Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0098

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ж” ХХК

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж” ХХК-ийн эзэмшлийн С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 500 м2 газрыг Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамруулан хилийн цэсийг газрын цахим мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэс”-ийн 5, 7 дахь хэсэгт тогтоосон солбилцолын дагуу мэдээллийн санд хилийн цэсийг зөвөөр оруулахыг даалгуулах тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0820 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 128/2023/0839/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан ““Ж” ХХК-ийн эзэмшлийн С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 500 м2 газрыг Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамруулан хилийн цэсийг газрын цахим мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэс”-ийн 5, 7 дахь хэсэгт тогтоосон солбилцолын дагуу мэдээллийн санд хилийн цэсийг зөвөөр оруулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэрээр Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас гаргасан “Ж” ХХК-ийн эзэмшлийн С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 500 м2 газрыг Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамруулан хилийн цэсийг газрын цахим мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэс”-ийн 5, 7 дахь хэсэгт тогтоосон солбилцолын дагуу мэдээллийн санд хилийн цэсийг зөвөөр оруулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

3.1 “...Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийг зөрчиж хилийн цэсийг буруу зурагласан шийдвэрийг зөвтгөж, хэрэгт цугларсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоосон нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын дагуу хилийн цэс тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагддаг бүрэн эрх бөгөөд уг эрхэд төрийн байгууллага, албан тушаалтан шүүх ч халдах эрхгүй.

3.2 Шүүхээс Улсын Их Хурлын тогтоолыг буруу тайлбарлаж дунд голын хойд далан гэдэг үгийг үгийн шууд утгаар нь голын далан гэдэг агуулгаар нь хэрэглэлгүйгээр “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газруудын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Улаанбаатар төмөр замын хэлэлцээр”-т нийцүүлж улмаар төмөр замын хамгаалалтын зурвасыг гаргаж цаашлаад голын далан нь төмөр замын далан болсон, төмөр замд хамгаалалтын зурвасыг гаргаж хилийн цэсийг зурагласан нь зөв гэсэн агуулгаар хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.

3.3 Х дүүргийн хилийн цэсийг Улсын Их Хурлын тогтоолд зааснаар “Д**************** нь өгсөж Д***************** гудамжны машин замын огтлолцол” гэх хэсгийг голын далангаар зураглах бөгөөд хариуцагчийн тайлбар болон Улаанбаатар хотын М:10000 масштабтай байрзүйн зургаас үзэхэд Д***************, төмөр зам хоёр давхцаж байршдаг болох нь тогтоогддог тул тогтоолд заасан дунд хойд голын далангаар Х дүүрэг С дүүргийн хилийн цэс зураглагдах ёстой. Энэ нь хилийн цэсийг цахим системд оруулахаас өмнө маргаан бүхий газрыг С дүүргийн газарт хамаарч байснаас тодорхой харагдана. Хилийн цэсийг тогтоолын дагуу дунд голын хойд далангаар зааглаж төмөр зам, төмөр замын хамгаалалтын зурвас гаргалгүйгээр зөв зураглаж цахим системд оруулсан бол хилийн цэсийн маргаан үүсэхгүй байсан.

3.4 Хилийн цэсийг Улсын Их Хурлын тогтоолд заасныг баримтлаагүй дур мэдэн өөрчлөн зурагласан болох нь уг ажлыг гүйцэтгэсэн “Г” ХХК-ийн тайлангаас тодорхой харагддаг бөгөөд уг тайланг нягталж шалгалгүйгээр, ямар ч хяналтгүйгээр үнэн зөв гэж үзэж тайланд үндэслэн хилийн цэсийг цахимжуулсан нь өнөөдрийн энэ маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тус компани нь хилийн цэсийг тогтоолын дагуу зураглахдаа буруу зураглаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж зарим хилийн цэсийг өөрчилж, шинээр тогтоосон байдаг. Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын 5, 7 дахь хэсэгт Энхтайваны гүүр гэсэн эргэлтийн цэг байхгүй байхад “Г” ХХК-ийн шинээр бий болгож тайландаа оруулсан нь Улсын Их Хурлын тогтоолоос зөрүүтэй, алдаатай болох шалтгаан болсон бөгөөд хилийн цэсийг зураглахад тогтоосон эргэлтийн цэг хоорондоо шулуун шугамаар холбох маягаар зурагладаг ба нэг эргэлтийн цэгийг буруу авах, дур мэдэн эргэлтийн цэг нэмэхэд тухайн газрын хилийн цэс буруу зураглагдах гол шалтгаан болдог.

3.5 Шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчийн зөв гэж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3.  С дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/*** дугаар захирамжийн 3 дугаар хавсралт (Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн байршил өөрчлөх)-аар “Ж” ХХК-д С дүүргийн * дүгээр хороо (өмнөх байршил *-р хороо)-нд үйлчилгээний зориулалтаар 100 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд 500 м2 газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

          4. Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” ** дүгээр тогтоолоор Монгол Улсын Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтаар, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байна. 2 дугаар хавсралтын 5-д С дүүрэг “Ганц худгийн толгой, Сэлбийн рашаан, Сэлбэ гол хүрч голоор уруудан Тээвэрчдийн гудамжны гүүр хүрч баруун тийш эргэн Тээвэрчдийн гудамжаар явж, Их тойруугаар хойш эргэн баруун дөрвөн зам хүрч зүүн тийш эргэн Энхтайваны өргөн чөлөөгөөр явж Сүхбаатарын гудамж хүрч...” гэж, 7-д Х дүүрэг “...Туул-Дунд голын бэлчир, Дунд голын хойд далангаар нь өгсөж Дунд гол Марксын гудамжны машин замын огтлолцол, Марксын гудамжны хар замыг баруун талаар нь уруудаж Их тэнгэрийн амны Туул голын гүүр...” гэж дүүргүүдийн хилийн цэсийн баталж байжээ. 

          5. Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хилийн цэсийг цахимжуулах ажлыг хийж, улмаар 2013 онд “Г” ХХК нь хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах ГХБГЗЗГ/** дугаартай ажлын тайланг хийж гүйцэтгэсэн байна.

          6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь нийслэлийн 9 дүүргийн хилийн цэсийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн UBGIS давхаргад бүртгэгдэж Х дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагджээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

7. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Засгийн газрын эрх бүхий байгууллага” гэнэ/ тус тус батална”, 8.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг тухайн шатны Засаг дарга, улсын хэмжээний иж бүрэн хувийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хадгална”, 8.4-д “Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 8.5-д “Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь кадастрын зураглалын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 7.5.5-д “бүх ангиллын кадастрын зураглалын материалыг хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлэх, кадастрын зураг, дагалдах мэдээллээр бүртгэлийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үйлчлэх” гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолоор баталж, хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг хөтлөх, хяналт тавих, хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх, газрын кадастрын мэдээллийн санг бүрдүүлэх, дагалдах мэдээллийг бүртгэхээр байна.

9. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/**** дугаар албан бичгээр “Тус газар нь хотын суурьшлын бүсийн төвлөрсөн шугам сүлжээ бүхий бүсэд байгаа ба хот байгуулалтын мэдээллийн санд төмөр замын хамгаалалтын зурвас болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцаж байна” гэж, 

9.1 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/**** дүгээр албан бичгээр “...тухайн газрын байршил нь Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарч байна, ... газрын кадастрын мэдээллийн санд тухайн байршилд бүртгэлтэй газар байхгүй байна, ...Газрын кадастрын мэдээллийн санд Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүтэн талбайгаар, Дулааны шугамын энгийн хамгаалалтын бүстэй 23 м2 талбайгаар, Ариутгах татуургын шугамтай 228 м2 талбайгаар тус тус давхцалтай байна” гэж,

          9.2 Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01-05/*** дугаар албан бичгээр “...Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө С болон Х дүүргийн хилийн цэс алдаатай зураглагдсан, тухайн алдаатай зураглагдсан хилийн цэсийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан болно”, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын бичмэл тэмдэглэлд “Х дүүрэг: “Ж” ХХК, * дүгээр хороо, Үйлчилгээ, 500 м2, эзэмшүүлэх, ДЗД-ын 2015 оны А/***, Зөвлөлийн хурлын дүгнэлт: Эс зөвшөөрсөн 0% Туул 1 коллектор” гэж,

          9.3 Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр захирамжаар “...нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар баригдах бохир усны гол цуглуулах “Туул-1” шугам, Захирагчийн ажлын албаны захиалгаар баригдах үерийн ус зайлуулах байгууламж, шугамын трассын байршлыг тогтоож, үүнд С дүүргийн 1, 2 дугаар хороо” хамрагджээ.

          10. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь үндсэн чиг үүргийнхээ дагуу Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд Монгол Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолоор тогтоосон хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлуудыг тогтоон баталгаажуулж, тоон хэлбэрт шилжүүлж, цахимжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Дунд голын хойд далан, төмөр зам хоёр давхцаж байршдаг болох нь тогтоогддог тул тогтоолд заасан дунд хойд голын далангаар Х дүүрэг С дүүргийн хилийн цэс зураглагдах ёстой. Энэ нь хилийн цэсийг цахим системд оруулахаас өмнө маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн газарт хамаарч байснаас тодорхой харагдана. Хилийн цэсийг тогтоолын дагуу дунд голын хойд далангаар зааглаж төмөр зам, төмөр замын хамгаалалтын зурвас гаргалгүйгээр зөв зураглаж цахим системд оруулсан бол хилийн цэсийн маргаан үүсэхгүй байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

          12. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг шүүх хангах хуулийн зохицуулалттай.

          13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх газрыг Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамруулан хилийн цэсийг газрын цахим мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэс”-ийн 5, 7 дахь хэсэгт тогтоосон солбилцолын дагуу мэдээллийн санд хилийн цэсийг зөвөөр оруулахыг даалгуулснаар нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй буюу хилийн цэсийг цахимжуулан программд оруулсан хариуцагчийн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

          14. Анхан шатны шүүхийн “...хариуцагч нь ...Монгол Улсын Их Хурлын 1996 оны ** дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Х дүүргийн нутаг дэвсгэрийн хойд тал буюу С дүүрэгтэй хил залгаа хилийн цэсийг “дунд голын хойд далангаар өгсөж, Дунд гол Марксын гудамжны машин замын огтлолцол” гэж тогтоосны дагуу хилийн цэс тоон хэлбэрт шилжсэнийг Газрын нэгдсэн сангийн удирдлагын нэгдсэн цахим системд нэхэмжлэгчийн газрыг Х дүүрэгт оруулан бүртгэсэн нь үндэслэлтэй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

                            ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА