Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 278

 

Д.Оод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч С.Гын өмгөөлөгч Ш.Ганхуяг,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Гын өмгөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Оод холбогдох 1908 05680 1723 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Дийн О, 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед ... хотхоны гадна хохирогч С.Гыг “Нагац дүүг зоддог” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа алгадан цохиж, эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Гын өмгөөлөгч Ш.Ганхуяг гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг хохирогч С.Га болон түүний өмгөөлөгчид шүүхээс урьдчилан мэдэгдээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулан өгөх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу мэдэгдээгүй учир тус шүүхээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэргийн талаар лавлахад “шийдвэрлэгдэн архивт шилжүүлсэн” гэсэн хариуг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бусадтай харьцах чадвар султай, хууль эрх зүйн мэдлэггүй хохирогч С.Гаар бичүүлэн хэрэгт хавсаргасан байдаг ба хохирогчийн энэ байдлын талаар хяналтын прокурор Н.Ундрахад миний зүгээс тайлбарлаж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Дийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн” нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Га нь манай дүүг зодоод байсан учраас би хохирогчийг зодсон. ...” гэв.

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх асуудлуудын тухайд, хэрэгт авагдсан хүсэлтэд хохирогч болон түүний өмгөөлөгч нар байсан талаар яригдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэж, 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан. Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хохирогчийг эрх зүйн мэдлэггүй, хүнтэй харилцах харилцаа сул учраас ийм байдлаар бичсэн гэдэг байдлаар тайлбарласан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн хүсэлтийг бичихэд хохирогчийн өмгөөлөгч хамт байсан нь нотлогддог. Хэрэг хялбаршуулсан журмаар ямар хугацаанд, яаж шийдвэрлэгддэг талаар өмгөөлөгч мэдэж байгаа. Харин шийтгэх тогтоолд гарсан алдааг техникийн шинжтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал байхгүй, давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч болон түүний өмгөөлөгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтдээ “гомдол саналгүй, хохирлоо төлсөн учраас шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” талаараа бичгээр илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч оролцох талаараа албан ёсоор гаргаагүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яваад хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг өмгөөлөгч мэдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хэргийг хүлээн авсан даруйдаа ял оногдуулах шүүх хуралдааныг зарласан нь хууль зөрчөөгүй. Мөн өмгөөлөгчийн яриад байгаа хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх гомдлын тухайд, шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийг 11.6 дугаар зүйл гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээс залруулга хийх хууль зүйн боломжтой. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой 22.00 цагийн үед ... хотхоны гадна хохирогч С.Гыг “Нагац дүүг зоддог” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа алгадан цохиж, эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Гын  “...О ах хоёулаа юм яръя гэхээр нь би араас нь байрны гадаа гартал чи надтай юм ярих гээд байгаа юм гэхээр нь би утсаар ярьж байснаа тасдаад за ах аа гээд хэлтэл үг дуугүй өөдөөс нүүрэнд гараараа цохиж аваад хоолой боогоод дахин нэг удаа нүүрэнд цохиж, би газар ухаан алдаж унаад босоод иртэл баз хүргэн Цоодой Оыг хориглоод Ариунзориг намайг татаж босгосон. ...” гэх /хх 6-8/,

гэрч З.Оюунчимэгийн “...Нөхөр манайд өссөн дүү охин Должинг өмөөрч нөхөрт нь хэдэн үг хэлж байгаад хоёр удаа алгадаж унагааснаас өөр цохиж зодоогүй гэсэн. ...” гэх /хх 13-14/,

гэрч Б.Ариунзоригийн “...О ах Гад хандаж чи дандаа эхнэр хүүхдээ зоддог гэсэн сайхан амьдарч болохгүй байна уу гэж хэлээд Гын нүүрэнд нэг удаа алгадсан чинь ахын өөдөөс сарвалзах үед О ах дахиад алгадаад унагаах үед нь Цоодой бид хоёр О ахыг хориглож одоо болно оо гээд салгасан. ...” гэх /хх 18/,

гэрч О.Цоодолын “...О ах Гыг алгадаад авсан чинь Га уналгүй ганхас хийтэл дахин О ах нэмээд алгадсан чинь газар нүүрээрээ шарваад уначихсан. ...” гэх /хх 78-79/

шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна, эрүү ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” гэх /хх 24-25/,

шүүгдэгч Д.Оын “...Би “чи тэгээд хүн зодож болдог юм уу” гэж хэлээд нэг удаа нүүрэнд нь алгадсан чинь өөдөөс зодолдох гээд сарваганаад ирэхээр нь дахин алгадсан чинь нүүрээрээ газар унасан. ....” гэх /хх 32-33/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...1. С.Гын биед эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 13209 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар бичгээр гаргасан шүүгдэгч Д.О болон хохирогч С.Га нарын хэн алины хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хянан шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан зохицуулалтуудад нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-т “...Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан бөгөөд хохирогч С.Га, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй байна.

Шүүгдэгч Д.Оын хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай талаар дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” хэмээн буруу бичсэн нь техникийн шинжтэй гаргасан алдаа байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хорын талаар хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрх нээлттэй байх тул энэ талаар заавал шийтгэх тогтоол, энэхүү магадлалын тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзсэн тул хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1273 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ