адуутай хамт туугаад аваад явсан байна лээ. Тэгээд бор морийг хүнд өгчихсөн байсан. Бор морь, хээр морь хоёроо Э.Мягмаржав, Д.Ариунболд нараас авсан. 2 адууг унаж эдлээд тураасан байсан. Хүлээж авснаас хойш бүр л муудаад байгаа. Би адуугаа 2-3 удаа мориор явж хайсан, цаг хугацаа алдсан өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Ариунболд, Мягмаржав нар надад 1,000,000 төгрөг өгсөн. Би тэрийг нь миний морийг унаж эдлээд муутгасан хөлс өгч байгаа гэж бодоод авсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-14/,

              Гэрч Д.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 2-ны орой усанд явж байхад айлын гадаа манай бор морь уяатай байсан. Тэгээд морь уяатай байгаа айлд ороод “гадаа уяатай бор морь хэн унаж яваа юм бэ” гэж асуухад Пүрэв-Очир гэдэг залуу би унаж яваа юм гэсэн. Пүрэв-Очир гэдэг залуугаас “энэ манай морь байна, яагаад чи унаж яваа юм бэ” гэж асуухад надад адуу хариулж яваа хүн барьж өгсөн юм гэсэн. Би Жанчиваас утасдаад алдсан морьдоо олсон юм уу гэж асуухад олоогүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

              Гэрч А.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны үеэр Билэгээ эгч утсаар залгаад “манайх 5 тооны морьдоо алдсан, үзэж харсан уу” гэж асуусан. Тухайн үед би Яруугийн Өргөн багт хөдөө мал дээрээ байсан. Баянзүрх баг манай Яруу сумын Өргөн багтай хиллэдэг. Дараа нь Жанчив ах надаас нөгөө морьдын сурагч гарч байна уу гэж асууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 18/,

              Гэрч Д.Цэрэнбалжирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Түдэвтэй сумын төв дээр амьдардаг юм. Хэдэн адуугаа Түдэвтэй, Нөмрөг сумын залгаа нутаг Хашаат, Баянзүрхийн ар гэх газруудаар хариулдаг, хэд хонож байгаад очиж нэг хардаг юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны үед би адуундаа явж байтал манай адуу Нөмрөг сумын нутаг Хайрханы арын элсэн дотор харагдсан. Тэр үед миний жижиг машин элсэн дотор явж чадахгүй болохоор нь адуугаа орхиод ирсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Мягмаржав гэдэг залуугийн утас руу залгаад “ахынх нь адуу Хайрханы арын элсэн дотор байсан. Чи адуундаа явахдаа манай адууг туугаад ирээрэй. Манай адууны хажууд хүний бор, хээр зүсний 2 тооны морь байсан шүү. Хэрэв тэр 2 морь байвал салгаад орхичихоороо. Манай 14 тооны адуу байх ёстой” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь ч билүү Мягмаржав над руу утсаар яриад таны адууг аваад ирсэн шүү гэж хэлээд өнгөрсөн. Манай адуутай цуг бор хээр хоёр морь байсан. Өөр адуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 20,30/

              Гэрч Г.Пүрэв-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт нутаглаж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Мягмаржавтай таарахдаа түүнээс үхэр мал хайж явсаар байгаад унаж байгаа морь маань эцээд муудаад байна. Чи надад нэг морь хэд хоног унуулаач. Маргааш нөгөөдрөөс Агуйт руу явж Дидиш антены утас авчрах ажил байдаг гэж гуйсан юм. Тэгтэл тэр надад тодорхой хариулт өгөлгүй ойр зуурын юм ярьж байгаад яваад өгсөн юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ариунболд, Мягмаржав нар манай гадаа бор азаргатай адуу тууж ирээд хашаанд хашиж байгаад бор морь, хээр морь хоёр барьж аваад бор морийг нь надад өгчхөөд хээр морийг нь Ариунболд өөрөө унаад явсан. Ариунболд, Мягмаржав нар хоорондоо ярихдаа Цэрэнбалжирын адуу гэж ярьж байсан. Хэний адуунаас барьж өгснийг нь би сайн мэдэхгүй, бор зүстэй, зөв талын гуян дээрээ нар сартай тамгатай морь надад барьж өгсөн. Хээр морь нь бас адилхан тамгатай байсан. Манай гадаа тэр хээр морийг барьж аваад Ариунболд унаад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа би Ариунболдынд очиход тэр хээр морийг аргамжиж унаж эдэлж байсан. Хөдрөгийн ар руу адуундаа явахдаа тэр хээр морийг унаад явсан. Түүнээс хойш хэд хоног унаж эдэлсэн. Би барьж өгснөөс хойш 16 хоног унаж эдэлсэн. Би тэднийхний адуунуудыг нарийн тодорхой сайн мэдэхгүй ямар ч байсан 2 тусдаа азаргатай адуу тууж ирсэн, бор азаргатай адуунаас дээрх 2 тооны морийг барьж авч байсан. Эхэндээ би хэний адуу болохыг мэдээгүй байж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нөмрөг сумын төв рүү тэр бор морийг унаад явсан юм. Нөмрөг сумын төв ороод эмийн сангаас эм авчхаад буцаж гарахаасаа өмнө нэг таньдаг айлд ороод байж байтал гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирээд “гадаа байгаа бор морийг хэн унаж яваа юм бэ” гэж асуухаар нь би унаж явна гэж хэлтэл тэр эгч надад хандаж энэ бор морь чинь манай алдсан морь байна, чи хаанаас авсан бэ гэхээр нь би надад адуу хариулж байгаа залуучууд барьж өгсөн юм, би сайн мэдэхгүй гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

              Гэрч С.Зулаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ариунболд, Мягмаржав нар манайд ирж цай уучхаад гарч яваад адуу тууж ирсэн. Тэгээд тууж ирсэн адуугаа манай хашаанд хашаад 2 морь барьж авсан. Тэгээд нэг бор зүстэй морийг нь манай нөхөрт өгсөн. Хээр зүстэй морийг нь Ариунболд эмээллээд, унаж явсан морио хөтлөөд Мягмаржав тэр хоёр явсан...” /хх 35/  гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

              Мөн шүүгдэгч Э.Мягмаржавын: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр адуундаа явсан. Адуунд явахын өмнөх орой буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой Цэрэнбалжир ах “миний адууг туугаад ирээрээ. Манай адуутай цуг 2 адуу байсан үлдээгээрээ. Манай 14 тооны адуу байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Ариунболд ахын хамт 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх багийн нутаг Хашаатын хүрдэт гэх газраас морь унаад Боомын адаг гэх газар руу адуунд явсан. Ариунболд ах бид хоёр адуунд явж байгаад Монгоо гэдэг хүнтэй таарсан. Тэгээд Ариунболд ах бид хоёр Боомын адаг гэдэг газраас манай нэг азарга адуу, Монгоо гэдэг ахын нэг азарга адуу, Ариунболд ахын халтар азаргатай адуу гээд нийт 5 азарга адуу туугаад гэр рүүгээ явсан. Тэгээд тэдгээр адуугаа замдаа Хашаатын Донгины ам гэх газар адуугаа орхиод шууд гэртээ харьсан. Гэртээ хоноод маргааш нь Ариунболд ах бид хоёр морь унаад дахин адуунд яваад өмнөх өдөр нь адуугаа орхисон газраасаа адуугаа туугаад Хашаат гэх газар байх Пүрэв-Очир гэх хүний гэрийн гадаа ирсэн. Пүрэв-Очир морио хөтлөөд доороос ирж байсан. Тэгээд Пүрэв-Очир ирээд миний морь муудаад та 2 нэг морь бариад өгөөч, Улаанхад гэх газар руу антены утас авч ирэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь Цэрэнбалжир ахын адуунаас салахгүй байсан 2 морийг барьж аваад  Ариунболд ах бид хоёр ярилцаж байгаад нэг бор морийг Пүрэв-Очирт өгөөд нөгөө хээр морийг нь Ариунболд ах аваад явахаар болсон. Тэгээд Пүрэв-Очирын хашаанд адуугаа хашиж байгаад бор морийг Пүрэв-Очир барьж аваад хээр морийг Ариунболд ах өөрөө бугуйлаар барьж авсан...Цэрэнбалжир ах надад адуугаа захихдаа манай адуу 14 тооны адуу байгаа, бас хэнийх мэдэхгүй 2 морь хамт явж байгаа тэр 2 морь байвал нийлээд 16 тооны адуу болно гэж хэлсэн...” гэсэн,

              шүүгдэгч Д.Ариунболдын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны орчим Мягмаржав, Пүрэв-Очир нарын хамт морьтой Хашаат гэх газраас Боомын ам гэх газар орох зорилгоор явж байсан. Мягмаржав бид хоёр миний харж байсан 2 азарга адуу, Мягмаржавын 2 азарга адууг тууж ирэх гээд Пүрэв-Очир харж байсан үхрээ алдчихлаа гээд хайгаад бид 3 хамт Боомын амны элс орох гээд явсан. Бид 3 Боомын ам гэх газар очоод адуугаа аваад Пүрэв-Очир үхрээ олоогүй буцах болсон. Тэгээд буцаж явж байгаад Пүрэв-Очир надад нэг морь түр хэрэглүүлээч, миний морь эцээд муудаад байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь Мягмаржав бид хоёр хүний адуу аваад явж байна гэж хэлээд морь өгөөгүй. Тэгээд Цагаан дөрөлж гэх газарт ирээд Пүрэв-Очир сумын төв орохоор явсан. Мягмаржав бид хоёр адуугаа туугаад Хашаат оруулаад орхисон. Маргааш нь Пүрэв-Очирынд цай ууж байхад Пүрэв-Очир сумын төв яваад морь эцээд хээр хонож ирлээ. Би Давааням ахын хамт Улаанхад гэх газраас алдсан үхрээ туугаад ирмээр байна. Та 2 надад морь өгөх үү гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгтэл хажуугаас Мягмаржав таны морь явахгүй ээ, нөгөө эзэнгүй 2 морь Цэрэнбалжирын адууг дагаад явчих байх тэрийг барьж аваад хурдан буцаагаад тавиарай гэж хэлсэн. Тэгээд Пүрэв-Очирын гэрийнх нь хажууханд байсан адууг тууж ирж хашаад нөгөө 2 эзэнгүй морийг барьж авсан. Тэгээд бор морийг Пүрэв-Очир авч үлдээд, нөгөө хээр морийг нь би хөтлөөд гэр рүүгээ явсан. Уг хээр морийг хэд хоног унаж хэрэглээд хараад байж байсан...” гэсэн мэдүүлгүүд нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт Д.Цэрэнбалжирын адуунаас 2 тооны бор морь, хээр морийг барьж авч, бор морийг Г.Пүрэв-Очирт өгч, хээр морийг нь Д.Ариунболд өөрөө унасан үйл баримтыг давхар нотолж байна.

 

              Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарын 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт Д.Цэрэнбалжирын адуунаас хэний адуу болох нь мэдэгдэхгүй 2 тооны бор морь, хээр морийг барьж авч, бор морийг Г.Пүрэв-Очирт өгч, хээр морийг нь Д.Ариунболд өөрөө унасан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

              Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

              Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нар нь Д.Цэрэнбалжирын адуунд хэний адуу болох нь мэдэгдэхгүй 2 тооны морь нийлсэн болохыг гэрч Д.Цэрэнбалжираас мэдсэн болох нь түүний “...Манай адууны хажууд хүний бор, хээр зүсний 2 тооны морь байсан шүү. Хэрэв тэр 2 морь байвал салгаад орхичихоороо. Манай 14 тооны адуу байх ёстой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг 2 адууг хохирогч Ш.Жанчивын адуу болохыг мэдээгүй байна.

              Иймд шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарын 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт Д.Цэрэнбалжирын адуунаас 2 тооны бор морь, хээр морийг барьж авч, бор морийг Г.Пүрэв-Очирт өгч, хээр морийг нь Д.Ариунболд өөрөө унасан үйлдлийг бусдын эзэмшил, өмчлөлийн олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

              Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдсон, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

              Шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нар нь Д.Цэрэнбалжирын адуунд хэний адуу болох нь мэдэгдэхгүй 2 тооны бор, хээр зүсний морь нийлсэн байгаа болохыг түүнээс мэдсэн бөгөөд мэдсээр байж Д.Цэрэнбалжирын адуун сүргээс уг хоёр морийг барьж авч, бор морийг Г.Пүрэв-Очирт унуулахаар өгч, хээр морийг нь Д.Ариунболд өөрөө унаж ашиглаж бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа үйлдлүүд нь “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарыг бүлэглэн 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэр шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарыг Д.Цэрэнбалжирын адуунд 2 тооны алдуул мал нийлсэн гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тиймээс шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд:

              Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Жанчивт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “...нас гүйцсэн бүдүүн морь 1 ширхэг нь 900,000 төгрөг. Нийт 5 тооны нас гүйцсэн бүдүүн морины зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4,500,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр /хх 49-50/ тогтоогдож байна.

              Хохирогч Ш.Жанчив нь 2 морио буцааж авсан болох нь түүний мэдүүлэг, болон шүүгдэгч нарын “...2 морийг буцааж өгсөн мөн хохиролд 1,000,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч  Э.Мягмаржав, Д.Ариунболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Э.Мягмаржав, Д.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцэхээр байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Мягмаржав нь Завхан аймгийн Нөмрөг сумын төвд оршин суудаг тул түүнд оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар,

Шүүгдэгч Д.Ариунболд нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг байх тул түүнд оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тус тус тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг харьяа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Бичээч овогт Даваажаргалын Ариунболд, Алаг адуу овогт Энхбатын Мягмаржав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бичээч овогт Даваажаргалын Ариунболд, Алаг адуу овогт Энхбатын Мягмаржав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболд, Э.Мягмаржав нарыг тус бүрийг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболдын 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар,

 шүүгдэгч Э.Мягмаржавын 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболд, Э.Мягмаржав нар нь 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Ариунболд, Э.Мягмаржав нарт оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг харьяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Ариунболд, Э.Мягмаржав нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ариунболд, Э.Мягмаржав нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ӨЛЗИЙХИШИГ