Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1342

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01342

 

 

“ХАС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХАС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ШО” ТӨХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 484 273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Отгонбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Загдсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Амарнасаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШО” ХК нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цистернээр хүргэж өгөх 32 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн вагоноор хүргэж өгөх ШО-16-130 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулж шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр урьдчилан хавсралт гэрээгээр тохирч байхаар гэрээнд заасан.

32 тоот гэрээний дагуу 3 цистерн буюу 76.655 литр 118 815 250 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш авсан бөгөөд гэрээний хавсралт 1-д заасны дагуу эхний 50% төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор үлдсэн 50% төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор төлөх байтал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 100 000 000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 18 815 250 төгрөг, гэрээнд заасан алдангийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 300 хоногийн хугацаагаар тооцоход алдангид 5 644 575 төгрөг болж байна.

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ШО-16-130 тоот гэрээг байгуулж мөн сарын 11, 20-ны өдрүүдэд 2 вагон буюу 148.016 литр 229 424 800 төгрөгийн шатахууныг худалдаж авсан. Энэ гэрээний хавсралт 1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний дотор эхний 50% төлбөрийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор үлдэх 50% төлбөрөө төлөх байтал 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 223 081 363 төгрөг төлөгдөж үлдэгдэл 6 343 437 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээнд заасан алдангийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 265 хоногийн хугацаагаар тооцоход алдангид 1 681 011 төгрөг болж байна. Энэ талаар бид хариуцагч “ШО” ХК-нд албан бичиг хүргүүлж байсан, төлбөрийн нэхэмжлэхүүд явуулж байсан.

Хоёр гэрээндээ зарлагын баримтаар дизель түлшийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Харин хариуцагч тал сүүлийн нийлүүлсэн дизель түлшийг өөрсдөө хүлээн авахдаа хэмжилт хийж 3203 литр дутсан гэдэг, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар тухайн үедээ бидэнд огт мэдэгдээгүй, шүүхэд өгсний дараа ийм асуудал ярьдаг. Хэрэв дизель түлш дутуу байсан бол хариуцагч нь илүүг нь буцаах ёстой байсан.             Иймд 2 гэрээний үүрэгт түлшний үнэ 25 158 687 төгрөг, алданги 7 325 586 төгрөг, бүгд 32 484 273 төгрөгийг хариуцагч “ШО” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цистернээр хүргэж өгөх 32 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн вагоноор хүргэж өгөх ШО-16-130 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оын 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулж шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр урьдчилан хавсралт гэрээгээр тохирч байхаар гэрээнд заасан.

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот гэрээний дагуу 21-22-ны өдрүүдэд 3 цистерн буюу 76.655 литр 118 815 250 төгрөгийн дизелийн түлш авсан бөгөөд эхний гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан. Тийм учраас дутуу төлөлттэй гэж үзэн алданги нэхсэнийг зөвшөөрөхгүй.

Харин хоёр дахь гэрээний дагуу нэхэмжлэгч манайд 142.500 литр дизел түлш нийлүүлэх байтал 144.813 литр түлш илүү нийлүүлсэн. Бидэнд хэрэгцээ шаардлага байсан учир буцаах шаардлагагүй гэж үзэж хүлээж авсан. Хэдийгээр гэрээнд зарлагын баримтыг үндэслэж хүлээн авсан байдлыг тодорхойлно гэж тохиролцсон боловч бид дизель түлшийг хүлээлцдэг байсан. Харин хүлээн авах үедээ өөрсдөө хэмжилт хийхэд зөрүү гарч 3203 литр түлш дутаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас илүүг нийлүүлсэн боловч бодит байдал дээр дутсан. Энэ төлбөрийг бид төлөх ёсгүй. Ингээд асуудал үүссэн учир өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй удсан. Энэ талаар бид тухайн үедээ “ХАС” ХХК-нд мэдэгдэж байсан. Урьд нь шатахууныг нэхэмжлэгч талаас хүн хүлээлгэж өгдөг байсан бөгөөд хоргодлыг нь тооцож хасдаг байсан. Вагон өртөөн дээр бүтэн 1 өдөр хоносон учир хоргодол үүссэн. Өөрөөр хэлбэл бид Иргэний хуулийн 236.5, 216.1-д заасан дарааллын дагуу эхний гэрээний үүргийг биелүүлсэн. Энэ хугацаанд хоёр байгууллага огт тооцоо нийлсэн зүйл байхгүй.

Манай компани нэхэмжлэгчээс 343 275 400 төгрөгийн шатахуун худалдан авч 323 081 363 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 20 194 037 төгрөг болно. Үүнээс НӨАТ-ын 1 844 275 төгрөгийг хасаж 18 349 762 төгрөг болж байгаа. Хоёр дахь гэрээний хувьд бид энэ мөнгийг л төлнө. Үүнээс гэрээнд зааснаас илүү нийлүүлсэн хэсэгт нь бид алданги төлөх хууль зүйн үүрэггүй. Учир нь энэ илүү нийлүүлэлтийн хувьд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ШО” ТӨХК-иас 30 084 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 399 903 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 320,372 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ШО” ТӨХК-иас 308 372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх 3203 литр дизель түлш илүү нийлүүлсэн гэх маргааныг хянан шийдвэрлэхдээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн вагоноос түлш хүлээн авсан акт, гэрч Л.Базарсад, Д.Дашдулам, Б.Баттөмөр нарыг мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн вагоноос түлш хүлээн авсан акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх нотлох баримт, баримтанд гарын үсэг зурсан, иргэдийг гэрчээр асуусан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үүсээгүй, хууль сануулж гэрчээр асуусан нотлох баримтаар үнэлэх боломжтой болно.

Гэрч нарын мэдүүлэгт "ХАС" ХХК-ийн нягтлан бодогч болон бусад эрх бүхий ажилтнуудад дизель түлш хүлээн авсан талаар болон хэмжилт дутагдлын талаар хэлсэн болох нь тодорхой байдаг болно.

"ШО" ХК нь иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй болно. Харин ч иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.5 дахь хэсэгт зааснаар "Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана" гэснийг бүрэн биелүүлсэн болно. "ШО" ХК нь хэмжилтээ хийн дизель түлшийг хүлээн авч "ХАС" ХХК-ийн ажилтнуудад мэдэгдсэн, илүү хүлээн авсан дизель түлшний үнийг төлөхөөр шийдвэрлэсэн нь гомдлыг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсний баталгаа юм.

Мөн "ШО" ХК нь "ХАС" ХХК-иас нэмэгдсэн өртөгийн албан татварын үлдэгдэл төлбөр 1 844 275 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг хангасан

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт гаргах эрхийг анхан шатны шүүх хязгаарлаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан даруй хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн төлөөлөгч хүсэлт гаргахыг хүссэн боловч хүсэлт гаргах ажиллагаа дууссан хууль зүйн үндэслэлгүй шалтгаанаар хүсэлт гаргах эрхийг хааж, хэрэг хэлэлцэж эхлэх ажиллагааг эхлүүлсэн болно.

ХАС ХХК-тай байгуулсан шатахуун худалдах худалдан авах гэрээнүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулагдаагүй, нээлттэй тендер шалгаруулалт явагдаагүй хууль зөрчсөн гэрээ байна. Иймд хуулийг зөрчиж байгуулагдсан тул байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч нийлүүлсэн шатахууныг буцаах боломжгүй тул "ШО" ХК хуульд заасны дагуу үнийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх шатахуун худалдах худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шалгалгүй орхигдуулсан алдаа гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлт оруулж, 11 734 608 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК нь хариуцагч “ШО” ТӨХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 484 273 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК нь гэрээний хавсралтад заасан 76 780 литр шатахууныг хариуцагч “ШО” ТӨХК-нд нийлүүлэх, хариуцагч “ШО” ТӨХК нь 119 009 000 /1 литрийг 1 550 төгрөгөөр тооцож/ төгрөгийн төлбөрийн 50%-ийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор, үлдэх 50%-ийг  2016 оны 12 дугаар сарын13-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

            Хариуцагч тал уг гэрээний дагуу 76 655 литр шатахуун хүлээн авсан тул 118 815 250 төгрөгийг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 21 250 литр, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 250 литр, мөн өдөр 34 280 литр, нийт 76 780 литр дизель түлшийг автоцистернээр нийлүүлсэн нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх нэхэмжлэгч талын үйлдсэн зарлагын падаан гэх баримтуудад жолоочид хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь зөв дүгнэсэн байна. /1 хавтас, 76-77 дах тал/ Энэ баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч нь энэ гэрээний үндсэн үүрэгт 119 090 000 төгрөг төлөхөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 12 643 863 төгрөг, нийт 112 643 863 төгрөгийг хасч, хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргийг анхан шатны шүүх 6 365 137 төгрөгөөр тодорхойлсон нь зөв болжээ.

 

Энэ гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алдангийг хоногийн 0,1 хувиар төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлтод нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд хариуцагчаас төлөгдөөгүй 6 365 137 төгрөгийн үүрэгт алданги тооцоход 1 845 850 /6 365 317Ч0,1 хувь Ч290 хоног/ төгрөг болж байгааг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Хөрс-Авто сервис” ХХК нь гэрээний хавсралтад заасан 142 500 литр шатахууныг хариуцагч “ШО” ТӨХК-нд нийлүүлэх, хариуцагч “ШО” ТӨХК нь 220 875 000 /1 литрийг 1 550 төгрөгөөр тооцож/ төгрөгийн төлбөрийн 50%-ийг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр, үлдэх 50%-ийг  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж   дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь 3203 литр шатахуун дутуу хүлээн авсан гэж тайлбарласан. Гэрээний дагуу нэхэмжлэгч 142 500 литр шатахуун нийлүүлэх үүрэгтэй боловч 2016 оны 12 сарын 11-ний өдөр 78 318 литр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 69816 литр, нийт 148 134 литр шатахуун нийлүүлсэн нь “Ай Си Ай Си” ХХК-ийн шатахуун тослох материалын 2016 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, уг баримтад захиалагч талыг “ХАС” ХХК гэж тодорхойлсон байдал, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Вагоноос түлш хүлээн авсан акт” үйлдсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр илгээсэн 69 816 литрээр тодорхойлж илгээсэн шатахуун дутуу байсныг нотлоно гэж тайлбарлах боловч уг баримтаас үзвэл илгээсэн шатахууны хүндийн жин 57 598 кг байгаа нь вагоны бичиг баримтад бичигдсэн жинтэй адил /57 598 кг/ байна. Иймд шатахууныг дутуу илгээсэн хэмжээ болох 148 134 литрээс 3 203 литрээр дутуу гэх байдал тогтоогдохгүй байгаас гадна худалдах, худалдан авах гэрээний зүйл тоо, ширхэг хэмжээнээс дутуу байвал доголдолд тооцож Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан 6 сарын хугацаанд худалдагч талд мэдэгдэх үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй.

 

 Иймд хариуцагч нь энэ гэрээний үндсэн үүрэгт 220 875 000 /142 500 литрЧ1 550 төгрөг/ төгрөг, илүү нийлүүлсэн 5 634 литр /1 550 төгрөг/ түлшний үнэд 8 732 700 төгрөг нийт 229 607 700 төгрөг төлөхөөс төлсөн 210 437 500 төгрөгийг хасч 19 170 200 төгрөгийг шатахууны төлбөрт төлөхөөр үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв тооцсон байна.

 

 Энэ гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алдангийг хоногийн 0,1 хувиар төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан шаардлага болох бичгээр тохиролцох, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам тооцох, алдангийн хэмжээ 0,5 хувиас доогуур байх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Иймд бичгээр байгуулсан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнг болох 10 437 500 /бичгээр байгуулсан гэрээний үүрэг 220 875 000 төгрөгөөс төлсөн 220 875 000 төгрөгйг хасч/ төгрөгийг гэрээгээр тохирсон 0,1 хувь болон үүрэг гүйцэтгэх хэтэрсэн хугацаа 290 хоногоор тооцоход алдангиийг 1 845 850 төгрөгөөр анхан шатны шүүх тодорхойлсон зөв байна. Илүү нийлүүлсэн 5 634 литр шатахууны 8 732 700 төгрөгийн үүрэгт алданги тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иймд хариуцагчийн 2 гэрээний үндсэн болон нэмэлт үүрэг нь 30 084 370 /6 365 617+ 1 845 850 +10 437 500+ 2 703 183+ 8 732 700/ төгрөгөөр тодорхойлогдож байна. 

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан, шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар анхан шатны шүүх тайлбарлан танилцуулжээ. Энэ хугацаанаас хойш хэргийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор буюу 5 сар гаруйн хугацаанд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй байна.

            Хариуцагч нь нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 202 704 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА